| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорждэрэмийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 222/2017/0016/и |
| Дугаар | 03 |
| Огноо | 2018-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 03
Ж.Аын нэхэмжлэлтэй, Г.Өт
холбогдох иргэний хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Л.Наранбаяр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Нэхэмжлэгч Ж.А
Хариуцагч Г.Ө нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 527 дугээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ж.Аын давж заалдах гомдлоор түүний “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2500000 төгрөг гаргуулах тухай” Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, Баазын 8 айлын 2 дугаар орц, 8 тоотод оршин суух Г.Өт холбогдох иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би 2014 оны 10 дугаар сард 2500000 төгрөгийг 2-3 хоногийн хугацаатай Г.Өт зээлүүлсэн. Ө нь анх над руу утсаар ярьж 2000000 төгрөг зээлүүлээч, хүүгээ Эрээн явуулах гэсэн юм гэсэн. Надад бэлэн мөнгө байгаагүй учраас банк руу очиж 2500000 төгрөг авч өгсөн. Хүү Т нь банк руу дагаж орж авсан. Ахаа 2-3 хоногийн дараа өгөх юм чинь 500000 төгрөг нэмээд зээлүүлчих гэхээр нь нэмээд 2500000 болгоод Тт өгсөн. Гэтэл Г.Ө нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд 2500000 төгрөгийг хариуцагч Г.Өөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Аоос 2500000 төгрөг зээлж аваагүй. Энэ асуудлаар эхлээд манай хүү Тыг авсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ асуудал давж заалдах шатны шүүхээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн. Гэтэл А нь иргэн Ө надад холбогдуулан гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Би Аоос мөнгө зээлээгүй. А нь ямар шалтгаанаар надаас 2500000 төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 527 дугаар шийдвэрт: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж,Аын хариуцагч Г.Өөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.А давж заалдах гомдолдоо: Би бэлнээр мөнгө өгсөн учраас зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Банк хаах үеэр очиж бэлнээр мөнгө авч өгсөн. Энэ нь дипозит дансны хуулгаас харахад 17 цагийн орчим 2500000 төгрөгийн гүйлгээ хийсэн байдаг. Би нотлох баримтыг боломжийн хэмжээнд гаргаж өгсөн гэж үзэж байна. Хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, дансны хуулгыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүйд гомдолтой байна. Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргахаар заасан байхад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.А Г.Өөөс “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2500000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд ирүүлснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Ж.А нь “ Г.Ө 2500000 төгрөг зээлүүлчих, 2-3 хоногийн дараа өгье” гэсний дагуу 2014 оны 10 дугаар сарын 31-ний орой 17 цаг өнгөрч байхад ХААН банкин дахь өөрийн данснаас 2500000 төгрөг авч өгсөн. Үүнийг би дансны хуулга болон гэрчүүдээр нотлуулсан байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна гэж давж заалдах гомдолдоо дурьджээ.
Нэхэмжлэгч Ж.А өөрийн 5630249997 дугаартай данснаас 2014 оны 10 сарын 31-ны өдрийн 17 цаг 12 минутад 2500000 төгрөг авсан нь түүний шүүхэд ирүүлсэн дансны хуулгаар нотлогдож байх боловч, хариуцагч Г.Өт уг мөнгийг өгсөн гэдгийг нотолсон баримт болж чадахгүй байна. /хх-15/
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Эрдэнэчимэг, С.Нандинцэцэг нараас мэдүүлэгт авахад тэдгээр нь “А, Ө нарыг мөнгө өгч, авч байхыг хараагүй, бусдын ярианаас 2500000 төгрөг зээлсэн, зээлүүлсэн талаар сонссон” гэжээ. /хх-22, 26/
Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдийг маргааны үйл баримтыг шууд нотолсон нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь: Ж.А Г.Ө нарын хооронд мөнгө зээлүүлсэн, зээлсэн гэх үйл явдлыг болоход гэрчүүд дэргэд нь байгаагүй, хараагүй, харин бусдаас сонссон гэж байгаа нь дамжмал нотлох баримтын шинжтэй байх бөгөөд энэ үйл баримт нь өөр нотлох баримтаар давхар нотлогдоогүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй юм.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 -т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БААТАРСҮХ
ШҮҮГЧИД Л.НАРАНБАЯР
Д.БАЙГАЛМАА