| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 185/2023/0939/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/967 |
| Огноо | 2023-08-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/967
2023 9 22 2023/ШЦТ/967
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,
Улсын яллагч Н.Булганчимэг /томилолтоор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатар,
Шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Булганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргалсайханы Од холбогдох эрүүгийн 2109008591080 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хурдны зам ХХК-д *****************************************************
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ж.О нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангай хотхоны тоглоомын талбайд насанд хүрээгүй хохирогч Л.Бийг “ахад нь 100,000 төгрөг хэрэгтэй байна, чи гар утсаа өгчих би ломбардад тавиад маргааш аваад өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, түүний оппо А53 загварын гар утсыг залилан авч 538,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2109008591080 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Булганчимэгээс: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Ж.Огийн өмгөөлөгч Д.Ганбаатараас: “Үйлчлүүлэгчээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэж үзэж цагаатгах байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс тусгайлж судлуулах нотлох баримт байхгүй” гэж байр сууриа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Ж.Огээс: “Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа ойлгож байгаа. Утсыг нь гуйж аваад зээлийн барьцаанд тавьсан. Өөрөө ч зөвшөөрөөд өгсөн. Дараа нь ээждээ хэлэхдээ залилуулсан гэж хэлсэн байдаг. Тэр өдөр утсыг нь ломбардад тавиад түүнд болон түүний найзад бас мөнгө өгсөн” гэв.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “энэ гэмт хэрэг нь залилан мэхлэх гэмт хэрэг биш байна. Учир нь тухайн өдөр “мөнгөний хэрэг болоод байгаа талаар, утсыг нь аваад зээлийн барьцаанд тавиад өгөх талаар, зээлийн барьцаанд тавьсан мөнгөнөөсөө насанд хүрээгүй хохирогч болон түүний найзад мөнгө өгсөн талаар, энэ гэмт хэргийн субьектив шинж үгүйсгэгдэж байна гэж тус тус мэтгэлцсэн боловч энэхүү нөхцөл байдал хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар бүрэн үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Тодруулбал, шүүгдэгч Ж.О нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хангай хотхоны тоглоомын талбайд насанд хүрээгүй хохирогч Л.Бийг “ахад нь 100,000 төгрөг хэрэгтэй байна чи гар утсаа өгчих би ломбардад тавиад маргааш аваад өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, түүний оппо А53 загварын гар утсыг залилан авсан нь:
-Насанд хүрээгүй хохирогч Л.Бий “... 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өөрийн найзууд болох н.М, н.Тн, н.Хн нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангай хотхоны сагсны шийдэн дээр уулзаад сагсан бөмбөг тоглож байсан. Тэгээд тоглож дуусаад 19 цагийн үед найзуудаасаа салаад харих гээд Хангай хотхоны урд талд 100 айл худалдааны төв чигтээ ганцаараа явж байтал бид нарын сагс тоглодог сагсны шийдэн дээр хааяа ирж тоглодог Ж.О гэх ахтай таарсан. Тэгээд Ж.О ах надаас “Мөнгө байна уу” гэж асуусан. “Байхгүй” гэтэл “Ахад нь 100,000 төгрөг хэрэгтэй байна чи гар утсаа өгчих, би ломбардад тавиад маргааш аваад өгье” гэхээр нь би “Болохгүй ш дээ ахаа. Би ээжид загнуулна” гэтэл Ж.О гэх ах “Яасан сүртэй юм бэ, би гуйж байна шүү дээ пизда” гээд гараа атгасан. Тэгээд би “Болохгүй” гэтэл “Чи итгэхгүй бол ахынхаа гар утасны дугаар, фэйсбүүк хаягийг авчих” гээд “80304315” гэсэн дугаар “Жы О” гэсэн фэйсбүүк хаягаа надад тэмдэглүүлсэн. Миний биед халдаагүй. Өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),
-Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан “... Оппо А53 (Орро) загварын гар утас 538,000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 104-105 дугаар тал),
-“Найман анд” Барьцаат зээлийн үйлчилгээний гэрээний хуулбар (хавтаст хэргийн 47 дугаар тал) нотлох баримтууд болно.
Насанд хүрээгүй хохирогчид үнэн зөв мэдүүлэг өгөхийн учир холбогдлыг ойлгон тайлбарласны дараа мэдүүлэг өгсөн бөгөөд энэхүү мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн “ахад нь 100,000 төгрөг хэрэгтэй байна, утсаа зээлийн барьцаанд тавиулчих гэхэд “ээж загнана болохгүй” гэж хэлсээр байхад “маргааш аваад өгнө, итгэхгүй бол утасны дугаар фэйсбүүк хаяг тэмдэглээд авчих” гэж итгүүлэн, улмаар зээлийн барьцаанд олон хоногоор барьцаанд тавьж, хэд хоногийн дараа дахин нэмж мөнгө зээлж авч байгаа үйлдэл нь залилагч этгээд бусдын эд хөрөнгийг буцааж өгөх ямар ч бодолгүй, өөртөө нэг мөсөн шилжүүлэн авах, хариу төлбөргүйгээр тухайн эд хөрөнгийг өөрийн болгох зорилготой байсан нь хэргийн үйл баримтаас дүгнэгдсэн болно.
Мөн шүүгдэгч нь шүүхэд мэдүүлэхдээ “Би утсыг нь ломбардад тавина гэдгээ хохирогчид хэлж байсан, илүү мөнгө авч хохирогчид өгсөн, тухайн хүүхдүүд та илүү мөнгө аваад өгчих гэж хэлсэн” гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.
Иймд шүүгдэгч Ж.О нь насанд хүрээгүй хохирогч Л.Бийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 538,000 төгрөгийг хохирогчид буцааж өгсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хүсэлт (хавтаст хэргийн 180 дугаар тал)-ээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 07 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил 09 сар, 07 хоногийн хугацаагаар тогтоох, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд оруулан тооцох” саналыг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь амьдралд хөлөө олох гэж яваа залуу хүн байгаа, эхнэр, үр хүүхэдтэй болж одоо л амьдрал гэж юу вэ, эцэг хүн гэж хэн болох, нөхөр хүн гэж хэн болох, тэднийхээ өмнө ямар том хариуцлага хүлээх ёстойг ойлгож яваа ийм хүн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өмгөөлөгчийн хувьд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд маргах боломж байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй, шүүхээс аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж багатай, хохирогчид хохирол төлбөрөө төлчихсөн нөхцөл байдал байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна гэж үзэж байна” гэх саналыг саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэвч түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж байна. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.О нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Өршөөл үзүүлэх тухай” хуулиудад шүүгдэгч нь хамрагдаж байгаагүй болох нь түүний ял шийтгэлийн тэмдэглэл, шийтгэх тогтоолуудын хуулбараар нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Ж.Огийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан заалтад хамаарч байна.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, энэ хэрэгт цагдан хоригдсон 93 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас хасаж, нийт эдлэх ялыг 8 сар 27 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өмнөх шийтгэх тогтоол буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2023/ШЦТ/693 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 07 сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Тодруулбал, шүүгдэгч Ж.Од Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2023/ШЦТ/693 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 07 сарын хугацаагаар хорих ялаас одоогийн байдлаар 01 жил 03 сар 07 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн гэх ялын тооцоо бодсон тодорхойлолт /хавтаст хэргийн 179 дүгээр тал/ байх бөгөөд уг ялыг эдэлж дууссаны дараа энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах нутаг дэвсгэрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ногоон нүдэн ургийн овогт Жаргалсайханы Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ог 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 93 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж, нийт 8 сар 27 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2023/ШЦТ/693 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 07 сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ог эрх бүхий байгууллагын хяналтад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
8. Шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж суллагдсан өдрөөс үргэлжлүүлэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сар 27 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлсүгэй.
9. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шүүгдэгч Ж.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН
2023 9 13 2023/ШЦТ/932
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
Улсын яллагч Н.Энхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жулчингийн Бд холбогдох эрүүгийн 2209028910494 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор ******************************************************************
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн үндэсний төвийн гадна хохирогч Ч.Бийн эзэмшлийн 49-95 УБЕ улсын дугаартай “Range rover” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар тохиролцож 25,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 40,000,000 төгрөгийг тухайн өдөр шилжүүлэн өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2209028910494 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Н.Энхтулгаас: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс 85-93 дугаар талд авагдсан үйлчлүүлэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлуулна. Үйлчлүүлэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг тогтоосон 5 хуудас баримтыг шинээр гаргаж өгч байна” гэжээ.
Шүүгдэгч Ж.Бас: “...Би Бтэй урьд нь ажил хэргийн харилцаатай байсан. Хар, цагаан замаск үйлдвэрлэдэг газарт ажилладаг байсан. 13 дугаар хорооллын тэнд пасадны ажил хийж байгаад очтол хар замаск хэрэгтэй байна, ийм машин байна авах уу гэсэн. Өмнө нь бид хоёрт хар замаск өгч авах 5,000,000 төгрөгийн үлдэгдэл байсан. Наймаагаа хийгээд машиныг нь авч явсан, явахдаа Ёаас фанер нийлүүлэх мөнгө орж ирэх байсан юм. 10,000,000 төгрөг өгөх байхад 15,000,000 төгрөг өгчих би урдаас материал ирж байгаа өгөхгүй бол болохгүй байна гэхээр нь би 15,000,000 төгрөг өгсөн. Тэгээд би Бт 2 машин өгсний нэгийг нь авсан. Би үлдэгдэл мөнгөнд нь хар замаск өгнө гэсэн байсан өгч чадаагүй...” гэжээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн үндэсний төвийн гадна хохирогч Ч.Бийн эзэмшлийн 49-95 УБЕ улсын дугаартай “Range rover” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар тохиролцож 25,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 40,000,000 төгрөгийг тухайн өдөр шилжүүлэн өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Ч.Бийн “...2020 онд би барилгын ажил хийгээд ажлынхаа хөлсөнд “Range rover” маркийн 49-95 УБЕ улсын дугаартай автомашиныг авч байсан юм. ...2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зүс таних Б нь миний “Range rover” маркийн 49-95 УБЕ улсын дугаартай автомашиныг 65 сая төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Ингэхдээ надад 15 сая төгрөгийг дансаар шилжүүлж, 10 сая төгрөгт Kia Fronter маркийн цагаан өнгийн машин өгсөн. Ингээд үлдэгдэл 40 сая төгрөгийг үдээс хойш мөнгө орж ирэхээр нь шилжүүлье, эсхүл машин ирчихсэн ачааны машин өгнө гэсэн юм. Ингээд би Энхдэлгэрийг дагуулж Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн үндэсний төв рүү орж Ё гэдэг хүний нэр лүү шилжүүлж өгсөн юм. Б нь Ёдаа машин өгч байгаа юм гэж надад хэлсэн. Нарийн асуудлыг нь би мэдэхгүй. Миний машин харин манай компанийн нарийн бичиг Энхдэлгэрийн нэр дээр байсан юм. Тэгээд би Энхдэлгэрийг дагуулж яваад нэрийг нь шилжүүлж өгсөн. Намайг ажилтай үед хүн нь ирчихлээ одоо нэрээ шилжүүлж өгье гээд байхаар нь би ажлынхаа Энхдэлгэрт хэлж түүнийг явуулаад нэр дээр нь шилжүүлээд авсан байсан юм. Энхдэлгэрийн нэр дээр байгаа болохоос 49-95 УБЕ улсын дугаартай “Range Rover” нь миний машин байгаа юм... 2 жилийн өмнө манай ажиллаж байгаа газарт хар замаск нийлүүлж байсан юм. Тухайн үеэс зүс мэддэг болсон. Урьд өдөр нь би Бтай уулзаж машинаа зарах талаар ярьж байсан. Тэр үед Б ах нь ачааны машин тэрэг өгөөд авчихъя л даа гээд ярьж байгаад маргааш нь уулзаж машиныг шилжүүлж авсан юм. Ингэхдээ надад өмнөх өдөр нь буюу 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 10 сая төгрөгт тооцож 78-95 УНР улсын дугаартай “Bongo Frontier” маркийн цагаан өнгөтэй машин өгсөн. Тухайн машиныг би ах Баттөмөрийн нар дээр шилжүүлж авсан, одоо тэр машин надад байгаа... Миний машин одоо гурвалжингийн гүүрний хажуу талд барилгын материалын худалдагчид барьцаанд байгаа юм байна лээ. Би тухайн хүнтэй утсаар ярьж машинаа асуухад Б 50 сая төгрөгийн барьцаанд тавьж 1000 ширхэг фанер авсан гэж хэлсэн... Ингээд үлдэгдэл 40 сая төгрөгийг машин авсан өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр үдээс хойш оройхон өгье, машин ирчихсэн машин нэмж оролцуулаад өгье гээд хэлж тохиролцож байсан. Тэр үдээс хойш гэдэг цаг хугацаа нь өнөөдрийг хүртэл дуусаагүй, огт төлөгдөөгүй байгаа. Үлдэгдэл мөнгөө авъя гэхээр өнөө маргаашгүй өгнө, би нэг хүнээс юм авах гээд байгаа тэгээд өгчихнө гэж явсаар байгаад сүүлдээ холбоо ч барихгүй утасны дугаараа сольж алга болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 11 дүгээр тал),
-Гэрч Б.Цын “...Миний бие гурвалжингийн СТТ худалдааны төвийн үүдэнд контейнерт барилгын материал худалдаалдаг юм. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр намайг контейнер дээрээ сууж байхад хэсэг нөхдүүд ирээд 1000 ширхэг фанер авъя, бэлэн мөнгө алга, танд үнийн зөрүү 50 сая төгрөгт машин барьцаалъя, найдвартай нь дээр таны нэр дээр шилжүүлээд өгье, та болохгүй бол машиныг зарж мөнгөө гаргаж авч болно гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би төвөг машин зарж яах вэ, та нар хэзээ мөнгөө өгөх юм гэхэд 7 хоногийн дотор үлдэгдэл 50 сая төгрөгөө өгөөд машинаа буцааж авъя гэж надтай тохирсон юм. Ингээд Баатар, Дүүрэнжаргал, Баттулга нар надтай ярьж тохиролцоод 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлах Авто тээврийн үндэсний төвд очиж 49-95 УБЕ улсын дугаартай цагаан өнгөтэй "Range rover" маркийн машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн үед хэн гэдэг хүнээс машиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсныг санахгүй байна. Ямар ч байсан Баатар, Дүүрэнжаргал, Баттулга гэж 3 хүнээс гадна бас нэг залуу байсан. Тэгээд би шилжүүлж авсан машинаа унаад явсан. ...Баатар гэдэг хүн надаас 1000 ширхэг фанер авсан. 1 ширхэг фанер 65,000 төгрөгийн үнэтэй. 1000 ширхэг фанер 65 сая төгрөгийн үнэтэй. 50 сая төгрөгт машин барьцаалъя гэж тохирсон юм. Тэгтэл тэр гуравтай хамт яваа залуугийн компанийн данснаас нь миний данс руу 25 сая төгрөг орж ирсэн. Тэгтэл Баатар, Баттулга нар бид хоорондоо ярьж тохирсон юм байгаа гээд надаас 10 сая төгрөгийг авах гээд байхаар нь би Баттулгынх нь данс руу 10 сая төгрөгийг шилжүүлж өгөөд 50 сая төгрөгтөө тооцож машинаа барьцаалж авч үлдсэн юм. ...Баатар нь машин барьцаанд өгсөн. Тэгээд би ярьж тохирсон хугацаандаа Баатар луу ярих гэтэл утсаа авахгүй муриад янз бүр болоод байсан тул аргаа бараад над руу 25 сая төгрөг шилжүүлээд байсан залуугийн 8888-тай дугаарын утас руу залгаж мөнгөө өгөөд машинаа авахгүй юу гэхэд тэр залуу надад тооцоо байхгүй, та тэр хүмүүстэйгээ ярь гэж хэлсэн. Тэрнээс хойш би Баатар болон Дүүрэнжаргал нарт машинаа ав, мөнгөө авъя гэж удаа дараа хэлж байгаа боловч машинаа ерөөсөө авахгүй, утас нь холбогдохгүй болчихсон байгаа. Машин одоо болтол надад байгаа, хэрэв мөнгөө өгөх юм бол машиныг нь би буцааж өгөхөд бэлэн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
-Гэрч О.Ёын “...Миний бие “Ултимет Стратеги групп” ХХК-д 2021 оны 5 дугаар сараас хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. “Ултимет Стратеги групп” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зайсангийн аманд Барилгын төсөл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа... Манай компани үйл ажиллагаандаа 1000 ширхэг фанер авах шаардлага гарсан. Ингээд Б гэдэг хүнтэй холбогдож 1000 ширхэг фанер авахаар болсон. Манай компанийн зүгээс Бд 40 сая төгрөгийг бэлнээр, мөн дээр нь 2 ширхэг Т.Приус-41 маркийн машин өгч үүндээ таарах 1000 ширхэг фанер, прус мод, чансаа, пансаа зэргийг авч Бтай тооцоо дууссан байгаа. Бд өгсөн 40 сая төгрөгийг гэхдээ 2 хүнд хувааж өгсөн байгаа. Ингэхдээ 15 сая төгрөгийг цагаан “Range rover” маркийн машины эзэн гээд байгаа хүнд шилжүүлсэн, 25 сая төгрөгийг фанерын эзэн гээд байгаа хүнд шилжүүлсэн. Манай компанийн зүгээс хохирсон ямар нэгэн асуудал байхгүй... Тухайн машины эзэн гэх хүнд би 15 сая төгрөг шилжүүлж өгсөн. Тухайн үед би Бас фанер болон бусад бараагаа аваагүй байсан болохоор Бын авч байгаа 49-95 УБЕ улсын дугаартай цагаан өнгөтэй “Range rover” маркийн машиныг барьцаа болгож өөрийн нэр дээр шилжүүлж авч байсан. Гэхдээ би нэр дээрээ шилжүүлээд тэр өдөртөө фанер авсан хүн рүү машиныг шилжүүлж өгсөн. Би фанераа бүрэн гүйцэт авч Бтай тооцоо дууссан учир Бын хэлснээр фанер зарсан хүний нэр лүү машиныг шилжүүлж өгсөн. Миний хувьд тухайн хүмүүстэй ямар нэгэн тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),
-Авто тээврийн үндэсний төвийн түүхчилсэн лавлагаанууд (хавтаст хэргийн 49-82 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд Залилах гэмт хэргийг хуульчилсан бөгөөд “залилах” гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Уг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Ж.Бын хувьд хохирогч Ч.Бийн эзэмшлийн 49-95 УБЕ улсын дугаартай “Range rover” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар тохиролцож 25,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 40,000,000 төгрөгийг тухайн өдөр шилжүүлэн өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгч Ж.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл зөв, тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогч Ч.Батдэлгэрт нийт 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан ба уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн “...гомдолгүй, саналгүй” гэх хүсэлт бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, цагдан хоригдсон 1 сарыг эдлэх ялд оруулан тооцож хасах ” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар /30 хоног/ цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон 30 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 450 нэгжийг нийт эдлэх ялаас хасаж, үлдэх 1,050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,050,000 төгрөгөөр торгох ялаар тооцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бын цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, түүнд оногдуулсан 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ялаас хасаж, 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,050,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харъяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН