Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 1322

 

 

 

 

 

            2020        04          17

                                 101/ШШ2020/01322

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А-ын гаргасан,

 

Хариуцагч: О

 

Хариуцагч: Э нарт холбогдох,

 

6,140,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А, хариуцагч О, Э, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа:

 

“Хариуагч Э нь Япон улсад байхдаа над руу тоёото приус 30 маркийн автомашины зураг явуулсан, миний бие тэр автомашиныг худалдан авч, бусад этгээдэд худалдахаар 13,000,000.00 төгрөгийг хариуцагч Оийн мөнгө, хариуцагч Эын хүнээс зээлсэн 6,000,000.00 төгрөгийг нийлүүлж, нийт 29,702,500.00 төгрөгийг хариуцагч Э руу шилжүүлсэн.

 

Гэтэл захиалсан автомашин ирэхгүй удсан ба 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гааль дээр ирсэн гэхээр нь авах гээд очсон чинь хариуцагч О нь миний автомашиныг өөр хүнд зарчихсан байсан. Би, түүнээс  автомашинаа авъя гэтэл “С” ломбардад барьцаалуулсан улаан өнгөтэй тоёото приус 30 маркийн автомашиныг зээлийг нь төлөөд авчих гэсэн. Ингээд миний бие уг ломбардад нийт 6,140,000.00 төгрөг төлж, автомашиныг авсан.

 

Гэвч хариуцагч нар тус төлбөрийг төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэв.

 

Хариуагч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, Япон улсаас 10-аад машин оруулж ирсэн, үүнээс нэхэмжлэгч А ахад 13,000,000.00 төгрөгөөр тоёото приус 30 маркийн автомашиныг худалдах гэж байсан. Гэтэл хариуцагч О нь нэхэмжлэгчийн авах ёстой автомашиныг өөр хүнд худалдсан байсан. Гэвч тэрээр худалдсан автомашины оронд өөрийн 13,000,000.00 төгрөгийн үнэтэй тоёото приус 30 маркийн автомашиныг “С” ломбардад тавьсан байсныг нэхэмжлэгч А-д өгсөн ба нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 6,140,000.00 төгрөгийг төлсөн. Одоо хариуцагч Оийн өмнөөс ломбардад төлсөн мөнгөө нэхэмжилсэн байна” гэв.

 

Хариуцагч О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, 11,000,000.00 гаруй төгрөгийг гааль, тээвэр, зуучийн төлбөрт төлсөн ба нэхэмжлэгч Атай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй учраас түүнд автомашин өгөх ёсгүй байсан, хариуцагч Эыг нэхэмжлэгчид автомашин худалдах гэж байгааг мэдээгүй. Миний бусдад худалдсан гэх автомашин бол хариуцагч Эынх биш. Би, нэхэмжлэгч А-д шинэ тоёото приус 30 маркийн автомашин өгсөн, нэхэмжлэгч нь “С” ломбардад миний төлөх байсан 6,140,000.00 төгрөгийг төлсөн” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Аас хариуцагч О, Э нарт холбогдуулан 6,140,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч А нь хариуцагч Эаас тоёото приус 30 маркийн автомашиныг 13,000,000.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, хариуцагчийн зөвшөөрсөн буюу нэр заасан ******* тоот дансанд гэрээний төлбөрийг шилжүүлжээ /х.х-ийн 5 хуудас/.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Аас 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ******* тоот дансанд 29,702,500.00 төгрөгийг шилжүүлсэн ба үүнд нэхэмжлэгчийн автомашин худалдан авах гэрээний төлбөр 13,000,000.00 төгрөгөөс гадна өөр этгээдүүдийн төлбөр багтсан тухай болон хариуцагч Э тус мөнгийг хүлээн авсан талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх юм.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч О, Э нар хамтарч Япон улсаас тус бүрдээ 14 буюу нэхэмжлэгч А-д худалдах тоёото приус 30 маркийн автомашиныг оролцуулаад нийт 28 автомашиныг импортлон оруулж ирсэн байна.

 

Гэтэл хариуцагч О нь хариуцагч Эын нэхэмжлэгч А-д худалдах гэж байсан автомашиныг бусдад худалдан борлуулжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А болон хариуцагч Э нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хариуцагч О нь гуравдагч этгээдэд худалдсан байна.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч О Япон улсаас импортлон оруулж ирсэн өөрийн өмчлөлийн автомашинаас 1 автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалуулан зээлсэн авсан бөгөөд зээлийн төлбөрт 6,140,000.00 төгрөгийг төлөх ёстой байжээ. Ингээд хариуцагч О нь нэхэмжлэгч А-ын авах гэж байсан автомашиныг бусдад худалдсан тул нэхэмжлэгчийг тус банк бус санхүүгийн байгууллагад барьцаалуулсан автомашиныг авахыг зөвшөөрсөн байна.

 

Гэвч нэхэмжлэгч А нь хариуцагч Оийн банк бус санхүүгийн байгууллагад барьцаалуулсан дээрх автомашиныг хүлээн авахдаа хариуцагчийн өмнөөс 6,140,000.00 төгрөгийг төлсөн гэх үйл баримтын талаар талууд маргаагүй учраас хариуцагч Оийг зээлдүүлэгч банк бус санхүүгийн байгууллагад төлөх ёстой 6,140,000.00 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдсөн байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заажээ. Тайлбарлавал, тус хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс хөрөнгө шилжүүлсэн тал ийнхүү нэхэмжлэл гарган буцаан шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөрөнгөжсөн этгээдэд тухайн хөрөнгийг үлдээх хууль зүйн үндэслэл байхгүй байхыг шаарддаг.

 

Тодруулбал, хариуцагч О нь нэхэмжлэгч А-ын авах гэж байсан автомашиныг бусдад худалдсан боловч өөрийн импортлон оруулж ирсэн автомашинаас 1 автомашиныг ийнхүү нэхэмжлэгчид өгсөн ч өөрийн төлөх ёстой зээлийг нэхэмжлэгчээр төлүүлж, 6,140,000.00 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдсөн байна.

 

Харин хариуцагч Эын хувьд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тоёото приус 30 маркийн автомашиныг нэхэмжлэгч А-д хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч Оийн үйлдлийн улмаас биелүүлж чадаагүй хэдий ч хожим хариуцагч О нь нэхэмжлэгч А-д түүний зөвшөөрснөөр өөр тоёото приус 30 маркийн автомашиныг хүлээлгэн өгчээ.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж, мөн 210.2-т “Үүрэг гүйцэтгэгч нь гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлээс татгалзвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хүлээж авахгүй байх эрхтэй” гэж тус тус зааснаар нэгэнт нэхэмжлэгч А нь хариуцагч Оээс гэрээний зүйлийг хүлээн авсан тул хариуцагч Эыг худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

Иймд, дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд 6,140,000.00 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн хариуцагч Оээс дээрх төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, хариуцагч Эад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг үндэслэн хариуцагч Оээс 6,140,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Эад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,190.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оээс 113,190.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР