Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/836

 

 

 

 

 

 

 

 

2023           08          21                                 2023/ШЦТ/836

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан би,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Хохирогч Б.М,

Гэрч Ц.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баттуяагийн Мт холбогдох эрүүгийн 2309005180674 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “***************************

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Гэрэгэ тауэр” (Gerege tower)-н хажууд талын байрны гадна хардалтын улмаас буюу өөрийн нөхөр Ц.Атэй гэр бүлээс гадуур үүсгэсэн эр эмийн харилцаагаа салгасангүй гэх шалтгаанаар хохирогч Б.М-тай маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2309005180674 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Г.Цогтмагнайгаас: Яллах дүгнэгт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Э.Уянга: “Шүүгдэгчийн гэм буруугийн тал дээр маргаж байгаа тул цагаатгах байр суурьтай оролцохоо илэрхийлж холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцоно” гэж байр сууриа илэрхийлсэн болно.

Хохирогч Б.Маас: “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 02:00 цагийн үед танихгүй дугаараас дуудлага ирсэн. Тэгэхэд Б.М байсан. Тэгээд “би таксиний жолоочийн утсаар ярьж байна, миний блокийг гарга, хүний утсаар хувийн асуудлаа яримааргүй байна” гэсэн. Тэгээд блокийг нь гаргасан 2 цаг гаруй энэ хүнтэй утсаар ярьсан. “Гараад ир” танай гэрийн гадаа байна, танай ажил дээр очих уу?” “аав ээж дээр чинь очих уу” гэж бодож байгаад танай гэрийн гадаа ирлээ гэсэн. Би ийм шөнө орой уулзахгүй гэж хэлсэн. Нэлээд хэдэн дуудлага ирсэн. “Сүүлдээ чи бид хоёрын нэг нь үхэж байж сална, таксины жолоочийн машинд чамайг хүлээнэ” гэж хэлээд салсан. ...Ажил тарах үед “ажлын гадаа ирчихлээ” гэхээр нь гарсан. Үүдэнд гарч ирэхэд байхгүй байсан. Хойшоо зогсоол руу хүрээд ир гэж дуудсан. Тэгээд очиход шууд толгой руу цохисон, цүнхнээс зулгаасан, 2-3 удаа намайг өвдөглөсөн. Тэгээд би газар унасан. Газар уначихсан байхад 2-3 удаа өшиглөсөн. Уушгиндаа гэмтэл авахгүй гээд би биеэ хамгаалсан. Би энэ хүнд түргэн, тусламж дуудмаар байна, цагдаа руу явна гэдгээ хэлсэн. Тэгэхэд цагдаа руу явна гэж байхгүй шүү, би хүүхэдтэй цагдаа дээр очих зав байхгүй гэж хэлсэн. Дахиж чам руу ярихгүй, харин чи цагдаад хэлэхгүй гэдэг хэлэлцээртэй салсан. Би 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ц.Атэй хамгийн сүүлд уулзсан. Маргааш нь дахиж уулзахгүй гэсэн бичиг хийж өгсөн. Тэрнээс хойш нөхөртэй нь уулзаагүй тааралдаагүй байсан. Тэрнээс хойш сар болоод над руу залгадаг зурвас бичдэг байсан. Манай ээж рүү бас хуурамч хаягнаас бичиж байсан. Байнга дарамталж байсан учраас цагдаад гомдол гаргаад энэ асуудлыг нэг тийш нь шийдье гэж бодсон. Нүдний эмнэлэгт үзүүлсэн. Эмчилгээний төлбөрөө нэхэмжилж байгаа. 470,000 гаруй төгрөг байгаа. Цалингаа бас нэхэмжилмээр байна, гэхдээ одоо дахиж ийм асуудалд орооцолдмоогүй байна. Хохирлоо барагдуулж авчихвал гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг өгсөн бол,

Гэрч Ц.А-аас: “Монгол Улсын Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэж,

Шүүгдэгч Б.Моос: “...Энэ болсон явдал манай нөхрийн гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс болсон. Анх 2022 оны 3 дугаар сарын 18 өдөр 22 цагийн үед манай нөхөр их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, гэртээ орж ирээд ариун цэврийн өрөө рүү орсон. Тэр хооронд утас нь дуугарсан. Утсыг нь аваачиж өгөх хооронд мессеж ирсэн, тэрийг нь уншихад зүй бус мессеж ирсэн байсан. Тэгээд нөхрөөсөө ямар шалтгаантай талаар асуусан. Манай 13 настай охин хүртэл мэдээд гэнэтийн байдал бий болсон. Тэр шөнө согтуу байсан учраас юм хүлээж авах чадваргүй байсан бөгөөд тэрээр унтаад өгсөн. Шөнөжингөө бодож байгаад зурвасны эзэн рүү залгасан. Тэгэхэд энэ хохирогч гэх хүн утсаа аваагүй. Өглөө нь нөхрөөсөө асуухад юу ч хэлэхгүй байсан. Хохирогчтой маргааш өглөө нь уулзсан. Б.Мтай удаан ярилцсан, хүний сэтгэлийг яаж ч чадахгүй учраас энэ хүнээ аваад яв гэсэн. Ярилцаад л салж байсан. Гэтэл хохирогч анх уулзаад зодож байсан гэх мэдүүлэг өгсөн байсан. Би үүнийг үгүйсгэж байна. 2021 оны 12 дугаар сарын үед өдөр болгон нөхөр маань гадуур явдаг байсан. Үр хүүхдээ бодоод амьдарч байсан. Бие өвдсөн байсан үед жирэмсэн болсон. Жирэмсэн болсон гэдгээ мэдээгүй. Яг энэ хэрэг болсон үе буюу 2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө болсон. Өдөр нь нөхөртэйтөө хамт байж байгаад орой нь ирээгүй. Гэтэл тэр шөнө нөхөртэйгээ утсаар ярихад доромжилсон байдлаар ярьсан. Тэр үед жирэмсний хордлоготой байсан. Утсаа авахгүй байсан ба олон удаа залгасан. Утсаа аваад ярихад цаана нь эмэгтэй хүн инээгээд байсан. Охин маань өвдөөд сэтгэл санаа хэцүү байсан. Тэгээд Мтай очиж уулзана гэж нөхөртөө хэлэхэд одоо очлоо гэж хэлсэн. Би М руу залгасан. Тухайн үед гэнэт доошоо цус алдсан. Тэгээд маргааш нь 16-ны өглөө эмнэлэг дээр очоод шинжилгээнд ороод үр хөндүүлсэн ба энэ талаар Мд хэлмээр байсан. Ажлынх нь гадаа очоод хүлээсэн. Тухайн үед харих гээд явж байсан. Гэтэл М над руу залгаад “гараад ирлээ, уулзахдаа байсан газар дээрээ хүрээд ир” гэж хэлсэн. “Чи яагаад миний амьдралаас явахгүй байгаа юм бэ?” гэж хэлээд өөрийн мэдэлгүй уураа барьж чадалгүй мөр, хоолой хэсэг рүү нь цохисон. Тэгсэн цаашаа эргээд явчихаар нь цүнхнээс нь татсан. Тэгээд Б.М хойшоо суусан. Тухайн үед хийсэн үйлдэлдээ гэмшсэн. Энэ хүний ярьсан шиг боож чирсэн зүйл болоогүй. Би энэ хүний биед гэмтэл учруулаагүй. Мөр, хоолой хэсэгт нь цохисон. Тэгээд явах гэхээр нь цүнхнээс нь татсан чинь доошоо суусан. ...Би гэр бүлийн бүрэн бүтэн байдлаа алдагдуулсан, гэр бүлийн нандин харилцааг хамгаалж чадаагүй нөхөртөө маш их гомдолтой байна...” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийг нотолбол зохих зүйлийг бүрэн нотолж чадаагүй. Энэ үндэслэл нь нүдний гэмтэл тогтоогдсон, гэмтэл учруулаад байгаа үйл баримтыг бүрэн тогтоогоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс цагаатгах байр суурьтай оролцож байгаа. Учир нь миний үйлчлүүлэгч эхнээсээ тогтвортойгоор мэдүүлэг өгч байгаа. Хохирогчийн хувьд 2 удаагийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, нэг мэдүүлэгтээ чирж явж байгаад өшиглөсөн гэдэг. Дараагийн мэдүүлэгтээ цохиж унагааж байгаад өшиглөсөн юм шиг яриад байгаа. Тонгойгоод суучихсан байхад баруун өвдгөөрөө өвдөглөсөн гэдэг. Баруун өвдгөөрөө өвдөглөхөд яг яасан бэ? гэхээр тодорхой ярьж чаддаггүй. Харин эсрэгээрээ шүүгдэгчийн ярьж байгаа малгай өмсчихсөн байсан, цохиход нь хажуу тийшээ болсон гэдэг дээр намайг нэг нудраад доошоо тонгойход цохисон гэдэг байдлаар мэдүүлгээ өгсөн. Хэрвээ ямар нэг байдлаар цохиход шүүгдэгчийн үйлдлээс болоод нүд нь хавдаад гэмтэл учирсан бол тухайн үед нь зургаа авхуулчихсан, өвчтөний түүх гэх зэрэг зүйлүүд байх байсан. Нуруу руу нь хоёр удаа цохисон, баруун гараараа зүүн талын хүзүү хэсэг рүү нударч цохисон гэдгийг хэлэхэд тэр талаар санахгүй байна гэдэг байдлаар. Хохирогч үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Мэдүүлэг дээр өгсөн зүйлүүдээ нотолж чадахгүй байна. Энэ хэргийг яллах гээд байгаа ганц нотлох баримт нь шүүх шинжилгээний дүгнэлт. Энэ дүгнэлт нь хавтаст хэргийн 42 дугаар талд авагдсан томографийн шинжилгээний хариу бөгөөд уг шинжилгээний хариуг үндэслээд шинжээч дүгнэлтээ гаргахдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-ийг баримтлаад хөнгөн гэмтэл учирсан гэж үзэж байгаа. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдана гэдэг. Мөн цаашлаад Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д цус хуралт буюу зөөлөн эдийн гэмтлийг ямар үед оруулах журмыг заагаад өгчихсөн байгаа. Журмаа цааш нь судлаад үзэхээр 13 дугаар бүлэгт “Зөөлөн эд” гэж байгаа. Биеийн нийт хэмжээний 1 хувь хүртэл талбайг хамаарна гэдэг. Тэгэхээр 1 хувь гэдэг нь шинжлүүлэгчийн алганы хэмжээнд таарсан байна. Гэтэл хохирогчид учирсан зөөлөн эдийн гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 13 дугаар бүлэгт зааснаар зөөлөн эд гэмтсэн байвал гэдэг дээр 61 дээр зааснаар хөнгөн зэргийн гэмтэл нь 1-5 байж үүснэ. 1.5-0.6 см хэмжээ нь хохирочийн алганы хэмжээнээс том байж чадахгүй байна. Иймд хөнгөн зэргийн гэмтэлд орохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх байр суурьтай байна. Яг хаана яаж тэр гэмтлийг үүсгэсэн гэдгийг тогтоогоогүй байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгч түүнийг цагаатгаж өгнө үү. Хэрвээ гэм буруутай асуудлыг шүүх хуульд заасан үндэслэлээр шийдсэн тохиолдолд бид нар хохирол төлбөрийн асуудал дээр ярихгүй бол болохгүй. Энэ баримтуудыг харахад яг тэр нүдний гэмтэлд зарцуулсан баримт байхгүй байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэж,

Улсын яллагчаас: Шүүгдэгч М нь 2023 оны 04 сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ривер Товер байрны гадаа хардалтын улмаас өөрийн нөхөр Ц.Атэй гэр бүлээс гадуурх үүсгэсэн эр эмийн харилцаагаа салгасангүй гэх шалтгаанаар хохирогч Б.Мтай маргалдан улмаар түүний халдашгүй байдалд халдан зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Мын мэдүүлэг, гэрч Б.Ганчимэгийн мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Бадралын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1570 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогч Б.М тухайн үйл баримт болохоос өмнө ямар нэг гэмтэл авсан зүйлгүй байснаа мэдүүлдэг, шинжээчийн дүгнэлтээр “Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэхүү 1-2 хоногийн өмнөх хугацаа нь хэрэг болсон өдөртэй тохирч байгаа. Тиймээс шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй гарсан, хохирогч нүдээ үзүүлсэн баримтаа хэрэгт хавсаргасан байгаа зэргийг үндэслэн хэргийн үйл баримт бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй юм” гэж тус тус мэтгэлцсэн болно.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн мэтгэлцсэн үндэслэлийг хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Гэрэгэ тауэр” (Gerege tower)-н хажуу талын байрны гадна хардалтын улмаас буюу өөрийн нөхөр Ц.Атэй гэр бүлээс гадуур үүсгэсэн эр эмийн харилцаагаа салгасангүй гэх шалтгаанаар хохирогч Б.Мтай маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Б.Мын “... Би өмнө нь Ц.А гэх эрэгтэйтэй хувийн буюу эр эмийн харилцаатай байсан бөгөөд 2022 оны 3 дугаар сард түүний эхнэр Б.М нь энэ тухай мэдэж дахиж Ц.Атэй харьцаагүй юм. Тэгтэл 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж Б.М нь гар утсаар залгаж, мессеж бичиж “Танай гэрт чинь ирчихлээ, гадаа чинь байна, орцоо нээж өг, бид хоёрын нэг нь үхнэ, чамайг алж байж сална, хараарай” гэх мэтээр хэлж эхэлсэн. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Эн Си Пи Плаза” буюу манай ажлын гадаа ирчихсэн байна гэхээр нь гараад уулзчихъя гэж бодоод очсон. Тэгээд Б.М нь “Чи манай нөхрөөс харилцаагаа салгасангүй, чи уулзаад байна” гэж хэлсэн. Тэгээд би “Эн Си Пи Плаза”-аас баруун урд талд байх байранд очоод уулзахад юм ярилгүй дагуулж яваад миний цүнхнээс зулгааж, куртикнээс татаад, газар унагааж чирээд, хөлөөрөө баруун гар руу 2 удаа өшиглөж, нүүр хэсэгт 2 удаа баруун хөлийн өвдгөрөө өвдөглөсөн. Тэгээд намайг чирээд гэр лүүгээ явах гээд байсан. Би “Амьсгалахад хэцүү байна, эмнэлэг явна” гэж хэлэхэд “Чи тэгж чадахгүй, би 3 хүүхэдтэй хүн, одоо энд асуудлаа дуусгая, би чам руу дахиж залгахгүй, харин чи намайг дагаад яв” гэж хэлсэн. Тэгээд би “Эмнэлэг явна” гээд найз Б.Ганчимэгтэй уулзсан. Ингээд цагдаад мэдэгдэхээр ирсэн юм. “Цагдаад битгий хэлээрэй” гэж тэр хүн хэлж байсан. 2022 оны 3 дугаар сараас хойш Б.Мын нөхөр Ц.Атэй огт холбогдоогүй, яриагүй. Өмнө нь Б.М мэдэх үед “Дахиж уулзахгүй” гэж хэлж баталсан юм. Миний баруун нүд хавдаж, хөхөрсөн, хамаг бие хөндүүрлэж байна. Энэ гэмтлийг Б.М ганцаараа цохиж зодож учруулсан юм. Миний бодлоор архи уугаагүй байсан, маск зүүсэн байсан, үнэртсэн зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг,

-Мөн хохирогчийн дахин өгсөн “...Миний биед учирсан гэмтлийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.М гэдэг хүн манай “Ажлын гадна ирсэн байна, чамтай уулзах шаардлагатай байна” гэж хэлээд намайг “Гэрэгэ тауэр”-ийн ард талын зогсоол дээр хүрээд ир” гэж хэлж дуудсан. Тэгээд намайг яваад очиход шууд 2 гараараа миний хүзүүнээс боогоод газарт унагаагаад чирээд баруун хөлөөрөө хөл гэдэс рүү нэлээд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд намайг босох гээд оролдож байхад Б.М нь миний баруун нүдний орчимд өвдөглөсөн. Тэгээд миний нүд тэр дороо хавдсан. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.М нь манай гэрийн гадна ирээд байна гэж хэлээд “Орцны кодоо хэл, би чамайг өглөө болтол хүлээнэ” гээд дарамтлаад байсан. Тэгэхэд нь би “Шөнө орой гэрээсээ гарахгүй” гэж хэлээд орхисон. Тэгээд өдөр нь 18:00 цагийн орчим Б.М нь манай ажлын гадаа ирсэн байсан. Би тэр үед ажлаа хийгээд ажлын байран дээрээ байсан. Ингээд гарч Б.Мтой уулзчихаад, зодуулчхаад ажил дээрээ очоод би өөрийн найз Б.Ганчимэгийг утсаар дуудаад уулзсан. Тэгээд Б.Ганчимэг миний ажил дээр ирээд "Цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай” гэж хэлээд бид 2 хамтдаа цагдаагийн байгууллагад очсон. Тэр үед миний нүд хавдсан байсан. Хохирлыг барагдуулж өгнө үү. Баримтаар гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09, 17 дугаар тал),

-Гэрч Б.Гн “...Би тэр өдөр гэртээ байж байхад миний найз Б.М 19:00 цагийн орчим над руу холбогдсон. Тэгээд надад хэлэхдээ “Нөгөө хүүхэн надтай уулзахаар манай ажил дээр ирсэн байна” гээд нэлээд санаа зовсон байдалтай байсан бөгөөд “Өмнө нь уулзаад алгадуулж байсан” гэж надад хэлж байсан. Тэр хэрэг явдал болдог өдрийн өмнө шөнө нь “Гэрийнх нь гадаа хутгатай ирсэн байгаа” талаараа Б.Мд хэлсэн гэж ярьж байсан. Тэгээд Б.М руу утсаараа залгаад “Гэрийн чинь гадаа байна, өнөө шөнө чи бид хоёрын нэг нь л амьд үлдэнэ” гэх зэргээр хэлсэн байсан. Би энэ талаар өмнө нь сонссон учраас Б.Мыг “Нөгөө хүүхэн уулзахаар ирсэн байна гэнэ” гэж хэлэхээр нь санаа зовоод байж байсан бөгөөд ингэж хэлснээс нь хойш 15 минутын дараа утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд нэлээд байж байгаад утсаа аваад “Амьсгалж чадахгүй байна” гэж хэлээд олигтой сайн ярьж чадахгүй байсан. Тэгээд хаана байгаа талаар нь асуухад “Ажлынхаа гадаа байна” гэж хэлсэн. Тэгээд би яваад очиход Б.М ажлынхаа хашаан дотор машин дотроо ганцаараа сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “Нөгөө хүүхэн чинь дуудаад байрнуудын завсраар ороод дагуулж яваад баахан зодсон, өшиглөсөн” гэж хэлсэн. Тэр үед Б.Мын уушги нь өвдсөн байсан юм. Тэгээд байрны дунд Б.Мыг зодож байхад нь би утсаар залгаж таарсан юм байна лээ. Тэгээд намайг утсаар залгахад Б.М “Амьсгалж чадахгүй байна” гэж хэлэхэд нөгөө хүүхэн нь “Битгий жүжиглээд бай” гэж хэлээд дахин зодоод байсан гэсэн. Тэгээд нөгөө хүүхэн нь Б.Мыг цааш нь чангаагаад байрны булан руу харанхуй хэсэг рүү авч явах гээд байсан гэсэн. Өмнө нь Б.М нь тухайн эмэгтэйн нөхөртэй нь хамт ажилладаг байхдаа дотно харилцаатай болсон юм байна лээ. Энэ талаар эхнэр нь мэдээд Б.Мтай уулзсан байсан. Тэгэхдээ алгадсан гэсэн. Тэгээд Б.Маар “Нөхөртэй нь дахин уулзахгүй” гэсэн гар өргөдөл бичүүлж авсан байсан. Ийм асуудал болж байсан. Тэрнээс хойш уг хүүхэн нь Б.Маас 10,000,000 төгрөгийг нэхсэн байсан. Сэтгэл санааны хохирол гэж нэхсэн гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Бадралын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “...1. Б.Мын биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх 1570 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэргийг “хүнд”, “хүндэвтэр”, хөнгөн” гэж ангилах бөгөөд “хөнгөн” гэмтлийн тухайд 2 шалгуур шинжээр гэмтлийн зэргийг тогтоохоор зохицуулжээ.

Шинжээч дээрх шалгуур шинжээс тус журмын 2.4.1-д заасан “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж үзэж хохирогчид учирсан гэмтлийг хөнгөн зэргээр тогтоожээ.

Өмгөөлөгчийн зүгээс “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т заасан “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” гэх шалгуур шинжийг тайлбарлаж мэтгэлцсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр дүгнэсэн /Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасныг/-ийг үгүйсгэж чадаагүй болно.  

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч Б.М нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан, гэр бүлийн үнэнч биш харилцаа зэрэг нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Б.М эмчилгээний төлбөрт 471,405 төгрөгийн хохирлын баримт бүрдүүлж шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Моос 471,405 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэж, хохирогч “эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор хэлэх зүйл байхгүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна, хүүхдүүдээ хараад гэртээ байж байгаа, одоогоор ажилгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Б Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 450,000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 471,405 /дөрвөн зуун далан нэгэн мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг гаргуулж хохирогчид олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН