Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 111/ШШ2022/0010

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн ******* холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн *******эрэлсүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн *******эрэлсүх шүүхэд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч *******эрэлсүх миний бие 2018 оны 11 сараас уг албан тушаалд томилогдон ажиллаж байна. ******* ******* ******* ХХК-ний нягтлан бодогч ******* нь 2021 оны санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан, тухай байгууллага торгуулиа төлөн тайлангаа илгээх албан тоот ирүүлсний үндсэн дээр 400 нэгж буюу 400000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Тухайн үед шийтгэлийн хуудас хүчингүй болсныг мэдээгүй, 2021 нэгдүгээр сард Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газраас шийтгэлийн хуудас (маягт 1) 50 ширхэг, Шийтгэлийн хуудас (маягт 2) 50 ширхэг ирсэн, 2022 оны 3 сарын байдлаар үлдэгдэл шийтгэлийн хуудас (маягт 1) 47 ширхэг Шийтгэлийн хуудас (маягт 2) 44 ширхэг байсан учир хүчингүй болсон гэж мэдээгүй, хүчингүй болсон тохиолдолд хууль дүрэм журам гарсан үед нь байгаа нөөцөө буцаан авч хүчингүй болгодог л гэж ойлгож байсан, байцаагч би нь хууль эрх зүйн мэргэжилтэй биш учир зарим зүйлийг дутуу ойлгох, мэдэхгүй байх тохиолдолд байдаг, бас аймгийн прокурорын газар, Сангийн яамнаас бодлого, арга зүй, мэдээ, мэдээллээр хангах, чиглэл өгөх байх гэж ойлгодог юмаа. 2022 оны 4 сарын 01 -ны өдөр хяналтын прокурор *******гаас 01 дугаартай материалыг асууж хүчингүй болсон шийтгэлийн хуудсаар торгосныг мэдсэн. Шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтийг зөвшөөрч байна. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолыг уншиж танилцаж хэрэгжүүлэн ажиллаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн *******эрэлсүхэд холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн *******эрэлсүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг бичсэн бөгөөд хариуцагч *******эрэлсүх нь шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн *******эрэлсүхэд холбогдох “2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА