Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 09

 

Ц.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

     Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н. Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Б-т холбогдох эрүүгийн 1935004150217 дугаартай, 1 хавтас хэрэгт шүүгдэгч Ц.Баянбилэг, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Нарантуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нар оролцов.

       Монгол улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Цагаан тэмээт овогт Ц.Б.

      Шүүгдэгч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 16-ны орой Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутагт 44-95 УВА улсын дугаартай Вонго пронтер загварын автомашин жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1 дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.Оюунбатын амь насыг хохироосон, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цагаан тэмээт овогт Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

        Шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилээр хасаж, гурван жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн, 90 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван жил хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван жил гурван сар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан гурван жил гурван сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан хугацаанаас эхлэн тоолж,

           Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт заасан гэм хор учруулсны төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бонго пронтер загварын 44-95 УВХ улсын дугаартай 7.583.334 төгрөгийн үнэ бүхий авто машиныг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Шүүх хэрэгт битүүмжлэгдсэн байсан Ц.Б-ийн эзэмшлийн Бонго пронтер загварын 44-95 УВХ улсын дугаартай 7.583.334 төгрөгийн үнэ бүхий авто машиныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д “...шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж” шийдвэрлэсэн. Шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байгаа тохиолдолд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй. Гэтэл Ц.Б-ийг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэн түүний эзэмшлийн автомашиныг улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

       Учир нь тухайн төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 бүлэгт хамаарах “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг” байх ба мөн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас үйлддэгддэг онцлогтой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дугаар дугаар зүйлд заасан “зам тээврийн осолд холбогдсон жолоочийн биелүүлэх үүрэг”-ийг зөрчсөн идэвхитэй үйлдэл. Гэтэл шүүх “... гэмт хэргийн газраас зугтаах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор Бонго пронтер загварын 44-95 УВХ улсын дугаартай авто машин ашигласан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

      Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн үеэс эхлэн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа ба энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг илтгэх гол шинж юм. Хэдийгээр хүний амь нас хохирсон хор уршиг арилгах боломжгүй хэдий ч хохирогчийн хууль ёсны төлөөгөгч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн, гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн.

       Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж мөн 6.7 дугаар зүйлийн 1,3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилсан. Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг төлсөн байдал, шүүгдэгч болон хохирогчийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийи 1-д зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээр хорих ял оногдуулах хууль зүйн боломж байна.

        Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 7 дахь заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

            Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:”Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл гаргаж байна.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Бонго пронтер загварын 44-95 УВХ улсын дугаартай 7.583.334 төгрөгийн үнэ бүхий автомашиныг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэсэн.

          Учир нь анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал /хэргийн нөхцөл байдал/, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл ашигласан эсэхэд нь хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан. Гэтэл шүүх хэргийн нөхцөл байдалд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан этгээдийн автомашиныг хурааж улсын орлого болгож байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр болжээ. Жолооч Ц.Б хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан үйлдлээ хэрэгжүүлэхдээ автомашин ашигласан гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан этгээдийн автомашиныг хурааж улсын орлого болгож байгаа нь хууль хэрэглээний буруу жишиг, практик тогтоож байна.

          Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Ц.Б-т холбогдох хэргийн хохирогч Я.Н би анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 20-ны эдрийн 208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

         Миний бие нөхөр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаад, 2019 онд Зүүнхангай суманд шилжин ирж суурьшсан. Манайхыг Зүүнхангай суманд шилжин ирсэн цаг үеэс эхлэн манай нөхрийн хүргэн дүү болох Ц.Б нь бидний амьдрал ахуйд туслаж дэмжиж ирсэн.

         Осол болж миний нөхөр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэдийгээр нөхрийн минь амь нас хохирсон боловч энэ хэрэг санаандгүй байдлаас болсон, тухайн хэрэг болсон газар би өөрөө байж тэр бүхнийг нүдээрээ харсан болохоор надад өнөөдөр гомдох зүйл алга байна. Энэ хэргээс болж манай гэр бүл нэг хүнээ алдаж, нөгөө хүнээ шоронд оруулсан хүнд нөхцөл байдалд байна.

          Ц.Б нөхрийн минь оршуулгын, буяны ажлын зардлыг бүрэн гаргаж ажил явдлыг нь өнгөрүүлсэн. Мөн манай өвлийн хүнс, түлээ нүүрсийг бэлдэж, мал өгсөн байсан. Анхан шатны шүүх хурлын дараа Ц.Б хоригдож ар гэрт нь эхнэр нь 3 хүүхэдтэйгээ үлдсэн ганцаараа малаа маллах хэцүү байдалтай болсон болохоор би 50 хургатай хонь, 1 унагатай гүү, 1 тугалтай үхрээ өөрийн ах Я.Д-ийнд аваачиж маллуулсан. Би захиалгаар дээл оёх ажилтай түр хугацаагаар Улаанбаатар хотод ирсэн байгаа юм.

          Цаашид манай 2 гэрийн ахуй амьдрал, 6 хуүхдийн ирээдүй бүх зүйлд анхаарал тавьж явах хүн нь Ц.Б юм. Миний зүгэээс Ц.Б-ээс нэхэмжлэх хохирол байхгүй, ямар нэгэн гомдол тэмцэлгүй гэдгээ анхан шатны шүүх хурал дээр ч хэлсэн. Одоо ч энэ байр суурь минь хэвээрээ байна. Миний зүгээс шүүх Ц.Б-т хүнд ял өгсөн гэж үзэж байна.

           Иймд Ц.Б-т хамгийн бага хэмжээгээр нь ял оногдуулж, ялыг нь хөнгөлж өгөөч гэж та бүхнээс хүсмээр байна. Хуулинд заасан боломж нь байдаг бол ялаас нь суллуулмаар байна” гэжээ.

       Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан, үйлдлийг хөнгөвчлөх зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан байна гэсэн дүгнэлт нь хууль зүйн хувьд буруу дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг буруу тайлбарласан, буруу жишиг тогтоож байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Шийтгэх тогтоолын 2, 7 дугаар заалтуудыг өөрчлүүлэхээр гаргасан шүүгдэгч Ц.Б түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын давж заалдах гомдол, мөн тогтоолын7 дугаар заалтыг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцэл, ял хөнгөрүүлэхээр гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Н-ийн давж заалдах гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 44-95 УВА улсын дугаартай Бонго пронтер загварын ачааны автомашин жолоодож явах үедээ хохирогч М.О-ыг дайрч, амь насыг нь хохироосон,  гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугатаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

           Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хөндсөн, хязгаарласан болон хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

           Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Н нарын “шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү “ гэх давж заалдсан гомдлын үндэслэлийг хянаж үзэхэд :

           Анхан шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ийг согтуугаар, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, гурван жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман  цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцон шилжүүлж, нийт  90 / ер/ хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, гурван жил хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг гурван жил гурван сар хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ.

        Шүүх Ц.Б- ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хүний амь нас хохирсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан гэж үзэхгүй,  мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж байгаа зэргийг тус тус харгалзан үзсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

          Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэр тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг санаатай гэмт хэрэг гэж үзэхгүй.

        Харин “автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаах” гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэгт тооцогдоно. Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан 2 гэмт хэрэг үйлдсэн байх боловч  дээрхи тохиолдол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ ..нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульзүйн үндэслэлгүй буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

       Мөн түүнчлэн шүүгдэгч Ц.Б согтуугаар, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, энэ үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллагдаж байгаа, хэдийгээр энэ гэмт хэргийн улмаас хохирсон  хүний амь насыг үнэлж, эд хөрөнгөөр нөхөх боломжгүй буюу хүний амьд явах эрхийг зөрчсөн нь бодитоор сэргээгдэх боломжгүй боловч хүний амь нас хохирсонтой холбоотой гарч буй эд хөрөнгийн хохирол, хор уршгийг нөхөн төлж байгаа  нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа хүлээж, ухамсарлаж буй сэтгэхүйн илэрхийлэл, амь хохирогчийн гэр бүлд үзүүлж буй сэтгэлзүйн дэм, туслалцаа болж байдаг. Энэ утгаараа дээрхи гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгаж байгааг  шүүгдэгчийн хувийн  байдалтай холбон үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.  

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд “ Ц.Б нь болгоомжгүй үйлдлийн улмаас миний нөхрийн амь насыг хохироосон, би тухайн үед өөрөө хамт байсан, ямар нөхцөл байдалд осол болсныг нүдээрээ харсан  тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, бид өмнө нь нэг нэгэндээ дэм тустай амьдарч байсан. Ц.Б нь хохиролд 2 сая төгрөг бэлнээр өгсөн, манай гэр бүлийн бүх ажлыг энэ хүн хийж өгч, бидэнд дэм тус болж байгаа” гэж мэдүүлсэн, мөн давж заалдах шатны шүүхэд “ Ц.Б нөхрийн минь оршуулга, буяны ажлын зардлыг дааж ажил явдлыг өнгөрүүлсэн, манай өвлийн хүнс, түлээ нүүрсийг бэлтгэж өгсөн, мөн миний 3 хүүхдийг цаашид байнга харж хандаж байна гэдгээ хэлж, манайд 50 хонь, унагатай гүү 1, тугалтай үхэр 1-ийг тус тус өгсөн. Цаашид манай 2 гэрийн ахуй амьдрал, 6 хүүхдийн ирээдүйд анхаарал тавьж явах хүн нь Ц.Б юм. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хуулинд заасан боломж байдаг бол ялаас нь чөлөөлж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргасан байна. 

       Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлууд болон  Ц.Б-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг сайн дураараа төлж арилгасан байдал, бага насны буюу 0-8 насны  3 хүүхэдтэй, гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа зэрэг хувийн байдал, хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ял хөнгөрүүлэхийг хүссэн гомдол гаргасан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу хоёр жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс торгох ялыг сонгон нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, түүнд  оногдуулсан хорих болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийн өмчлөлийн автомашиныг хурааж улсын төсөвд шилжүүлсэн нь үндэслэлгүй талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

          Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “ Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн эзэмшлийн Бонго пронтер загварын, 44-95 УВХ улсын дугаартай ачааны зориулалтай автомашин жолоодож явсан, мөн тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газраас зугатаах гэмт хэрэг үйлдсэн, өөрөөр хэлбэл гэмт хэргийн газраас зугатаах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг автомашиныг хурааж улсын төсөвд шилжүүлэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хуульзүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан “ Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг” –т хамаарах бөгөөд энэ гэмт хэрэг нь мөн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсантай холбоотойгоор үйлдэгддэг, өөрөөр хэлбэл жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэнээ мэдсэн даруйдаа хэргийн газрыг санаатай орхиж зугатааснаар төгсдөг, шууд санаатай үйлдлээр илэрдэг гэмт хэрэг юм. Ингэхдээ тухайн үед осол гаргасан тээврийн хэрэгсэлтэйгээ зугатаж байгааг үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэх үндэслэлгүй болно. 

Иймд шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарын гомдол, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Нарантуяагийн гомдлыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолын

2 дугаар заалтын  “....  гурван жил гэснийг хоёр жил гэж, долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэснийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял гэж,

3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ялын 8 цагийг хорих ялын 1 хоногт шилжүүлэн, 90 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван жил хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван жил гурван сар хорих ялаар тогтоосугай” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж хоёр жил хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай гэж, тогтоолын 4 дүгээр заалтын гурван жил гурван сар гэснийг хоёр жил гэж тус тус өөрчилж, тогтоолын 7 дугаар заалтыг хүчингүй болгож,

мөн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад зүйл, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ц.Б-ийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 42 хоногийг түүний эдлэх ялд нь оруулаж тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй