Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0725

 

                                          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0584 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-н давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Р.Г

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: “М” ХХК, “Т” ТӨХХК

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Б

Гуравдагч этгээд “Т” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр 

Хэргийн индекс: 128/2025/0400/З                                          

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0584 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 19 дүгээр зүйлийн 19.4.4, 19.4.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасныг тус тус баримтлан Р.Гөөс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан гаргасан “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** гудамж, М хотхон /170**/, ** дугаар байр, ** тоот, 37,29 м.кв 1 өрөө орон сууцыг Р.Гийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Нийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 5/3987 дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** гудамж, М хотхон /170**/, ** дугаар байр, ** тоот, 37.29 м.кв 1 өрөө орон сууцыг Р.Гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Хэргийн үйл баримтын тухайд, анхан шатны шүүхийн шийдвэр, хавтаст хэрэгт авагдсан талуудын тайлбараас дэлгэрэнгүй тодорхой харагдах тул товчхон дурдвал маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** гудамж, М хотхоны **-р байрны ** тоот хаягт байрлах 37.29 м.кв байр, **-р байрыг 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 3762 м.кв талбайтайгаар 30 хувийн гүйцэтгэлтэйгээр “М” ХХК өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220601924* дугаарт бүртгүүлсэн. Уг бүртгэлээс салж бүртгэгддэг. Уг бүртгэлд “ОО” ТӨХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2012/6-07 тоот хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ, 2012/7-07 тоот барьцааны гэрээний тусгай тэмдэглэгээ хийгдсэн.

2.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 256 дугаар шийдвэр, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 893 дугаар гүйцэтгэх хуудсаар Ү- 22060192** дугаартай ** дугаар байр бүхэлдээ болон бусад 6 байрны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн битүүмж бүртгэгдсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3/30902, 2018 оны 4/3591, 2025 оны 04-263/14727 албан тоотуудаар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч Р. Г нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн В/90 тоот гэрээгээр захиалан бариулсан. Барилгын ажлыг “М” ХХК гүйцэтгэж барилгыг ашиглалтад оруулсан. В/90 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” гэрээнд 1В гэж тусгасан нь **-р байр. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4620 дугаар шийдвэрээр Р.Гийг уг байрны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн.

2.3. Гуравдагч этгээдээс “2020 онд талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр 9* болон 9* дугаар байрнаас нийт 9 ширхэг орон сууцыг Төрийн орон сууцны корпорацад өгч, ** дугаар байрыг барьцаанаас чөлөөлөхөөр тохирсон. Төрийн орон сууцны корпорацад шилжүүлэх 9 байранд иргэн Р.Гийн байр ороогүй. 18 байрны ** тоотыг барьцаанаас чөлөөлсөн, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгож өгнө үү” гэх тайлбар өгсөн ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай мэдэгдээгүй.

2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/9315 тоот албан бичгээр Ү-220601924* дугаар болон бусад 6 үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн учир нэхэмжлэгч 2024 онд өмчлөгчөөр тогтоогдож, 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр орон сууцыг өмчлөлдөө бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед барьцааны гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн маргаж буй орон сууц хамаарахгүй болсон байжээ гэж дүгнэсэн. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/9315 дугаар албан бичигт “...тус албаны 2019 оны 3/5020 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, бусад хоригийг хэвээр үлдээж...” гэж дурдсаныг тус маргаан бүхий **-р байрны ** тоот гэж шууд ойлгох боломжгүй ерөнхий утгатай. Дээрх ** дугаар байрны бусад тоотуудад ч мөн адил өмчлөгч нар иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгож, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаар тус газраас хоригтой байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг хэсэгчлэн чөлөөлөхөөр өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг ирүүлдэг. Одоогоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн асуудал нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хамаарахаар байна.

2.5. Хууль хэрэглээний тухайд, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тухайд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д “шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” гэж зааснаар хязгаарлалттай байгаа бөгөөд улсын бүртгэгчээс 30.5-д “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно” гэж зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй тохиолдолд бүртгэл хийх боломжгүй учир тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана” гэж зааснаар улсын бүртгэлийн байгууллага нэхэмжлэгч Р. Г-г өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн байна.

2.6. Дээрх тохиолдолд гуравдагч этгээд нарын зүгээс нэхэмжлэгч Р. Г-г өмчлөгчөөр бүртгэхэд татгалзах зүйлгүй гэж байгаа ч нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хоорондын эд хөрөнгийн эрхийн асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүрээнд байгаа учир захиран зарцуулах эрхийг сэргээх эсэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодорхойлох учиртай, улсын бүртгэлийн байгууллага бичиг баримтад үндэслэн бүртгэл хийдэг тул анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0584 дүгээр шийдвэрийг бодит байдалд биелүүлэх боломжгүй, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэсэн эрх бүхий байгууллагын болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зөрчилдөөнтэй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

                                             ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

2. Хэргийн оролцогч, түүний эрх зүйн байдлын тухайд

2.1. Нэхэмжлэгч Р.Гөөс “... Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** гудамж, М хотхон /170**/, ** дугаар байр, ** тоот, 37,29 м.кв 1 өрөө орон сууцыг Р.Гийн өмчлөлд бүртгэхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Нийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 5/3987 дугаартай албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** гудамж, М хотхон /170**/, ** дугаар байр, ** тоот, 37.29 м.кв 1 өрөө орон сууцыг Р.Гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2025/3117 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, тэдэнд нэхэмжлэлийн хувийг гардуулсан атлаа Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй.

2.3. Мөн “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Нийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж жинхэнэ хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй байна.

 2.4. Учир нь, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна”, 19.4.2-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасанчлан уг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй захиргааны албан тушаалтан улсын бүртгэгч өөрөө бие даасан шийдвэр гаргасан байхад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.

2.5. Хэдийгээр нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар тодорхойлсон ч шүүх дээрх байдлаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино”, 25.2-т “Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

3. Нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тухайд

3.1. Анхан шатны шүүх “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/9315 тоот албан бичгээр “Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас төлбөр төлөгч М ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220601924* дугаартай орон сууцыг барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх хүсэлт ирүүлсэн бөгөөд төлбөрийн шаардлага хангахуйц үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн тул тус албаны 2019 оны 3/5020 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээх”-ийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн байдаг. Тус албаны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3/5020 тоот албан бичгээр М ХХК-иас 24,729.826 төгрөг гаргуулан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 7773 дугаар шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-220601924* дугаартай болон бусад 6 үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, ийнхүү 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/3915 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг сэргээсэн байдаг ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргээс үзвэл:

- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 дугаар дугаар албан бичгээр “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01690 дүгээр шийдвэрээр “М” ХХК-иас 353.081.991 төгрөгийг гаргуулж Ж.Б-д, мөн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01214 дүгээр шийдвэрээр “М” ХХК-иас 20.804.670 төгрөгийг гаргуулж Ц.Э нарт олгохоор тус тус шийдвэрлэсэн” болохыг дурдаж, энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд “М ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** гудамж, ** тоот Ү-220601924* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг,

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4/3591 дүгээр албан бичгээр “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаар захирамжаар “М” ХХК-иас 4.112.764.839 төгрөгийг гаргуулж, “Т” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн” болохыг дурдаж, энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч М ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220601156*, Ү-220601612*, Ү-220601835*, Ү-220601835*, Ү-22060192**, Ү-220601924*, Ү-220602003* дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Ар зайсан гудамжинд байрлах 9*, 9*, 0, г9*, 9*, 0, 9* тоот үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг,

- Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3/5020 дугаар албан бичгээр “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарны 16-ны өдрийн 7773 дугаар шийдвэрээр “М” ХХК-иас 24,729,826 төгрөг гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн” болохыг дурдаж, энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч “М” ХХК-ийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-220601156*, Ү-220601612*, Ү-220601835*, Ү-220601835*, Ү-220601924*, Ү-220601924*, Ү-220602003* дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг,

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 04-263/14727 дугаар албан бичгээр “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 613 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Ар зайсан гудамж, М хотхоны 2с байрны доор байрлах 15.5 м.кв талбай бүхий 23 дугаартай дулаан авто зогсоолын хариуцагч “М” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Р” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” талаар дурдаж, энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч “М” ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө илэрсэн тохиолдолд улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг тус тус түдгэлзүүлж шийдвэрлэсэн болох үйл баримтууд тогтоогдож байна.

3.3. Харин Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2/9315 дугаар албан бичгээр зөвхөн “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарны 16-ны өдрийн 7773 дугаар шийдвэрээр “М” ХХК-иас 24,729,826 төгрөг гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн” шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдсэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3/5020 дугаар албан бичгийн дагуу түдгэлзсэн үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээж, бусад хоригийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгаагаас үзвэл эрхийн улсын бүртгэлийн Ү-220601924* дугаарт бүртгэгдсэн ** дугаар байрны хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд нийт 3 удаагийн хориг тавигдаж, эдгээр хоригуудаас зөвхөн 1 хориг нь цуцлагдсан гэж үзэхээр байна.

3.4. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд тавигдсан хориг тус бүр өөр өөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд гарсан байх атал шүүх Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2/9315 дугаар албан бичгээр бүх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн мэт дүгнэсэн нь үндэслэлгүй.

3.5. Учир нь хэрэгт зөвхөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарны 16-ны өдрийн 7773 дугаар шийдвэрээр “М” ХХК-иас 24,729,826 төгрөг гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд түдгэлзсэн үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн болох Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2/9315 дугаар албан бичиг авагдсан.

3.6. Харин бусад хориг болох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 дугаар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4/3591 дүгээр албан бичгийн дагуу түдгэлзсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хоригууд хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэжээ.

3.7. Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаар захирамжаар “М” ХХК-иас 4.112.764.839 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд гарсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 4/3591 дүгээр албан бичгийн дагуу түдгэлзсэн хоригтой холбоотойгоор талууд эвлэрлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн хир нь уг хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болсон эсэхийг мөн тодруулаагүй байна.  

3.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.

3.9. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийн оролцогчдын маргаж буй шаардлага, татгалзлын үндэслэл тус бүрд хамаарах нотлох баримтыг шүүх талуудын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны бөгөөд зөрчигдсөн эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Ийнхүү анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0584 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                        С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                        Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                         Ц.ОДМАА