Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 31

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч С.Нямжав,

шүүгдэгч Б.Баттөр, түүний өмгөөлөгч М.Намжилжав,

шүүгдэгч Т.Билэгсайхан, Б.Жавхлан, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Загарууд овогт Баттулгын Баттөр, Шариат овогт Түмэнгийн Билэгсайхан, Монгол овогт Болдбаатарын Жавхлан нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012818 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Загарууд овогт Баттулгын Баттөр, 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 12-13 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, ХМ87041514 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Шариат овогт Түмэнгийн Билэгсайхан, 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, нарны зам 103-2-08 тоотод төрсөн, Нью-Евро ази ББСБ-ын захирал ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЖЮ85121614 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Монгол овогт Болдбаатарын Жавхлан, 1984 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 69-22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ХД84021119 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Баттөр нь давтан үйлдлээр, 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Билэгсайхан, Б.Жавхлан, С.Нямжав нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч Б.Жавхлангийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний гадна буланд шарх, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, 2 нүдний салстад цус хуралт, цээжинд цус хуралт буюу хөнгөн гэмтэл, хохирогч Т.Билэгсайханы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагз, зүүн нүдний дотор салстад цус хуралт, баруун шуу, нуруунд зулгаралт буюу хөнгөн гэмтэл, хохирогч С.Нямжавын биед дух, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, тохой, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

-Шүүгдэгч Т.Билэгсайхан, Б.Жавхлан нар бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баттөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний биед зүүн нүдний зовхи, цээжний цус хуралт, баруун, зүүн хацар, хамрын угалз, хүзүү, баруун мөр, нуруу, цээж, хэвлий, зүүн шилбэ, зүүн шагайн зулгаралт буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Баттөр шүүхийн хэлэлцүүлэгт: “2016 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө эхнэр рүүгээ залгахад Т.Билэгсайхан гар утсыг нь авснаас болж ийм асуудал болсон. Миний буруу байсан бөгөөд хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Хохирогчийн хувьд гомдол санал байхгүй” гэв,

Шүүгдэгч Б.Жавхлан шүүхийн хэлэлцүүлэгт: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би түргэн тусламж, цагдаа ирснээс хойш Т.Билэгсайхантай таарсан. Т.Билэгсайхан хашааны гадна зодуулаад харин би хашаан дотор зодуулаад хэвтсэн байсан. Би Т.Билэгсайхантай бүлэглэж Б.Баттөрийг зодсон зүйл байхгүй. Б.Баттөрийн биед учирсан гэмтлийг бид хоёрын эхнэр болох Тунгалагтамир, Нямжав нар салгах гэж байгаад учруулсан гэж бодож байна. Эхний удаа цохиулаад ухаан алдаж унаад түргэн тусламж ирэх үед сэрсэн” гэв,

Шүүгдэгч Т.Билэгсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй.  Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэхдээ намайг яллаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэв,

Хохирогч С.Нямжав шүүхийн хэлэлцүүлэгт: “Б.Баттөр хашааны гадна ирчихлээ гэхэд эхнэр нь гартал шууд цохиж унагаагаад дэвсээд байхаар нь “хүүхэд аллаа” гэхэд миний дух руу цохиж унагаагаад дээрээс өшиглөсөн. Т.Билэгсайхан, Б.Жавхлан нар машин дотор унтаж байхад нь сэрээсэн. Тэгээд Т.Билэгсайхан гарч ирэхэд Б.Баттөр цохиж унагаасан. Манай нөхөр машинаас бууж ирэхэд Б.Баттөр “чи  хэн бэ” гээд цохиод унагаасан. Тунгалагтамир бид хоёр Б.Баттөрийг болиулах гээд нилээн ноцолдсон. Б.Баттөр “галын хажууд байсан хутгыг аваад ална гэж хэлж байсан. Тунгалагтамир бид хоёр Б.Баттөрийн гарт байсан хутгыг булааж авсан. Б.Баттөрийг машинаар дайрсан асуудал болоогүй. Б.Баттөр миний машиныг өшиглөөд толийг нь хагалсан. Миний доод талын шүд хөдөлсөн бөгөөд шүдний эмнэлэгт эмчлүүлсэн. Толгойны томографийн зураг авахуулсан. Би олон хоног ажилдаа яваагүй боловч нэхэмжлээгүй. Бодит гарсан зардал 1.000.000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Б.Баттөр нэг ч удаа залгаж уучлалт гуйгаагүй, хохирол төлөх талаар яриагүй” гэв,

Хохирогч Т.Билэгсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Шөнийн 3 цаг өнгөрч байхад манай эхнэр Тунгалагтамир намайг сэргээгээд гадаа Номингийн нөхөр ирчихээд, Номинг үүдэнд зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очтол Б.Баттөр үгийн зөрүүгэй тоосгоор миний толгойн арын дагз хэсэг рүү цохисон. Би тоосгоор цохиулаад ухаан алдчихсан ба нэг мэдэхэд түргэн тусламжийн машинд сэрсэн. Би тэр шөнө Гачууртын эмнэлэгт толгойндоо оёдол тавиулж анхан шатны тусламж аваад ГССҮТ-д очиж зүүн нүдний дотор хэсэгт оёдол тавиулсан. Би Баттөрөөр тоосгоор цохиулаад л эмнэлгийн машинд сэрсэн, энэ хооронд юу болсон талаар огт мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-15/,

 

Хохирогч Б.Жавхлан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би хашаан дотор парклаад тавьсан байсан хоёр машины голд хэвтчихсэн, Номингийн нөхөр гэх залуу намайг уначихсан байхад дээрээс өшиглөөд намайг хатуу зүйлээр цохиод байх шиг байсаныг санаж байна. Би өөр зүйлийг санахгүй байна. Би өөртөө эмчилгээ хийлэсэн 1.000.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. Бүгд баримтаар байгаа. Өөр гомдол санал гэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-18/,

Хохирогч С.Нямжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би, чи хүүхэд аллаа штэй гээд очиход миний дух руу цохиод намайг унахад, миний баруун гарын бугалга хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би яачив гээд араас нь гүйгээд гартал Баттөр нь приус-10 маркийн машинаар хүргүүлж ирээд машинаасаа буугаад үгийн зөрүүгүй Номинг цохиж унагаагаад, уначихсан байхад нь дээрээс нь өшигчөөд байсан. Тэгэхээр нь би “чи хүүхэд аллаа гээд очиход миний дух руу цохиод намайг унахад, миний баруун гарын бугалга хэсэг рүү өшиглөсөн. Энэ үед Тунгалагтамир болж байгаа асуудлыг харчихаад буцаж гүйж очоод Билгээг дуудсан. Билэгсайхан нь машинаасаа гарч ирээд Төрөө ирчихсэн юм уу? Яасан хөгшөөн гээд иртэл, Баттөр үгийн зөрүүгүй Билгээгийн өөдөөс гүйж очоод газраас тоосго аваад, толгойн арын дагз хэсэг рүү нь цохиж унагаасан. Билэгсайхан тоосгодуулж уначихаад босч ирээд чи яаж байгаа юм гэхэд дахиад нүүрэн тус газарт нь цохиод унгаачихсан. “...Тэгтэл Баттөр дотогш хашааруу гүйгээд орсон. Тэгэхээр нь араас нь ортол хашаан дотор машинаас буугаад хөл нүцгэн алхаж байсан миний нөхөр Жавхлан руу дайрч очоод цохиж унагаагаад дээрээс нь өшиглөөд цохиж зодоод байсан. Энэ үед Тунгалагтамир бид хоёр мөн адил Баттөртэй зууралцаад салгах гэж ноцолдсон. “...Тэгээд яг буцаад ирээд байж байтал тэр хоёр араас машинтайгаа орж ирсэн ба Баттөр машинаас буугаад Билэгсайханыг хараад шууд дахиад дайрсан ба чи дээрээс хойш дургүй хүргээд байсан юм гээд нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохьсон. “...Билэгсайханы толгой ар дагз хэсгээрээ хагарсан байсан, хамарнаас цус гарсан байдалтай нүүр ам нь битүү хавдар болсон, зүүн нүд нь дотор тал руугаа сэтэрсэн байсан. Жавхлангийн нүүр ам их хавдартай, хамар муруйсан, зүүн нүд нь гадна талруугаа сэтэрсэн. Миний дух их том хэмжээтэй хавдсан, доод шүд хөдөлсөн байсан. Баттөрийн хувьд нүүрний хувьд зүгээр ил харагдах гэвэл хүзүү дээр самардуулсан хумсны сорви тогтсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх21-22/,

Хохирогч Б.Баттөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгээд бид хоёр
ноцолдож байтал Нямука, Тунгаа нар нэг нь хоолны халбага, нөгөө нь шатаж байсан мод бариад цохиж байсан. “...Тэгээд байж байтал Билгээ хаанаас ч юм гараад ирэхээр нь би тэр гурваас салаад Билгээ хаанаас ч юм гараад ирэхээр нь би тэр гурваас салаад Билгээ руу дайраад бид хоёр хэд цохилцож байтал Жавхлан, Нямука, Тунгаа нар араас хүрч ирээд тэр 4 нийлээд намайг зодсон. Тэгтэл Жавхаа, Билгээ нар алга болчихсон. Би хашааны үүдэнд Нямука, Тунгаа нартай зогсож байтал гэнэт машины гэрэл асахаар нь би машинд хэн байгаа юм бол гээд яваад очтол өөдөес хүчтзй хаазлаад намайг мөргөж унагаасан...” гэсэн мэдүүлэг. /хх-33/,

Гэрч Б.Номин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Шөнийн 3-4 цагийн орчимд Баттөр такситай ирсэн ба машинаас буугаад шууд Билгээ хаана байна гэхээр нь би тэнд байна гэж зааж өгөхөд шууд Билгээ ахыг цохиж унагаасан. Тэгэхээр нь би болиочээ гээд очиход намайг мөн адил цохьсон. Тэгтэл Билгээ ах босч ирээд Баттөртэй зодолдсон. Энэ үед Нямука эгч ирээд тэр хоёрыг салгах гэтэл Баттөр, Нямука эгчийн нүүрэн тус газар цохьсон. Энэ үед би больё гээд тэд нарыг зодолдож байхад нь орхиод гараад гэррүүгээ харихаар алхсан. “...Тэгэхэд Жавхлангийн хамарнаас цус гарсан, зодолдсон байдалтай ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-24/,

Гэрч О.Тунгапагтамир мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь би буцаж ороод нөхөр Билэгсайханыг дуудаж сэрээгээд хашааны гадна гараад иртэл Баттөр манай нөхрийг үгийн зөрүүгүй цохиж унагаагаад гартаа барьсан байсан тоосгоороо зодож ухаан алдуулсан. Тэр үед Нямжав бид салгах гээд Баттөрийг татаад дийлэхгүй байсан. Тэгтэл Баттөр Нямжавыг зодох гээд дайрахад нь Нямжав хашааруу орж Жавхланг дуудахаар ороход нь Баттөр дагаж ороод хашаан дотор Жавхланг мөн цохиж унагаагаад дээр нь гарч суугаад зодоод байсан. Баттөр ирээд Номинг зодсон ба дараа нь манай нөхөр Билэгсайхан болон Нямжав түүний нөхөр Жавхлан нарыг зодсон. Баттөр ер нь ойртсон хүмүүсээ цохиж унагаагаад дээр нь гараад зодоод байсан. Би ажлаа хариуцаж үлдээд хамгийн их гэмтэл авсан Билэгсайхан, Жавхлан, Нямжав нарыг эмнэлгээр явуулсан. Би өөрөө шүүх эмнэлэгт үзүүлээгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-74/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн№ 9424 тоот дүгнэлт: /хх-29/,

1. Билэгсайханийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагз, зүүн нүдний дотор буланд шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салтад цус хуралт, баруун шуу, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.   Дээрхи гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шүүх эмнэлгийн шинжээчийн №9423 тоот дүгнэлт: /хх-30/,

1. Нямжав-н биед дух, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга. тохой , гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.    Дээрхи гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

1. Жавхлан биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний гадна буланд шарх, зовхины зөөлөнх эдийн няцрал цус хуралт, 2 нүдний салстад цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.    Дээрхи гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн №9440 тоот дүгнэлт: /хх-32/,
1. Б.Баттөрийн биед зүүн нүдний зовхи, цээжний цус хуралт, зүүн нүдний зовхи

баруун, зүүн хацар, хамрын угалз, хүзүү, баруун мөр, нуруу, цээж, хэвлий, зүүн шилбэ зүүн шагайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлзэр үүсгэгдзн.

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

Хохирогч Б.Баттөрийн тайлбар /хх-10/, Б.Номингийн тайлбар /хх-11/, гэрч Б.Номингийн мэдүүлэг /хх-23-24/, хохирогч Т.Билэгсайханы мэдүүлэг /хх-15/, хохирогч С.Нямжавын мэдүүлэг /хх21-22/ гэрч Б.Номингийн мэдүүлэг /хх-24/, шинжээчийн №9424 дүгнэлт /хх-29/, гэрч О.Тунгалагтамирын мэдүүлэг /хх-74/, шинжээчийн №9424 дүгнэлт /хх29-30/, шинжээчийн №9422 дүгнэлт /хх-32/, гэрч Б.Номингийн мэдүүлэг /хх-54/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх59, 60, 61, 62/, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх санал /хх-63/, хэргийг түдгэлзүүлсэн прокурорын тогтоол /хх-65/, шүүгдэгч Т.Билэгсайхан, Б.Жавхлан нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-93-100/, Т.Билэгсайхан, Б.Жавхлан нарын гэмтлийн зураг /хх105-107/, хохирогч Б.Баттөрийн мэдүүлэг /хх52-53/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Прокуророос шүүгдэгч Т.Билэгсайхан, Б.Жавхлан нарыг бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баттөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний биед зүүн нүдний зовхи, цээжний цус хуралт, баруун, зүүн хацар, хамрын угалз, хүзүү, баруун мөр, нуруу, цээж, хэвлий, зүүн шилбэ, зүүн шагайн зулгаралт буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгч нар бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Билэгсайхан, Б.Жавхлан нар нь үйлдлээрээ нэгдэж шүүгдэгч Б.Баттөрийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулаагүй харин тус тусдаа шүүгдэгч Б.Баттөртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргахад нь зодолдож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэж шүүх дүгнэв.

Тухайлбал шүүгдэгч Т.Билэгсайханы өгсөн “Номингийн нөхөр ирчихээд, Номинг үүдэнд зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очтол Б.Баттөр үгийн зөрүүгэй тоосгоор миний толгойн арын дагз хэсэг рүү цохисон” гэсэн мэдүүлгээр,

Гэрч О.Тунгалагтамирын өгсөн “Тэгтэл Баттөр Нямжавыг зодох гээд дайрахад нь Нямжав хашааруу орж Жавхланг дуудахаар ороход нь Баттөр дагаж ороод хашаан дотор Жавхланг мөн цохиж унагаагаад дээр нь гарч суугаад зодоод байсан” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд прокуророос шүүгдэгч Т.Билэгсайхан, Б.Жавхлан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон тус тус өөрлөх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.Баттөр нь давтан үйлдлээр, 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Билэгсайхан, Б.Жавхлан, С.Нямжав нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар хохирогч Б.Жавхлангийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний гадна буланд шарх, зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, 2 нүдний салстад цус хуралт, цээжинд цус хуралт буюу хөнгөн гэмтэл, хохирогч Т.Билэгсайханы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагз, зүүн нүдний дотор салстад цус хуралт, баруун шуу, нуруунд зулгаралт буюу хөнгөн гэмтэл, хохирогч С.Нямжавын биед дух, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, тохой, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Прокуророос шүүгдэгч Б.Баттөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Баттөрийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Т.Билэгсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.Жавхланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Т.Билэгсайхан, Б.Жавхлан, С.Нямжав, Б.Баттөр нар нь хавтаст хэрэгт эмчилгээний талаарх баримтаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй бөгөөд харин хохирогч нар нь эмчилгээнд зарцуулсан баримтаа жич бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч Т.Билэгсайхан, Б.Жавхлан нар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон бөгөөд Т.Билэгсайхан, Б.Жавхлан нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг тул мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Т.Билэгсайхан, Б.Жавхлан нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Баттөрд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүхээс албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Т.Билэгсайхан, Б.Жавхлан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

2. Шариат овогт Түмэнгийн Билэгсайхан, Монгол овогт Болдбаатарын Жавхлан нарыг тус бүр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Билэгсайхан, Б.Жавхлан нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Загарууд овогт Баттулгын Баттөрийг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Б.Баттөрийг 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Б.Баттөр нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольж болохыг сануулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Баттөр, Т.Билэгсайхан, Б.Жавхлан нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7. Хохирогч Б.Баттөр, Т.Билэгсайхан, Б.Жавхлан, С.Нямжав нар нь эмчилгээнд зарцуулсан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Баттөр, Т.Билэгсайхан, Б.Жавхлан нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР