| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0956/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/974 |
| Огноо | 2023-09-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/974
2023 9 26 2023/ШЦТ/974
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн, улсын яллагч Э.Намуун, шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230300000000388 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежер **********************************************
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 8 цаг 55 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их тойруу, “Дөлгөөн нуур” төвийн зүүн урд замд Toyota Camry маркийн 36-23 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам гарч байсан явган зорчигч Канад улсын иргэн Clive Evan Coy-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Г-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 2 дугаар тал), 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 3-7 дугаар тал), хохирогч Clive Evan Coy-ны мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал), Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Эийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10063 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар тал), Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн түүх (хавтаст хэргийн 62-63 дугаар тал), Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Сын гаргасан “Мөрдөгчийн магадлагаа” (хавтаст хэргийн 44 дүгээр тал, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 36-41 дүгээр тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 64-66 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас Clive Evan Coy-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан учирсан бөгөөд хохирогч нь “...зүүн хөлөндөө гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон. Хагалгааны болон одоог хүртэл гарсан эмчилгээний зардал болох 3,000,000 төгрөгийг осол гаргасан жолоочоос гаргуулж авсан. Миний бие одоо сайжирсан бөгөөд Монгол Улс дахь миний ажил дуусаж байх тул шүүх хуралдаанд оролцож амжихгүй байдлыг минь харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан талаарх баримт (хавтаст хэргийн 98 дугаар тал) хавтаст хэрэгт авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч П ургийн овогт Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харъяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Гантулгын Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН