Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/339

 

  2023          09             20                                  2023/ШЦТ/339

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

Улсын яллагч Т.Төгөлдөр

Хохирогч Д.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун

 Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дд холбогдох эрүүгийн 2325002080379 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн Илгээлтийн 48-8 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Харчин овогт Мөнхбатын Д /РД:ДЖ93041210/

 

Холбогдсон хэргийн талаар:

       Шүүгдэгч Харчин овогт Мөнхбатын Д нь 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 улсын дугаартай Тоёота Приус-дабль икс 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутагт дэвсгэрт байрлах Дотоодын цэргийн баруун талын засмал замын уулзвар хэсэгт Б.Бы жолоодож явсан 0 улсын дугаартай Хонда Сити маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, тус ослын улмаас 0 улсын дугаартай Хонда Сити маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Д.Нн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

   

            -шүүгдэгч М.Дын мэдүүлсэн: Мэдүүлгээ үнэн зөв өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

 

-хохирогч Д.Нн мэдүүлсэн: Намайг эмчлүүлж өгсөн. Гэвч биеийн байдал нэг л сайнгүй, гараа сайн хөдөлгөж болохгүй байна. Эмнэлгийн эмчилгээний зардал нийгмийн даатгалын сангаас гарсан байгаа. Энэ хүн надад баталгаа бичиж өгсөн  гэх мэдүүлэг,

 

-эрүүгийн 2325002080379 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:

-Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай... Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн 48 айлын орон сууцны гарч хэсэгт байгалийн гэрэлд үзлэгийг хийв. Хонда Пит маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй Тоёота Приус маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруунаас зүүн чиглэлтэй явж байгаад замын уулзвар хэсэгт мөргөлдөж зам тээврийн осол гарсан гэх......тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 25-28-р тал/,

-Хохирогч Д.Нн мэдүүлсэн... Би 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр  Б.Бы Дэнж багт байрлах гэрт нь очихоор болж бүгд манай гэрээс гарч Б.Бы өмчлөлийн 0 улсын дугаартай “Хонда сити” маркийн тээврийн хэрэгсэлд суун хөдлөн явсан бөгөөд тээврийн хэрэгслийг Б.Б өөрөө жолоодон, зорчигчийн зүүн урд талын суудалд С.А, хойд талын суудалд баруун талаас Д.С, С.Т, С.Тын өвөр дээр Л.Х, тэгээд би тус тус суусан байсан. Тэгээд Б.Б өөрийн тээврийн хэрэгслээ жолоодон Говил багт байрлах Дотоодын цэргийн баруун талд байдаг засмал төв зам дагуу хойд зүг урд зүгийн чиглэлд бага хурдтайгаар /хянах самбар хараагүй учир хурдыг хэлж мэдэхгүй гэх/ явж байхад гэнэт машин өөр нэг машинд мөргүүлэх шиг болж хүчтэй чимээ гарч машин зогсоход миний бие хүчтэй доргилт авч урагш хөдөлсөн, тэгээд би машинаас бууж юу болсоныг харахад хар өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл баруун талын шороон зам дээрээс бидний явж байсан урсгал руу орж ирэн урд талынхаа хажуу хэсгээрээ Б.Бы машины урд хэсгийг мөргөсөн байсан. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь эрэгтэй ганцаараа байсан. Машинаас бууж ирэхэд миний зүүн гарын тохой хэсэг өвдөж эхлэн тэр доороо Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Би осол болох үеэр өөр тийшээ харж байсан болохоор машин урдуур орж ирсэнг нь анзаарч хараагүй, гэнэт л хүчтэй чимээ гарч машин зогссон бөгөөд тэр үед л миний зүүн гарын атгаал ясны далд хугарал үүссэн. Урьд өмнө ямар нэгэн гэмтэлгүй эрүүл байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-р тал/,

-Иргэний нэхэмжлэгч Н.Мын мэдүүлсэн... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх н 12.1.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймд Д.Н нь 2023 оны 04 дүгээр сарын 29-ний Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж эмнэлгийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,808,000 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-р тал/

-гэрч Д.С мэдүүлсэн... манай нөхөр Б.Б өөрийнхөө эзэмшлийн 0 улсын дугаартай “Хонда сити” маркийн тээврийн хэрэгслээ жолоодон Дэнж багийн Баруун дэнжийн 5-1 тоот хаягтай манай гэр лүү явж байсан бөгөөд Дотоодын цэргийн баруун талын автомашины засмал төв зам дагуу хойд зүгээс урд зүгийн чиглэлд удаан хурдтай явж байхад гэнэт машин мөргөлдөн зогсохоор нь юу болов гээд машинаас бууж ирэхэд баруун талын туслах шороон замаас 0 улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл манай тээврийн хэрэгслийн урдуур орж ирэн мөргөхөд Д.Н ахын зүүн гар эвгүй болчихлоо гээд байсан, харин бусад хамт явж байсан хүмүүсд ямар нэгэн гэмтэл учраагүй хэвийн байсан. 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч залуу ганцаараа явж байсан. Харахад согтуу гэмээргүй байсан боловч замын цагдаа нар ирээд үлээлгэн шалгаж үзэхэд ямар ч байсан согтуу байна гэж байсан хэдэн хувьтай согтуу байсанг санахгүй байна. Манай нөхөр Б.Б тээврийн хэрэгсэл жолоодож байсан, зүүн урд талын суудал дээр С.А, хойд талын суудал дээр баруун талаасаа би, миний зүүн талд С.Т, С.Тын өвөр дээр Л.Х /хүү 4 настай/, С.Тын зүүн талд Д.Н тус тус суун явж байсан бөгөөд Б.Б, С.А нар нь тус тус суудлын бүс зүүсэн байсан, харин хойно сууж явсан бүгд суудлын бүс зүүгээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/

-гэрч С.Тын мэдүүлсэн:.. бид нар Дэнж багийн Баруун дэнжийн 5-1 тоот хаягтай Б.Б ахын гэр лүү явж байсан бөгөөд Говил багт байрлах Дотоодын цэргийн баруун талын автомашины төв засмал зам дагуу хойд зүгээс урд зүгийн чиглэлд явж байхад гэнэт машин мөргөлдөж зогссон. Машин мөргөлдөх үед би хойд талын суудал дээр байсан болохоор осол болох үеийг анзаарч хараагүй. Тэгээд машинаас бууж юу болсонг харахад баруун талын туслах шороон замаас 0 улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл бидний явж байсан зам руу орж ирэн тээврийн хэрэгслийн урд хэсгийг зүүн урд хэсгээрээ мөргөсөн байсан. Тэгтэл зүүн хойд талын суудал дээр суудлын бүс зүүлгүй явж байсан Д.Н ахын зүүн гар эвгүй болчихлоо гээд байсан, харин бусад хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй ганцаараа явж байсан, замын цагдаа нар ирээд уг залууг үлээлгэхэд согтолттой гарч байсан, хэдэн хувьтай байсанг санахгүй байна, мөн Б.Б ахыг ч гэсэн үлээлгэн шалгасан бөгөөд согтолтгүй эрүүл байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47-р тал/

-гэрч Б.Лхагвадоржийн мэдүүлсэн:.. Би Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багийн баруун дэнжийн 25-3 тоот хаягтай гэртээ байж байхад манай ээж Д.С над руу утсаар залгаад аав чинь машин жолоодон явж байхад урдуур машин орж ирээд машин мөргөчихлөө гэж хэлээд байгаа газрыг нь асуухад Говил багийн нутаг дэвсгэрт байрлах Дотоодын цэргийн баруун талын засмал зам дээр гэж хэлсэн тэгээд би явж очтол аав Б.Бы эзэмшлийн 0 улсын дугаартай “Хонда сити” маркийн тээврийн хэрэгсэл Дотоодын цэргийн баруун талд байрлах засмал замын хойд зүгээс баруун зүгийн чиглэлд явдаг урсгал дээр зогсож байсан бөгөөд 0 улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл хажуу талын шороон замаас баруунаас зүүн зүгийн чиглэлд төв зам руу орох гэж байсан юм уу гэмээр урд хэсгээрээ аавын тээврийн хэрэгслийн урд хэсгийг мөргөсөн байдалтай зогсож байсан. Тэгээд хүү Л.Х болон Д.Н ахыг авч яван, Д.Н ахын зүүн гар эвгүй болчихлоо гэсэн болохоор Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэж өгөөд цааш хүүгээ аваад гэртээ харьсан, миний хүүгийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй хэвийн зүгээр байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 49-р тал/

-гэрч Б.Бы мэдүүлсэн:... Би өөрийн эзэмшлийн 0 улсын дугаартай “Хонда сити” маркийн тээврийн хэрэгслээ жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн Чулуутын 16 тоот хаягтай Д.Н ахын гэрээс гаран Дэнж багийн баруун дэнжийн 5-1 тоот хаягтай өөрийн гэр лүүгээ явж байсан бөгөөд тээврийн хэрэгслийн зүүн урд талын суудал дээр хамаатны дүү С.А, хойд талын суудал дээр баруун талаасаа эхнэр Д.С, дүү С.Т, С.Тын өвөр дээр ач хүү Л.Х, түүний зүүн талд ах Д.Н нар нь тус тус суусан байсан. Тэгээд би тээврийн хэрэгслээ жолоодон Говил багт байрлах Дотоодын цэргийн баруун талд байдаг засмал төв зам дагуу хойд зүгээс урд зүгийн чиглэлд барагцаагаар 30 км/ц-ийн хурдтай явж байхад урд талд туслах шороон зам дээр хар өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл миний явж байсан зам руу орж ирэх гэж байгаа юм уу гэмээр зүүн зүгийг чиглэн явж байхаар нь зогсчих байх гэж бодоод явж байсан чинь зогсолгүйгээр шууд урдуур орж ирэн зүүн урд хэсгээрээ миний тээврийн хэрэгслийн урд хэсгийг мөргөж зам тээврийн осол гаргасан... Ослын дараахан хүү Б.Лхагвасүрэн ирсэн бөгөөд ослоос болж хойд талын суудал дээр сууж явсан Д.Н ахын зүүн гар эвгүй болчихлоо гэж байсан болохоор Б.Лхагвасүрэнгийн хамтаар эмнэлэг рүү явуулсан. Осол болдог өдөр миний тээврийн хэрэгслийг замын цагдаа нар журмын хашаанд хийгээгүй байсан бөгөөд Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч залуу машинд чинь учирсан хохирлыг барагдуулъя, та надад тээврийн хэрэгслээ өгчих би задаргаанд өгөөд машины чинь бүтэн төлбөрийг өгье та хэдэд машинаа үнэлж байгаа юм гээд бид хоёр 2,900,000 төгрөгөнд тохиролцож би тэр доороо машинаа өгчихсөн. Тэгээд 2,900,000 төгрөгийг 2023.05.05-ны өдөр надад шилжүүлэн өгсөн. Мөн миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, тийм учраас миний зүгээс гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-56-р тал/

-гэрч Н.Оюун-Эрдэнийн мэдүүлсэн:.. Манай аав Д.Н Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн 12-7 тоотод ганцаараа амьдардаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хамаатны Баатарчулуун ахын машинд сууж яваад аваарт орж зүүн гар нь тохой хэсгээрээ хугарч гэмтсэн миний бие ажлаасаа цалингүй 3 сарын чөлөө авч аавыгаа асарсан. Одоо манай аавын гар нь гайгүй болсон. Тэгээд намайг ажлаас маань дуудаад би 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс ажилдаа орсон... Манай аав хагалгаанд ороод 10 хоног эмнэлэгт байхад М.Д эхний 4 хоног хоол авч ирж байсан. Тэгээд миний Хаан банкны 5127010077 дугаартай данс руу 2023 оны 05 сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг Д.Н ахад эмчилгээний зардалд хэрэглээрэй гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн өөр ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Манай аав Д.Н дахиж эмнэлэгт хэвтээгүй харин боолтоо гадуур нэгдсэн эмнэлэг дээр очиж хийлгэж байсан. Одоо нийт 7 ширхэг баримт 559.690 төгрөгийн зардал гарсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60-р тал/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өрийн №532 дугаартай... Д.Нн биед зүүн гарын атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Зүүн гарын атгаал ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74-р тал/

-хохирогч Д.Нн Бүсийн оношилогоо эмчигээний төвд 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 76-97-р тал/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өрийн №402 дугаартай М.Дын биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /1-р хх-ийн 03-104-р тал/

-“Ашид Билгүүн” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 315 дугаартай шинжээчийн Япон улсад 2003 онд үйлдвэрлэгдсэн, 2008 онд МУ-д орж ирсэн, Нопба С11у /бензин, автомат/ маркийн автомашин нь 2023 оны 04 дүгээр сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 3,000,000 /гурван сая төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /1-р хх-ийн 133-р тал/

-Орхон аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 140-147-р тал/

-“Ашид Билгүүн” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ОРА:1001420 дугаартай шинжээчийн “Монгол улсад орж ирсэн Приус-30 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2023 оны 04 дүгээр сарын 29-ний  өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 12,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов”.... гэх дүгнэлт /1-р хх-ийн 152-158-р тал/

-Мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Т.Очироогийн.... 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай... Тоёота Приус-дабль икс 30 маркийн 0 улсын дугаартай тээрийн хэрэгслийн жолооч Мөнхбатын Д нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 3.4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдож байна... гэх магадлагаа /1-р хх-ийн 161-164-р тал/

-шүүгдэгч М.Дын яллагдагчаар мэдүүлсэн:.. Би 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө ажлаасаа буугаад найзтайгаа архи уугаад гэртээ 2023 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 02 цагийн үед гэртээ ирсэн юм. Тэгээд унтаад өдөр 11 цагийн орчим сэрээд Говил багийн 100 айл орох хэрэг гараад өөрийн 0 улсын дугаартай Тоёота Приүс-дабль икс 30 маркийн тээврийн хэрэгсэлээ бариад Говилийн 48 байрны уулзвар дээр ирээд төв замруу хойноос зүүн урд зүг рүү явж байсан тээврийн хэрэгслийг анзаарч харалгүй орсоноо 34-28 ОРХ улсын дугаартай Хонда Сити маркийн авто машин миний машины зүүн урд хэсгийг мөргөж зоссон. Би уг нь уулзвар луу дөхөж ирэхдээ хурдаа хасаад зүүн, талруугаа харахад ямар нэг тээврийн хэрэгсэл харагдаагүй юм. Тэгээд ортол тээврийн хэрэгслийн урд хэсгийг мөргөж зогссон... Цагдаа нар ирээд хоёр жолоочийг согтууруулах ундаа шалгадаг дригер багажаар үлээлгэж үзтэл надаас 0,32 хувийн согтолттой гэж гарсан. Д.Нн биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...мэдүүлэг /1-р хх-ийн 172-173-р тал/,

-Шүүгдэгч М.Дын хохирол төлсөн тухай баримт /1-р хх-ийн 210-211-р тал/

-хохирогч Д.Нгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /1-р хх-ийн 214-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч М.Д нь 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0 улсын дугаартай Тоёота Приус-дабль икс 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн нутагт дэвсгэрт байрлах Дотоодын цэргийн баруун талын засмал замын уулзвар хэсэгт Б.Бы жолоодож явсан 0 улсын дугаартай Хонда Сити маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, тус ослын улмаас 0 улсын дугаартай Хонда Сити маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Д.Нн биед зүүн гарын атгаал ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл,хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эмнэлгийн эмчилгээний баримтууд зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч М.Дын үйлдлийн улмаас Д.Нн эрүүл мэндэд зүүн гарын атгаал ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.Нн ... Машинаас бууж ирэхэд миний зүүн гарын тохой хэсэг өвдөж эхлэн тэр доороо Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Би осол болох үеэр өөр тийшээ харж байсан болохоор машин урдуур орж ирсэнг нь анзаарч хараагүй, гэнэт л хүчтэй чимээ гарч машин зогссон бөгөөд тэр үед л миний зүүн гарын атгаал ясны далд хугарал үүссэн...” гэх мэдүүлэг,

 иргэний нэхэмжлэгч Н.Мын мэдүүлсэн... Иймд Д.Н нь 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношилогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж эмнэлгийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,808,000 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж эмчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080дугаартай дансанд төлүүлж өгнө үү...гэх мэдүүлэг,

 гэрч Д.Солонгын мэдүүлсэн:.. Дотоодын цэргийн баруун талын автомашины засмал төв зам дагуу хойд зүгээс урд зүгийн чиглэлд удаан хурдтай явж байхад гэнэт машин мөргөлдөн зогсохоор нь юу болов гээд машинаас бууж ирэхэд баруун талын туслах шороон замаас 0 улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл манай тээврийн хэрэгслийн урдуур орж ирэн мөргөхөд Д.Н ахын зүүн гар эвгүй болчихлоо гээд байсан, харин бусад хамт явж байсан хүмүүсд ямар нэгэн гэмтэл учраагүй хэвийн байсан... гэх мэдүүлэг, гэрч С.Тын мэдүүлсэн...Тэгээд машинаас бууж юу болсонг харахад баруун талын туслах шороон замаас 0 улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл бидний явж байсан зам руу орж ирэн тээврийн хэрэгслийн урд хэсгийг зүүн урд хэсгээрээ мөргөсөн байсан. Тэгтэл зүүн хойд талын суудал дээр суудлын бүс зүүлгүй явж байсан Д.Н ахын зүүн гар эвгүй болчихлоо гээд байсан, харин бусад хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг,

 гэрч Б.Бы мэдүүлсэн:.. Тэгээд би тээврийн хэрэгслээ жолоодон Говил багт байрлах Дотоодын цэргийн баруун талд байдаг засмал төв зам дагуу хойд зүгээс урд зүгийн чиглэлд барагцаагаар 30 км/ц-ийн хурдтай явж байхад урд талд туслах шороон зам дээр хар өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл миний явж байсан зам руу орж ирэх гэж байгаа юм уу гэмээр зүүн зүгийг чиглэн явж байхаар нь зогсчих байх гэж бодоод явж байсан чинь зогсолгүйгээр шууд урдуур орж ирэн зүүн урд хэсгээрээ миний тээврийн хэрэгслийн урд хэсгийг мөргөж зам тээврийн осол гаргасан... гэх мэдүүлэг,

 гэрч Н.Оюун-Эрдэнийн мэдүүлсэн:.. Манай аав Д.Н Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн 12-7 тоотод ганцаараа амьдардаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хамаатны Баатарчулуун ахын машинд сууж яваад аваарт орж зүүн гар нь тохой хэсгээрээ хугарч гэмтсэн миний бие ажлаасаа цалингүй 3 сарын чөлөө авч аавыгаа асарсан... гэх мэдүүлэг,

 Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өрийн №532 дугаартай... Д.Нн биед зүүн гарын атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Зүүн гарын атгаал ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт,

Мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Т.Очироогийн.... 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай..... Тоёота Приус-дабль икс 30 маркийн 0 улсын дугаартай тээрийн хэрэгслийн Мөнхбатын Д нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 3.4 а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, йн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдож байна...гэх магадлагаа цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а, 3.7а, 15.9 дэх заалтуудыг зөрчсөн тухай мөрдөгчийн магадлагаатай шүүгдэгч танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримт гэм буруутай эсэх талаар маргаагүй байна.

Шүүгдэгч М.Дын үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтэл хохирлын хоорондхи шууд шалтгаант холбоотой байдал нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба   шүүгдэгч М.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл болгоомжгүй хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.             

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн болгоомжгүй гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон тул  гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулуун шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:.. Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэжээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч болгоомжгүй байдлаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 6 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Д.Нн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд нийт 1,000,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байх ба хохирогчийн хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал нийгмийн даатгалын сангаас 2,808,000 төгрөг төлөгдсөн, хохирогч төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна. Харин хохирогч нь гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зайлшгүй зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заалаа.

 

 

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,808,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Мөнхбатын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч М.Дд шүүхээс оногдуулсан тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар М.Дд оногдуулсан эрх хасаж, тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даас 2,808,000 /хоёр сая найман зуун найман мянга/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 дугаартай дансанд олгуулсугай.

 

 7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.АРИУНЦЭЦЭГ