| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/04848/и |
| Дугаар | 1317 |
| Огноо | 2020-04-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 1317
| 2020 04 16 | 101/ШШ2020/01317 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У-гийн гаргасан,
Хариуцагч: Э-д холбогдох,
Гэм хорын хохиролд 440,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У, өмгөөлөгч Б, хариуцагч Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, өмгөөлөгч Т, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний гэрт 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Эгийн хүүхдүүд болох Б, Б нар хууль бусаар орж, хулгай хийсэн боловч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тус иргэний хэрэгт насанд хүрээгүй 2 хүүхдэд холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан бүх баримтууд ирсэн бөгөөд манай гэрээс 200,000.00 төгрөгийн үнэтэй мөнгөн аягыг мөнгө хадгалдаг гахайнд байсан 240,000.00 төгрөгийг хамт авсан байсан. Миний бие 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөнгө хадгалах зориулалтаар дээрх гахайг худалдан авч, цалингаасаа сар бүр 20,000.00 төгрөгийг хадгалсаар 240,000.00 төгрөгийг цуглуулсан.
Гэтэл хариуцагчийн хүүхдүүд 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мөнгөний гахайг хагалж, дотор нь байсан 240,000.00 төгрөгийг авсан ба гахайны хагархай болон чихрийн саванд 10, 20 төгрөгийн дэвсгэртийг муу усны шуудуунд орхисон байсныг фото зургийн хамт цагдаад өгсөн. Би, уг мөнгөн аягыг “Мөнгөн завъяа” дэлгүүрээс худалдан авсан ба шинжээчийн дүгнэлтээр үнэлгээг нь 200,000.00 төгрөг гэж тогтоосон.
Иймд, хариуцагчаас 440,000.00 төгрөгийг гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Хариуцагч Э 4 өнчин хүүхэдтэй Баязүрх дүүргийн хойд талд Түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг ба тэрээр хагалгааны үед норкозны хордлогод орсон тул хөгжлийн бэрхшээлтэй болсон. Түүний хүүхдүүд Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө нэхэмжилж буй үнийн дүнгээс бага хэмжээтэй мөнгийг гахайнаас гарч ирсэн гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, мөнгөний гахайд 240,000.00 төгрөг байсныг хэн ч нотлохгүй байгаа юм. Мөн хулгайлсан гэх мөнгөн аягыг хүүхдүүд аваагүй, энэ талаар шууд тогтоосон нотлох баримт байхгүй. Бид, хүүхдүүдийг зөв зүйл хийсэн гэж яриагүй, тэдгээрийг буруу гэдэгтэй маргахгүй. Гэхдээ ийм зүйлээр далимдуулж хүүхдүүдийн аваагүй зүйлийг авсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Мөнгөний гахайнаас авч үлдсэн байсан зарим мөнгийг байцаагчид эргүүлж өгсөн, үүнийг тухайн цагдаагаас тодруулах хэрэгтэй. Б, Бнарын гэм бурууг тогтоосон болохоос учруулсан гэм хорыг хөдөлшгүй баримтаар тогтоож чадаагүй. Хэрэв тус мөнгөний гахайнд 240,000.00 төгрөг байсан бол хэргийн газрын үзлэгээр тогтоогдох байсан. Прокурорын тогтоолд хохирлын талаар дурдсан хэдий ч хүүхдүүдийг ийм хэмжээний зүйл авсан гэдгийг тогтоогоогүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Угаас хариуцагч Эд холбогдуулан гэм хорын хохиролд 440,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1906030902314-а тоот тогтоол, мөн 1906030902314 тоот тогтоолоор Б, Бнарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна /х.х-ийн 3-6 хуудас/.
Тодруулбал, Б, Бнарыг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Угийн Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг 1 дүгээр гудамж, 30 тоот хаягт орших гэрт нь хууль бусаар нэвтрэн орж, 1 ширхэг мөнгөн аяга, мөнгөний гахайнд хадгалж байсан 240,000.00 төгрөгийг хулгайлсан хэрэгт буруутгаж, ийнхүү яллагдагчаар татжээ.
Гэвч тус прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 52 тоот тогтоолоор Б, Бнарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй тул тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг тогтоолд дурдсанаар Б, Бнарыг нэхэмжлэгч Угийн монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, 1 ширхэг мөнгөн аяга, мөнгөний гахайнд байсан 240,000.00 төгрөгийг хулгайлан нийт 440,000.00 төгрөгийн хохирол учруулсан гэжээ /х.х-ийн 7, 8 хуудас/.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 14 дэх хэсэгт “.............бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч У нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу Б, Бнараас өөрт учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Б 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, Б 2011 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн буюу эдгээр хүүхдүүд иргэний эрх зүйн зарим чадамжтай байх тул Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно” гэж зааснаар тэд нэхэмжлэгч Угийн өмнө хариуцлага хүлээх боломжгүй юм /х.х-ийн 67 хуудас/.
Харин зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Б, Бнар нь хариуцагч Эгийн төрсөн хүүхдүүд болох нь тогтоогдож байна. Тодруулбал, Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэж, мөн 503.2-т “7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана” гэж тус тус зааснаар хүүхдүүдийн учруулсан гэм хохирлыг эх Э нь хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
Талууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр сургуулийн хяналтад байсан эсэх талаар маргаагүй ба тус өдөр нийтээр амрах амралтын өдөр байсан тул нэхэмжлэгч Уг хариуцагч Эд холбогдуулан уг нэхэмжлэлийг гаргасныг буруутгахгүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн насанд хүрээгүй гэрч Б, Б нараас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр авсан мэдүүлэгт дурдсанаар тэд нэхэмжлэгч Угийн гэрт хууль бусаар нэвтэрч, хулгайлсан мөнгөний гахай дотор 101,600.00 төгрөг байсныг авч, үүнээс танихгүй хүнд 20,000.00 төгрөг өгч, дэлгүүрээс хүүхдийн тоглоомын автомашин болон спининг тоглоом авсан байна /х.х-йн 72-75 хуудас/.
Харин хүүхдүүдийн өгсөн мэдүүлэгт дурдсанаар тэд 200,000.00 төгрөгийн үнэтэй мөнгөн аягыг аваагүйгээс гадна мөнгөний гахайнд 240,000.00 төгрөг байсан гэдгийг хөдөлшгүй баримтаар тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Б, Б нарын мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээс үзвэл мөнгө хадгалдаг гахайнд 240,000.00 төгрөг байсан гэдэг нь тодорхой бус, хулгайлсан гэх мөнгөн аягыг хүүхдүүдийн явсан газрын бүдүүвч зургийг үндэслэн хаяж гээгдүүлсэн, бусдад худалдсан, барьцаалуулсан эсэхийг бүрэн тогтоосон баримт авагдаагүй байна /х.х-ийн 68-77, 76, 77 хуудас/.
Талууд, Б, Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан бүх баримтуудыг шүүхэд өгсөн гэж тайлбарласан бөгөөд “Т” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хүүхдүүдийг 200,000.00 төгрөгийн үнэтэй мөнгөн аягыг авсан гэж, мөн муу усны шуудуунд хаясан бөгөөд авах боломжгүй байсан гэх мөнгөний тоог хөдөлбөргүй тогтоогоогүй байх тул Б, Б нарыг 240,000.00 төгрөгийг авсан гэж тус тус шууд дүгнэх боломжгүй байна /х.х-ийн 9 хуудас/.
Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.4-т “Эцэг, эх, асран хамгаалагч нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотолж чадвал тэдгээрийг гэм хор арилгах үүргээс чөлөөлж болно” гэж заасан. Гэвч хариуцагч Э нь Б, Б нарт хяналт тавих үүргээ зохих хэмжээнд хэрэгжүүлж байсан талаар үндэслэл бүхий тайлбар, татгалзал өгөөгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагчаас 101,600.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 338,400.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж бус, харин эрүүгийн хариулага хүлээлгэх насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид 13,850.00 төгрөгийг төлсөн байх тул буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Л.ЭНХЖАРГАЛ