Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1784

 

 

 

 

 

            2020        05          19

                                 101/ШШ2020/01784

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Б-д холбогдох,

 

5,564,560.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг бөгөөд хариуцагчтай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,000,000.00 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирч, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлийг харилцан зөвшөөрсөн.

 

Гэвч талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг төлсөн боловч үндсэн зээл 505,966.00 төгрөг, хүү 20,240.00 төгрөг, нийт 526,206.00 төгрөгийг төлөөгүй байна. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хариуцагч 102 хоногоор хэтрүүлсэн байх тул алдангийн төлбөрт 268,362.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Мөн бид 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 4,000,000.00 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр болж, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан.

 

Ингээд гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр дууссан ба зээлдэгч үндсэн зээлээс 3,166,518.00 төгрөгийг төлөөгүй тул алдангийг тооцоход 1,583,259.00 болсон. Иймд, хариуцагчаас үндсэн зээл 3,672,484.00 төгрөг, хүү 20,240.00 төгрөг, алданги 1,851,621.00 төгрөг, нийт 5,564,560.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц ХХК-иас хариуцагч Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,564,560.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхээс энэ хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Ц ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч Бтай зээлийн гэрээ байгуулж, 4,000,000.00 төгрөгийг 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй, мөн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,000,000.00 төгрөгийг 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлэхээр тус тус тохирчээ /х.х-ийн 8, 32 хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, түүнчлэн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаар 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох барьцаат зээлийн гэрээ гэсэн албан бичигт дурдсанаар хариуцагч Б нь 4,000,000.00 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг тус тус хүлээн авсан байна /х.х-ийн 4, 31 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ц ХХК-ийн гаргасан тус нэхэмжлэлийг хариуцагч Бд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гардуулж, түүнд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хариу тайлбарыг өгөх хугацаа олгосон байхад хариуцагч нь хариу тайлбар, татгалзал өгөөгүй, тэрбээр шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул дээр дурдсан хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийг 9,000,000.00 төгрөгийг хүлээн авсанд тооцно.

 

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Ц ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд ажээ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэж, мөн 286.2-т “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно” гэж тус тус зааснаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдээс хариуцагчид зээл олгох харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй /х.х-ийн 6 хуудас/.

 

Эдгээр гэрээгээр хариуцагч нь 4,000,000.00 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, 5,000,000.00 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны  10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус тус ашиглаж, гэрээний хугацаанд 4,000,000.00 төгрөгт 4 хувь буюу 160,000.00 төгрөг, 5,000,000.00 төгрөгт 4 хувь буюу 200,000.00 төгрөгийн хүүг тус тус төлөх үүрэг хүлээжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, бас 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заажээ. Тайлбарлавал, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон тохиолдолд ийнхүү гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд гэрээ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчинтэй болно.

 

Иймд, талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул тэдгээрийн хүүгийн талаарх тохиролцоо хуульд нийцсэн байна. Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг үзвэл зохигчид уг 9,000,000.00 төгрөгийг 12 сарын хугацаанд 4 хувийн хүүтэй биш, харин сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцжээ /х.х-ийн 5, 33 хуудас/.

 

Үүнийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж, 198.4-т Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана” гэж тус тус зааснаар зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарьт заасныг тайлбарлавал хариуцагч Б нь сарын бүрийн 02-ны өдөр болон 19-ний өдөр үндсэн зээлээс гадна түүнд ногдох ашигласан хугацааны хүүг төлөх үүрэг хүлээсэн байх тул зохигчид сарын 4 хувийн хүүтэй гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч Ц ХХК-иас хариуцагч Бд холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3,166,518.00 төгрөг, алданги 1,583,259.00 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 505,966.00 төгрөг, хүү 20,240.00 төгрөг, алданги 268,362.00 төгрөг, нийт 5,564,560.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа бүрэн гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.

 

Гэтэл хариуцагч буюу зээлдэгч Б нь 4,000,000.00 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр болон 5,000,000.00 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж зааснаар түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэнд тооцно. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагчаас учирсан хохирол, гэрээнд заасан бол алданги шаардах эрх үүснэ.

 

Хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн барьцаат зээлийн гэрээнд дурдсанаар талууд зээлийн хугацааг сунгасан гэсэн бичилт байгаа боловч үүнд хариуцагч нь гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг өмнөх нөхцөлөөр сунгах бол талуудад гэрээний 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар сарын 4 хувийн хүүг цаашид хэвээр үлдээх нэгдмэл хүсэл зоригтой байсан эсэх нь тодорхойгүй байна.

 

            Түүнчлэн Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно” гэж, мөн 72 дугаар зүйлийн 72.7-д “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж тус тус заажээ. Тодруулбал, хугацаа нь иргэний эрх зүй дэх эрх, үүргийг үүсгэх, хэрэгжүүлэх, өөрчлөх, дуусгавар болгох хууль зүйн фактын хувьд эхлэх, өрнөх, төгсөх мөчийг талууд гэрээгээр тохирсон бол тийнхүү сунгахдаа мөн адил харилцан тохирч сунгана.

 

            Гэтэл зохигчид гэрээний хугацааг тухайлан сунгаагүй байх тул гэрээний агуулга /эрх, үүргийн нэгдэл/, хугацааг өмнөх нөхцөлөөр шинээр тоолж эхэлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Харин Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол хугацаа хэтрүүлээгүй гэж үзэх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй.

 

Иймд, хариуцагч Б нь нэхэмжлэгч Ц ХХК-нд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3,166,518.00 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 505,966.00 төгрөг, хүү 20,240.00 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, түүнчлэн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Нэгэнт хариуцагч нь зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн учраас тэрбээр гэрээний дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх ба хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна” гэж заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болон 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс тооцоход:

 

  • 505,966x0.5%=2,529.83 төгрөг /1 өдрийн алданги/, үүнийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд тооцвол 118 xоног бөгөөд 118x2,529.83=298,519.94 төгрөг,

 

  • 3,166,518x0.5%=15,832.59 төгрөг /1 өдрийн алданги/, үүнийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний хүртэлх хугацаанд тооцвол 139 xоног бөгөөд 139x15,832.59=2,200,730.01 төгрөг, нийт 2,499,249.95 төгрөг болж байна. 

 

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 505,966.00 төгрөгийн зээлийн хувьд 252,983.00 төгрөг, 3,166,518.00 төгрөгийн зээлийн хувьд 1,583,259.00 төгрөг, нийт 1,836,242.00 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Ийнхүү шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 3,672,484.00 төгрөг, зээлийн хүү 20,240.00 төгрөг, алданги 1,836,242.00 төгрөг, нийт 5,528,966.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,594.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Баас 5,528,966.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,594.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,580.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 103,413.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР