Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00571

 

 

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00571

 

 

В.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дүгээр шийдвэр,

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 205/МА2022/0002 дугаар магадлалтай,

В.*******гийн нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох

 

Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.*******, хариуцагчийн төлөөлөгч С.Дашсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Бургасан овогт Вандандоржийн *******г Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч В.*******гийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,604,773 төгрөгийг хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч В.*******гийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 3,604,773 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 72,626 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 205/МА2022/0002 дугаар магадлалаар: Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 204 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн Завхан аймаг дахь Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож гэснийг тус сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож гэж шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021.10.28-ны өдрийн 204 дүгээр шийдвэр болон Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.25-ны өдрийн 205/МА2022/0002 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, хуульд заасан хугацаанд энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчиж, хуулийг гуйвуулж, буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, нэхэмжлэлийн тодорхойгүй шаардлагыг шүүхийн зүгээс тодруулж, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Тухайлбал, нэхэмжлэгч В.******* нь шүүхэд ...би 2018.05.29-ний өдрийн сургуулийн захирлын Б/22 тоот тушаалаар сургуулийн жижүүрээр томилогдсон. Би сургуулийн жижүүрийн хувьд тэр дотуур байрны жижүүрийн ажлыг хийж байсан. Гэтэл намайг албан ёсоор томилогдоогүй дотуур байрны жижүүр гэсэн албан тушаалаас чөлөөлсөн. Үүнийг хууль бус гэж үзэж байна... тиймээс 2021.05.31-ний өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн хүсэл зориг нь сургуулийн жижүүрийн ажлын байранд эгүүлэн томилуулах хүсэлтэй буюу тэрээр энэхүү шаардлагаа 2018.05.29-ний өдрийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээг үндэслэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч нь энэхүү 2018 оны захирлын тушаалаар томилогдсон сургуулийн жижүүрийн албан тушаалд 2019.08.26-ны өдрөөс эхлэн ажиллахаа больж, тус өдрийн захирлын Б/45 дугаар тушаал, 45/2019 дугаар Хөдөлмөрийн гэрээг байгуулж, мөн өдрөөс сургуулийн дотуур байрны жижүүрийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс .. шүүхээс үзлэг хийсэн. Үзлэгээр гэрээний эх хувь архивт байхгүй, огноо зөрүүтэй байгаа тул нэхэмжлэгчийн тайлбартай тохирч байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 45/2019 дугаартай Хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгч В.*******гийн гарын үсэг зурагдсан байх бөгөөд энгийн хүний нүдээр харахад түүний нэхэмжлэлд дурдсан гарын үсэгтэй яг адилхан байна. Гэтэл гэрээнд зурагдсан гарын үсэг нь В.*******гийн гарын үсэг биш болох нь шүүхийн шинжилгээгээр тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч нь сургуулийн дотуур байрны жижүүр ажлын байр хасагдсаныг мэдмэгцээ сургуулийн жижүүр ажлын байранд эгүүлэн томилуулахаар нэхэмжлэл гаргасан зөрүүтэй байдлыг шүүхийн зүгээс дүгнэлгүй, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн щаардлагаа тодруулаагүй байхад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдагдаагүй үйл баримтыг шүүх өөрийн санаачлагаар тодруулж, шийдвэрлэсэн нь хууль бус байна. Тодруулбал, шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч В.******* нь дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан болох нь... тогтоогдож байна гээд, тогтоох хэсэгт ...В.*******г төвийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлтийг өгсөн болох нь харагдаж байна. Гэтэл сургуулийн жижүүр болон дотуур байрны жижүүр гэдэг нь 2 тусдаа ажлын байрны тодорхойлолттой хийж гүйцэтгэх ажлын цар хүрээ нь 2 өөр байдаг. Мөн сургууль, дотуур байр 2 нь тусдаа обьектүүд юм. Гэтэл ажилтан В.******* нь дотуур байрны жижүүрийн ажлыг 2 жилийн турш хийсэн мөртлөө би сургуулийн жижүүр хийдэг байсан гэх үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй худал тайлбарыг гаргасан байхад шүүх анхаарч, хянаж үзсэнгүй.

Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан хууль тогтоомжийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухайд: Тухайлбал, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.22 дахь заалтыг үндэслээд Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн МСҮТ-ийн бүтэц, орон тоог Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам батлах эрхтэй гэж хуулийг гуйвуулж тайлбарласан болох нь дараах үндэслэлээр тогтоогдоно. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн дээрх заалт нь МСҮТ-ийн дүрэм, удирдлага зохион байгуулалтын ерөнхий бүтэц болон ажилчдын орон тооны дээд хязгаарыг л зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд батлах эрх олгосон заалт буюу практик дээр энэ нь үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтцийг батлах байдлаар илэрдэг. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020.09.14-ний өдрийн А/185 дугаар Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай тушаал гарсан байдаг. Тус тушаалын Нэгдүгээр хавсралтаар Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, Хоёрдугаар хавсралтаар удирдлага, зохион байгуулалтын жишиг бүтэц, Гуравдугаар хавсралтаар Захиргааны удирдлага болон бусад ажилтны орон тооны жишиг, Дөрөвдүгээр хавсралтаар Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын орон тооны дээд хязгаарыг тус тус баталсан байдаг. Дээрх тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм-ийн 2.6-т Сургалтын байгууллагын багш, боловсролын туслах ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг Орон тооны дээд хязгаарт багтаан захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасны дагуу орон тооны дээд хязгаарт багтаан байгууллага дотроо албан тушаалын жагсаалт гаргах эрхийг тухайн МСҮТ-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар шийдэхээр эрх олгосон байна. Энэхүү заалтаас үзвэл Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-т заасны дагуу төсвийн шууд захирагчид дээд шатны төсвийн захирагч эрх олгосон зохицуулалт байх бөгөөд зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...МСҮТ-ийн захирал нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц орон тооны жишиг, хязгаараас дотуур байрны жижүүрийн албан тушаалыг хассан шийдвэр гараагүй байхад... гэж илт хууль бусаар дүгнэсэн. Юун түрүүнд дотуур байрны жижүүр, сургуулийн жижүүр гэдэг нь 2 өөр ажлын байрны тодорхойлолттой, чиг үүрэг, зорилго өөр тусдаа ажлын байрууд байдаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017.01.27-ны өдрийн А/21 дугаар тушаалын хавсралтаар Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь МСҮТ-ийн орон тоог тодорхойлохдоо жижүүр-2, дотуур байрны жижүүр-3 гэж дээрх 2 ажлын байрыг тусдаа байхаар баталсан байдаг. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020.09.14-ний өдрийн А/185 дугаар тушаал гарч, тус тушаалын 3 дугаар хавсралтаар дотуур байрны багш-2 гэх ажлын байрыг шинээр оруулж, дотуур байрны жижүүр гэсэн ажлын байрыг бүр мөсөн хассан байна. Сургуулийн жижүүр албан тушаалын тухайд дотуур байрны суралцагчдын ая тухтай амьдрах орчныг удирдлагаар хангах, хяналт тавих зорилготой байдаг бөгөөд боловсрол, мэргэшлийн зэргийг тусгайлан заагаагүй байдаг. Харин шинээр орон тоог батлаад байгаа дотуур байрны багшийн тухайд дотуур байранд байгаа суралцагчдын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд сурган арга зүйгээр хангах зорилготой байдаг бөгөөд боловсролын зэрэг нь бакалавраас доошгүй байх, багшлах эрхтэй байхыг тусгайлан шаарддаг. Тиймээс иргэн В.******* нь энэхүү шаардлагыг хангахгүй байх тул дотуур байрны багш ажилд шилжүүлэн ажиллуулах боломжгүй байна.

Тиймээс нэхэмжлэгч В.*******г ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан нь Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан "орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасантай нийцсэн байна. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлал нь бодит нөхцөл байдалтай илт зөрүүтэй дүгнэлтийг өгч, хууль тогтоомжийн холбогдох заалтыг явцууруулж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гарсан болох нь нотлогдож байна. Завхан аймгийн Тосонцэнгэлийн МСҮТ-ийн захирлын 2021.05.31-ний өдрийн Б/06 дугаар тушаал нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий тушаал болох тухайд: Манай байгууллагын захирлын 2019.08.26-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар иргэн В.*******г дотуур байрны жижүүрийн ажилд томилж, мөн өдөр Хөдөлмөрийн 45/2019 дугаар хугацаагүй гэрээг байгуулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017.01.27-ны өдрийн А/21 дугаар Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүтэц, орон тоог батлах тухай тушаалын дагуу В.******* нь сургуулийн дотуур байрны жижүүр албан тушаалд ажиллаж байсан. Гэвч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020.09.14-ний өдрийн д/185 дугаар тушаал гарч, тус тушаалын 3 дугаар хавсралтаар дотуур байрны багш-2 гэх ажлын байрыг шинээр оруулж, дотуур байрны жижүүр гэсэн ажлын байрыг бүр мөсөн хассан. Ингээд мөн сайдын 2020.09.14-ний өдрийн А/185 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм-ийн 2.6-т заасны дагуу манай сургуулийн Захиргааны зөвлөлийн гишүүдийн 2020.12.30-ны өдөр хуралдаж, нарийвчилсан ажлын байр, бүтэц орон тоог баталсан. Ингээд энэ талаар 2021.01.27-ны өдөр Захиргааны зөвлөл, багш ажилчидтай уулзалт хийж, ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдсэн. Энэхүү хуралд В.******* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цахимаар оролцсон байдаг. Гэтэл ажлаас чөлөөлөх талаар огт мэдэгдээгүй гэж илт худлаа мэдээллийг нэхэмжлэлдээ дурдаж, сургуулийн жижүүрээр ажиллаж байсан дотуур байрны жижүүрээр түр ажиллаж байсан зэрэг бодит үйл баримттай илт зөрүүтэй дүгнэлтийг хийсэн байна. Дээрх үндэслэлийн дагуу анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн бодит нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомж, дүрэм журмын заалтыг хэтэрхий нэг талыг барьж, явцууруулан тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021.10.28-ны өдрийн 204 дүгээр шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.25-ны өдрийн 205/МА2022/0002 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч нь хяналтын шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

6. Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэл Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан тус сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч В.*******г Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3,604,773 төгрөгийг хариуцагч Завхан аймаг дахь Тосонцэнгэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн ажлын байрыг ...сургуулийн жижүүрийн ажил гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

 

8. 2022.04.08-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 

9. Нэхэмжлэгч нь ...захирал Р.Балдансамбуу нь 2021.05.31-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар тус сургуулийн бүтэц, орон тооноос дотуур байрны жижүүрийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Би 2018.05.29-ний өдрийн Б/22 тушаалаар сургуулийн жижүүрээр томилогдсон. Хүний нөөцийн дутмаг байдлаас болж дотуур байрны жижүүрээр ямар нэгэн тушаалгүйгээр ажиллаж байсан. Сургуулийн жижүүрийн орон тоо цөөрөөгүй байгаа тул намайг сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэснийг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020.09.14-ний өдрийн А/185 тушаалд дотуур байрны жижүүрийн орон тоо батлагдаагүй. В.*******гийн ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тушаал нь дотуур байрны жижүүрээр томилогдсон гэсэн байгаа бөгөөд энэ орон тоо нь хасагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажил олгогч нь ажилтан В.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9 дэх заалт, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм-ийн 3.5.3 дахь нөхцөл, Захирлын орон тоо батлах тухай 2020 оны А/68 дугаар тушаал, Боловсрол соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд, Сангийн сайдын хамтарсан А/024/11 дугаар тушаал, Захиргааны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэр, Захирлын орон тоо батлах 2020 оны Б/46 дугаар тушаалыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлжээ.

 

11. Хариуцагч байгууллагын бүтэц, орон тооноос дотуур байрны жижүүрийн орон тоо хасагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байгаа тухай хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэл бүхий байна.

 

12. Давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч В.******* нь ...төвийн дотуур байрны жижүүр биш, жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг зөв гэж үзнэ.

 

12.1. Хэргийн баримтаас үзэхэд В.******* нь тус сургуулийн захирлын 2018.05.29-ний өдрийн Б/22 дугаартай тушаалаар тус сургуулийн жижүүрийн ажилд томилогдсон байх бөгөөд энэ хугацаанд зарим үед нь сургуулийн дотуур байрны жижүүрийн ажлыг хийж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 2018.05.29-ний өдөр түүнийг дотуур байрны жижүүрээс чөлөөлж, жижүүрийн ажилд томилсон тухай бичилтээр тогтоогдож байна. Энэ өдрөөс хойш тус сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд дахин томилогдсон талаар хөдөлмөрийн дэвтэрт бичилт байхгүй буюу тус төвийн жижүүр, сургуулийн дотуур байрны жижүүр нь тус тусдаа өөр өөр орон тоо байх бөгөөд В.******* нь сургуулийн дотуур байрны жижүүрийн ажлыг 2018.05.29-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэж байсан бөгөөд түүнийг албан ёсоор тус жижүүрийн ажилд томилсон тушаал, шийдвэр гараагүй байна.

 

12.2. Хариуцагч тал В.******* нь дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан гэж маргаж, түүнтэй байгуулсан 2019 оны 41 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2019.08.26-ны өдөр В.*******г дотуур байрны жижүүрээр томилсон Б/45 дугаартай тушаалыг хэрэгт баримтаар ирүүлсэн, эх хувьд үзлэг хийлгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу шүүх үзлэг хийхэд В.*******тай байгуулсан гэх дээрх гэрээний эх хувь архивт байхгүй, 2019/45 дугаартай В.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байсан бөгөөд он сар өдрийн хувьд зөрүүтэй байжээ.

 

Нэхэмжлэгчийг дотуур байрны жижүүрээр томилсон 2019.08.26-ны өдрийн Б/45 тушаалыг В.*******д гардуулж өгсөн баримт хэрэгт авагдаагүй байгаа нь нэхэмжлэгчийн ... сургуулийн жижүүр гэсэн орон тоон дээр ажиллаж байхад дотуур байрны жижүүрийн орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

12.3. ...төвийн дотуур байрны жижүүрийн ажлаас орон тоо хасагдсан үндэслэлээр В.*******г ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д нийцээгүй байх тул В.*******г тус сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

13. Давж заалдах шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэснийг хууль хэрэглээний хувьд зөв гэж үзнэ.

 

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 205/МА2022/0002 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 72,626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН