Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 113/ШШ2022/0003

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг  баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Гантулга трейд” ХХК (РД:2010097),

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Ариунзаяа,

Хариуцагч: Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Батсугир,

Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Оюунсайхан,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Доржханд, Д.Мядагмаа, Л.Олзбаяр,

Гуравдагч этгээд: “Дорнын говь” ХХК (РД:2010259),

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жавхлантөгс,

Гуравдагч этгээд: “Говьсанрайс” ХХК (РД:2552981), төлөөлж Гүйцэтгэх захирал А.Алтан-Очир нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Х.Ариунзаяа, хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батсугир, Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунсайхан, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Олзбаяр, гуравдагч этгээд “Дорнын говь” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жавхлантөгс, өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, гуравдагч этгээд “Говьсанрайс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Алтан-Очир, өмгөөлөгч Э.Даваасүрэн, шинжээч Х.Энхбат, У.Баярсайхан /бүгд цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорноговь аймгийн Засаг дарга, тус аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдуулан:

- Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9/07 дугаар тогтоолын “Гантулга трейд” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсэг,

- Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр захирамжийн “Гантулга трейд” ХХК-д холбогдох хэсэг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/203 дугаар шийдвэрийн “Гантулга трейд” ХХК-д холбогдох хэсэг,

- Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/256 дугаар захирамжийн “Говь санрайс” ХХК-д холбогдох хэсгүүд, “Говь санрайс” ХХК-д Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Хүнсний үйлдвэрийн орчим 2 га газар олгосон Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/374 дүгээр захирамжийн “Говь санрайс” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, маргасан.

Хэргийн оролцогчдын хооронд байгуулсан 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Эвлэрлийн гэрээ”-нд: ... “Гантулга трейд” ХХК нь хуучин хүнсний үйлдвэрийн барилгын хашаа болон гүний худаг, зоорийн хэсгийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 1999 оны 03 сарын 22-ны өдрийн 27 тоот захирамжийн хавсралтын 37 дох хүснэгтэнд заасан 31893,5 мкв газрыг дангаар эзэмшиж байсан болохыг,

Мөн, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 сарын 21-ний өдрийн 9/07 тоот тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу “Говьсанрайс” ХХК-д 2 га газар олгохдоо батлагдсан солбицлыг өөрчилж, төлөвлөснөөс өөр газар буюу хуучин хүнсний үйлдвэрийн ногооны зоорь байсан газарт 4062 мкв газрыг давхцуулан олгосон болохыг,

Мөн, “Говьсанрайс” ХХК нь Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 19-ний өдрийн А/225 тоот захирамжаар 3700 мкв талбайг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрч байгаа болохыг тус тус ТЭМДЭГЛЭН дараах нөхцлөөр эвлэрч байна:

1. Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага /Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011.12.21-ний өдрийн 9/07 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 11 дэх хэсэг буюу 2-р баг, Хүнсний үйлдвэрийн зүүн талд, Орон сууцны хороолол барих зориулалтаар 2 га газар олгохоор төлөвлөн баталсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох/-ын хүрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагаас татгалзаж байна.

2. Нэхэмжлэлийн 2, 3 дугаар шаардлага /Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2004.12.04-ний өдрийн 174 дүгээр захирамжийн “Гантулга трейд” ХХК-д холбогдох хэсэг буюу 1 дүгээр хавсралтын 38 дахь эгнээ, 2017.07.25-ны өдрийн А/203 дугаар захирамжийн “Гантулга трейд” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бусад тооцуулах/-ын хүрээнд:  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 2, 3 дугаар шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

3. Нэхэмжлэлийн 4 дүгээр шаардлага /Дорноговь аймгийн Засаг даргын 2012.04.23-ны өдрийн А/256 дугаар захирамжийн 2 дугаар хавсралт, 4 дөх хэсэг буюу 2-р багийн нутаг дэвсгэр, хүнсний үйлдвэрийн зүүн талд орон сууцны зориулалттай 2 га газарт төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай актыг илт хууль бусад тооцуулах/-ын хүрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 4 дүгээр шаардлагаас татгалзаж байна.

4. Нэхэмжлэлийн 5 дугаар шаардлага /аймгийн Засаг даргын 2012.06.27-ны өдрийн А/374 дүгээр захирамжаар “Говьсанрайс” ХХК-д 2 га газар олгосон хэсгийг илт хууль бусад тооцуулах/-ын хүрээнд: Нэхэмжлэгч болон хариуцагч Дорноговь аймгийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга, гуравдагч этгээд “Говьсанрайс” ХХК нар харилцан тохиролцож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 11 дэх хэсэг буюу “Говьсанрайс” ХХК-д 2 га олгохоор баталсны дагуу А/374 тоот захирамжаар олгосон 2 га газрыг бүхэлд нь бус зөвхөн 9/07 тоот тогтоолоор батлагдсан солбицлыг өөрчилж хуучин хүнсний үйлдвэрийн ногооны зоорьтой давхцуулж олгосон дараах

  1. 431727.48                   4970463.61
  2. 431817.25                   4970450.79
  3. 431827.40                   4970424.86
  4. 431759.12                    4970392.03

солбицолд байрлах 4062 м.кв талбайг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хэсэгчлэн хүчингүй болгохыг зөвшөөрч байна. Дээрх эвлэрлийн хүрээнд:

1. Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь талуудын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг үндэслэн “Говьсанрайс” ХХК-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/07 дугаар тогтоолоор батлагдсан солбицлыг өөрчилж хуучин хүнсний үйлдвэрийн ногооны зоорьтой давхцуулж олгосон дээрх солбицолд байрлах 4062 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгох;

2. Талуудын эвлэрлийг баталгаажуулсан Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Дорноговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Говьсанрайс” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, Дорноговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Говьсанрайс” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг тус тус үндэслэн “Говьсанрайс” ХХК нь Сайншанд сумын 7 дугаар баг, танктай овоо орчимд цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар газар эзэмшихээр хууль журмын дагуу хүсэлт гаргасан тохиолдолд Дорноговь аймгийн Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж газрыг шилжүүлэн олгох;

3. Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 19-ний өдрийн А/225 тоот захирамжаар “Говьсанрайс” ХХК-ийн эзэмшиж байсан газраас хэсэгчлэн хүчингүй болгосон 3700 м.кв газрыг “Гантулга трейд” ХХК нь газар эзэмшихээр хууль журмын дагуу хүсэлт гаргасан тохиолдолд Дорноговь аймгийн Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж олгох;

4. Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь “Говьсанрайс” ХХК-д Дорноговь аймгийн Засаг даргын А/225 тоот захирамжаар хэсэгчлэн хүчингүй болгосон 3700 м.кв, энэхүү Эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн дагуу хүчингүй болгосон 4062 м.кв талбайг хасч үлдсэн талбайд газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох;

5. “Говьсанрайс” ХХК нь Дорноговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Гантулга трейд” ХХК-ийн гуравдагч этгээдээр оролцож буй хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас нь бүхэлд нь татгалзах;

6. “Говьсанрайс” ХХК нь Дорноговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Гантулга трейд” ХХК-ийн гуравдагч этгээдээр оролцож буй хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах;

Хэргийн оролцогч талууд энэхүү эвлэрлийг гэрээг харилцан тэгш эрх сайн дурын үндсэн дээр, бусдын нөлөөнд авталгүйгээр, үр дагаврыг ухамсарлан ойлгож, гэрээний нөхцлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч байгуулж байгаа болно.

Талууд Эвлэрлийн гэрээ байгуулж шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар энэхүү гэрээний нөхцлийн талаар дахин шүүх арбитр, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож байгаа болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа “Гантулга трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорноговь аймгийн Засаг дарга, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд харилцан тохиролцож 2022 оны 05 дугаар сарын12-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батсугир шүүхэд гаргасан хүсэлтдээ: ““Гантулга трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцуулсан захиргааны хэргийн талуудын эвлэрлийн гэрээнд хэн нэгний нөлөөнд автахгүй өөрийн хүсэл зоригоор үзэл бодлоо илэрхийлсэн тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: ““Гантулга трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорноговь аймгийн Засаг дарга, Сайншанд сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд уг хэргийн оролцогчид эвлэрлийн журмаар шийдвэрлэж байгаа тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ““Гантулга трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж байгаа хэргийн оролцогчдын эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Дорнын говь” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа “Гантулга трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорноговь аймгийн Засаг дарга, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт Гуравдагч этгээдээр оролцож буй “Дорнын говь” ХХК нь талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг зөвшөөрч байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Говьсанрайс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Алтан-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эвлэрлийн гэрээний нөхцлийг уншаад, гэрээний нөхцөл манай компанийн эрх ашгийг зөрчихгүй гэж үзээд гэрээний нөхцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай, хариуцагч нь нэхэмжлэгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд тус хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарыг үсгээ зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээд /тухайлбал гуравдагч этгээд/-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь эвлэрлийн гэрээ, уг гэрээний нөхцлийг зөвшөөрч гуравдагч этгээд “Говьсанрайс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Алтан-Очир, “Дорнын говь” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар гарын үсэг зурж баталгаажуулсан зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ /эвлэрлийн нөхцөл/-ний 1, 2, 3 дугаарт заасан 4 нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж[1], үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг “Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20211 оны 9/07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 11 дэх хэсэг буюу “Говьсанрайс” ХХК-д 2 га олгохоор баталсны дагуу аймгийн Засаг даргын 2012 оны А/374 тоот захирамжаар олгосон 2 га газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 9/07 дугаар тогтоолоор батлагдсан солбицлыг өөрчилж хуучин хүнсний үйлдвэрийн ногооны зоорьтой давхцуулж олгосон[2] 4062 м.кв талбай бүхий хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” гэж тодруулан өөрчилснийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх солбицолд байрлах 4062 м.кв газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгохыг зөвшөөрч буйгаа эвлэрлийн гэрээнд зааж,

- “Говьсанрайс” ХХК нь Сайншанд сумын 7 дугаар баг, танктай овоо орчимд цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар газар эзэмшихээр хууль журмын дагуу хүсэлт гаргасан тохиолдолд Дорноговь аймгийн Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж газрыг шилжүүлэн олгох,

- Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 19-ний өдрийн А/225 дугаар захирамжаар “Говьсанрайс” ХХК-ийн эзэмшиж байсан газраас хэсэгчлэн хүчингүй болгосон 3700 м.кв газрыг “Гантулга трейд” ХХК нь газар эзэмшихээр хууль журмын дагуу хүсэлт гаргасан тохиолдолд Дорноговь аймгийн Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж олгох;

- Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь “Говьсанрайс” ХХК-д аймгийн Засаг даргын 2020 оны А/225 дугаар захирамжаар олгосон газраас хэсэгчлэн хүчингүй болгосон 3700 м.кв, /2012 оны А/374 дүгээр захирамжаар эзэмшиж байсан газраас/ хүчингүй болгосон 4062 м.кв талбайг хасч үлдсэн талбайд газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох;

- “Говьсанрайс” ХХК, “Гантулга трейд” ХХК-иуд нь Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус хэлэлцэгдэж буй хэрэг маргааныг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзах хэлбэрээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх; зэргээр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх, маргааныг эвийн журмаар шийдвэрлэх арга замаа тодорхойлсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасантай нийцжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тусын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон[3], эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунзаяа, хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батсугир, Дорноговь аймгийн Засаг даргыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунсайхан, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр нар гарын үсэг зурж баталгаажуулсан; гуравдагч этгээд “Говьсанрайс” ХХК, “Дорнын говь” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд болон А.Алтан-Очир, Б.Ганхуяг нар дээрх гэрээний нөхцлийг зөвшөөрч, түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэдгээ илэрхийлэн гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг урьдчилан танилцуулсан бөгөөд үүнийг харилцан зөвшөөрч энэхүү гэрээг байгуулж, баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Гантулга трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунзаяа, хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батсугир, Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюунсайхан, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр нарын хооронд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан буулт хийж, тохиролцсон буюу гуравдагч этгээд “Говьсанрайс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Алтан-Очир, “Дорнын говь” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын зөвшөөрсөн:

а/ Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9/07 дугаар тогтоолын “Гантулга трейд” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсэг, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр захирамжийн “Гантулга трейд” ХХК-д холбогдох хэсэг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/203 дугаар шийдвэрийн “Гантулга трейд” ХХК-д холбогдох хэсэг, Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/256 дугаар захирамжийн “Говьсанрайс” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан;

б/ Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 11 дэх хэсэгт “Говьсанрайс” ХХК-д 2 га газар олгохоор баталсны дагуу Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны А/374 дугаар захирамжаар олгосон 2 га газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 9/07 дугаар тогтоолоор батлагдсан солбицлыг өөрчилж хуучин хүнсний үйлдвэрийн ногооны зоорьтой давхцуулж олгосон 4062 м.кв талбай бүхий хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, Дорноговь аймгийн Засаг даргаас дээрх солбицолд байрлах “Говьсанрайс” ХХК-ийн 4062 м.кв газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох; үндсэн нөхцөлтэй,

в/ Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь “Говьсанрайс” ХХК-д аймгийн Засаг даргын 2020 оны А/225 дугаар захирамжаар олгосон газраас хэсэгчлэн хүчингүй болгосон 3700 м.кв, аймгийн Засаг даргын 2012 оны А/374 дүгээр захирамжаар эзэмшиж байсан газраас хүчингүй болгосон 4062 м.кв талбайг хасч үлдсэн талбайд газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох;

г/ “Говьсанрайс” ХХК нь Сайншанд сумын 7 дугаар баг, танктай овоо орчимд цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар газар эзэмшихээр хууль журмын дагуу хүсэлт гаргасан тохиолдолд Дорноговь аймгийн Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж газрыг шилжүүлэн олгох,

д/ Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 03 сарын 19-ний өдрийн А/225 дугаар захирамжаар “Говьсанрайс” ХХК-ийн эзэмшиж байсан газраас хэсэгчлэн хүчингүй болгосон 3700 м.кв газрыг “Гантулга трейд” ХХК газар эзэмшихээр хууль журмын дагуу хүсэлт гаргасан тохиолдолд Дорноговь аймгийн Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж олгох;

е/ “Говьсанрайс” ХХК, “Гантулга трейд” ХХК-иуд нь Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус хэлэлцэгдэж буй хэрэг маргааныг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзах хэлбэрээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх; зэрэг нэмэлт нөхцөлтэй байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорноговь аймгийн Засаг дарга болон Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад тус тус холбогдох “Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 9/07 дугаар тогтоолын “Гантулга трейд” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай хэсэг, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 174 дүгээр захирамжийн “Гантулга трейд” ХХК-д холбогдох хэсэг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/203 дугаар шийдвэрийн “Гантулга трейд” ХХК-д холбогдох хэсэг, Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/256 дугаар захирамжийн “Говь санрайс” ХХК-д холбогдох хэсэг, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9/07 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 11 дэх хэсэг буюу “Говьсанрайс” ХХК-д 2 га олгохоор баталсны дагуу аймгийн Засаг даргын А/374 дугаар захирамжаар олгосон 2 га газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 9/07 дугаар тогтоолоор батлагдсан солбицлыг өөрчилж хуучин хүнсний үйлдвэрийн ногооны зоорьтой давхцуулж олгосон 4062 м.кв талбай бүхий хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохтухай шаардлага бүхий “Гантулга трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулж, баримт үйлдэхийг шүүгчийн туслах Э.Бямбатогтоход даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ГАНЗОРИГ

 

 

[2] Хэргийн V хавтасны 220 дахь талд авагдсан, 4410088370 нэгж талбарын дугаартай, “Говьсанрайс” ХХК-ийн газрын кадастрын зурагт тодорхойлсон солбилцол бүхий газар.

[3] Хэргийн VI хавтасны 133 дахь талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунзаяад, 158-159 дэх талд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батсугир, Ц.Оюунсайхан нарт тус тус олгосон итгэмжлэл авагдсан.