Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     2023           10          09                                        2023/ШЦТ/96

      

          

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Н

 Улсын яллагч                                                С.Б

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Д.Ц

 Шүүгдэгч                                                     Н.Б нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 19......... оны ........ дугар сарын ..........-ны өдөр ........... дүүрэгт төрсөн, ......... настай, .........., .......... боловсролтой, ............. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........, ..........хамт, Багануур дүүргийн ........... дугаар хороо, ................ дугаар гудамжны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ............. овгийн Н-н Б /РД:.........../.

Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Г-н нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчим морио услахаар Багануур дүүргийн ........ дүгээр хороо, “...........”-ын амралт газар луу нэг морио унаад нэг морио хөтлөөд явсан. Би гэрээсээ гарахдаа 0.500 граммын нэг пиво уугаад гарсан бөгөөд миний морио усалдаг газарт байсан танихгүй хүмүүс намайг дуудаад байхаар очиход ширээний ард сууж байсан махлаг шар царайтай эрэгтэй хүн “чи муу надтай юм яриад яадаг юм бэ?” гэж хэлээд намайг цохих гэж дайрсан ба хажууд сууж байсан эрэгтэй хүн бас босоод ирсэн. Би доошоо сууж босоод босохдоо өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж баруун гараараа нэг удаа цохих шиг болоод хойш ухраад хартал намайг цохих гэж байсан эрэгтэй хүн биш хажууд нь сууж байсан эрэгтэй хүнийг цохьсон байсан. Хүний биед халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 98-99, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч О.Г-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тэр өдөр эхнэр хүүхдүүд болон найз С-н хамт салхинд гарахаар болж Багануур дүүргийн ............ дүгээр хорооны “.......”-ын амралтын газрын тийшээ голын эрэгт очсон. Тэгээд найзынхаа хамтаар 2 шил архи хувааж уугаад амрах гэж байтал цагаан өнгийн нохой дагуулсан, морьтой үл таних хүн бид хоёр дээр ирээд “та нартай цуг бараа болоод хоноглоод явъя” гэж хэлэхээр нь найз бид хоёр тэг тэг гэсэн. Тэгээд нөгөө хүн майханаа барьчихаад буцаж бид хоёр дээр ирээд “та нарын хажууд хонох гэтэл та нар дургүйцээд байна” гэж хэлээд хэрүүл өдөж эхэлсэн. Манай найз С “тийм зүйл байхгүй шүү дээ” гэж хэлээд бостол нөгөө залуу манай найзыг заамдаж аваад зууралдаж эхэлсэн бөгөөд би дундуур нь ороод салгаад байж байтал нөгөө танихгүй залуу миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авсан. Би цохиулснаасаа болоод ширээн дээр унасан ба аман дотор хоёр шүд сул байгаа нь мэдрэгдсэн. Би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, найзыгаа салгаад болиулаад байж байтал гэнэт намайг цохьсон. Миний дээд хэсгийн урд хоёр шүд унасан, уруул язарч 5 оёдол тавиулсан, өөр гэмтэл байхгүй. Миний хувьд гомдолтой байна, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 6-8),

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Цаг орой болж хүүхдүүддээ машинд ор засаад унтуулаад байж байтал бид нар дээр хүн ирэх шиг болсон. Удалгүй 3 эрэгтэй хүн хоорондоо ярилцаж байснаа маргалдаж ширээ сандал унах шиг болохоор нь би гарч ирээд хартал үл таних эрэгтэй хүн С-той маргалдаад зууралдаад байсан. Манай нөхөр Г хажууд нь очоод салгах гээд байж байтал нөгөө танихгүй залуу манай нөхрийн нүүр лүү нь нэг удаа цохиод авсан. Манай нөхөр голын эргээс амаа угаачихаад гараараа дараад ирээд шүд уначихлаа гээд хоёр шүд амнаасаа гаргаж ирээд надад харуулсан...” гэх мэдүүлэг (хх-н 16-17),

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...шөнө 02 цагийн үед  буурал өнгийн хөтөлгөө 2 морьтой, цагаан өнгийн нохой дагуулсан үл таних эрэгтэй хүн бид нар дээр ирээд “морь мал ядарчихлаа, амраая, та хоёртой хамт сууж болох уу?” гэхээр нь бид хоёр тэг тэг  гэж хэлсэн. Тэр хүн морио чөдөрлөчихөөд бид хоёр дээр буцаж ирээд хэрүүл маргаан үүсгэж надад хандан “чи яахаараа над руу муухай хардаг юм бэ?” гэж хэлээд надтай барьцалдаж аваад миний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод авсан. Би тэр хүнтэй зууралдаад байж байтал манай найз Г дундуур орж салгах гэтэл тэр танихгүй залуу манай найзыг нэг удаа цохиод авсан. Найзыгаа харсан чинь хоёр шүд нь унасан байсан...” гэх мэдүүлэг (хх-н 20-21),

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №09шэ/207 дугаартай “О.Г-н биед дээд үүдэн 21,22-р шүдний булгаралт, дээд уруулын дотор талд язарсан шарх, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг  удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх 21,22-р шүдний булгаралт, уруулын язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 10 хувь алдагдуулна” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. (хх-ийн 36-37),

Хохирогч О.Г-н амбулаториор эмчлүүлэгсдийн картад “2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Багануур эрүүл мэндийн төвийн нүүр ам судлалын эмчид үзүүлсэн тэмдэглэл” болон түүний нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 30-31, 38-39)

Хохирогч О.Г-н шүүхэд гаргасан хүсэлтэд “миний биед дээд үүдэн хоёр шүд унасан, одоогоор буйл бүрэн эдгээгүй байгаа, Улаанбаатар хотод “Дөл дент” шүдний эмнэлэгт үзүүлсэн бөгөөд буйлны эмчилгээ хийлгэх болох имплиант шүд хийлгэхэд 1 шүл нь 3 сая төгрөг 2 шүд нийлээд 6.000.000 төгрөг болно гэсэн. Би үүнийгээ нэхэмжилж байна, ажилтай учраас шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ. (хх-н 111-112),

Иргэний үнэмлэхний болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “........... регистрийн дугаартай ............ овгийн Н-н Б нь Багануур дүүргийн ........... дугаар хороо, ......... дугаар гудамжны ........... тоотод тоотод оршин суудаг...” гэжээ.  (хх-н 75-76)

“Дөл дент” эмнэлгийн шүдний их эмч Т.Ц-н 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тэмдэглэлд “О.Г дээд шүдний эгнээний бага хэмжээний согогтой, хатуу хуванцар шүдэлбэрээр сэргээвэл 80.000-106.000 төгрөг, уян хуванцар шүдэлбэрээр сэргээвэл 106.000-56.000 төгрөг, цутгамал шүдэлбэрээр сэргээвэл 450.000 төгрөг, гүүрэлсэн шүд 1.900.000 төгрөг, имплант шүд 3.000.000 төгрөг” гэжээ. /хх-н 111-112/

Шүүгдэгч, хохирогч нарын согтуурал шалгасан тухай тэмдэглэлээр “Н.Бнь 0.86 хувьтай, О.Г нь 1.43 хувьтай” гэжээ (хх-ийн 30,33)

Шүүгдэгч Н.Б нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-н 78) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Бнь согтуугаар 2023 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн үед Багануур дүүргийн  4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөө хэсгийн Ахмадын амралтын газрын гадна Хэрлэн голын эрэг дээр “цуг бараа болоод хоноглоё гэхэд дургүйцлээ” гэсэн шалтгаанаар Б.С-той хэрүүл маргаан үүсгэн харилцан ноцолдож зууралдсан бөгөөд улмаар уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор очсон хохирогч О.Г-н нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь дээд үүдэн 21,22-р шүдний булгаралт, дээд уруулын дотор талд язарсан шарх, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би доошоо сууж босоод босохдоо өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж баруун гараараа нэг удаа цохих шиг болоод хойш ухраад хартал намайг цохих гэж байсан эрэгтэй хүн биш хажууд нь сууж байсан эрэгтэй хүнийг цохьсон байсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Г-н мэдүүлсэн “Манай найз С. нөгөө залуутай зууралдахад  дундуур нь ороод салгаад байж байтал нөгөө танихгүй залуу миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, гэрч Б.А-н мэдүүлсэн “үл таних эрэгтэй хүн Содномдоржтой маргалдаад зууралдаад байсан. Манай нөхөр Г хажууд нь очоод салгах гээд байж байтал нөгөө танихгүй залуу манай нөхрийн нүүр лүү нь нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Б.С-н мэдүүлсэн “Би тэр хүнтэй зууралдаад байж байтал манай найз Г дундуур орж салгах гэтэл тэр танихгүй залуу манай найзыг нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг, хохирогчийн дээд үүдэн 21,22-р шүдний булгаралт, дээд уруулын дотор талд язарсан шарх, буйланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №09шэ/207 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Н.Б-н хохирогчийн биед халдаж, түүний нүүрэн тус газарт цохьсон үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Тухайн гэмт хэрэг харахад шүүгдэгч, хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байдал нөлөөлсөн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас маргаагүй ба улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Б нь хохирогч О.Г-н биед дээд үүдэн 21,22-р шүдний булгаралт, уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч О.Г-н биед учирсан дээд үүдэн 21,22-р шүдний булгаралт, уруулын язарсан шарх бүхий гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”гэж тус тус заажээ.

Энэ хэргийн хохирогч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч О.Г нь 2 ширхэг имплант шүдний зардал болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна. (111-112)

 

Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Г-д цаашид имплант шүд хийгдэхээр төлөвлөгдсөн зайлшгүй гарах 6.000.000 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгчээс урьдчилан гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Улсын яллагчаас “Шүүхээс Н.Б-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа хуульд заасан доод хэмжээг баримталж оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг гаргасан болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Н.Б-д шүүхээс ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, түүний хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүл мэндийн байдал) болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Н.Б-д анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..........овгийн Н-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ........... овгийн Н-н Б-г 3 (гурван) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-д шүүхээс оногдуулсан 3 (гурван) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух Нийслэлийн Багануур дүүргийн ............ дугаар хороо, ......... дугаар гудамжны ............. тоотод оршин суугаа газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрээс зорчих үүрэгтэйг Н.Б-д тус тус мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Н.Б-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Н.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал болох 6.000.000 (зургаан сая) төгрөгийг шүүгдэгч Н.Б-с гаргуулж хохирогч О.Г-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА