Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/342

 

   2023          09             21                                 2023/ШЦТ/342

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун

Улсын яллагч Ж.Батбаатар

Шинжээч Х.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Ц.Энхтуяа

Шүүгдэгч Г.Н, Ж.М, Б.С, Б.Б нарыг оролцуулан шүүхийн танхимд хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н, Ж.М, Б.С, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2325000000289 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Толгод 25-49 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Солгой ургийн овогт Ганболдын Н, /РД: ИЖ85051319/,

 Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол баг 3-10 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Урдынхан ургийн овогт Бүдрагчаагийн С /РД: ИН75090511/

 Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа тээвэрт явдаг, ам бүл 1, ганцаараа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст баг 5-14-21 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Өндөрийнхөн ургийн овогт Жавзмаагийн М, /РД: ИЭ77030977/

 Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дөрвөлжин уулзвар ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, ээж, охины хамт Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт баг 4-12 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Очирваань ургийн овогт Балжиннямын Б /РД: ИЭ80040474/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н, Б.С, Ж.М, Б.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Халиун баг Нам даваа гэх газар нутгийн ойд хууль бусаар 34 ширхэг буюу 3,53м куб хуурай шинэс мод зөвшөөрөлгуйгээр бэлтгэж, байгаль орчинд 595,858 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өдрөө үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар бэлтгэсэн 34 ширхэг буюу 3,53 м куб хуурай шинэс модыг Б.Сын эзэмшлийн цагаан өнгийн 0 улсын дугаартай Киа Бонго загварын ачааны автомашинд ачиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэртэй уулзах зааг хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч Г.Нын мэдүүлсэн: Манай ээж хөдөө байдаг юм. Тэр өдөр очиход модонд яваад өгөөч гэсэн. Гоожинтой юу гэсэн. Аваагүй байсан байна лээ. Ээж уг нь мал тооллогын үеэр авчихдаг юм гэсэн. Андуурсан юм шиг байна лээ. Эд нартаа гоожинтой гэж хэлсэн. Сын машин манай ээжийн гэрийг нүүлгээд тэндээ байсан. Тэгээд би машиныг бариад явсан. С араас ирсэн гэх мэдүүлэг,

- шүүгдэгч Ж.Мгийн мэдүүлсэн: Манай найз Б Завханаас ирсэн байсан. Тэр өдөр хуурай дүү Н “урагшаа ээжийнх рүү явах гэж байна хамт явах уу гэсэн тул явцгаасан. Тэгээд очсон чинь ээж нь түлээний модонд яваад өг гээд явсан. Ээж нь гоожинтой гэсэн гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Б.Сын мэдүүлсэн: Н ээж хоёрт нь итгээд машинаа өгөөд явуулсан. Би араас нь очсон. Гоожинг нь шалгаагүй нь алдаа болсон. Би араас нь бензин авч очсон. Бараг бэлдээд дууссан байсан. Буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Б.Бын мэдүүлсэн: Би 4 сарын 27-нд Эрдэнэтэд ирсэн. Н тосож авсан. Өглөө нь хөдөө гэр барих гэж явцгаасан. Тэгээд ээжийнд нь очиход ээж нь модгүй боллоо модонд яваад өгөөч гэсэн. Н 1 мод хөрөөдөж унагасан. Тэгээд унианга мод бэлдсэн...гэх мэдүүлэг,

-шүүх хуралдаанд оролцсон шинжээч: Түлшний модны стандарт гэж байдаг. Тэр стандартыг барьж бид дүгнэлт гаргадаг. Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох журам бий. Түүний дагуу үнэлгээг тогтоодог гэх мэдүүлэг,

 

 -2325000000289 тоот хавтаст хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:           

          - Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш...нд /...0206 ОРА улсын дугаартай Бонго-3 маркын цагаан өнгийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачаатай байх мод/ үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-6-р тал/

            -Эд зүйл, /эд мөрийн баримт/ шинэс төрлийн 34ш мод, тээврийн хэрэгслийн гэрчилгээ/-ийг хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 7-р тал/

            -Б.Сын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /1-р  хх-ийн 10-17-р тал/

            - Эд мөрийн баримт /эд зүйл баримт бичиг/ цахилгаан хөрөө 1ш/-ийг хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 20-22-р тал/

            -Эд хөрөнгө битүүмжлэх тухай /Б.Сын эзэмшлийн 0 улсын дугаартай Киа Бонго 3 загварын 11,000,000 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг/ 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай Прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл  /1-р хх-ийн 24-28-р тал/

            -Г.Нын мэдүүлгийг газар дээр шалгасан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 29-35-р тал/

            -Эд мөрийн баримтаар /шинэс төрлийн мод 34 ширхэг, 1.5 метрийн дундаж урттай, хуурай төлөвтэй, 03984066 дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ нэг ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан, улаан, цэнхэр өнгө хосолсон өнгөтэй JIN SHI WANG гэсэн бичигтэй/тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 36-р тал/

            -Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 39-р тал/

            -Иргэний нэхэмжлэгч Я.Аын мэдүүлсэн...Намайг сумын засаг даргын орлогчоос тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон бөгөөд би яг ямар хэрэг болсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан буруутай этгээдээр ойн санд учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Тухайн газраас мод бэлтгэх эрхийн бичгийг хариуцсан байгаль орчны улсын байцаагч олгоно гэсэн заалт байдаг. Тиймээс миний бие олгоно гэсэн үг. Гэхдээ тухайн газарт мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй учир ямар ч хүнд мод бэлтгэх зөвшөөрөл олгоогүй. Эрхийн бичиг авсан хүмүүсийн эрхийн бичгийн 1 хувь нь надад үлдэж би архивт өгдөг юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-р тал/

-Орхон аймгийн сум дундын Ойн ангийн мэргэжилтэн, шинжээч Х.Эын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаартай... Орхон аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд байгаа 3.5 м куб модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход, Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 595,858 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 60-61-р тал/,

-“Ашидбилгүүн” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ОРА :1001410 дугаартай “...0206 ОРА улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн Бонго 3g маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн үнэтэй байгааг тодорхойлов ...” гэсэн эд хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 69-70-р тал/,

-“Ашидбилгүүн” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ОРА :1001410 дугаартай: Бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 1 ширхэг  одоогийн зах зээлийн  үнэ цэнийг 2023 оны 05 дугаар сарын байдлаар 60,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов... гэсэн эд хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 74-75-р тал/

-Шүүгдэгч Г.Нын яллагдагчаар мэдүүлсэн.... 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай ээж Даваахүү зусландаа нүүж ирчихсэн, түлээгүй байсан учир би түлээнд явахаар болсон. Тухайн үед цас ороод цастай байсан юм. Ингээд би найз Б, М нарыг түлээнд яваад өгөөч гэж гуйсан. Тухайн үед С ахын Бонго-3 загварын машин нь хөдөө манай ээжийн гэрийн гадаа байсан юм. Мөн би тухайн өдрийн өглөө С ахаас “машинаар чинь модонд яваад ирье” гэтэл тэрээр гоожинтой юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би түүнд хандан “ээж намар тушаачихдаг юм аа” гэнээ гэж хэлсэн. Тэгээд би С ахын Бонго-3 загварын машиныг жолоодож Б, М нарын хамт Булган аймгийн Орхон сумын Халиун 2-р багийн нутаг “Хуурай ам” гэх газар луу модонд явсан. Тэгээд би цахилгаан хөрөөгөөр босоогоос 2 ширхэг мод унагааж тайрч бэлтгэсэн юм. Харин Б, М нар нь тайрчихсан моднуудыг машинд ачиж байсан. Тэгтэл хөрөөний бензин дуусчихаар нь би С ах руу залгаж “бензин аваад ирээч” гэж дуудсан. Тэгээд С ах, дүү Дэмбэрэлнямын хамт мотоциклтой ирж бензин авчирсан юм. Тэгээд дүү мотоциклтойгоо явчихсан бөгөөд С ах бид нартай үлдсэн. Тухайн үед машин хазгай газар зогсчихсон, өнхөрчих гээд байхаар нь С ах жолооны ард сууж тоормоз гишгэсэн юм. Тэгээд би унианги модноос хэсэг мод хөрөөдсөн бөгөөд модоо ачаад хөдөлсөн. Би машин жолоодож явсан юм. Тэгээд уулнаас буугаад шороон зам руу орж ирээд Булган аймгийн Орхон сумын Халиун 2-р багийн нутаг “Чингэлийн гол” гэх газарт цагдаа нарт баригдсан юм. Тухайн үед мод бэлтгэхэд ашигласан цахилгаан хөрөө нь С ах бид хоёрын дундынх байгаа юм, бид 2 босгож авсан хөрөө юм. Б, М нарт мод бэлтгэх зөвшөөрлгүй гэж хэлээгүй юм. гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 89-р тал/

-Шүүгдэгч Б.Сын яллагдагчаар мэдүүлсэн: 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө манайд найз Н нь Б, М нарын хамт ирсэн юм. Тэгээд Н нь надад хандан “би таны 0 улсын дугаартай Бонго-3 загварын машинаар чинь ээжийнд түлээнд яваад ирье” гэхээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд тэр 3 явсан бөгөөд би хамт яваагүй юм. Угаасаа миний машин Нын ээжийнх нь гадаа буюу хөдөө байсан. Тэгтэл тус өдрийн барагцаагаар 15 цаг өнгөрч байхад над руу Н залгаж “бензингүй болчихлоо, бензин авчираад өгөөч” гэж ярьсан. Тэгээд би Орхон аймагт байх гэрээсээ өөрийн жижиг суудлын машинтайгаа бензин авч Нын ээжийн гэрт очсон. Тэндээ би машинаа үлдээчихээд мотоциклоор ганцаараа уул руу явж бензин аваачиж өгсөн. Тэгтэл ууланд Н, Б, М нар нь мод унагаагаад заримыг нь аччихсан байсан. Би тэгээд өөрийн Бонго-3 машиныхаа жолооны ард сууж тоормоз гишгээд байж байсан бөгөөд тэр 3 үлдэгдэл модоо бэлдэж ачсан юм. Тухайн газар нь хазгай газар байсан тул би жолооны ард суугаад тоормоз гишгэж байсан юм. Ингээд модоо ачиж дуусаад Н миний Бонго-3 машиныг барьж явсан, би харин мотоциклтойгоо түрүүлээд Нын ээжийнд очсон. Тэгтэл Н нь ээжийнх рүүгээ ойртож яваад цагдаа нарт баригдсан юм. Тухайн үед мод бэлтгэхэд ашигласан цахилгаан хөрөө нь Н бид хоёрын дундынх бөгөөд бид 2 босгож авсан хөрөө байгаа юм. Бонго-3 машин нь минийх байгаа юм. Н мод унагааж хөрөөдөж тасдаж бэлдсэн, харин М, Б нар нь модыг цагаалж ачсан юм. Тухайн үед мод ачиж яваад баригдсан газар нь Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Баян-Өндөр сумын яг зааг бөгөөд яг аль талдаа ордогийг нь мэдэхгүй байна. Тийм ээ, би түүнээс гоожинтой юу гэхэд тэрээр байхгүй ээ. Ээжийнх намар нэгдсэн журмаар авдаг юм аа гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би хөдөө буулгах юм чинь гайгүй байх гэж бодоод машинаа өгчихсөн юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-р тал/

-Шүүгдэгч Ж.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн..”.. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цагийн үед би найз Н луу залгаж ярихад тэрээр “ээжийнх түлээгүй болчихоод би модонд явах гэж байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би түүнд хандан “би тэгвэл салхинд гарангаа цуг явъя” гэж хэлсэн. Тэгээд найз Б намайг бараан захын баруун урд талын тойрог дээр ирж авсан юм. Ингээд Б бид 2 Нын ээжийнд очсон. Тэгээд найз Сын Бонго-3 машиныг Н жолоодож, Б бид 2 хажууд нь сууж уул руу модонд явсан юм. Ууланд очоод Н босоогоос 1 ширхэг бүдүүн модыг хөрөөдөж унагаасан, бусад газар уначихсан байсан модноос бас хөрөөдөж авсан. Тэгээд байж байтал хөрөөний бензин дуусаж, С бензин авчирч өгсөн юм. С ирээд бензин өгчихөөд л явсан бөгөөд Н, Б нар модыг машин руу ачсан. Би ер нь мод бэлтгэх, ачих ажилд оролцоогүй бөгөөд миний хөл хугараад төмрөө авхуулаад удаагүй байсан тул хүнд юм өргөөгүй юм. Тэгээд Н, Б бид 3 уулнаас буугаад нилээн явж байгаад цагдаад баригдсан юм. Тухайн түлээг Нын хөдөө гэр буюу ээжийнх нь гадаа буулгах гэж байсан бөгөөд Эрдэнэт руу тээвэрлэх зорилго байгаагүй ээ. Тухайн үед би хэн нэгнээс гоожин байгаа эсэх талаар асуугаагүй бөгөөд харин Нын ээж нь хэлэхдээ “өнгөрсөн намар модны гоожингийн мөнгө авчихсан” гэж хэлж байсан юм.”.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-р тал/

-Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн..”…Би 2023 оны 04 дүгээр сарын 27-ны орой 23 цаг 30 минутанд Улаанбаатар хотоос автобусаар Орхон аймагт найз Нынд ирсэн юм. Маргааш өглөө нь буюу 2023.04.28-ны өглөө Н бид 2 найз Мгийн гэрт очсон. Ингээд хөдөө явъя, Нын ээжийн гэрийг барьж өгье гэж ярилцсан. Тэгээд Н, М бид 3 найз Сынд очсон бөгөөд ажилтай гээд бид нартай цуг яваагүй юм. Ингээд хөдөө очиход Нын ээж нь түлээний модгүй бид нарыг түлээний модонд яваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд Нын ээжийн гадаа байсан Сын эзэмшлийн Бонго-3 машинтай Н, М бид 3 уул руу модонд явсан. Тухайн үед машиныг Н жолоодож явсан бөгөөд би яг ямар нэртэй газарт очсоныг мэдээгүй ээ. Ууланд очоод Н нь цахилгаан хөрөөгөөр уначихсан моднуудаас жижиглэж хөрөөдсөн, мөн босоогоос 1 ширхэг модыг хөрөөдөж унагаасан.Тэгтэл хөрөөний бензин дуусаад Сыг дуудсан ба С хөрөөний бензин авчирч өгсөн юм. Тэгээд С машины жолооны ард сууж тоормоз гишгэж өгсөн, Н, М бид 3 бэлтгэсэн модоо машиндаа ачсан юм. Тухайн үед машин уруу газар зогсож байсан учраас гулсаж өнхрөх гээд байсан учир С тоормоз гишгэж байсан. Ингээд модоо ачиж дуусаад С нь ирсэн мотоциклтойгоо түрүүлээд явчихсан бөгөөд бид 3 машиндаа сууж явсан. Тэгээд уулнаас бууж явж байгаад цагдаад баригдсан юм. Тухайн үед машиныг Н жолоодож явсан. Мод бэлтгэхэд ашигласан цахилгаан хөрөөг би хэнийх гэдгийг мэдээгүй ээ. .. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-р тал/

- Бонго 3g маркийн 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 119-р тал/

-Орхон аймаг Байгаль орчин аялал жуулчлалын газар улсын ахлах байцаагч Д.Сүхбатын 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/25-01/058/02 дугаартай “Нөхөн төлбөр ноогдуулах тухай” акт /1-р хх-ийн 166-р тал/

-Иргэний нэхэмжлэгч Я.Аын мэдүүлсэн:...Мал тооллогоор ажилласан алба хаагчид ямар нэгэн төлбөр хураамж түүн дотроо ойгоос мод бэлтгэх эрхийн төлбөр хураамж авах ёсгүй. Хэн нэгэн хүн төлбөр аваад ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг өгдөг ч юм бишээ. Жил бүр  байгаль орчны яамнаас аймаг сумдад хуваариласан хуваарийн дагуу сум дундын ойн ангийн талбайн тусгаарлалтын үндсэн дээр мод бэлтгэх нөөц төрлийг нь тогтоож үнэлгээг нь гаргаж түүнийг үндэслэж хэзээ хаанаас хэдий хэр хэмжээтэй ямар төрлийн модыг ямар зориулалтаар бэлтгэх талаар тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль орчны  улсын хяналтын байцаагч олгодог юм.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-р тал/

-гэрч Г.Нэргүйбаатарын мэдүүлсэн... Булган аймгийн Орхон сумын засаг даргын гаргасан тогтоол шийдвэрийн дагуу малын эмч Намхайдагва, тамгын газрын ажилтан Баттөмөр нарын хамт 2022 оны  мал тооллогын үеэр Булган аймгийн Орхон сумын Зүйлийн хөндий Нарийн хайлст Ивээлт гэсэн чиглэлд малын тооллого хийсэн. Бид нар малын тооллогоор ажиллах хугацаандаа ямар нэгэн төлбөр хураамж аваагүй. Бид нар ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгох, төлбөр авах эрхгүй. Байгаль орчны байцаагч нь төлбөр авах эрхтэй. Бид нарыг Сандаг-Очирын гэрт малын тоо хийж байхад Даваахүү гэх эмэгтэй хүүгийнхээ гэрт орж ирээд гарсан. Ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар ямар нэгэн юм яриагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-р тал/

-гэрч Н.Намхайдагвын мэдүүлсэн:...Булган аймгийн Орхон сумын засаг дарга Амартүвшин гэж хүний гаргасан шийдвэрээр 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугааар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Гүндсамбуугийн Нэргүйбаатар, сумын Тамгын газрын жижүүр Баттөмөр нарын хамт Орхон сумын Халиун багийн Зүйл, Зүйлийн хөндий, Нарийн хайлстай, Бумба, Ивээлт зэрэг газруудаар малын тооллого хийж ажилласан. Сумын засаг даргын зүгээс мал тооллогоор ажиллахад иргэдээс ямар нэгэн төлбөр хураамж авч болохгүй гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу ямар нэгэн айл өрх, хувь хүнээс мөнгө төгрөг аваагүй. Бид гурав түлээний мод бэлтгэх төлбөр гэж нэг ч төгрөг хүнээс аваагүй. Би Даваахүү гэж эмэгтэйг танина. Даваахүү гэж хүн нь Булган аймгийн Орхон сумын Зүйлийн хөндийн Шар чулуут гэх газарт нутагтай. Би өөрөө тухайн нутгийг хариуцсан малын эмч болохоор малын тарилга үйлчилгээг хийдэг болохоор танина. Даваахүү нь одоо Бүрэнбүстийн овооны доод талд 2 хүүгийнхээ хамт нутаглаж байгаа. Мөнгө төлөөгүй Даваахүү гэж хүн ойгоос түлээний мод бэлтгэх төлбөр төлөөгүй.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218-р тал/

-гэрч Ц.Баттөмөрийн мэдүүлсэн:.. Малын тооллого 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эхэлсэн. 12 дугаар сарын 06-ны өдөр малын тоонд ажиллах хүмүүсийг цуглуулж сумын тамгын дарга хийж гүйцэтгэх ажлын чиглэл өгч хурал зохион байгуулсан. Тухайн хурал дээр иргэдээс ямар нэгэн татвар хураамж бэлэн мөнгө авахгүй, харин нохой, хог үүсгэсний татвар тээврийн хэрэгслийн татварыг цаг тухай бүрт нь  буюу заасан хугацаанд нь төлөөрэй гэдгийг мэдэгдээрэй гэсэн чиглэл өгсөн үүний дагуу л ажилласан. Тооллого хийх явцад хэн нэгэн хүнээс бэлэн мөнгө аваагүй. Ойгоос мод бэлтгэх модны төлбөр аваагүй. Бид 3 тэгж мод бэлтгэх зөвшөөрөл өгч мөнгө авах эрх мэдэл ч байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

 Үйл баримт: Шүүгдэгч Г.Н, Ж .М, Б.С, Б.Б нар нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Г.Нын ээжид түлээний мод бэлтгэх зорилгоор Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Халиун баг Нам даваа гэх газар нутгийн ойд 34 ширхэг буюу 3,53мкуб хуурай шинэс мод зөвшөөрөлгуйгээр бэлтгэж, модыг Б.Сын эзэмшлийн 0 улсын дугаартай Киа Бонго загварын ачааны автомашинд ачиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэртэй уулзах зааг хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаль орчинд 595,858 төгрөгийн шууд хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мэдүүлгийг шалгасан ажиллагааны тэмдэглэл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.Н, Ж.М, Б.С, Б.Б нар нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Халиун баг Нам даваа гэх газар нутгийн ойд хууль бусаар 34 ширхэг буюу 3,53 мкуб хуурай шинэс мод зөвшөөрөлгуйгээр бэлтгэж, 0 улсын дугаартай Киа Бонго загварын ачааны автомашинд ачиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэртэй уулзах зааг хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4, 34.5 дахь хэсэгт заасан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох журмыг зөрчин зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл болох нь хохирогчийн төлөөлөгч Я.Аын мэдүүлсэн... Ямар ч байсан буруутай этгээдээр ойн санд учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Тухайн газраас мод бэлтгэх эрхийн бичгийг хариуцсан байгаль орчны улсын байцаагч олгоно гэсэн заалт байдаг. Тиймээс миний бие олгоно гэсэн үг. Гэхдээ тухайн газарт мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй учир ямар ч хүнд мод бэлтгэх зөвшөөрөл олгоогүй. Эрхийн бичиг авсан хүмүүсийн эрхийн бичгийн 1 хувь нь надад үлдэж би архивт өгдөг юм...” гэх мэдүүлэг,

 Орхон аймгийн сум дундын Ойн ангийн мэргэжилтэн, шинжээч Х.Эын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаартай... Орхон аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд байгаа 3.5мкуб модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход, Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайдын 2013 оны 11-р сарын 13 өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 595,858 төгрөгөөр тогтоов....гэх дүгнэлт,

 гэрч Г.Нэргүйбаатарын мэдүүлсэн:...Бид нар ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгох, төлбөр авах эрхгүй. Байгаль орчны байцаагч нь төлбөр авах эрхтэй. Бид нарыг Сандаг-Очирын гэрт малын тоо хийж байхад Даваахүү гэх эмэгтэй хүүгийнхээ гэрт орж ирээд гарсан. Ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар ямр нэгэн юм яриагүй.. гэх мэдүүлэг, гэрч Н.Намхайдагвын мэдүүлсэн:.. Бид гурав түлээний мод бэлтгэх төлбөр гэж нэг ч төгрөг хүнээс аваагүй. Би Даваахүү гэж эмэгтэйг танина. Даваахүү гэж хүн нь Булган аймгийн Орхон сумын Зүйлийн хөндийн Шар чулуут гэх газарт нутагтай...гэх мэдүүлэг,гэрч Ц.Баттөмөрийн мэдүүлсэн... Тооллого хийх явцад хэн нэгэн хүнээс бэлэн мөнгө аваагүй. Ойгоос мод бэлтгэх модны төлбөр аваагүй. Бид 3 тэгж мод бэлтгэх зөвшөөрл өгч мөнгө авах эрх мэдэл ч байхгүй... гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Н, Ж.М, Б.С, Б.Б нар нь Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, 35 дугаар зүйлийн 35.2.Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар... энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно”, 35.3.Зохих зөвшөөрөл авсан иргэн, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно”, 35.4.Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ:... 35.4.2.зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн...гэх заалтуудыг зөрчиж хууль бусаар мод бэлтгэсэн нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирол учирсан эсэхийг шаардахгүйгээр үйлдлээрээ гэмт хэргийн шинжийг хангасан байдаг. Шүүгдэгч нар Г.Нын гаргасан санаачилгыг дэмжиж үйлдлээрээ хамжиж бүлэглэн үйлдсэн байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г.Н, Б.С, Ж.М, Б.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Халиун баг Нам даваа гэх газар нутгийн ойд хууль бусаар 34 ширхэг буюу 3,53 мЗ хуурай шинэс мод зөвшөөрөлгуйгээр бэлтгэж, байгаль орчинд 595,858 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдрөө үргэлжилсэн үйлдлээр хууль бусаар бэлтгэсэн 34 ширхэг буюу 3,53 мкуб хуурай шинэс модыг Б.Сын эзэмшлийн цагаан өнгийн 0 улсын дугаартай Киа Бонго загварын ачааны автомашинд ачиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэртэй уулзах зааг хүртэл гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэх, учруулсан хохирлыг гаргуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар 3 нугалж нөхөн төлүүлэх буюу 1,787,574 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Шүүгдэгч нарын бэлдсэн мод түлээний мод байсан, ойн санд бодитой хохирол учруулаагүй. Унианги мод байсан. Ургаа модноос ялгаж хохирлын үнэлгээ гаргах шаардлагатай. Байгаль орчинд хортой нөлөөлсөн зүйл тогтоогдоогүй. Ойг цэвэрлэсэн гэж үзэх боломжтой. Зөрчлийн шинжтэй үйлдэл. Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл гэж үзнэ....гэж тус тус мэтгэлцсэн.

Ойн тухай хуульд, ойгоос ахуйн зориулалтаар мод бэлтгэх,ой цэвэрлэх зэрэг бүхий л ажиллагааг гагцхүү зөвшөөрлийн үндсэн дээр явуулахаар зохицуулсан ба зөвшөөрөлгүй аливаа мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд “хууль бусаар мод бэлтгэх” гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохоор зохицуулсныг тэмдэглэх нь зүйтэй. Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүй ойн дагалт баялаг ашиглах” гэсэн зөрчилд хамаарахгүй юм. Ойн тухай хуулийн 3.1.12-д "ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг; ойлгоно” гэж заасан байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүлэглэн хийсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ,Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсний дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хариуцлагын талаар     

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

          - оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

     -шүүгдэгч нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж,оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн мэдүүлж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаархи саналдаа: шүүгдэгч нарт тус бүр 2 жил 6 сарын хорих ял оногдуулж,ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө, Орхон аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд хадгалагдаж байгаа 34 ширхэг буюу 3,53 мкуб хуурай шинэс модыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус улсын орлого болгох, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 0 улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Үйлдсэн хэргийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээ, хэргийн оролцоо зэргийг харгалзан ял оногдуулахгүй тэнсэнэ үү, машины үнээс хохирлыг гаргуулна уу гэж тус тус  санал гаргажээ.

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

Шүүгдэгч Г.Н, Б.С, Ж.М, Б.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Халиун баг Нам даваа гэх газар нутгийн ойд хууль бусаар 34 ширхэг буюу 3,53мкуб хуурай шинэс мод зөвшөөрөлгуйгээр бэлтгэж, ойн санд 595,858 төгрөгийн шууд хохирол учруулсан талаар хохирогчийн төлөөлөгч мэдүүлэхдээ... хохирогчоор тогтоогдон оролцож 595,858 төгрөгийг нэхэмжилж байна...гэж, улсын яллагч “...учруулсан хохирлыг гаргуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар хохирлыг 3 нугалж нөхөн төлүүлэх буюу 1,787,574 төгрөг гаргуулах үндэслэлтэй” гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно”, 49.3-т “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан тул улсын байцаагчийн актыг үндэслэн шүүгдэгч Б.С, Г.Н нараас шууд учруулсан хохирол 1,787,574 төгрөгийг хуваан гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. Улсын байцаагч актаараа машины эзэмшигч Б.Саас нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг, шүүх хэргийн оролцоо, санаачилсан байдлыг харгалзан Г.Наар хуваан төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор... албадан гаргуулна“ гэж заасан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1ш цахилгаан хөрөө, Орхон аймгийн Байгаль аялал жуулчлалын газрын хашаанд хадгалагдаж буй 34 ширхэг буюу 3,53мкуб хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

-харин, хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчийн амьдралын нөхцөл боломжийг харгалзан эзэмшилд нь үлдээж, уг тээврийн хэрэгслийн үнэ 11,000,000 төгрөгнөөс Б.Сын төлөх 893,787 төгрөгийг хасаж илүү гарсан хэсгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ж.М, Б. Б нар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Солгой овогт Ганболдын Н, Урдынхан овогт Бүдрагчаагийн С, Өндөрийнхөн овогт Жавзмаагийн М, Очирваань овогт Балжиннямын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Н, Б.С, Ж.М, Б.Б  нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Б.С, Ж.М, Б.Б  нарт шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Г.Н, Б.С, Ж.М  нарт оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон айгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,шүүгдэгч Б.Бд оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н, Б.С, Ж.М, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан, Орхон аймгийн Ойн ангийн хашаанд хадгалагдаж буй 34 ширхэг 3.53мкуб шинэс мод, шүүхэд эд мөрийн баримтаар ирүүлсэн цэнхэр өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор 0 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож 0 улсын дугаартай тээврийн хэрэглийг эзэмшигч Б.Ст буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 11,000,000 төгрөгнөөс Б.Сын төлөх 893,787 төгрөгийг гаргуулан,шүүгдэгч Г.Наас 893,787 төгрөг гаргуулан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1,3,4-ийн 1-д зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд тус тус олгуулж, машины үнэ 11,000,000 төгрөгнөөс илүү гарсан хэсгийг улсын орлогод оруулсугай.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.АРИУНЦЭЦЭГ