Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/326

 

2023         09            11                                  2023/ШЦТ/326

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

Улсын яллагч Т.Төгөлдөр

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нид холбогдох эрүүгийн 2325000000422 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнийн 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 11-27-20 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Утой “...чи намайг хардлаа, чи намайг хардах болоогүй шүү” гэсэн шалтгаанаар хохирогчийг чирч газарт унаган хоолойг боож, нүүрэн тус газар мөргөж, гар болон хөлөөрөө өшиглөн, цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь“...дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн мөр, баруун алга, хамрын нуруу, зүүн дал, зүүн тохойд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, хэргийн нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Д.Нийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Урьд нь үнэн зөв мэдүүлсэн гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

            -Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 7-9-р тал/

-хохирогч Д.Угийн мэдүүлсэн... 2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө манай нөхөр Н ажлаасаа буугаад архи уусан байсан. Орой 19 цагийн үед нөхөр лүүгээ залгахад эхлээд гар утсаа авахгүй удалгүй манай нөхөр өөрөө миний гар утас руу залгаад “би хүнд зодуулчихлаа маш их ганцаардаж байна би гэртээ яваад очъё би үнэнээ хэлье” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр 21 цаг өнгөрч байх үед байрны гадаа такси барьж ирээд намайг гарч ирээд таксины мөнгө төлчих гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад нөхрийгөө таксинаас аваад гэртээ аваад орж байтал манай нөхөр ажлынхаа газрын ах болох Баттулга гэх хүний найз хүүхнүүдтэй шоудаж улмаар хоорондоо маргалдаж манай нөхрийг тухайн хүүхнүүд нь зодсон гэж хэлсэн. Тэгэхлээр нь би нөхөртөө хандаж би чамайг гэртээ оруулахгүй тэр хүүхнүүдтэйгээ хамт яв гэртээ оруулахгүй гэж хэлээд нөхрийгөө 1 удаа алгадсан. Тэгтэл нөхөр Н маш ихээр уурлаж “чи намайг хардах болоогүй шүү” гэж хэлээд намайг чирж гэрлүү оруулаад түлхэж унагаагаад өөрийнхөө гар утсыг хана болон шал руу шидэж санаатайгаар эвдсэн.Тэр уурандаа намайг ална гэж хоолойг минь боож, миний нүүрэн тус газар толгойгоороо 4-5 удаа мөргөж, гар болон хөлөөрөө олон удаа өшиглөж дээрээс дэвсэж, хананд хавсарч зодсон. Гэрт байсан дартасны сум болох 3 ширхэг сумыг аваад би чамайг энүүгээр зоож ална шүү гэж хэлж айлган сүрдүүлсэн тэгээд тухайн сумнуудыг дартасны самбар луу шидэж зоосон. Тэгтэл нэг сум нь газарт уначихсан юм. Тэгээд намайг бариад авахаар нь би газарт унасан дартасны сумыг нь аваад өөрийгөө хамгаалах гэтэл нөхөр өөрөө ирээд тухайн сум руу цээжээрээ хатгуулчихсан тэгсэнээ намайг чи сумаар намайг зоолоо гээд орилоод байсан арай хийж ноцолдож байж гэрээс гарч гүйж цагдаад мэдэгдэж дуудлага мэдээлэл өгсөн...Миний зүгээс хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р тал/

 

-гэрч Д.Оийн мэдүүлсэн.... 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт ахлагч Б.Эрдэнэбаярын хамтаар явганаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 23 цагийн орчим шиг санагдаж байна Бүрэнбүст баг 11-27-20 тоотод нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу дээрх хаягт очиход Урангоо гэх шаргал өнгийн үстэй намхан эмэгтэй байрныхаа гадна нүүр болон уруул нь хавдчихсан цус болчихсон байдалтай зогсож байсан. Юу болсон талаар асуухад нөхөр Н архи ууж ирээд намайг зодсон гэж хэлсэн үүний дагуу Нийг Цагдаагийн газар дээр ахлагч Эрдэнэбаяр авчирсан, харин би дуудлага өгсөн Урангоог эмнэлэг дээр авчирсан. Миний санаж байгаагаар гэр бүлийн хардалтаас л болсон гэж хэлж байсан шиг санагдаж байна одоогоос бараг нэг сарын өмнөх дуудлага болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 687 дугаартай... Д.Угийн биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн мөр, баруун алга, хамрын нуруу, зүүн дал, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дэс дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-н 23-24-р тал/

 

            Шүүгдэгч Д.Нийн яллагдагчаар мэдүүлсэн:.2023 оны 08 дугаар сарын орой 22 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Урангоотой гэр бүлийн маргаанаас болж маргалдсан улмаар эхнэрээ зодож биед гэмтэл учруулсан. Дахин ийм асуудал гаргахгүй хийсэн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний шөнийн 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 11-27-20 тоот гэртээ эхнэр Д.Утой хардалтын улмаас маргалдан улмаар “чи намайг хардах болоогүй шүү” гэж  хоолойг нь боож, миний нүүрэн тус газар нь толгойгоороо 4-5 удаа мөргөж, гар болон хөлөөрөө олон удаа өшиглөж дээрээс дэвсэж, хананд хавсарч зодон биед нь дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн мөр, баруун алга, хамрын нуруу, зүүн дал, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

 

         Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Нийн үйлдлийн улмаас Д.Угийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, Д.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 

         Шүүгдэгч Д.Нийн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

          

           2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.    

       

Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Д.У нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баглиуныхан овогт Дэлгэрийн Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нид шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

      

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ