Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00768

 

Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00286 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.М, Б.Г нарт холбогдох

 

Гэрээг цуцлагдсанд тооцуулж, орон сууц, гарааш ашигласны төлбөр нийт 153 694 123 төгрөг гаргуулах, сууцыг  хариуцагч нарыг эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Га, хариуцагч нарын өмгөөлөгч Д.На, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ф ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ж.Га шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол болох гэрээний 2.6-д зааснаар орон сууцыг 1 051 хоног ашигласны төлбөрт 118 650 543 төгрөг, автомашины гражийг 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл буюу 631 хоног ашигласны төлбөрт 9 465 000 төгрөг, мөн гэрээний 5.2-т заасан гэрээ цуцалсны торгуульд 22 578 580 төгрөг, гражийн гэрээ цуцалсны торгуульд 3 000 000 төгрөг, нийт 153 694 123 төгрөгийг гаргуулах, гэрээнүүдийг  цуцалсанд тооцуулж, орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.  

 Б.М, Б.Г нар нь урьдчилгаа 50 000 000 төгрөгийг төлж тус компанитай 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр "орон сууцны захиалагчтай хийх №F1/15F-T гэрээ”, түүний хавсралт “граж захиалагчтай хийх гэрээ”-г байгуулан Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12 хороолол Токиогийн гудамж 73-р байр, 15 давхарын 97 тоот хаягт байрлах 130.49 м.кв 315 785 800 төгрөгийн үнэтэй дөрвөн өрөө орон сууцыг, мөн дээрхи байрны зоорийн давхарт байрлах 30 000 000 төгрөгийн үнэтэй 24 тоот авто зогсоолын хамт нийт 345 785 800 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авахаар тохиролцон үлдэгдэл төлбөр болох 295 785 800 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сард багтаан графикийн дагуу төлөхөөр тус тус тохиролцон, уг орон сууц, авто зогсоолыг өөрийн эзэмшилд авч ашиглан, амьдарч байна.  Өнөөдрийг хүртэл хугацаанд 90 000 000 төгрөг төлсөн. Төлбөрийг 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах үүрэгтэй байсан.

Хариуцагч Б.Г, Б.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: Талууд орон сууц, гражийн нийт үнийн дүн болох 345 785 800 төгрөгөөс 50 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр Ф ХХК-д төлж үлдэгдэл 295 785 800 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр, хэрэв дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Ф ХХК гэрээг байгуулахдаа алданги, торгуулийн  хасах ёстойг хэлэхэд гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд төлбөр, торгууль нийт 143 241 112 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Таазнаас ус гоожсон, хана цуурсан, цонх хагархай, ус гоожсоноос ханын цаас хуурсан, сантехникийн холболтуудаас нь ус гоожсон, бохирын өмхий үнэр ханхалсан байдалтай байна. Үлдэгдэл 255 785 800 төгрөгөө бүрэн төлж барагдуулахад бэлэн байгаа бөгөөд харин Ф ХХК бидний байрны дээр дурдсан доголдлуудыг бүрэн арилгах ёстой. Мөн  24 тоот граж буюу авто зогсоолыг буцаан хүлээн авна гэж итгэж байна.Нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г, Б.М нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  “Орон сууц захиалагчтай хийх гэрээ”, “Граж захиалагчтай хийх гэрээ”-нээс татгалзаж, хуульд заасны дагуу талууд өгсөн авснаа буцаан хүлээн авах ёстой гэж үзэж байгаа учраас  90 000 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Байранд оршин суух боломжгүй, цас, бороо ороход дээврээс ус гоожиж хохирол учруулж байгааг тогтоолгох зорилгоор Ашид билгүүн үнэлгээний төвөөр хохирлын үнэлгээг тогтоолгосон. Үнэлгээний тайланд дурдсанаар даацын хана нь хамгийн дээд давхараасаа цуурсан байгаа нь энэ орон сууцанд амьдрахад айдас, болгоомжлолыг төрүүллээ. Нэмэлт гэрээг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:  Үндсэн гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байсан тул өөрсдөд нь боломж олгож хийсэн нэмэлт гэрээ юм. Гарын үсэг зурсан, зураагүй гэж маргадаг. Хамгийн гол нь өөрсдөө байлцаж хурлын тэмдэглэл хөтлөөд, уулзаж байгаад байгуулсан гэрээ. Уг гэрээний дагуу юу ч хийгдээгүй, энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон ч үндсэн гэрээ хэвээрээ байгаа. Аль нэг тал гэрээг цуцлах бол нөгөө талдаа мэдэгдэх ба мэдэгдээгүй бол татгалзах эрхээ алдана гэж заасан байдаг. Тиймээс гэрээг цуцлах үндэслэлгүй. Засварын тухайд бол засвар хийх байдлыг үнэлээд тооцсон байдал болохоос гарсан хохирлыг тооцсон зүйл биш. Хариуцагч нарын хүсэлтээр шинжээч томилсон. Шинжээч нар нь хүн амьдарч болохгүй гэж дүгнэлт гаргаагүй. Даацын ханад цууралт үүсээгүй, цонхны тухайд бол суурилуулж байхдаа техникийн алдаанаас болж 2, 3 см цуурсан байна гэсэн. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 238 дугаар зүйлийн 238.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ф ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх F1/15F-T тоот, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн F1/15F-T тоот Нэмэлт гэрээнээс татгалзаж, 153 694 123 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлээс 128 115 543 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Б.М, Б.Г нарын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх, Гараж захиалагчтай хийх F1/15F-T тоот гэрээнээс татгалзаж, 90 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус харилцан /128 115 543-90 000 000=38 115 543 / тооцож, хариуцагч Б.М, Б.Г нараас 38 115 543 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д олгож, нэхэмжлэгчийн /153 694 123-128,115,543=25,578,580/ нэхэмжлэлээс 25 578 580 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М, Б.Г нарыг Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12 дугаар хороолол /13380/ Токиогийн гудамж, 73 дугаар байрны 97 тоот хаягт орших 130.49 мкв 4 өрөө орон сууцнаас чөлөөлүүлж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 238 дугаар зүйлийн 238.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ф ХХК, хариуцагч Б.Г нарын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн F1/15F-T тоот Нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Ф ХХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн F1/15F-T тоот Орон сууц захиалагчтай хийх, Гараж захиалагчтай хийх гэрээнээс татгалзаж 90 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.М, Б.Г нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 127 356 төгрөг, хариуцагчаас төлсөн 678 150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.М, Б.Г нараас 798 527 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д, нэхэмжлэгч Ф ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж хариуцагч Б.М, Б.Г нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.На давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч тал гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас гэрээ дуусгавар болсон үйл баримтад дүгнэлт хийлгүй үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангасан нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлээр шаардсан 90 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бодит байдлаас хэт давсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн зүгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд нөхөн төлбөр гаргуулах талаар заасан гэрээний заалтууд нь стандарт нөхцөлийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байсныг анхааралгүй шийдвэрлэсэн. Иймд 90 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.М, Б.Г нарт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Зохигч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед эвлэрэн хэлэлцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Б.М, Б.Г нарт холбогдуулан гэрээний үүргийг ноцтой зөрчсөний улмаас орон сууц болон граж худалдах худалдан авах гэрээг цуцалж, учруулсан хохирол болох орон сууцыг 1 051 хоног ашигласны төлбөрт 118 650 543 төгрөг, авто машины гражийг 631 хоног ашигласны төлбөрт 9 465 000 төгрөг, гэрээ цуцалсны торгуульд 22 578 580 төгрөг, гражийн гэрээ цуцалсны торгуульд 3 000 000 төгрөг, нийт 153 694 123 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12 хороолол/13380/ Токиогийн гудамж 73-р байр 15 давхар 97 тоот хаягт байрлах 130.49 м.кв 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 128 115 543 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч нарын нэхэмжлэгчид төлсөн 90 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4 дэх хэсэгт зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг харилцан тооцож, хариуцагч нараас 38 115 543 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 25 578 580 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч нарын өмгөөлөгч Д.На эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Гэвч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид эвлэрэн хэлэлцэж дараах агуулгатай эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ. Үүнд: Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гэрээгээр төлөх ёстой үлдэгдэл төлбөр 225 785 800 төгрөгийг төлж дуусгах, орон сууцыг өөрийн эзэмшилд үлдээх санал тавьсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч нар нь гэрээний үлдэгдэл төлбөр 225 785 800 төгрөгөөс 100 000 000 төгрөгийг эвлэрлийн гэрээг байгуулсан өдөр төлөх, үлдэх 125 785 800 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор төлж барагдуулах, нэхэмжлэгч тал төлбөр төлөгдсөн тохиолдолд хариуцагч нарт тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөх, хариуцагч тал эзэмшилдээ авсан орон сууцны доголдол, ашиглах хугацаанд гарсан элэгдэлтэй холбоотой засвар үйлчилгээг өөрийн зардлаар хийх, доголдлын талаар дахин нэхэмжлэл, гомдол гаргахгүй байх, гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэгчид төлөх ёстой 128 115 543 төгрөгөөс, хариуцагч нарын төлсөн 90 000 000 төгрөгийг хасан, үлдэх 38 115 543 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, тухайн орон сууцыг чөлөөлүүлж авахаар харилцан тохиролцжээ.

 

Энэхүү эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дах хэсэгт заасантай нийцжээ. Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дах хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00286 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч талаас гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөр 225 785 800 төгрөгийг төлж дуусгах, орон сууцыг өөрийн эзэмшилд үлдээх санал тавьсаныг нэхэмжлэгч тал зөвшөөрч хариуцагч нар нь гэрээний үлдэгдэл төлбөр 225 785 800 төгрөгөөс 100 000 000 төгрөгийг Эвлэрлийн гэрээг байгуулсан өдөр төлөх, үлдэх 125 785 800 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор төлж барагдуулах, нэхэмжлэгч тал нь төлбөр төлөгдсөн тохиолдолд хариуцагч нарт тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөх, хариуцагч тал нь эзэмшилдээ авсан орон сууцны доголдол, ашиглах хугацаанд гарсан элэгдэлтэй холбоотой засвар үйлчилгээг өөрийн зардлаар хийх, доголдлын талаар дахин нэхэмжлэл, гомдол гаргахгүй байх, гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэгчид төлөх ёстой 128 115 543 төгрөгөөс, хариуцагч нарын төлсөн 90 000 000 төгрөгийг хасан, үлдэх 38 115 543 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан, тухайн орон сууцыг чөлөөлүүлж авахаар тохиролцож, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Маас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 248 528 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                    Т.ТУЯА

 

                                                                      Ш.ОЮУНХАНД