| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2020/00425/И |
| Дугаар | 182/ШШ2020/01134 |
| Огноо | 2020-05-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2020/01134
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .... оршин суух Х.З-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .... оршин суух Б.Да,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .... оршин суух Б.До нарт холбогдох
Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50.000.000 төгрөг, хохирол 3.150.000 төгрөг, нийт 53.150.000 төгрөг гаргуулах,
Хариуцагч Б.Да-ын сөрөг нэхэмжлэлтэй Х.З-т холбогдох 14.910.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 6.-8. УНЕ улсын дугаартай Toёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг ямар ч будаг, замаска хийгдээгүй, эвдрэл гэмтэлгүй гэж танилцуулсан. Ингээд бид урьдчилгаа 50.000.000 төгрөгийг түүний дансанд нь байршуулж, манай гэрийн гадаа машиныг үлдээн, 10 хоногийн дараа үлдэгдэл 10.500.000 төгрөгийг шилжүүлэх, үзлэг, оношлогоо хийлгэсний дараа Х.З-ын нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр тохиролцсоноор Ц.Т автомашиныг манай хашаанд үлдээгээд түлхүүр, тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваад явсан.
Маргааш нь уг автомашиныг хүнд үзүүлэхэд “засварт орсон байна” гэхээр нь Ц.Т рүү “автомашинаа ав, би авахаа болилоо, надад худлаа хэлсэн байна” гэхэд тэрээр “тэгье” гэснээс хойш утсаа авахаа больсон. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх автомашин нь Б.Да , Б.До нарынх болох нь тогтоогдсон ба Ц.Т нь Б.Да, Б.До нарын аман зөвшөөрлөөр автомашиныг худалдсан болох нь тэдний гэрчээр мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон.
Ц.Т нь 50.000.000 төгрөгийг Б.До-ийн Хаан банкны данс руу шилжүүлж, Б.До-ээс Б.Да-ын данс руу шилжүүлэгдэн, уг мөнгөөр Б.Да зээлээ төлсөн болох нь тогтоогдсон.
Х.З нь дээрх 50.000.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн жилийн 5,4 хувийн хүүтэй, хугацаагүй хадгаламжаас авч өгсөн. Хэрэв хадгаламжиндаа хэвээр байсан бол хүү нь 3.150.000 төгрөг болох байсан. Энэ нь Ц.Т рүү шилжүүлснээс хойших буюу 15 сарын хугацааны хүү гэж тооцож байна. Хариуцагч нараас болж өнөөдрийг хүртэл хохирсоор байна.
Х.З нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50.000.000 төгрөгийг буцаан шаардаж байгаа.
Худалдагч тал гэрээний дагуу авто машиныг үзлэг оношилгоонд оруулах, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, шилжүүлсэн мөнгөө, хохирлын хамт шаардах эрхтэй.
Иймд Б.Да, Б.До нартай байгуулсан автомашин худалдах, худалдах авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 50.000.000 төгрөг, хадгаламжийн хүү 3.150.000 төгрөг, нийт 53.150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Да, Б.До нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.З нь Б.Да-ын 65.000.000 төгрөгөөр зарах байсан 6.-8. УНЕ улсын дугаартай Toёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг танилаараа яриулж, шалгаж үзээд 60.500.000 төгрөгөөр авсан.
Тухайн үед бид тохиролцоход уг автомашин нь 2008 онд үйлдвэрлэгдсэн, Монголд тодорхой хугацаанд хэрэглэгдэж байсан гэдгийг ойлгож, бүх нөхцөлийг зөвшөөрч авсан.
Х.З нь үлдэх төлбөрийг 10 хоногт багтаан төлөх, 10 хоногийн дотор гэрээнээс татгалзаж болох талаар тохиролцсон. Тухайн үед автомашиныг Х.З-ын Дарь-Эхийн хашаанд байрлах гражид нь үлдээж, автомашины гэрчилгээ, түлхүүрийг 10 хоногийн дараа төлбөр төлөх, гэрээнээс татгалзах хугацаа дуусахаар өгөхөөр тохиролцсон.
Гэтэл тэр үеэс худалдан авагч нь сураггүй болж, утас нь холбогдохгүй байсаар 2019 он гараад, цагаан сарын дараа Цагдаагийн байгууллагаас дуудаж,тайлбар өг гэсэн. Цагдаагаас энэ асуудлыг шалгаад, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба цагдаагийн шаардсанаар түлхүүр, гэрчилгээг өгсөн.
Х.З нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл мөнгөө өгөх, мөн энэ өдрөөр гэрээнээс татгалзах хугацаа дуусгахаар тохиролцжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй, мөн гэрээнээс татгалзах тухай гомдлоо хугацаандаа гаргаагүй тул гомдол гаргах, гэрээнээс татгалзах эрхээ алдсан. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсэхгүй юм.
Худалдагч нь уг тээврийн хэрэгслийг худалдахдаа биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд үүнийг тухайн үед худалдан авагч нь өөрийн биеэр хүлээн зөвшөөрч, төлбөрийн 85 орчим хувийг төлж барагдуулан, өөрийн мэдлийн гражид хүргүүлсэн байдаг. Энэ нь тухайн үед уг тээврийн хэрэгсэл нь биет байдлын доголдолгүй байсныг нотолсон нотолгоо юм.
Иргэний хуулийн 255 зүйлийн 255.1.1-д “Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана” гэж хуульчилжээ
Хэрэв гэрээний гол нөхцөл болох тээврийн хэрэгслийн гадна байдлыг мэргэжлийн эсвэл зохих байгууллагаар хэмжүүлж, шалгаж, эд хөрөнгөө хүлээн авах, энэ байдлаар эд хөрөнгөө аваагүй бол худалдан авагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдана гэж Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар зөвлөмжид дурдсан.
Худалдагч нь худалдан авагчид уг автомашиныг худалдан авахыг шаардаагүй, харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдан авсан байдаг. Худалдсан тээврийн хэрэгсэл нь тухайн оны улсын үзлэг оношилгоонд орсон, биет байдлын болон эрхийн доголдолгүй тээврийн хэрэгслийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т “үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй” гэж заасан байна
Өөрөөр хэлбэл “үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийг биет байдлын болон эрхийн доголдолгүй” гэж үзнэ.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Талуудын хооронд зээлийн болон мөнгөн хадгаламжийн гэрээ хийгдээгүй ба хадгаламжийн мөнгөний хүү төлөх эрх үүсээгүй. Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр танил талаар яриулж, Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг хямд үнээр худалдан авсан.
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Б.Да-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Да хүрээ техникийн захаас дүү Д.До-ийн эзэмшлийн 65.000.000 төгрөгөөр зарж байсан 6.-8. УНЕ улсын дугаартай Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг Х.З нь танилаараа яриулан 60.500.000 төгрөгөөр худалдан авах болсон. Урьдчилгаанд 50.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдэх төлбөрийг 10 хоногт багтаан төлөхөөр тохиролцсон. Гэтэл худалдан авагч гэрээний үүргээ зөрчин төлбөрийг төлөөгүй, улмаар холбогдох боломжгүй болсон.
Иймд Х.З-аас автомашины төлбөрийн үлдэгдэл 10.500.000 төгрөг, банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 14 сарын хүү 4.410.000 төгрөг, нийт 14.910.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б.Да, Б.До нар үндэслэлгүй, худал тайлбар гаргаж байна.
Сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа зүйл нь уг автомашиныг авахын тулд 100.000.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн гэж байна. Б.Да нь автомашины ченж, маргаан бүхий 6.-8. УНЕ улсын дугаартай автомашиныг худалдаж аваад, засаж янзалсан тухайгаа мэдүүлсэн байдаг. Зөвхөн уг автомашиныг худалдаж авах гэж банк бус санхүүгийн байгууллагаас 100.000.000 төгрөг зээлсэн гэсэн нь үндэслэлгүй байна. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан нь иргэн Х.З-т хамааралгүй.
Х.З нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байх тул үлдэгдэл төлбөр, хохирлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.З нь Б.Да, Б.До нарт холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хохирол 3.150.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 53.150.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /х.х-ийн 1-2, 89-90 тал/
Хариуцагч Б.Да нь Х.З-т холбогдуулан автомашины үлдэгдэл төлбөр 10.500.000 төгрөг, хохирол 4.410.000 төгрөг, нийт 14.910.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. /х.х-ийн 61-62 тал/
Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Х.З нь хариуцагч Б.Да, Б.До нараас 53.150.000 төгрөг нэхэмжлэхдээ “доголдолтой автомашин худалдсан тул автомашины урьдчилгаанд төлсөн 50.000.000 төгрөг, хохиролд 15 сарын хадгаламжийн хүү 3.150.000 төгрөг гаргуулах”, харин хариуцагч Б.Да, Б.До нар нь “автомашиныг шалгаж авсан, доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгсөн, шаардах эрхээ алдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Б.Да нь автомашины, үлдэгдэл төлбөр 10.500.000 төгрөг, хохиролд зээлийн хүү 4.410.000 төгрөгийн хамт 14.910.000 гаргуулна гэх тайлбар тус тус гарган, сөрж, мэтгэлцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигчид өөрийн гаргасан шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүргийг хуулиар хүлээдэг.
Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Б.Да, Б.До нь Ц.Т-д Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашин худалдах аман зөвшөөрөл олгосны үндсэн дээр Ц.Т нь Х.З-т 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 6.-8. УНЕ улсын дугаартай Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг 60.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 50.000.000 төгрөг авч, автомашиныг хүргэн өгч, улмаар автомашины үзлэг оношилгоо хийлгэх, тээврийн хэрэгслийн бичиг баримт, эзэмших эрхийг шилжүүлэн өгөх, 10 хоногийн дараа үлдэгдэл 10.500.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 24-34 тал/
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 68 дугаар зүйлийн 68.2-т зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болдог тул хариуцагчаар Б.Да, Б.До нарыг татаж байгаа нь дээрх хуулийн заалтад нийцжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах” үүргийг тус тус хүлээдэг байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үйл баримтыг зөвшөөрч байгаа болно.
Харин гэрээний зүйл болох автомашин биет байдлын доголдолтой байсан эсэх талаар талууд маргаж байна.
Худалдагч нь худалдаж буй эд хөрөнгийн талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, 243 дугаар зүйлийн 243.2-т тус тус заажээ.
Ингэснээр худалдагч нь худалдаж буй эд хөрөнгийн талаар буюу ...хуучин засварт орж байсан, гэмтэл, будаг хийлгэсэн эсэх, эрхийн доголдолтой эсэх талаар үнэн зөв мэдээллийг худалдан авагч талд өгснөөр худалдан авагчид эд хөрөнгийн доголдлын талаар аливаа шаардлага тавих эрх үүсэхгүй, худалдагч нь үүсэж болзошгүй хариуцлагаас урьдчилан хамгаалахад ач холбогдолтой гэж үздэг байна.
Нэхэмжлэгч Х.З автомашиныг хүлээн авсны дараа “автомашинд будаг, замаска хийлгэсэн, засварт орсон“ гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, энэ тухайгаа Ц.Т-д мэдэгдэж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-23 тал/
Хэрэгт баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4..5 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай“, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн” тэмдэглэл, 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа зэргээс дүгнэхэд Х.З нь Ц.Т-өөс худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан автомашины талаарх гомдлоо цагдаагийн байгууллагад гаргаж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан шалгаж, “залилах гэмт хэргийн шинжгүй“ гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болох нь талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн бол худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй“ гэж заасан байх тул Х.З нь гомдлын шаардлагыг, хуулиар тогтоосон баталгаат хугацаанд нь гаргасан гэж үзэхээр байна. /х.х-ийн 4-5 тал/
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх талаар мөн зүйлийн 251.2-т зохицуулжээ.
Худалдан авагч автомашиныг шалгаж авсан хэдий ч эд хөрөнгийн доголдолтой гэх үндэслэлээр татгалзаж, энэ тухайгаа худалдагч талд мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Эд хөрөнгийн чанарын доголдол нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах үед ч, ашиглалтын явцад ч илрэх магадлалтай тул доголдолтой эд хөрөнгө худалдсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй.
Түүнчлэн хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлаа өөрөө нотлох хэргийн оролцогчийн үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
Хариуцагч Б.Да, Б.До нар нь эгч дүүс, харилцан хамаарал бүхий этгээдүүд, маргаан бүхий 6.-8. УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Б.До-ийн нэр дээр бүртгэлтэй, худалдах, худалдан авах гэрээний нэг тал гэж үзэх ба хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүх хуралдаанд тайлбар гарган, мэтгэлцэж байх тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.11-д тус тус зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч үзнэ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д “Энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй“ гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч Х.З нь хариуцагчаар Б.Да, Б.До нарыг татаж, худалдсан эд хөрөнгө доголдолтойн улмаас гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шаардаж байх тул хариуцагч нараас 50.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.З-т олгож, Х.З-аас 6.-8. УНЕ улсын дугаартай Тоёота Ланд Крузер 200 маркийн автомашиныг гаргуулж, Б.Да, Б.До нарт олгон, үндсэн нэхэмжлэлээс хохиролд шаардсан 3.150.000 төгрөг гаргуулах болон Б.Да-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь нэхэмжлэгч Х.З нь хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцон 15 сарын хүү 3.150.000 төгрөг, хариуцагч Б.Да нь “Прогресс капитал” банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд үндэслэж, зээлийн хүүд төлсөн 4.410.000 төгрөгийг тус, тус хохиролд шаардаж байгаа боловч энэ хэмжээний хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Ж. ЦЭНГЭЛ