Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 1449

 

 

 

 

 

 

 

 

                    2020       04          28  

             101/ШШ2020/01449

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: О ХХК-нд холбогдох,

 

Орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах, 124,790,520.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А, өмгөөлөгч У, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани хариуцагч О ХХК -тай 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, *******д байрлах оффис, үйлчилгээний барилгын гаднах 980 м.кв талбайтай автозам, мөн Алтан тэвш хорооллын үйлчилгээний 316 м.кв талбайтай автозамын барилгын ажил болон бусад ажлыг нийт 99,969,100.00 төгрөгөөр гуйцэтгэхээр тохирсон. Ингээд гэрээний 6.1-д зааснаар 20,000,000.00 төгрөгийг бэлнээр авч, үлдэгдэл 79,969,100.00 төгрөгт 2018 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд орох *******,*******,******* “Астра вилла” хотхон С блок, 4 дүгээр давхарт 32.04 м.кв талбайтай орон сууцыг авах, хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээний 3.3-д зааснаар өдрийн 0.3 хувийн алданги тооцохоор болсон.

 

Мөн талууд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, “Астра Вилла” хотхоны 4 хаусны 1344.5 м.кв талбайтай авто замд 3 см-н зузаантай асфальтон хучилтын ажлыг нийт 38,445,000.00 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч, урьдчилгаанд 20,500,000.00 төгрөгийг авч, үлдэгдэл 17,945,000.00 төгрөгийг өмнөх ажлын гэрээний 79,969,100.00 төгрөгийг нэмж, С блок 2 давхарт 45.82 м.кв талбайтай орон сууцыг авахаар тохирсон.

 

 Талуудын сүүлийн тооцоогоор нийт 114,550,000.00 төгрөгөөр 45.82 м.кв талбайтай байрыг авахаар болж, бид гэрээнд заасан ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн боловч захиалагч талаас орон сууцыг 2018 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөөгүй ба хугацаандаа ашиглалтанд оруулаагүй тул зохигчид 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, *******,*******,******* “Астра вилла” хотхоны С блок 2 давхар,******* тоот хаягт 45.82 м.кв талбайтай байрыг 2018 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөхөөр болж, төлбөрт нь өмнө байгуулсан гэрээний төлбөрийг шилжүүлсэн.

 

Энэ гэрээгээр манай компани орон сууцны 1 м.кв талбайн үнийг 2,500,000.00 төгрөг, нийт 114,550,000.00 төгрөгөөр тооцсон. Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ дахин зөрчиж, орон сууцыг 2018 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулах үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй. Бид, хариуцагчид энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардахад ямар ч хариу өгөөгүй тул гэрээг цуцалж, хохирлоо шаардахаас аргагүй нөхцөл байдал үүссэн.

 

Хариуцагч О ХХК -тай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний үүргээс алдангийг тооцоход өдрийн 0.01 хувиар буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл нийт 3,821,720 төгрөг болсон. Мөн уг орон сууцанд орох хугацааг 2018 оны 1 дүгээр улирлыг дуустал гэж тооцож, тухайн хугацаагаар Э-ын өмчлөлийн орон сууцыг сарын 400,000.00 төгрөгөөр түрээслэж, байгууллагын оффис болон амьдрах хэлбэрээр байрлаж байсан боловч хариуцагч нь хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөөгүйгээс болж 6,400,000.00 төгрөгийн зардал гаргасан.

 

Үүнээс гадна хэрэгт өгсөн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд 18,800.00 төгрөгийн зардал гаргаж, нийт 124,790,520.00 төгрөгөөр хохирч байна. Иймд, дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө ХХК -иас хариуцагч О ХХК -нд холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээг цуцлах, 124,790,520.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-т тус тус зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх болон учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болоод хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ө ХХК  нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч О ХХК -тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 1,296 м.кв талбайтай автозамын барилгын ажлыг нийт 99,969,100.00 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон байна /х.х-ийн 13-18 хуудас/.

 

Тодруулбал, зохигчид 1,296 м.кв талбайтай автозамын тохижилт, барилгын пандус, 2 ширхэг цонхны амалгаа, ханын өрлөг, аваарын шат, хайс, хашаа хийх болон 4 ширхэг тугны суурь, гадна зогсоолын автомат хаалтыг тус тус хийхээр тохиролцсон ба хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр ажлын хөлс 99,969,100.00 төгрөгөөс 20,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид өгч, үлдэх 79,969,100.00 төгрөгт 2018 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд орох Хан Уул дүүрэг,*******, Дүнжингарав гудамжинд баригдаж буй Астра вилла хотхоны C блокын 4 дүгээр давхарт байрлах 32.04 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр болжээ.

 

Түүнчлэн талууд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ байгуулж, нэхэмжлэгч тал дээр дурдсан орон сууцны 1,344.05 м.кв талбайд 3 сантеметрын зузаантай асфальтон зам тавих ажлыг 38,445,000.00 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч, хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 15,000,000.00 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 4,000,000.00 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000.00 төгрөг, нийт 20,500,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид өгч, үлдэх 17,945,000.00 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 79,969,100.00 төгрөг дээр нэмж, нийт 97,914,100.00 төгрөгт *******т байрлах 45.82 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 19-22 хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ө ХХК  нь хариуцагч О ХХК -ийн барьж байгаа Астра вилла хотхоны гадна тохижилт, автозамын асфальтон хучилт, ханын өрлөг зэрэг ажлыг зохих ёсоор гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн үүрэг хүлээсэн байна. 

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаас гадна 343.3-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын тохиролцсон ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагааны үр дүнд шинээр бий болсон зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гүйцэтгэгч нь хэлэлцэн тохирсон хөлс шаардах эрх үүсэх бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн аливаа доголдолгүй байх учиртай.

 

Хариуцагч О ХХК  нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж зааснаар хариу тайлбар татгалзал өгөөгүй.

 

Иймд, нэхэмжлэгч Ө ХХК -ийн гүйцэтгэсэн ажлыг чанартай байсан гэсэн тайлбарыг хариуцагч О ХХК -иас үгүйсгээгүй тул дээр дурдсан хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу талуудыг уг үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч О ХХК -ийн нэхэмжлэгч Ө ХХК -нд төлөх өглөгийн хэмжээг нийт 114,550,000.00 төгрөг гэж тооцжээ. Тодруулбал, захиалагч буюу хариуцагчийн нэхэмжлэгчид төлбөл зохих 97,914,100.00 төгрөг дээр 16,635,900.00 төгрөг нэмэгдэж, хариуцагч нь уг 114,550,000.00 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар болжээ /х.х-ийн 30 хуудас/.

 

Гэвч зохигчид 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, хариуцагч О ХХК  нь нэхэмжлэгч Ө ХХК -нд төлөх 114,550,000.00 төгрөгийг мөнгөөр бус, харин Хан Уул дүүрэг,*******, Дүнжингарав гудамжинд баригдаж буй *******,******* тоот хаягт байрлах 48.82 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон байна /х.х-ийн 23-29 хуудас/.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д “Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно” гээд 236.1.3-т “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж, түүнчлэн 236.2-т “Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, зохигчдын хооронд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болон 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр  нэхэмжлэгч Ө ХХК  нь ажил гүйцэтгэгч, харин хариуцагч О ХХК  нь захиалагч бөгөөд нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгчид төлөх ёстой 114,550,000.00 төгрөгийг ийнхүү орон сууцаар төлөхөөр шинээр гэрээ байгуулснаар тэдгээрийн өмнө нь байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болж, өөр төрлийн буюу орон сууц захиалан бариулах гэрээний эрх, үүрэг бий болсон байна.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зохигч нарыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр орон сууц захиалгаар барих гэрээг байгуулах тухайн цаг хугацаанд гэрээний зүйл болох 48.82 м.кв талбайтай 1 өрөө орон сууц нь бодитоор бий болоогүй, шинээр барьж гүйцэтгэж байсан байх тул зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Энэ тохиолдолд захиалагч нь нэхэмжлэгч “Ө” ХХК, ажил гүйцэтгэгч нь хариуцагч О ХХК  бөгөөд захиалагчийг ажил гүйцэтгэх гэрээний хөлс 114,550,000.00 төгрөгийг ажил гүйцэтгэгчид өгсөнд тооцно. Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

Тус гэрээгээр хариуцагч буюу ажил гүйцэтгэгч О ХХК  нь гэрээний зүйлийг 2018 оны 3 дугаар улиралд багтаан барьж, нэхэмжлэгч болох захиалагч Ө ХХК -нд хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар хариуцагч О ХХК  нь орон сууцыг барих үүргээ хугацаандаа биелүүлэх ёстой. 

 

 Гэтэл нэхэмжлэгч Ө ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан ажил гүйцэтгэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэсэн тайлбарыг хариуцагч О ХХК -ийн зүгээс үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар тухайн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан боловч хариуцагчаас үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж, мөн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаас гадна 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Тодруулан хэлбэл, уг хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээний хугацаа өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хэтэрсэн тухай тайлбар гаргаагүй.

 

Иймд, хариуцагч О ХХК -ийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ө ХХК -иас хариуцагч О ХХК -нд холбогдуулан гэрээний зүйл болох орон сууцыг хүлээн авахаас татгалзаж, 114,550,000.00 төгрөгийг алданги 3,821,720.00 төгрөг, гэрээг цуцалснаас учирсан хохирол 6,400,000.00 төгрөг, нотариатын зардал 18,800.00 төгрөг, нийт 124,790,520.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан. Тайлбарлавал, зохигчдын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй бөгөөд ингэхдээ 225, 226 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлэх учиртай юм.

 

Тус хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байдаг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ө ХХК -иас хариуцагч О ХХК -нд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохигчдын хооронд үүссэн төлбөр тооцоог нэн даруй дуусгах, орон сууцыг барьж гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн болон алданги тооцох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэл хүргүүлжээ.

 

Гэвч хариуцагч О ХХК  нь өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг барьж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байгаа ажээ. Талуудын гэрээгээр тохиролцсон 48.82 м.кв талбайтай 1 өрөө орон сууц нь гэрээ байгуулагдмагц бий болох ажлын үр дүн бус, харин бодитоор бий болгоход урт хугацаа шаардаж байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах буюу цуцлах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд тухайлан зохицуулсан. 

 

Тодруулбал, энэ хуулийн 221.1, 221.3-д тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл /гэрээг зөрчсөн/ байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна.

 

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээнээс татгалзах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг.

 

Нэгэнт хариуцагч О ХХК  нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, нэхэмжлэгч Ө ХХК  нь энэхүү зөрчлийг үндэслэн цаашид орон сууцыг хүлээн авахаас татгалзаж буй шалтгаан нь хугацаа хэтрүүлсэн зөрчлөөс болсон байх тул тэрээр Иргэний хуулийн 221.1, 221.3-д тус тус зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн******* дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Үүнийг нэхэмжлэгч Ө ХХК -нд гэрээнд заасан орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байгааг түүнд хариуцагч О ХХК -ийн одоогийн гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолгүй болсон гэж үзэж, талуудын хувьд Иргэний хуулийн******* дугаар зүйлийн*******.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэг үүссэн гэж ойлгох ба үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан буюу өмнө нь төлбөл зохих байсан 114,550,000.00 төгрөгийг захиалагч болох нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй болно.

 

Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, гэрээний гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх этгээд тийнхүү хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахтай холбоотой буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэснийг үүрэг гүйцэтгүүлэгч нь хүлээн авсан бол гэрээнд заасан алданги төлөх үүрэг үүснэ. 

 

Үүрэг гүйцэтгүүлэгч тал ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзснаар түүнд үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн ач холбогдолгүй болсон, гэрээнээс татгалзсан нь гэрээний бүхий л тохиролцооноос татгалзаж байгааг агуулдаг тул ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ч гэсэн алданги тооцох тухай гэрээний заалт мөн адил цуцлагдсан гэж үзнэ. Иймд, нэхэмжлэгч Ө ХХК -нд хариуцагч О ХХК -иас алданги 3,821,720.00 төгрөгийг нэхэмжлэх эрх үүсэхгүй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ө ХХК -иас Э-д 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,400,000.00 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000.00 төгрөгийг тус тус төлжээ. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 61 дүгээр байр, 154 тоот хаягт байрлах 22.39 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ө ХХК -ийн аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар бус, харин тус компанийн гүйцэтгэх захирал А нь амьдран суух зориулалтаар хөлслөн суусан байна /х.х-ийн 31-35 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч О ХХК -ийг гэрээнд заасан 48.82 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ хэтрүүлснээс улбаалан нэхэмжлэгч Ө ХХК -нд үйл ажиллагаа явуулах ажлын байрны зориулалтаар үл хөдлөх хөрөнгө түрээслэх зайлшгүй шаардлага гарсан гэсэн тайлбар үндэслэлтэй биш байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Ө ХХК -иас тус 6,400,000.00 төгрөгийг Э-д төлсөн байх боловч Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж зааснаар орон сууц хөлслөгч А-ийн төлбөрийг түүний ажилладаг нэхэмжлэгч компаниас төлсөн ба нэхэмжлэгч компани нь гүйцэтгэх ёсгүй байсан үүргийг хариуцагчаас шалтгаалан гүйцэтгэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан 18,800.00 төгрөгийн нотариатын зардлыг уг нэхэмжлэлийг гаргахтай холбоотойгоор нотариатаар гэрчлүүлсэн гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэл дэх баримтуудыг нотариатаар гэрчлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан боловч тухайн нотариатын төлбөр төлсөн баримт нь эдгээр нотлох баримтыг гэрчлэхэд төлсөн зардал гэдгийг шууд нотлохгүй байна /х.х-ийн 36 хуудас/.

 

Зохигчдын байгуулсан гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар талууд уг гэрээтэй холбоотой асуудлаар маргаан гарсан тохиолдолд Монгол Улсын шүүх болон Монголын Олон Улсын ба Үндэсний арбитраар хянан шийдвэрлүүлэхээр тохиролцсон байх боловч хэргийн харъяаллын талаар маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл, Арибтрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж зааснаас үзэхэд хариуцагч нь хэргийн харъяаллын талаар маргаагүй ба нэхэмжлэгч нь тус хэргийг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд татгалзаагүй.

 

 Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 114,550,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,240,520.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Тус хэргийг хянан хэлэлцэхээр товлосон 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг үндэслэн хойшлуулж, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00 цагт товлож, энэ талаар зохигчдод мэдэгдсэн. Гэтэл хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн хянан шийдвэрлэснийг үүгээр дурдаж байна. 

 

Түүнчлэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 124,790,520.00 төгрөгийн шаардлагад 781,903.00 төгрөгийг төлсөн бол орон сууц захиалан бариулах гэрээг цуцлахыг бие даасан шаардлага хэмээн үзэж, 70,200.00 төгрөгийг төлжээ. Зүй нь, гэрээ цуцлах нь тусдаа шаардлага биш бөгөөд уг 124,790,520.00 төгрөгийг нэхэмжлэх үндэслэл тул илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1,******* дугаар зүйлийн*******.1, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус заасныг үндэслэн хариуцагч О ХХК -иас 114,550,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК -нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,240,520.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 852,102.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 70,200.00 төгрөг, хариуцагчаас 730,700.00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР