Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 1424

 

 

 

 

            2020        04          27

                                 101/ШШ2020/01424

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О ХХК-ийн гаргасан,

Хариуцагч: Б ХХК-нд холбогдох,

24,640,381.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, өмгөөлөгч Э, нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай компани 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б ХХК-тай тээвэр зуучийн гэрээ байгуулж, тус компанийн нэр дээр Турк улсаас *******, ******* чингэлгүүд, мөн БНХАУ-ын Х мужаас ******* чингэлэгт ачааг зохион байгуулж, бусад этгээдээр Монгол Улсад тээвэрлүүлэн авчирж, хүлээлгэн өгсөн.

 

Эдгээр ачаа тээврийн хөлс нийт 6,150 ам.долларыг хариуцагчаас авах ёстой боловч тус компани одоо болтол төлөөгүй байна. Бид энэ талаар хариуцагчид удаа дараа мэдэгдсэн хэдий ч үүргээ биелүүлээгүй бөгөөд 6,150 ам.долларыг гэрээнд заасан алданги 3,075 ам.долларын хамт Монгол банкны 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн өдрийн ханш 2,669.96 төгрөгөөр үржүүлж, нийт 24,640,381.00 төгрөгийг нэхэмжилсэн.

Өнөөдрийн яригдаж байгаа тээвэрлэлт болон алга болсон гэх тээвэрлэлтүүд  тус тусдаа ачилтууд, бид нар хариуцагчтай алга болсон тээврийн асуудлыг шийдвэрлэтэл 3 чингэлэг ачааны төлбөрийг авахгүй гэж тохироогүй. БНХАУ-ын орон нутгаас ачуулсан чингэлэг Монгол Улсад хоёр ч удаа орж, гараад явсан байдаг, өөрөөр хэлбэл аль улсын нутаг дэвсгэр дээр алга болсон бэ гэдэг асуудал тодорхойгүй байгааг тодруулах ажиллагаа явагдаж байна.

 

 Уг хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж байна. Тээвэр зуучийн гэрээг даатгалын компаниуд хатуу хийдэг. Тухайлбал, энэ гэрээний 8.1.8-д даатгуулагчийн зөвшөөрөлгүй өөрийн буруутайг хүлээн зөвшөөрөхгүй байх, хохирлыг нөхөн төлөх амлалт өгөхгүй байх үүрэгтэй гэж заасан.

 

Бид талуудын байгуулсан тээвэр зуучийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хариуцагчид хугацаа олгож байсан. Гэвч хариуцагч нь үндэслэлгүйгээр төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Тус гэрээг эрх бүхий этгээдүүд зөвшөөрч, гарын үсэг зурсан, тухайн маргаануудыг нэг гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бид, нэхэмжлэгч О ХХК -ийг үүсгэн байгуулагдсан үеэс эхлэн хамтарч ажилласан. Манай компани 2017 онд О ХХК -иар БНХАУлс болон Турк улсаас бараа тээвэрлэн авахад зуучлалын хөлсний талаар үнийн санал өгөөч гэсний үндсэн дээр 2017 оны 04 дүгээр сард үнэ хөлсний мэдээллийг авсан. Турк улсаас 2017 оны 04 дүгээр сард эхний тээврийг хийлгэсэн ба 2017 оны 05 дугаар сард БНХАУ-аас тээвэр хийлгэсэн. Гэвч Турк улсаас тээвэр ирж байх үед БНХАУ-аас ирэх ачаа алга болсон асуудал үүссэн.

Ингээд үүнтэй холбоотой хэрэг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Намайг энэ талаар нэхэмжлэгчийн гүйцэтгэх захиралтай уулзахад тэр “уг асуудлыг шийдэгдтэл та бүхэн манай компанийн явуулж байгаа тээврийн хөлсийг төлөхгүй байж болно” гэж хэлснээр талууд ингэж тохиролцсон. Гэтэл өнөөдөр ийм нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани дээрх тохиролцооны хүрээнд алга болсон ачааны үнийг шингээгээд тээвэр явуулж байна гэж ойлгоод 3 чингэлэг ачааны тээвэр зуучийг нэхэмжлэгчээр гүйцэтгүүлсэн.

Монгол Улсад олон тээвэр зуучийн компанитай байдаг, яагаад энэ компаниар ачаа алга болгосон байхад нь дахиад бараа бүтээгдэхүүнээ тээвэрлүүлсэн бэ гэвэл алга болсон ачааны үнийг төлөхгүй байж байгаад танайхыг хохиролгүй болгоно, даатгалын компаниар төлүүлнэ гэж тохирсон учраас л өнөөдрийг хүртэлх хугацаанд 6,150.00 ам.долларыг төлөөгүй.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн М ХХК-тайбайгуулсан гэрээний 9.14.9-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс өөр газар гарсан аливаа хохирлыг хариуцахгүй” гэж заасан байна. Ийм учраас л манай алга болсон ачааны төлбөрийг шийдвэрлэхгүй удаад байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч нь тээврийн хөлсөө огт нэхэмжлээгүйг бид ойлгохдоо нөгөө ачааны мөнгөнд суутгаад явж байна гэж бодсон.

Эхний ачаа 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ирж, тээврийн хөлсийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөх, хоёр дахь ачаа 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ирсэн ба тус өдөр мөнгийг төлөөд авсан байх ёстой, харин гурав дахь ачаа 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирсэн. Бид, уг тээврийн хөлсийг төлчихөөд тэрхүү чингэлэгийг авах ёстой бөгөөд нэг ч тээврийн хөлс төлөөгүй байхад манай ачааг өгсөн. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь тохиролцсон ёсоор 3 чингэлэг ачааны хөлсийг алга болсон чингэлгийн төлбөрт шингээн гэж байсан.

Гэтэл 2019 оны 10 дугаар сард шүүхэд тээврийн хөлсөө төлөхгүй байна, алдангийг гэрээнд зааснаар төл гэдэг зүйл ярьж эхэлсэн. Тухайн үед Нзахиралтай энэ тухай гэрээ хийчихсэн бол ийм зүйл болохгүй байжээ.  Бид, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа хэргийг шийдвэрлэгдэх юм бол тээврийн хөлсийг алдангигүй төлөхөд татгалзахгүй.

2017 онд нийт 4 тээвэр хийгдсэн байна, БНХАУ-аас тээвэрлүүлсэн ачаа алга болсон учир уг ачаа барааг хэн төлөх вэ гэдэг тал дээр маргаан үүссэн. Зуучлуулсан ачаа алга болчихоод байна гэхэд нэхэмжлэгч О ХХК -ийн захирал Нөөрөө “бид “Монгол даатгал” ХХК-нд даатгалтай учир даатгалаас төлбөрөө гаргаад танайд өгнө, ингэхийн тулд шүүхийн шийдвэр заавал хэрэгтэй байна, шүүхэд та нар нэхэмжлэл гаргаач” гэж өөрөө хэлж байгаад Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргуулсан.

 

Нэхэмжлэгч О ХХК -ийн М ХХК-тайбайгуулсан даатгалын гэрээний 9.14.9-т “Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна хохирол учирсан бол төлөхгүй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, О ХХК  нь даатгалаас мөнгөө авч чадахгүй гэдгээ мэдээд төлбөрийг хариуцахгүй гэж байна.

 

Талууд сүүлийн гурван нэхэмжлэхэд тусгагдсан үнийг тухайлан тохиролцоогүй, тэр талаар нотлох баримт байхгүй. Ийм учраас энэ тохиолдолд эрх бүхий байгууллагаас баталсан үнийн жагсаалт эсхүл зах зээлийн дундаж үнэлгээгээр гаргах ёстой. Нэхэмжлэгч нь бидэнд тээврийн дагалдах бичиг өгөөгүй. Гэрээнд зааснаар олон улсын ачаа тээврийн гэрээ, ЦИН болон Монгол Улсын Иргэний хуулийг удирдлага болгон гэсэн. Төлбөрийн нэхэмжлэхийг өгөхдөө Иргэний хуулийн 387 дугаар зүйлд заасан дагалдах бичгийг өгөх ёстой боловч өгөөгүй учир өөрийнхөө гарсан зардал болон үнээ нэхэмжлэх, гэрээгээ үндэслэх бололцоогоо нотлоогүй.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн миний бие шүүгчээс энэ хэргийг шударгаар шийдвэрлэн гэдэг итгэхгүй байх тул татгалзаж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад        

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О ХХК -иас хариуцагч Б ХХК-нд холбогдуулан 24,640,381.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч О ХХК  нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Б ХХК-тай тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, хариуцагчийн хүсэлтээр тус компанийн Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлон оруулж ирэх бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх ажлыг зохион байгуулахаар болжээ /х.х-ийн 10, 11 хуудас/.

Тодруулбал, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар зохигчид уг гэрээг байгуулснаар гэрээний хүчинтэй байх хугацаанд хариуцагч нь гадаад улсаас импортлох бараа бүтээгдэхүүний захиалгыг тухай бүр нэхэмжлэгчид өгөх, нэхэмжлэгч нь үүний дагуу тухайн барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлон оруулж ирэх тээврийн үйл ажиллагааг зуучлах үүрэг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 413 дугаар зүйлийн 413.1-д “Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.

Тайлбарлавал, нэхэмжлэгч О ХХК  нь улс хоорондын тээвэр зуучийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг мэргэжлийн байгууллагын хувьд хариуцагч буюу тээвэрлүүлэгч Б ХХК-ийн зөвшөөрлөөр тээвэрлэгч этгээдтэй холбож, ачаа тээврийн үйл ажиллагааг зуучлах үүрэг хүлээсэн байна.

Гэвч зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тэдгээрийн хооронд энэхүү гэрээ, хэлэлцээр байгуулагдсан эсэх тухай маргаагүй боловч хариуцагч Б ХХК нь Турк улсаас импортолсон ******* тоот болон ******* тоот чингэлэг, мөн БНХАУ-ын Х мужаас ачуулсан ******* тоот чингэлэг ачаануудын тээвэр зуучийн үнийн талаар бид нар тухайлан тохиролцоогүй, эдгээр ачааг импортлохоос өмнө нэхэмжлэгч О ХХК -ийн зуучилсан буюу БНХАУ-аас тээвэрлэсэн ачаа замдаа алга болсон тул уг асуудлыг шийдвэрлэтэл дээр дурдсан 3 чингэлэг ачааны тээвэр зуучийн хөлсийг нэхэмжлэгч О ХХК -тай төлөхгүй гэж тохирсон хэмээн маргасан.

 Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид нэхэмжлэгч О ХХК -ийг үүсгэн байгуулагдсан цаг /2014 он/-аас эхлэн тээврийн зуучийн чиглэлээр хамтран ажиллаж, тухайн нэг чингэлэг ачааг импортлох захиалга өгөх, тээвэр зуучийн хөлсийг тохирохдоо и-мэйл /захидал харилцаа/-ээр харилцдаг байжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШЗ2020/06295 тоот захирамжийн дагуу үзлэг хийхэд хавтаст хэргийн 12, 13, 14 дэх талд авагдсан төлбөрийн нэхэмжлэхүүдийг хариуцагч Б ХХК нь хүлээн авсан байна /х.х-ийн 104, 105 хуудас/.

Тодруулбал, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гнь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Турк улсаас импортолсон ******* тоот болон ******* тоот чингэлэг, мөн БНХАУ-ын Х мужаас импортолсон ******* тоот чингэлэг ачаануудыг хүлээн авсан талаар маргаагүй ба эдгээр ачаануудын тээвэр зуучийн хөлс 6,150 ам.доллар /2,570+760+2,820=6,150/-ын нэхэмжлэхийг өөрийн и-мэйлээр хүлээн авсан гэдэгтэй маргаагүй.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “Дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно” гээд 196.1.7-д “ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй бол” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр зохигчид 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тээвэр зуучийн гэрээнд үнэ хөлсний талаар тодорхой дурдаагүй боловч нэхэмжлэгч О ХХК -иас хариуцагч Б ХХК-нд Турк болон БНХАУ-аас импортлох тус 3 чингэлэг ачааны тээвэр зуучийн хөлсний талаар үнийн саналыг и-мэйлээр хүргүүлснийг тус компанис татгалзаагүй, өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу санал илгээгээгүй байх тул үүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Түүнчлэн уг хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д “Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж зааснаар талуудын тээвэр зуучийн үнэ хөлсийг тодорхойлбол Турк улсаас импортолсон ******* тоот чингэлэг ачааг 2,570 ам.доллар, ******* тоот чингэлэг ачааг 2,820 ам.доллар, БНХАУ-ын Х мужаас импортолсон ******* тоот чингэлэг ачааг 760 ам.доллараар тус тус зуучлан тээвэрлүүлэхээр тохирсон гэж үзэхээр байна.

Иймд, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-д “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж заасны дагуу зохигчид дээрх 3 чингэлэг ачааг Монгол Улсад импортлоход гэрээний гол нөхцөл болох үнэ хөлсний талаар тохиролцсон гэж дүгнэв.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлавал, тээвэр зуучийн гэрээгээр үүрэг хүлээсэн талууд үүргийг тогтоосон газар, хугацаандаа заавал гүйцэтгэх ёстой ба тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь 3 чингэлэг ачааг хүлээн авсан байх тул нэхэмжлэгч О ХХК -ийг үүргээ зохих ёсоор хүлээн биелүүлсэн гэж, харин хариуцагч Б ХХК-ийг ******* тоот чингэлэг ачааг 2,570 ам.доллар, ******* тоот чингэлэг ачааг 2,820 ам.доллар, мөн ******* тоот чингэлэг ачааг 760 ам.долларыг тус тус өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул энэ хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж тус тус үзнэ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заажээ. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Б ХХК-ийн нэхэмжлэлтэй О ХХК -нд холбогдох БНХАУ-аас 2016 онд импортолсон ******* тоот чингэлэг ачаа алга болсны хохиролд 38,276,706.00 төгрөг гаргуулах тухай хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2019/05122 тоот захирамжаар хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна /х.х-ийн 71-73 хуудас/.

 

Тодруулбал, нэхэмжлэгч О ХХК  нь хариуцагч Б ХХК-тай байгуулсан тээвэр зуучийн гэрээний дагуу БНХАУ-аас ачуулсан 20 тонны чингэлэг замдаа гээгдсэн тул зохигчдын хооронд уг асуудалтай холбоотой маргаан үүссэн байна.

 

Гэвч энэ нь хариуцагч Б ХХК-ийг гэрээгээр хүлээсэн 6,150 ам.долларыг төлөх үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй юм. Учир нь, 2017 онд нэхэмжлэгчийн зуучилсан бөгөөд хариуцагчийн хүлээн авсан 3 чингэлэг ачааны тээвэр зуучийн хөлсийг төлөхөд үүнээс өмнө импортолсон ******* тоот чингэлэг ачаа алга болсон асуудал нь тус тусдаа үүссэн харилцаа бөгөөд нэг удаагийн захиалгаар ачуулсан чингэлэг гээгдээгүй тул харилцан тооцож болох хамааралтай харилцаа гэж үзэхгүй.

 

Ийм учраас хариуцагч Б ХХК-нд Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар 6,150 ам.долларыг төлөх үүргээ биелүүлэхээс татгалзах эрх байхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч О ХХК -тай 6,150 ам.долларыг төлөх үүргээ алга болсон чингэлгийн асуудлыг шийдвэрлэтэл төлөхгүй гэж тохирсон гэх тайлбараа баримтаар нотлохгүй байна.

Зохигчдын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “Үйлчлүүлэгч нь тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан нэмэлт зардлыг урьдчилан харилцан тохиролцсон үнэ тарифын дагуу ачаа эцсийн хүрэх өртөөнд хүрмэгц төлөх бөгөөд тухайн үйлчлүүлэгчийн өөр ачаа ачигдаж байгаа тохиолдолд өмнө нь ирсэн ачааны хөлсийг ачаа ирснээс хойш 14 хоногийн дотор төлнө” гэж, мөн 3.2-т “Зуучийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 3.1-д заасан хугацаанд төлөх ба заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0.5 хувиар зуучлагчид алданги төлнө” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирсон ба тэдгээрийн алдангийн талаарх тохиролцоо нь 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, түүнчлэн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасантай нийцэж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Б ХХК нь Турк улсаас импортолсон ******* тоот чингэлэг ачааны тээвэр зуучийн хөлс 2,570 ам.долларыг 2017 оны 09 дүгээр арын 01-ний өдөр, ******* тоот чингэлэг ачааны тээвэр зуучийн хөлс 2,820 ам.долларыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, мөн БНХАУ-аас ачуулсан ******* тоот чингэлэг ачааны тээвэр зуучийн хөлс 760 ам.долларыг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус тус төлөх ёстой байжээ.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Гнь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эдгээр нэхэмжлэхийг ачаа тээврийн мэдээллийн хамт ирүүлсэн и-мэйлийг хүлээн авсан тухай маргаагүй.

Нэгэнт хариуцагч тал тээвэр зуучийн хөлс 6,150 ам.долларыг төлөх хугацааг хэтрүүлсэн учраас гэрээнд зааснаар нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх ба хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 3,075 ам.доллар гэж тогтоов /6,150x0.5%=30.75 цент /1 өдрийн/ 30.75x733 өдөр=22,539.75 цент/.

Иймд, хариуцагч Б ХХК нь тээвэр зуучийн хөлс 6,150 ам.доллар, алданги 3,075 ам.доллар, нийт 9,225 ам.долларыг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 9,225 ам.долларыг нэхэмжлэхдээ Монгол банк ны 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн өдрийн ханш 2,669.96 төгрөгөөр үржүүлж, нийт 24,640,381.00 төгрөгийг нэхэмжилсэн /х.х-ийн 3 хуудас/. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заажээ.

 

Тодруулбал, Гадаад валютын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Гадаад валют гэж эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн тэмдэгт, тэдгээрээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг хэлнэ. ..........” гэж зааснаар ийнхүү гадаад валютыг төгрөгөөр нэхэмжлэх тохиолдолд нэхэмжлэлийн үнийг Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлдог журамтай.

 

Нөгөө талаар хариуцагч Б ХХК нь гадаад улсаас бараа бүтээгдэхүүн импортолдог бөгөөд нэхэмжлэгч О ХХК -ийн зүгээс тухайн ачаа тээврийг Монгол Улсад тээвэрлэн авчирахтай холбоотойгоор тээвэр зуучийн үйл ажиллагааны хүрээнд гадаад валютаар төлбөр тооцоог гүйцэтгэдэг байх тул 9,225 ам.долларыг монгол төгрөгт хөрвүүлэн нэхэмжилснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас тээвэр зуучийн хөлс 16,420,254.00 төгрөг, алданги 8,210,127.00 төгрөг, нийт 24,640,381.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Энь шүүхийн хэлэлцүүлгийн үе шат дуусч, нотлох баримт шинжлэн судалсны дараагаар шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэж заасан үндэслэлээр татгалзсан. Гэвч шүүгч талуудад шүүх хуралдааны дэг журмыг тайлбарлаж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон шүүгчээс татгалзах хүсэлт бий эсэхийг тодруулахад хэргийн оролцогч нар шүүгчээс татгалзаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж заасан нь шүүгчид ногдуулсан үүрэг бөгөөд татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол шүүгч энэ талаар хэргийн оролцогч нарт мэдэгдэж, татгалзан гарах тухай ойлголт болохыг үүгээр дурдаж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Б ХХК-иас 24,640,381.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК -нд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,152.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 281,152.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНДАЛБАЯР