Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00550

 

 

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00550

 

 

 

Прогресскапитал ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/01970 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1840 дүгээр магадлалтай,

Прогресскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11,464,314.63 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч *******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Базархуяг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,464,314.63 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/01970 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,464,314.63 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох *******гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол/18081/, Толгойт гудамжны 41б байрны 21 тоот хаягт байршилтай, 28.8 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 268,580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1840 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/01970 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 2 дахь заалтын Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд гэснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч *******ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.16-ны өдөр 184/ШШ2020/01970 шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.28-ны өдрийн хуралдааны шийдвэрүүдэд гомдолтой байгаа тул хяналтын шатны шүүхээр зайлшгүй хянуулах шаардлагатай байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон. Миний бие Прогресскапитал ББСБ-тай 2018.11.13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь 2019.05.31-ний өдөр дуусгавар болж нэмэлтээр 2019.08.20-ны өдөр байгуулсан гэрээ нь 2020.02.15-ны өдөр дуусгавар болсон. 2020.02.15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад миний бие зээлийн үлдэгдэл 9,981,000 төгрөгийг бүрэн барагдуулах боломжгүй байсан. Зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргасан боловч Прогресскапитал ББСБ-с зээлийг сунгах хүсэлтийг хүлээж аваагүй. Зээлээ сунгахгүй шүүхээр шийдүүлнэ гэхэд миний бие татгалзаагүй. ******* намайг анхан шатны шүүхийн нэхэмжлэлдээ зээлээ яаралтай төлөх талаар удаа дараа шаардаж байсан мэтээр бичжээ. Миний бие 2018.11.13-ны өдөр Прогресскапитал ББСБ 15,000,000 төгрөгийн зээл авсан. 2020.02.15-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 5,000,000 төгрөгийн хасалт хийлгэсэн, хүү алдангид 6,500,000 төгрөгийг нийтдээ Прогресскапитал ББСБ-ын дансанд 11,500,000 төгрөг төлсөн. 2020.02.15-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан байхад түүнээс хойш 112 хоногоор хэтрүүлсэн хугацааны үндсэн болон зээлийн хүү 1,294,673 төгрөг, нэмэгдүүлсэн хүү гэж 188,640.90 төгрөг, нийт 1,483,313.90 төгрөгийн хүүг нэмж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний гомдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,464,314.63 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нараас зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,464,314.63 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-д олгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэж залруулан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

 

7. Прогресскапитал ББСБ ХХК болон Ж.Батболд, ******* нарын хооронд 2018.11.13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч Ж.Батболд, ******* нар нь 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн талаар зохигчид маргаагүй, хоёр шатны шүүх зээлийн гэрээний үндсэн нөхцөл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв байна.

 

8. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд хариуцагч *******гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Толгойт гудамж 41б байр, 21 тоот хаягт байрших 28.8 м.кв талбай бүхий орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

9. Хариуцагч нар нь зээлийг тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, талууд 2019.05.31-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 3 сараар, 2019.08.20-ны өдөр 6 сараар тус тус сунгасан байна. Зээлдэгчид гэрээний төлбөрийг төлөх үүргийг 2020.01.27-ны өдрөөс зөрчсөн байх тул зээлдүүлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй юм.

 

10. Зээлийн гэрээний 2.10-д гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлдэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, 2.11-д Зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хуваарийн дагуу төлөөгүй тохиолдод үндсэн зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт ... зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

 

11. Прогресскапитал ББСБ ХХК нь хариуцагч *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9,981,000 төгрөг, зээлийн хүү 1,294,673 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188,640 төгрөг, нийт 11,464,314 төгрөгийг шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул ....хэтрүүлсэн хугацааны үндсэн болон зээлийн хүү 1,294,673 төгрөг, нэмэгдүүлсэн хүү гэж 188,640.90 төгрөг, нийт 1,483,313.90 төгрөгийн хүүг нэмж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

12. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй, барьцааны зүйл болох 1 өрөө орон сууцыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь зөв байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1840 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 38,696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН