Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/337

 

 

   2023         09             20                                  2023/ШЦТ/337

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

Улсын яллагч Т.Төгөлдөр

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Э

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Өсвөр насны шүүгдэгч О.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Тд холбогдох эрүүгийн 2325000000408 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч О Т нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу багт байрлах 15 дугаар дунд сургуулийн гадна талын хөл бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Б.Пыг “бөмбөг их хаасан” гэсэн шалтгаанаар унагаж хоолойг нь боож, толгой хэсэгт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун бугалга, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн мэдүүлсэн: Буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг, 

           -Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Эын мэдүүлсэн: Ийм зүйл болсонд харамсаж байна. Цаашид хүүхэддээ анхаарна гэх мэдүүлэг,

 

 эрүүгийн 2325000000408 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан, тал уудын шинжлэн судалсан:

-насанд хүрээгүй хохирогч Б.О мэдүүлсэн:... Би 2023.07.29-ний өдөр оройны 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян- Өндөр сум, Их залуу багт байрлах 15 дугаар сургуулийн гадна хойд талд хөл бөмбөгийн талбайд хамаатны дүү бопох А.Т /13 настай/-ийн хамтаар танихгүй хэсэг хүүхдүүдийн хамт /барагцаагаар 7-10 хүүхэд/ хөлбөмбөг тоглож байхдаа би хаалагч буюу батаарын үүрэг гүйцэтгэж байсан чинь Т гэдэг ах над дээр ирээд яасан их бөмбөг хаадаг юм гээд намайг барьж авмагцаа гараараа дарж унагаагаад салтаандаа хавчуулаад миний дээр гарч суун цээж, давсаг хэсэг рүү хөлөөрөө өвдөглөөд байсан. Энэ үед дүү А.Т ирээд манай ахыг тавиач гэсэн чинь цээжнээс нь татан газарт унагааж бид хоёрыг зэрэгцүүлэн газар хэвтүүлж бид хоёрыг өвдөглөн дээр гаран суугаад байхаар нь би хөлийг нь холдуулж дүүгээ доороос нь гаргаж ээжийг дуудаад ир гэж хэлээд явуулсан. Тэгээд дүүг явсан хойгуур надтай тоглоод ч байгаа юм шиг өдөөд ч байгаа юм шиг босож ирэхээр газар үүрч болон дарж унагаагаад байснаа газар унасан байхад миний толгойг барьж авчихаад газар савуулаад байсан. Тэгээд явах гэж байсан чинь араас ирмэгцээ намайг боохоор нь би гарыг нь хазсан чинь писда минь хазахгүй шүү гээд нүүр хэсэг рүү алгадаад байсан. Тэгсэн чинь миний толгой эргээд нүд харанхуйлаад газар унасан байхад хөшиглөсөн. Тэгээд орилоод босож ирсэн чинь надаас холдсон тэгэхээр нь зугтаагаад гүйгээд явахад ээж урдаас гарч ирэхэд Т цааш зугтаагаад явахдаа май гээд орилоод байсан. Т гэдэг ах согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Бөмбөгийг нь хаагаад байсан болохоор надад уурлаж намайг зодох болсон. Урьд өмнө харж байгаагуй ах байсан. Т гэдэг нэрийг нь анх цагдаа дээр ирээд мэдзж авсан юм. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү.....гэх мэдүүлэг /хх-н 16-р тал/

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 661 дугаартай... Б.Пын биед тархи доргилт, баруун бугалга, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэсэн дүгнэлт /хх-н 22-23-р тал/

-Насанд хүрээгүй хохирогч Б.Пын амбулторын картын хуулбар /хх-ийн 24-30-р тал/

-Шинжээч Э.Батбаярын мэдүүлсэн... Цөсний хүүдий хүзүү хэсгээр хагас нугаларсан гэдэг нь гэмтлийн улмаас үүсэх боломжгүй, тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж үүсдэг. 2023 оны 07 дзугаар сарын 31-ний өдрийн Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хэвлийн хэт авиа шинжилгээгээр бусад эрхтний бүтэц байрлал хэвийн байсан тул гэмтлийн бус шалтгаантайгаар давсагны араар 0,5 см хүртэл хэмжээтэй сул шингэн үүссэн гэж үзсэн. Этмойд хөндийд бага хэмжээтэй өтгөн шингэн нь гэмтлийн улмаас үүсдэггүй, тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж үүсдэг. Этмойд хөндийн шингэн нь хамрын дайвар хөндийн үрэвсэл ханиад томууны үед, агаарын бохирдол зэрэг олон шалтгаанаас болж үүсдэг. Этмойд хөндий гэдэг нь хоншоор ясны арын хөндийг хэлж байгаа юм. 2 талын гайморын хөндийн салст доод хана дагаж бага зэрэг зузаарсан болон хамрын таславч зүүн тийш ялимгүй бага зэрэг муруйлт нь тухайн үед миний үзлэгээр хамарт ямар нэгэн гэмтэлгүй, хөхөрсөн зулгарсан цус гарсан зүйлгүй байсан тул хэрэг учрал болсон гэх үед үүссэн гэж үзэхээргүй байсан тул дүгнэлтэд тусгаагүй. 2 талын гайморын хөндийн салст доод хана дагаж бага зэрэг зузаарсан нь үрэвслийн үед үүсэх боломжтой байдаг. Харин хамрын таславч зүүн тийш ялимгүй бага зэрэг муруйлт нь тухайн хүний биеийн онцлог зэргээс шалтгаалдаг, жишээлбэл нүүрээ нэг тал руу байнга угаах зэргээс үүсэж болдог. Б.Пын үзлэгийн явцад нүдний алимны чичирхийлэлт хөндлөн чиглэлд илэрнэ, дагзны булчингийн хөшингө 1 хуруу байсан нь тархи доргилтын үндсэн шинж байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

-Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн яллагдагчаар мэдүүлсэн... Тухайн өдөр найз Баасанжаргал, Энхболд, Ууганаа нарын хамтаар 15 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд очиж тэнд байсан хүүхдүүдийн хамт 2 багт хуваагдаж хөлбөмбөг тоглож байхад П гэдэг хүүхэд эсрэг багийн хаалгачийн үүрэг гүйцэтгэж байхаар нь гоол хийх гээд би Пыг саатуулж барин түүнтэй ноцолдоход бид хоёр хамтдаа газар унахад би түүний дээр дараад уначихсан. Пын дүү над дээр ирээд ахтайгаа нийлж надтай ноцолдохоор нь би ах дүү хоёрыг газар унагааж дээр нь дарсан байхад дүү нь босоод ирсэн. Тэгээд би Пыг босгох гээд өмднөөс нь татсан чинь уйлчихсан. Тэгээд ээжийг дууд гээд дүү нь гүйгээд явахад араас нь П гүйгээд явсан. Уйлаад байхаар нь аргадах гээд тэвэрсэн чинь миний гарыг хазахаар нь толгой руу нь нэг удаа нударсан, өөрөөр биед нь халдсан үйлдэл байхгүй. Миний хувьд бол уг хүүхдүүдтэй ноцолдож тоглож байсан, хүүхдүүд юу гэж ойлгосонг мэдэхгүй байна. Буруугаар ойлгосон байхыг үгүйсгэхгүй, гэхдээ миний буруугаас бопж Пын биед гэмтэл учирсаныг хүлээн зөвшөөрч байна, би Паас уучлалт гуйсан, мөн ээж аавтай нь хүртэл уулзаж уучлалт гуйсан....гэх мэдүүлэг /хх-ийн 46-р тал/

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний 230 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-55-р тал/

-“Нас тоолсон тухай” :...Одсүрэн овогтой Т нь 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн байх бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 16 нас 7 сар 10 хоногийн настай байна” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 56-р тал/

-Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 58-р тал/

-Өсвөр насны шүүгдэгч О.Т хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Батчимэгийн эзэмшлийн 50576750969 тоот дансанд хохиролд 500,000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /хх-ийн 64-р тал/

 

-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 23-341 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол /хх-ийн 76-р тал/ зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Өсвөр насны шүүгдэгч О.Т нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу багийн нутаг дэвсгэрт 15 дугаар дунд сургуулийн гадна талын хөл бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Б.Пыг “чи яасан их бөмбөг хаадаг юм” гэж шалтаглан унагаж хоолойг нь боож, толгой нүүр хэсэгт нь гараараа цохиж алгадан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун бугалга, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Пын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь насанд хүрээгүй хохирогч О.Пын мэдүүлсэн... Т гэдэг ах над дээр ирээд яасан их бөмбөг хаадаг юм гээд намайг барьж авмагцаа гараараа дарж унагаагаад салтаандаа хавчуулаад миний дээр гарч суун цээж, давсаг хэсэг рүү хөлөөрөө өвдөглөөд байсан. Энэ үед дүү А.Т ирээд манай ахыг тавиач гэсэн чинь цээжнээс нь татан газарт унагааж бид хоёрыг зэрэгцүүлэн газар хэвтүүлж бид хоёрыг өвдөглөн дээр гаран суугаад байхаар нь би хөлийг нь холдуулж дүүгээ доороос нь гаргаж ээжийг дуудаад ир гэж хэлээд явуулсан. Тэгээд дүүг явсан хойгуур надтай тоглоод ч байгаа юм шиг өдөөд ч байгаа юм шиг босож ирэхээр газар үүрч болон дарж унагаагаад байснаа газар унасан байхад миний толгойг барьж авчихаад газар савуулаад байсан. Тэгээд явах гэж байсан чинь араас ирмэгцээ намайг боохоор нь би гарыг нь хазсан чинь писда минь хазахгүй шүү гээд нүүр хэсэг рүү алгадаад байсан. Тэгсэн чинь миний толгой эргээд нүд харанхуйлаад газар унасан байхад өшиглөсөн....гэх мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 661 дугаартай... Б.Пын биед тархи доргилт, баруун бугалга, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....”гэсэн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

 

       Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй. 

 

       Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд санаатай халдаж хөнгөн гэмтэл хохирол учруулсан нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, насанд хүрээгүй Б.Пыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа, маргах зүйлгүй гэж тус тус дүгнэлт гаргажээ.         

         Өсвөр насны шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдсон байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

        Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т нь үйлдсэн хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

      Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан,

 

      -хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйл заасан өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөлд багтсан бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосоноо илэрхийлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хуулийн 8.4 дүгээр зүйлд заасан журмаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

        Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Б.П нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул  шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч И овогт О Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Тг 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Тд оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Тд оногдуулсан 15 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

            5. Өсвөр насны шүүгдэгч О.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж,хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.