Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 1227

 

 

 

 

            2020        04          09

                                 101/ШШ2020/01227

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Т

 

Хариуцагч: М

 

Хариуцагч: М нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,655,409.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Ш, хариуцагч Т, М, М, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани хариуцагч Т, М, М нартай 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 12,300,000.00 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Мийн өмчлөлийн ... тоот хаягт байршилтай 138 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 345 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан.

Бид, зээлийн гэрээний шаардлагыг зээлдэгч Т, М нарт, харин барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч М нарт холбогдуулан гаргасан. Зээлдэгч нар өнгөрсөн хугацаанд зээлийг зохих ёсоор төлж байгаагүй, өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 11,581,307.00 төгрөг, зээлийн хүү 5,061,752.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,012,350.00 төгрөг, нийт 17,655,409.00 төгрөг болсон.

 

Зээлдэгч нар хашаа, байшингаа 29,500,000.00 төгрөгөөр худалдаж, 20,000,000.00 төгрөгийг үндсэн зээл, 9,500,000.00 төгрөгийг зээлийн хүүнд тус тус суутгаж, зээлийн үлдэгдэл 11,954,792.00 төгрөг дээр төлөгдөөгүй хуримтлагдсан хүү 345,208.00 төгрөгийг нэмж, нийт 12,300,000.00 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй ашиглахаар тохирсон.

 

Хэрэгт уг зээлтэй холбоотой өмнө нь олгож байсан зээл, тухайн зээлийг төлж байсан болон үлдэгдэл дүнг үргэлжлүүлэн ашиглахаар тохирч байсан тухай бүхий л гэрээ, хэлэлцээрүүдийг өгсөн. Иймд, зээлдэгч нараас 17,655,409.00 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.   

 

Хариуцагч нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Бид, уг 12,300,000.00 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй, харин 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35,000,000.00 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлэхээр тохирсон. Ингээд энэ зээлийг хугацаандаа төлж чадаагүй учраас 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, 34,200,000.00 төгрөгийг авахаар тохирсон боловч мөн л бодитоор хүлээн аваагүй.

 

Үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн хүүг бууруулах ёстой байтал 3 хувь болгосон байсан. Биднийг энэ талаар нэхэмжлэгчид хэлэхэд хүлээж аваагүй. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нарыг зээлээ төлж чадахгүй байхад шүүхэд нэхэмжлэлээ өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, бид бүгдэд шүүхэд өгөх юм бол их хэмжээний өрөнд орох байх зэргээр худал хэлж байсан.

 

Мөн нэхэмжлэгчийг зээлийн хүүг зогсоож өгөөч гэж хэлж байсан ч хүлээж аваагүй, Налайх дүүрэгт байрладаг хашаа, байшинг худалдахын тулд хүнээс 5,000,000.00 төгрөг зээлж, барьцаанаас чөлөөлүүлж авсан. Гэвч нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийн гэрчилгээг өгөхгүй байсан тул хариуцагч Мийн хөрөнгийг давхар барьцаалсан. Бид нар аав, ээжийнхээ хашаа байшинг зарж, олсон орлогоос нь зээлийг төлөх гэтэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү өсөөд л байсан.

 

Тус 12,300,000.00 төгрөгийг яаж тооцоолж, гарсныг сайна мэдэхгүй байна, энэ мөнгийг огт аваагүй. Бид, зээлийн өрнөөс үнэхээр гарч чадахгүй байна, тухайн үед шүүхэд хандсан бол ийм байдалд орохгүй байх байсан” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас хариуцагч Т, М, М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,655,409.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа “зээлдэгч М, Т нараас зээлийн гэрээний үүрэгт 17,655,409.00 төгрөгийг нэхэмжилж, барьцаалуулагч Мт холбогдуулан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна” гэсэн.  

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-нд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгожээ /х.х-ийн 12 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ .................” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид төрийн эрх бүхий байгууллагаас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч М, Т нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт бизнесийн зээлийн зориулалтаар 35,000,000.00 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдүүлсэн байна. Тодруулбал, хариуцагч нар уг зээлийн гэрээний дагуу 35,000,000.00 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ашиглаж, зээлийн хүүнд нийт 22,935,777.00 төгрөгийг төлөхөөр тохирсон байна /х.х-ийн 41-43 хуудас/.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заажээ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн дансны хуулгыг үзвэл нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч буюу зээлдэгч М, Т нарт зээлийн гэрээний зүйл 35,000,000.00 төгрөгийг өгсөн байна /х.х-ийн 104, 117-119 хуудас/.

 

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдэгч нар 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үндсэн зээлээс 5,456,720.00 төгрөгийг төлж, 29,543,280.00 төгрөгийн үлдэгдэлтэй байхад нь бүрэн төлсөн байна. Тодруулбал, хариуцагч Т, М нар 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-тай дахин зээлийн гэрээ байгуулж, 34,200,000.00 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар сарын 2.9 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн бөгөөд уг зээлээс өмнө нь авсан 35,000,000.00 төгрөгийн зээлийн үлдэгдэл 29,543,280.00 төгрөгийг төлж барагдуулсан байна /х.х-ийн 51-55, 105 хуудас/.

 

Гэтэл хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус 34,200,000.00 төгрөг /29,543,280+4,656,720=34,200,000/-ийг хүлээн аваагүй гэж маргасан. Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Т нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 34,029,000.00 төгрөгийг хүлээн авсан байгаагаас гадна зээлдэгчид 34,200,000.00 төгрөгийг зээлэхгүйгээр 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлсэн 35,000,000.00 төгрөгийн зээлийн үлдэгдэл 29,543,280.00 төгрөгийг чухам ямар эх үүсвэрээр төлж барагдуулсан талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй, харин 34,200,000.00 төгрөгөөс бодитоор аваагүй гэх 171,000.00 төгрөгийг зээлийн шимтгэл, үйл ажиллагааны зардал болон өмнө нь олгосон 35,000,000.00 төгрөгийн дутуу төлөгдсөн зээлийн хүүнд суутгасан талаар маргаагүй /х.х-ийн 52 хуудас/.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол банкнаас ирүүлсэн зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар хариуцагч Т-т 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 35,000,000.00 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 34,200,000.00 төгрөгийн зээл тус тус өгсөн гэж бүртгэгдсэн байна /х.х 105, 111-113 хуудас/.

 

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зээлийн мэдээлэл гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг” гэж, мөн 4.1.2-т “зээлийн мэдээллийн сан гэж Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг хэлнэ” гэж тус тус заажээ. Тайлбарлавал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, иргэн, хуулийн этгээдээс авсан зээлийн мэдээллийг ийнхүү эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх бөгөөд тухайн мэдээлэл нь энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар “мэдээлэл үнэн зөв, тэнцвэртэй” байх зарчимтай.

 

Иймд, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариуцагч Т, М нарт 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 34,200,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэсэн тайлбар үндэслэлтэй бөгөөд зээлдэгч нар өмнө нь авсан 35,000,000.00 төгрөгийн зээлийн үлдэгдэл 29,543,280.00 төгрөгийг төлөхөөр 34,200,000.00 төгрөгийг зээлжээ.     

 

Тус зээлийн гэрээгээр хариуцагч буюу зээлдэгч нар 34,200,000.00 төгрөгийг үргэлжлүүлэн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ашиглаж, зээлийн хүүнд нийт 22,696,918.00 төгрөгийг төлөхөөр тохирсон ба талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ... тоот хаягт байрлах 445 м.кв талбайтай газар болон 54 м.кв талбайтай хувийн сууц, мөн ... тоот хаягт байрлах 436 м.кв талбайтай газар, түүнчлэн ... тоот хаягт байрлах 375.23 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар болон тус газар дээрх 40.5 м.кв талбайтай хувийн орон сууцыг тус тус барьцаалсан байна /х.х-ийн 55-63 хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн дансны хуулгыг үзвэл хариуцагч нар 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 2,245,208.00 төгрөгийг үндсэн зээлд, 16,765,230.00 төгрөгийг зээлийн хүүнд, 466,951.00 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тус тус төлжээ. Тодруулбал, зээлдэгчид 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 34,200,000.00 төгрөгийн зээлээс 2,245,208.00 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 31,954,792.00 төгрөг байсныг барьцаа хөрөнгийг 29,500,000.00 төгрөгөөр худалдаж, үүнээс 20,000,000.00 төгрөгийг үндсэн зээлд, 9,500,000.00 төгрөгийг зээлийн хүү /6,551,063+2,500,000+448,937=9,500,000/-нд тус тус суутган төлүүлсэн байна /х.х-ийн 117-119 хуудас/.

 

Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлдэгчТ, М нарын төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 11,954,792.00 төгрөг, төлөгдөөгүй хуримтлагдсан хүү 345,208.00 төгрөг, нийт 12,300,000.00 төгрөг үлджээ.   

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, дээр дурдсан 11,945,792.00 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон хэдий ч өмнө нь төлөгдөөгүй байсан хуримтлагдсан хүү болох 345,208.00 төгрөгийг “зээл” хэмээн нэмж, нийт 12,300,000.00 төгрөгийг 24 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирсон байна /х.х-ийн 4-6 хуудас/.

 

Зүй нь, тус 345,208.00 төгрөг нь зээл биш бөгөөд, харин 34,200,000.00 төгрөгийг ашигласан хугацаанд төлөгдөөгүй хуримтлагдсан байсан хүү учраас үндсэн зээлд тооцогдохгүй.

 

 Хэдийгээр Монгол банкнаас ирүүлсэн зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд 34,200,000.00 төгрөгийн зээлийг төлөгдөөгүй буюу 31,954,792.00 төгрөгийн үлдэгдэлтэй гэж, мөн 12,300,000.00 төгрөгийн зээл шинээр олгогдсон гэж бүртгэгдсэн байгаа ч дээр дурдсанаар 34,200,000.00 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлөгдсөөр 11,945,792.00 төгрөг үлдсэн тул зээлдэгч Т, М нарын төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл 11,954,792.00 төгрөг болно.

 

Энэхүү гэрээгээр зээлдэгчид 11,954,792.00 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн ашиглаж, зээлийн хүүнд нийт 6,638,000.00 төгрөгийг төлөхөөр тохирсон ба гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулагч буюу хариуцагч Мийн өмчлөлийн ... тоот хаягт байрлах 345 м.кв талбайтай газар болон 138 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалжээ /х.х-ийн 7-10 хуудас/.

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн 12.3-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх..............” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлабал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас хариуцагч болох зээлдэгч Т, М нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 11,581,307.00 төгрөг, зээлийн хүү 5,061,752.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,012,350.00 төгрөг, нийт 17,655,409.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар өнгөрсөн хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл 11,954,792.00 төгрөгөөс 718,693.00 төгрөг, зээлийн хүү 8,421,774.00 төгрөг бодогдсоноос 3,360,022.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,785.00 төгрөгийг тус тус төлжээ /х.х-ийн 3 хуудас/.

 

Гэвч хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл зээлийн хүүнд нийт 6,638,000.00 төгрөгийг төлөх байтал 8,421,774.00 төгрөгийн хүү бодогдсон тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн дансны хуулгаар зээлдэгчид зээл, зээлийн хүүг сар бүр төлөх үүргээ зөрчсөн учраас тийнхүү төлөгдөөгүй буюу хасагдах ёстой байсан зээлийн үлдэгдэлд хүү бодогдсоор 8,421,774.00 төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгчид 11,954,792.00 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл гэрээнд заасан хуваарийн дагуу зохих ёсоор төлж байсан бол 6,638,000.00 төгрөгийн хүү бодогдох байсан юм.

 

Гэвч нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 11,954,792.00 төгрөгөөс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодох ёстой байтал өмнө нь хуримтлагдсан байсан хүү 345,208.00 төгрөгийг нэмж, нийт 12,300,000.00 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцсон нь хүүгээс хүү тооцож, хууль зөрчсөн байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 710 хоногт 345,208.00 төгрөгийн хүүгээс 241,740.00 төгрөгийн хүүг тооцсон нь хууль зөрчсөн гэж үзнэ /345,208x3%=10,356.24x12=124,274.88:365=340.47x710=241,740/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл 11,954,792.00 төгрөгөөс 718,693.00 төгрөгийг төлж, одоо төлбөл зохих үлдэгдэл нь 11,236,099.00 төгрөг, зээлийн хүүнд нийт 8,421,774.00 төгрөг бодогдсоноос илүү тооцогдсон 241,740.00 төгрөгийг хасвал 8,180,034.00 төгрөг болох ба үүнээс хариуцагчдын төлсөн 3,360,022.00 төгрөгийг хасахад төлөгдөөгүй зээлийн хүү 4,820,012.00 төгрөг болж байна.

 

Харин нэмэгдүүлсэн хүүгийн хувьд зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.................” гэж заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч нь зээлдэгч нарт холбогдуулан төлөгдөөгүй зээлийн хүү болох 5,061.752.00 төгрөгийн 20 хувиар тооцож 1,012,350.00 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн. Гэвч зээлдэгч нарын төлбөл зохих зээлийн хүүгийн хэмжээ нь 4,820,012.00 төгрөг бөгөөд үндсэн зээлийн үлдэгдлээс хугацаа хэтэрсэн хоног бүрээр нэмэгдүүлсэн хүүг тооцвол үндсэн хүүгийн 20 хувиас хэтэрч байна.

 

Иймд, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зарчмын дагуу зээлдэгч нарын төлөх ёстой хүү буюу 4,820,012.00 төгрөгийн 20 хувиар тооцож, зээлдэгч нараас 964,002.00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв /3x20%=0.6. 11,581,370x0.6%=69,488.22x12=833,858.64:365=2,284/.

 

Хариуцагч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “зээлийн хүүг сарын 3 хувь гэж тохироогүй, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж маргасан.

 

Гэтэл зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-д “зээлийн үндсэн хүү сарын 3 хувь байна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг 3 хувиас өөрөөр тохирсон гэх нотлох баримт байхгүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар талууд зээлийн хүүгийн хэмжээг ийнхүү тохирсон гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаар талууд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 11,954,792.00 төгрөгийг үргэлжлүүлэн ашиглахаар тохирсон ба хариуцагч нар гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг тодорхой хэмжээгээр төлж байсан учраас гэрээг хугацаанаас өмнө цуцлах ёстой байсан гэж нэхэмжлэгчийг буруутгах буюу Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.      

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иасхариуцагч М-т холбогдуулан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө болон газар нь зээлдэгч нарын бус, харин гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө боловч энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.  

 

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” зааснаас гадна 166 дугаар зүйлийн 166.1-д “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж тус тус заажээ. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 1751.-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч тал зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.         

 

 Шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд зээлдэгч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 11,236,099.00 төгрөг, зээлийн хүү 4,820,012.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 964,002.00 төгрөг, нийт 17,020,113.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 635,296.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Т, М нараас 17,020,113.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 635,296.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Т, М нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Мийн өмчлөлийн Ү-2204036005 тоот улсын бүртгэлийн дугаартай ... тоот хаягт байрлах 138 м.кв талбайтай хувийн сууц, мөн тус хаягт байрлах Г-2204008190 тоот улсын бүртгэлийн дугаартай 345 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,500.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т, М нараас 243,051.00 төгрөг, хариуцагч Мээс 70,200.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР