| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2019/04890/и |
| Дугаар | 1555 |
| Огноо | 2020-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 1555
| 2020 05 05 | 101/ШШ2020/01555 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М-ын гаргасан,
Хариуцагч: Д ХХК-нд холбогдох,
49,300,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, өмгөөлөгч М, гэрч Ж, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие өөрийн ажилладаг байсан хариуцагч Д ХХК-ийн захирал Нын хүсэлтээр 100,000,000.00 төгрөгийг сарын 7.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай тус компанид зээлсэн. Энэ талаар бид бичгээр зээлийн гэрээ байгуулж, мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн.
Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийг төлөхгүй байсан бөгөөд удаан хугацааны турш хөөцөлдсөний эцэст 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 50,000,000.00 төгрөгийг үндсэн зээлд төлж, 49,995,000.00.00 төгрөгийн үнэ бүхий усны тоолуурыг зээлийн хүүнд өгсөн. Гэвч өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 41,400,000.00 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хэтрүүлсэн хүү 7,900,000.00 төгрөг, нийт 49,300,000.00 төгрөгийг төлөөгүй байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийг төлөх хүртэлх хугацаанд хоног тутамд 0.1 хувиар хүү тооцож төлөхөөр тохирсон ба эхнэр *******ийн дансаар шилжүүлсэн 24,160,000.00 төгрөгөөс 6,160,000.00 төгрөгийг хүлээн авсан ба бусад 18,000,000.00 төгрөгийг хариуцагчийн гэрчид төлөх зээлийн төлбөр байсан тул зээлийг төлсөн гэж үзэхгүй.
Иймд, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 41,400,000.00 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 7,900,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Мтай зээлийн гэрээ байгуулж, 100,000,000.00 төгрөгийг сарын 7.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн ба 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 50,000,000.00 төгрөгийг төлж, 49,995,000.00 төгрөгт тоолуур хүлээлгэж өгсөн. Талууд зээлийн гэрээ байгуулсан эсэх талаар маргаагүй ч зээлдэгч тал үндсэн зээл 100,000.000.00 төгрөгийг зээлийн хүү 22,500,000.00 төгрөгийн хамт нийт 122,500,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн байхад нэхэмжлэгч нь илүү мөнгө нэхэмжилж байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зээлийн хүүнд 22,500,000.00 төгрөгийг төлөх ёстой байтал нэхэмжлэгчийн эхнэр С-ийн дансаар дамжуулж 24,165,000.00 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зөвхөн тохирсон хугацаанд ашигласан хүүг нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Гэтэл талууд 3 сарын хугацаатай байгуулагдсан гэрээг дахин сунгаагүй ба үүнээс хойш хүү тооцох үндэслэл байхгүй. Зохигчдын байгуулсан гэрээнд зээлийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүү 0.1 хувиар хүү төлнө гэж тусгасан нь тус хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцан тохиролцсон зээлийн хүү нэг буюу тогтмол байх тухай агуулгыг зөрчиж байна.
Бид, үндсэн зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн үйл баримт байгааг хүлээн зөвшөөрч байгаа боловч 0.1 хувиар хүү тооцож байгааг хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг этгээд биш учраас түүнд 7,900,000.00 төгрөгийн хүү шаардах эрх байхгүй, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаар үзэхэд 0.1 хувь гэж бичсэнийг алданги биш хүү гэж ойлгосон.
Гэтэл гэрээний 2.1.1-т заасан нийт үнийн дүнгээс хүү тооцохыг алдангийн зохицуулалттай ойролцоо утгыг илэрхийлэхгүй байгаа гэж үзэж байгаа боловч маш ойлгомжгүй байна. Манай компани гэрч Ж-с зээл авсан нь үнэн, гэхдээ түүнд төлөх ёстой зээлийг нэхэмжлэгчийн эхнэрийн дансаар дамжуулж төлөөгүй, 24,165,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх зээлийг төлсөн учраас хасуулах хүсэлтэй байна.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Маас хариуцагч Д ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49,300,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Мнь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Д ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 100,000,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 7.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирчээ /х.х-ийн 5, 6 хуудас/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.
Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх учиртай.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Маас 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Д ХХК-ийн Х ХХК дахь ... тоот дансанд зээлийн гэрээний зүйл болох 100,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн байна /х.х-ийн 7, 9 хуудас/.
Тус гэрээгээр хариуцагч нь 100,000,000.00 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ашиглаж, сар бүрийн 03-ны өдөр зээлийн хүүнд 7,500,000.00 төгрөг /3x7,500,000=22,500,000.00 төгрөг/, нийт 122,500,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, мөн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заажээ. Тайлбарлавал, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол ийнхүү гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд гэрээ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчинтэй болно.
Иймд, талуууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээг бичгээр байгуулсан болон гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Маас хариуцагч Д ХХК-нд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 41,400,000.00 төгрөг, хугацаа хэтрүүлсний зээлийн хүү 7,900,000.00 төгрөг, нийт 49,300,000.00 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа бүрэн гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Д ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/00121 тоот албан бичигт дурдсанаар нэхэмжлэгч Мт үндсэн зээлээс 50,000,000.00 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, үлдэх 50,000,000.00 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлж, зээлийн хүү 41,400,000.00 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлнө гэжээ /х.х-ийн 4 хуудас/.
Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Д ХХК-иас нэхэмжлэгч Мт үндсэн зээлээс 50,000,000.00 төгрөгийг мөнгөөр төлсөн тухай маргаагүй боловч 49,995,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг нэхэмжлэгчид өгснийг үндсэн зээл, эсхүл зээлийн хүүг төлсөн гэж, мөн нэхэмжлэгчийн эхнэр С Х ХХК дахь ******* тоот дансанд хариуцагчаас шилжүүлсэн 24,160,000.00 төгрөгөөс нэхэмжлэгч нь 6,160,000.00 төгрөгийг хүлээн авсан ба бусад 18,000,000.00 төгрөгийг хариуцагчаас гэрч Ж-д төлөх зээлийн төлбөр байсан эсэх талаар тус тус маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Д ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дууссаны 1 жилийн дараа нэхэмжлэгч Мт 49,995,000.00 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хүлээлгэн өгснийг нэхэмжлэгч нь тус өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү гэж тайлбарлаж байна /х.х-ийн 8 хуудас/.
Гэвч талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацааг зохигчид тодорхой ойлгомжтой байдлаар бичгээр сунгаагүй байна. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгчийн хувьд зээлийн хүүг эдийн засгийн үүднээс тайлбарлавал ашиг орлого боловч зохигчид энэ тохиолдолд зээлдэгчийн хүсэлтийн дагуу гэрээний хугацааг өмнөх нөхцөлөөр сунгах бол 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д заасан сарын 7.5 хувийн хүүг цаашид хэвээр үлдээх, гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгах нэгдмэл хүсэл зоригтой байсан эсэх нь тодорхойгүй байна
Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно” гэж, мөн 72 дугаар зүйлийн 72.7-д “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж тус тус заажээ. Тодруулбал, хугацаа нь иргэний эрх зүй дэх эрх, үүргийг үүсгэх, хэрэгжүүлэх, өөрчлөх, дуусгавар болгох хууль зүйн фактын хувьд эхлэх, өрнөх, төгсөх мөчийг талууд гэрээгээр тохирсон бол тийнхүү сунгахдаа мөн адил харилцан тохирч сунгана.
Гэтэл зохигчид 100,000,000.00 төгрөгийг сарын 7.5 хувийн хүүтэй 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгаагүй байх тул гэрээний агуулга /эрх, үүргийн нэгдэл/, хугацааг өмнөх нөхцөлөөр шинээр тоолж эхэлсэн үзэх боломжгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заажээ. Тайлбарлавал, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх үүрэгтэй ч нэгэнт буцаан төлөх хугацаа дууссан зээлийн гэрээний хувьд түүний 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 49,995,000.00 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг үндсэн зээлээс хасч төлүүлэх тул 100,000,000.00 төгрөгөөс 99,995,000.00 төгрөг төлөгджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Мын эхнэр С-ийн Х ХХК дахь ... тоот дансанд хариуцагч Д ХХК-иас нийт 24,160,000.00 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зохигчид үнийн дүнгийн талаар маргаагүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа уг төлбөрийг гэрч Ж-ын зээлийн төлбөрт төлөөгүй, харин нэхэмжлэгчийн зээлийн хүүг төлсөн гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хувийн байдлаас хамаарч үүргийг зайлшгүй түүнд хүлээлгэн өгөхөөс бусад тохиолдолд түүний зөвшөөрсөн этгээдийн өмнө үүргийг гүйцэтгэж болно.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч Д ХХК нь уг 24,160,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Мын зээл, зээлийн хүүнд төлсөн хэмээн тооцуулахыг зөвшөөрч байгаа, нөгөө талаас нэхэмжлэгч нь дээрх мөнгийг авах эрхгүй этгээд хүлээн авсан гэж маргаагүй тул 24,160,000.00 төгрөгөөс 22,500,000.00 төгрөгийг зээлийн хүүнд, 5,000.00 төгрөгийг дутуу төлсөн үндсэн зээлээс хасч тооцох нь зөв бөгөөд гэрч Жболон хариуцагч Д ХХК нарын зээлтэй холбоотой асуудал энэ хэрэгт хамааралгүй.
Иймд, хариуцагч Д ХХК-иас нэхэмжлэгч Мт 50,000,000.00 төгрөгийг мөнгөөр төлж, 49,995,000.00 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хүлээлгэн өгснийг үндсэн зээлээс, мөн 24,160,000.00 төгрөгөөс 22,500,000.00 төгрөгийг зээлийн хүүнд, 5,000.00 төгрөгийг үндсэн зээлээс тус тус хасвал хариуцагч нийт 122,500,000.00 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн байна.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэсэн үндэслэлээр үүргийг дуусгавар болсонд тооцно. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн үлдэгдлийг 41,400,000.00 төгрөг гэж тооцож, хугацаа хэтрүүлсний зээлийн хүүнд 7,900,000.00 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д “Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийг төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн хэтэрсэн хоног тутамд гэрээний 2.1.1-д заасан зээлийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиров” гэж заажээ.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаар тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг тайлбарлавал нэг талаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анз, нөгөө талаар банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааны хүрээнд олгогдсон зээлийн хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой нэмэгдүүлсэн хүү болон хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн агуулгыг илэрхийлж байна.
Тодруулбал, энэ хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гагцхүү банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлд нэмэгдүүлсэн хүү тооцохыг хуулиар зөвшөөрснийг 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. ......................” гэж заасан байдаг.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан нь зөвхөн энэ төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг этгээдэд олгосон шаардах эрх юм.
Хэдийгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зохицуулсан боловч энэ нь хуулийн хүрээнд байх ёстой зарчим бөгөөд тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үүссэн зээлийн гэрээний харилцаанд нэмэгдүүлсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүү тооцохыг зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгчид 7,900,000.00 төгрөгийн хүүг шаардах эрх байхгүй, нэхэмжлэгч нь 7,900,000.00 төгрөгийг алданги гэсэн үндэслэлээр нэхэмжлээгүй болно.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР