Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
Хэргийн индекс | 105/2016/0058/э |
Дугаар | 54 |
Огноо | 2017-01-17 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
улсын яллагч И.Ариунсанаа,
иргэдийн төлөөлөгч Л.Содномдорж,
хохирогч Э.Болорцэцэг, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Д.Ариун-Оргил, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Дамдинсүрэнгийн Ариун-Оргилд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201525010797 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Монгол овогт Дамдинсүрэнгийн Ариун-Оргил, 1983 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо Амины орон сууцны 4 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,
-Урьд 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 417 тоот таслан шйидвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,
-2001 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүхийн 24 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 38, 39 дүгээр зүйлийг журамлан 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 105 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 19 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
-2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 197 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялаар шийтгүүлж 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, ЧФ83052814 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Д.Ариун-Оргил нь ялтай байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр иргэн Б.Энхболдыг “юм яръя” хэмээн дагуулж яван, улмаар ямар ч шалтгаангүйгээр зодож, санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.Ариун-Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчийн ар гэрийнхэнд ийм эмгэнэлтэй зүйл болсонд хүлцэл өчиж байна. Би хар буруу санаж, атаа жөтөө өвөртөлж энэ хэргийг үйлдээгүй. Энэ хэрэг санамсар, болгоомжгүйгээс болсон. Би тухайн өдөр гэртээ амарч байсан. Талийгаачид засварын газрын түлхүүр байсан учир би талийгаачийг дуудаад засварын газарт хүрээд ир гэсэн. Талийгаач гэрт ирэхэд өглөө 10 цаг болж байсан. Тэгээд урд өдөр нь миний төрсөн өдөр байсан тул уусан байсан болохоор дотроо засах гэж бид хоёр нийлж 1 хундага архи ууцгаасан. Миний дотор муу уусан зүйлээ буцааж гаргаад байсан учир дахиж архи уух хүсэл төрөөгүй. Тэгээд ажилчид манай гэрт орж ирээд Оргил ахын төрсөн өдөр гээд задалсан байсан архинаас ууцгааж байсан. Тэгээд өнөөдөр уусан юм чинь засварын газраа хаагаад амарцгаая, дээрээс нь хортой нөхцөлд ажилладаг юм чинь салхинд гаръя гээд бөөнөөрөө ярилцаж байгаад шийдсэн. Миний хувьд бие тааруу байсан учир Гачууртад очоод машинд унтсан. Намайг унтаж байхад чимээ гараад байхаар нь сэрэхэд талийгаач Мөнхмягмар нар хэрэлдээд хоорондоо цохилцож байхаар нь би боль гээд боссон. Чойном ирээд Мөнхмягмарыг өмөөрч талийгаачтай цохилцсон. Дундуур нь орж салгахад араар тойрч дахиж зодолдоод зууралдаж аваад унацгаагаад байсан. Чойном талийгаачийг баруун гараараа уургалж аваад боож байхаар нь би очиж боолтыг нь тавиулахад залуу хүн байсан учир гарыг нь дийлдэхгүй байсан. Тэгээд би ахын дүү гараа тавь, боолт чинь орж байна гэж хэлээд боолтыг нь тавиулсан. Мөнхмягмар талийгаачийн өшиглөөд холдуулсан. Тэгээд би бас салгах гээд байж байхад Чойном урдуур нь дахиж орж ирээд талийгаач тэр хоёр дахиад зодолдсон. Тэгээд би дундуур нь ороод дахиад түлхэх үед талийгаач намайг цохьсон. Би буцаагаад цохьсон. Ер нь ийм л зүйл болсон. Цагдаа түргэн тусламж ирсэн. Би гуталгүй байсан учир өвсөн дээр хальтраад унасан. Унаад би гутлаа өмсөх үед Мөнхмягмар талийгаачийн зөөж байсан. Тэр хооронд хиймэл амьсгаа хийгээд болохгүй байсан. Цагдаа нар ирээд талийгаачийн нас барсан байна гэсэн. Цагдаа нар ирээд бид нарыг тус тусад нь суулгаад эрүүлжүүлэхэд оруулсан. Эрүүлжүүлэхэд ороод намайг тэр үлээлгэдэг юмаар үлээлгэхэд надад ямар нэгэн согтолтын зэрэг илрээгүй. Онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаа учир эрүүлжүүлэхдээ хононо гэсэн. Маргааш өглөө нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Чойном би цохьсон гэсэн. Бид нар энэ хэргийг талаар ярилцаж чадаагүй. Өмнөх шүүх хуралдаан дээр би бүх зүйлээ ярьсан. Яллах дүгнэлт дээр Мөнхмягмарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаа. Үүн дээр худал зүйлүүд байгаа. Би хохирогчийг цохьсоноо хүлээж байгаа. Гэрч нар буруугаа над руу чихсэн байдалтай, бүх юмаа түлхэж, 1 тал руу гуйвуулж байгааг би бас ойлгохгүй байна. Өнөөдрийг хүртэл би 1 жил 7 сар цагдан хоригдож байна. Энэ хугацаанд шийдсэн нааштай зүйл байхгүй байна. Яагаад анхнаасаа зөвөөр нь шийдэж болоогүй юм бол. Би үүнд гайхаж байна. Мөнхмягмарын мэдүүлгээр 4-5 удаа цохьсон гэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр баруун талын шанаа, эрүүний урд талд зөөлөн эдийн няцрал гэсэн байдаг. Би талийгаачийн 1 удаа цохьсон. Мэдүүлэг дээр 2 удаа цохьсон гэсэн зүйл явж байгаа. Энэ ямар учиртай юм бол би бас сайн ойлгохгүй байна, Тухайн үед талийгаач бүгдэн рүү дайрсан байдалтай байсан. Би болиулах, салгах бодолтой байсан. Гэтэл нөхцөл байдал дээрээ өөрөөр эргэж намайг цохьсон. Хамгийн гол нь талийгаачийн буруутай үйлдэл харагдаж байгаа. Агсам согтуу тавиад бүгдэн рүү нь дайраад байсан. Эхэлж Мөнхмягмарыг цохиод байсан. Мөнхмягмар хэрүүлийг анх эхлүүлсэн. Хэл амаар өдөж харьцаж байсан учир талийгаачийн зүгээс дайралт эхэлсэн байх гэж бодож байна, Талийгаачийн Мөнхмягмар цааш нь зөөж авч явсан. Тухайн үед талийгаачийн хөлнөөс чирж явж байсан учир над руу бухаад байна. Хэрэг болсон газар 20 метр явах ямар ч нөхцөл байхгүй. Бид нарын сууж байсан газраас 2, 3 алхамын зайнд энэ хэрэг болсон. Гэрч нарын мэдүүлгээр намайг үнэнээр нь мэдүүлсэн нэг ч гэрч байхгүй. Бүгд анхнаасаа худал байсан. Би өөрөө үнэн зөвөөр мэдүүлэг өгч байгаа. Надад тэр хүнийг алах санаа зорилго огт байгаагүй” гэв.
Хохирогч Э.Болорцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өглөө би 07 цагийн үед ажилдаа явсан. Манай ажил нөхрийн маань ажилтай зэрэгцээ байдаг. 10 цагийн манай нөхөр манай ажил дээр орж ирээд Ариун-Оргил өчигдөр миний төрсөн өдөр болоод би гэртээ шартаж үхэх гээд байна, чи хүрээд ир гэсэн талаар надад хэлэхэд юу яриад байгаа юм бэ чи, ажилтай, маргааш нөгөөдөр хүүхдийн баяр болно, би битгий архи уугаарай гэхэд за, би удахгүй, очоод хүрээд ирнэ гээд явсан. Удалгүй цаг гарны дараа граж нь нээгдээгүй болохоор нь би утасдсан. Тухайн үед манай нөхөр утасгүй явсан болохоор би Ариун-Оргилын утас руу залгаад яасан бэ, ажлаа хий гэхэд за одоохон очлоо гээд алга болсон. Тэгээд 30-40 минутын дараа залгахад Ариун-Оргил цаанаас нь манайд архидаж байна гэж хэл гэхээр нь би уурлаад ажилдаа хурдан ир гэхэд одоохон гэсээр байгаад 12 цагийн үед Баяраа орж ирээд бид нар Налайх руу унасан машин үзэхээр явлаа гээд явсан. Тухайн үед би явсан гэж бодоод 2 цагийн үед Баянаа руу залгаад асуухад гол дээр ирсэн байна гэхээр нь би юун гол гэхэд бид нар Налайх руу явах гэхэд гол таараад гол дээр ирсэн байна гэсэн. Би одоо хурдан ир гэхэд одоохон гээд байсан. Тухайн үед шуугиантай, тоглоод байгаа юм шиг байсан. Тэгээд 4 цагийн үед ямар ч холбоогүй болсон. Чойномын эхнэр би араас нь явлаа чи явах уу гэхээр нь ажлаа тараад 5 цагийн үед явсан. Хужирбулангийн эцэст 9 цагийн үед очсон байсан. Бүгд холбоогүй болсон байсан. Хаана байгаа нь мэдэгдэхгүй, харанхуй ч болсон байсан учир буцахаар болоод байж байхад нөгөө хүүхний утсанд дуудлага ирээд бид нар хэрэгт холбогдоод Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр байна, хүрээд ир гэхээр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиход Батцогт байцаагч намайг дуудаж оруулаад танай нөхөр хүний гарт амиа алдсан байна гэж хэлсэн. Тухайн үед юу болсоныг мэдээгүй. Тэгээд цогцыг нь таних гээд ороход би шалбархай зэргийг нь анзаарч хараагүй. Манай ах хөл нь зураг дээрх шигээ шалбархайтай байсан гэж хэлж байсан. Эхний шүүх хуралдаан дээр Мөнхмягмар гэрчээс би Ариун-Оргилтой манай нөхөр муудалцсан уу гэж асуухад үгүй, ямар ч муудалцсан зүйл байхгүй гэсэн. Юм ярьсан уу гэж асуухад яриагүй гэсэн. Манай нөхөр Ариун-Оргилыг цохьсон уу гэхэд цохиогүй гэсэн. Бүх гэрч нар ингэж л хэлдэг. Би энэ хэргийн талаар бүгдээс нь асуухад дандаа л нэг юмаа ярьдаг. Тухайн үед талийгаачийг унагаагаад 4-5 удаа цохисоор байгаад алсан гэдэг. Нас барсныг нь яаж мэдсэн гэхээр Ариун-Оргил талийгаачийн нүдийг нь нээж хараад хүүхэн хараа нь томроод ирсэн гэдэг. Тэгээд энэ хүн нас барчихлаа гэсэн гэдэг. Тэгээд яах вэ гээд бүгдээрээ сандралдаж байхад Ариун-Оргил талийгаачийн цогцыг гол руу хийе усанд живсэн болгоё хэдүүлээ гээд бүгдээрээ цээж, хөлнөөс нь өргөөд явсан гэсэн. Яг тэр үед нь цагдаа ирж таарсан байсан. Тэгээд цагдаа ирээд түргэн дуудсан байсан. Түүнээс биш цагдаа ирж таараагүй байсан бол Ариун-Оргил нар үгсээд усанд живсэн болгох гээд усанд хаяхаар байсан юм билээ. Усанд живсэн болгосон ч гэсэн задлан шинжилгээгээр тархины битүү гэмтэл гээд гараад ирсэн. Боолт ороогүй байсан. Хэрвээ боосон бол үхэлд хүргэж унахааргүй боосон болж таарч байгаа. Чойном, Мөнхмягмар нар талийгаачийг цохиогүй гэдэг. Мөнхмягмар талийгаачийг цохилоо гэхэд тэгж аймаар цохиж чадахгүй. Манай талийгаач биеэр хүнд цохиулж зодуулахааргүй хүн. Ариун-Оргилд согтуудаа цохиулсан. Түүнээс биш тийм амархан хүнд алуулахаар хүн биш. Би хайран сайхан тэр залууг хүнд алуулсанд маш их харамсдаг. Хэзээ ч харамсаад барахгүй. Нөхөр бид хоёр 2 хүүхэдтэй. Тэр маань одоо 10 настай болж байна. Ганц хүүхдийг маань хүний дайтай явахад нь 18 нас хүртэл зардал мөнгө гаргаж өгнө үү гэж хүсмээр байна. Миний болон аав, ээж, ах, дүү нарынх нь сэтгэл санааны хохирлыг шүүгдэгч юугаар ч төлж чадахгүйгээс хойш оршуулгын зардал 7.868.000 төгрөг гарсан. Шүүгдэгч цувуулж өгсөөр байгаа 4.300.000 төгрөг болсон. 3.500.000 төгрөг үлдсэн байгаа. Үүнийг шүүгдэгчээс авмаар байна. Боломж бололцоо байдаг бол хүүхдэд маань 18 нас хүртэл нь тэтгэлэг гаргуулмаар байна” гэв,
Хохирогч Э.Болорцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Батболд овогтой Энхболдтой 2006 онд сууж эхнэр, нөхөр болсон. Тэгээд дундаасаа 2007 онд нэг хүүтэй болсон. Миний нөхөр Б.Энхболд 1987 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд Баяндэлгэрийн том хүү нь болж төрсөн. 2012 онд эмээлтэд түүхий эд дээр гарч ажиллаж байгаад тэндээсээ хэрэгт холбогдоод 2013 онд 2 жилийн ялаар шийтгүүлээд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр суллагдсан. Тэгээд хувиараа 1 сар орчим барилгын заслын ажил хийж байгаад сар гарангийн өмнөөс манай ажлын хажуу талын кузов засварын ажилд орсон. Тэгээд өчигдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа ирээд байж байхад манай нөхөр Энхболд араас 10 цаг өнгөрч байхад ажил дээр ирсэн. Тэгээд над руу орж ирээд манай ажлын Оргил дуудаад байна төрсөн өдөр нь өчигдөр болсон гэнэ шартаад гэртээ хэвтэж байна гэнээ гэсэн. Тэгэхээр нь би уурлаад "чи ажлаа хий баяр ёслол дөхөж байхад юун архи дарс уух вэ" гэсэн. Тэгсэн би удахгүй ирнэ гэж хэлээд явсан, тэгээд цагийн дараа манай нөхөр утасгүй болохоор Баянаагийн утас руу залгаад нөхөр Энхболдтой ярьсан чинь Оргилынд байна гэсэн, тэгэхээр нь хурдан ирээчээ гэсэн...Тэгээд хамгийн сүүлд 16 цаг 30 минут болж байхад би залгасан чинь Баянаа өөрөө утсаа аваад "би ажил дээрээ ирсэн байна" гэсэн. Тэгэхээр нь "битгий худлаа яриад бай та нар гол дээр байна гэсэн биздээ" гэсэн чинь за за бид нар гол дээр тоглож байна гэсэн. Тэгээд Энхболдыг дуудаад надтай яриулахад Энхболд юу байна хайраа одоо удахгүй очлоо гээд хэл ам нь дальдарсан байсан. Тэрнээс хойш утсаа авахгүй холбогдохгүй байсан...Хүү маань 9 настай. Талийгаач бид хоёр эцэг, эхээсээ тусдаа өөрийнхөө гэр оронд амьдарч байсан юм...Гомдолтой байна, хохирлоо нэхэмжилнэ, мөн өөрийнхөө 9 настай хүүхдийг 18 нас хүртэл тэтгэлэг авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх-85, 2 хавтас хх- 126, 3 хавтас хх-6/,
Гэрч Б.Элбэгсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр найз залуу Энхбаатар I манай ажлынхан ажлаараа салхинд гарах гэж байна аа хамт явах уу гэхэд нь зөвшөөрсөн. Энхбаатар бид хоёр үерхээд 2-3 жил болж байгаа юм. Би Энхбаатарын ажлын хүмүүсийг нь өмнө нь харж байгаагүй ээ. Тэгээд 14 цагийн үед Энхбаатарын хамт түүний хамт ажилладаг хүмүүсийн хамтаар Гачууртын эцсийн буудлаас цааш яваад голын эрэг дээр очсон. Нийт надтай нийлээд 8 хүн явсан. Би нийт хичнээн шил архи уусныг нь хэлж мэдэхгүй байна. Би архи уугаагүй эрүүл байсан юм. Би|тэгээд машин дотроо сууж байсан. Найз залуу Энхбаатар удахгүй буцна гэж байсан. Намайг нэг харахад нэрийг нь хэлж мэдэхгүй байна 3 залуу нь босоод зогсчихсон хоёр нь хоорондоо барилдаад байх шиг байсан. Хэсэг хугацааны дараа бид нартай хамт явсан бусдыгаа бодвол настай ах нь гүйж ирээд талийгаачийг ухаан орохгүй байна яах уу, ийх үү гээд сандарчихсан ирээд буцаад явсан. Би тэгэхээр нь талийгаачийн байгаа газар нь сүүлд нь очиход талийгаач дээш харсан байдалтай бандаашиктайгаа л харагдаж байсан. Настай ах нь хиймэл амьсгаа хийгээд цээжин дээр нь дараад байсан. Би 103 дуудъя гэж хэлтэл мотоцикльтэй цагдаа ирсэн, тэгээд энэ хүн яасан юм бэ гэж асууж байснаа ухаан орохгүй байна гэхэд нь цаашаа дуудлага өгч байсан. Би талийгаачийг хэн цохиж хэнтэй барилдсаныг нь хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх89-90/,
Гэрч Ж.Энхбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажлынхаа газрын Оргил, Мөөгий Баянаа, Баяраа, найз охин Элбэгсайхан, талийгаач Болдоо, Чойням бид нар Оргил ахын болон миний машинд хуваагдаж суугаад Гачууртын эцсийн Хар хошуу гэх газар 14 цаг өнгөрч байхад очсон юм. Гол дээр очоод авсан 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архийг Оргил, Мөөгий, Чой, талийгаач Болдоо бид нар хувааж уугаад Элбэгсайхан, Баяраа, Баянаа нар уугаагүй энэ хоёр машин барих гэж байсан учир архи өгөөгүй юм. Оргил ах манайхан өнөөдөр сайхан агаар салхинд гарья гээд бид хэдийг дагуулж явсан нэг өдөр амаръя гэж хэлсэн юм. Оргил ах бид нарын ажиллаж байгаа кузов засварыг хариуцан ажилладаг юм. Талийгаач тухайн үед ерөнхийдөө согтоод жаахан агсрах янзтай бид нартай харьцаж байсан...Би машин дотроо найз охин Элбэгсайхантай юм ярьж байгаад хартал Ариун-Оргил ах талийгаачийг хэвтэж байхад нь шанаа руу нь 2-3 удаа цохьсон талийгаач босч ирээгүй...Мөөгий ах гүйж ирээд Ариун-Оргил хүн алчихлаа гэхээр нь машинаас буугаад очиход талийгаач дээш харсан ухаангүй байдалтай байсан. Хэрэг болсон газар очиход Ариун-Оргил чимээгүй ер нь жаахан сандарсан, шооконд орсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /1 хавтас хх97-98, 102, 2 хавтас хх132-133/,
Гэрч Б.Мөнхмягмар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Баяраа, Баянаа, Энхээ, Чойням, Энхболд, Ариун-Оргил, Элбэгээ гэх Энхээгийн найз хүүхний хамтаар Гачууртын голын хажууд очсон юм. Гол дээр 0.75 литрийн Соёрхол нэртэй архийг Чойням, Энхээ, Энхболд, Ариун-Оргил бид нар хувааж уусан. Дахин 1 шил 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архийг хувааж уусны дараа Ариун-Оргил бид нарын хажууд голын эрэг дээр унтаад өгсөний дараа Чойням намайг гол дотор байсан Вискийг аваад ир гэхээр нь очиж авсан. Бид нар уг Вискиг тал хүртэл нь хувааж уусан. Энхболд бид хоёр өөд өөдөөсөө харааж сууж байтал талийгаач Энхболд юу ч ярилгүй намайг зүүн талын шанаан тус газар нэг удаа гараараа цохьсон. Би тэгэхээр нь зөрүүлээд адилхан нэг шанаадсан. Би талийгаачид хоёулаа муудалцаад яах вэ гээд гар барьсан. Энэ явдал болсноос хойш 10-20 минутын дараа Ариун-Оргил сэргээд босоод ирсэн.Тэгээд уг вискинээс 2 татсаны дараа би муудсан нэг ухаан орсон чинь Чойням Энхболд хоёр бид нарын сууж байсан газрын зүүн талд барилдаж байсан. Нэг харсан чинь Чойням Энхболдыг баруун гараараа толгойг нь уургалаад боосон байхаар нь Ариун-Оргил бид хоёр очиж "боль боль наадах чинь боолтонд орсон байна" гээд хоёр тийш нь салгасны дараа талийгаач Энхболд Чойнямын цээж рүү нь нэг удаа жийсэн. Чойням хариу үйлдэл хийгээгүй. Ариун-Оргил талийгаач Энхболдыг мөрлөөд бид нарын сууж байсан газрын баруун урдуур нь тойроод хойшоо 20-иод метр газар дагуулаад явсан. Энэ үед Чойням бид хоёр вискинээс нэг татсаны дараа би юу болж байна гээд эргээд харсан чинь Ариун-Оргил талийгаачийн толгой руу нь гараараа 4-5 удаа цохьсон. Би тэгэхээр нь Ариун-Оргилд хандаж "чи хүн алчихлаа ш дээ" гээд би талийгаач дээр очоод хиймэл амьсгал хийсэн зүрхэн дээр нь дарахад амьсгалж байсан. Ариун-Оргил цэвэр ус аваад ир гэхээр нь би сууж байсан газраасаа харз нэртэй цэвэр ус байсныг нь талийгаачийн цээжин дээр очиж асгасны дараа дахин цээжин дээр нь гараа тавьсан чинь зүрх нь цохилохгүй байсан. Ариун-Оргил Чойням руу яваад ах нь хүн алчихлаа ш дээ гэсэн. Энхээ, Чойням, Ариун-Оргил, бид нар хоорондоо ярилцсан. Ариун-Оргил "энэ хэргийг Чойням хүлээж байгаа шүү ийшээ тийшээ битгий юм яриарай" гэсэн өөр юм яриагүй. Энэ үед цаанаас хоёр мотоцикльтэй цагдаа ирээд бид нарыг тус тусад нь суулгасан. Ариун-Оргил чи энэ хэргийг хүлээчих ах нь 18 жил шоронд орсон одоо орвол цаазаар авахуулна гэсэн. Цагдаа ирэхээс өмнө цуглаж ярилцсан. Энхээ, Чойням бид гурав талийгаачийг өргөж голын эрэг дээр тавьсан...Нэг харахад Ариун-Оргил талийгаачийг газар унагаачихсан ингээд алаад хаячихъя, ингээд алаад хаячихъя гээд дээрээс нь гараараа цохиол байсан. Ариун-Оргил хажууд нь зогсож байсан "Мөөгий найз нь хүн алчихлаа" гээд сандарсан байдалтай.Би тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь дуудсан юм...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх99-101, 2 хавтас хх134-135/,
Гэрч С.Баянмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би машины дугуй угаагаад байж байтал нэг нь орилох чимээ гарахаар нь хартал талийгаач газар уначихсан Ариун-Оргил ах дээрээс нь 2-3 удаа гараараа цохиж байгаа харагдсан. Чойням, Мөөгий ах хоёр очиж Ариун-Оргилыг талийгаачаас салгаж байгаа харагдсан. Мөөгий ах Баяраа бид хоёрыг дуудахаар нь очтол талийгаач газар ухаан алдаад уначихсан байсан. Чойням, Мөөгий ах хоёр цээжин дээр дарж хиймэл амьсгаа хийсэн, Баяраа бид хоёр голоос ус зөөж цээжин дээр нь асгасан. Талийгаачийг унасан газраас нь Чойням цээжнээс нь өргөөд, Мөөгий ах, Оргил ах нар хөлнөөс нь дамжлаад сууж байсан газраа авчирч тавьсан...Энэ үед цаанаас мотоцикль унасан цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх104-106, 2 хавтас хх129-131/,
Гэрч Д.Мөнхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Гачуурт-67 чиглэл буюу Гачууртын Цагдаагийн хэсэг дээр цагдаагийн ахлах ахлагч Алтанхуягийн хамтаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж хоносон юм. Цагийг нь нарийн хэлж мэдэхгүй байна багцаагаар 17-18 цагийн үед байх Гачуурт 10-аас усанд хүн живсэн байна хөдлөхгүй байна гэнэ яаралтай очоод шалга гэсэн дуудлага хүлээн авч цагдаагийн ахлах ахлагч Алтанхуягийн хамтаар Хар усан тохой гэх газрын голын эрэг дээр очиход эрэг дээр нэг нүцгэн залуу дээшээ хараад хэвтсэн байдалтай хамт яваа гэх 4-5 залуучууд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан...Цогцосоо хараад нас барсан байна гэдгийг нь мэдээд 103 дуудлага өгсөн. Тэнд байсан залуучуудаас эзэн нь гэх бүдүүн бор залуу нэлээн согтолттой хөл дээрээ зогсож чадахгүй гуйваад байсан, байн байн л тамхи нэхээд, талийгаачийг ус руу орж байсан гээд байсан. Тэнд байсан хүмүүсээс арай настай, тачирхан үстэй хүн нь талийгаачийг ухаан алдахаар нь зөөж тавьсан гэж ярьж байсан...Удалгүй 103 ирсэн...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас хх107-108/,
Гэрч С.Баяраа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Гачуурт руу ажлын ах нарын хамт 15 цагийн үед очсон...Намайг харахад Ариун-Оргил талийгаач Энхболдыг тэр хэдийн сууж байсан газраас хойш нь авч яваад юм яриад байх шиг байсан. Намайг машин дотор сууж байтал Ариун-Оргил ах орилохоор нь гараад хартал талийгаач газар унасан, Ариун-Оргил ах хагас суусан байдалтай талийгаачийн толгойн зүүн тал руу нь гараараа 3-4 удаа цохьсон...Талийгаач ямар нэгэн байдлаар хөдлөөгүй. Мөөгий ах өнгөрчихлөө гэж хэлсэн. Удалгүй эргүүлийн цагдаа хүрч ирээд амьсгалыг нь үзээд энэ хүн чинь өнгөрсөн байна гэсэн...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх121-122/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №993 дугаартай дүгнэлтэнд:
Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний онош: Тархины битүү гэмтэл:
1. Тархины хоёр тал бөмбөлгийн дух, их, бага, тархины суурийг хамарсан аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвалт, тархины эдийн бичил цус харвалт, тархины хоёр хажуугийн ховдол, 4-р ховдолд дахь бүлэгнэсэн цус, баруун шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал, зулгаралт,
2. Тархи уушгины хаван, цус эргэлтийн хямрал,
З. Элэг өөхлөлт, архины шалтгаант зүрхний булчингийн эмгэгшил, хүнд зэргийн согтолт, баруун өвдгөнд шарх,
Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн 1157 дугаартай дүгнэлтэнд:
Шүүх сэтгэц эмгэг судлалын №739 дүгнэлт: /хх-158/,
Сэтгэцийн онош: Эрүүл
1. Д.Ариун-Оргил нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна.
2. Д.Ариун-Оргил нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Ариун-Оргил нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
3. Д.Ариун-Оргилд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах
шаардлагагүй байна.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтас, хх5-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хавтас, хх17-20/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас, хх25-28/, шинжээчийн №1157 дугаартай дүгнэлт /3 хавтас, хх-11-12/, хохирлын баримтууд /1хавтас, хх31-71/, гэрч С.Баянмөнхийн мэдүүлэг /1 хавтас, хх-86/, гэрч Ж.Энхбаатарын мэдүүлэг /1 хавтас, хх-96/, гэрч Б.Мөнхмягмарын мэдүүлэг /1 хавтас, хх100-101/, гэрч Ж.Энхбаатарын мэдүүлэг /1 хавтас, хх102-103/, гэрч М.Гантулгын мэдүүлэг /1 хавтас, хх-119/, шинжээчийн №5077 дугаартай дүгнэлт /1 хавтас, хх-142/, шинжээчийн №145 дугаартай дүгнэлт /1 хавтас, хх-145/, сэжигтэн Т.Чойномын мэдүүлэг /1 хавтас, хх-186/, сэжигтнээр тооцох тогтоол, мэдүүлэг /1 хавтас, хх-195-199/, яллагдагч С.Баянмөнхийн мэдүүлэг /1 хавтас, хх-200-201/, яллагдагч Э.Энхбаатарын мэдүүлэг /1хавтас, хх-208/, шинжээч М.Золжаргалын мэдүүлэг /2 хавтас, хх-19/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Прокуророос шүүгдэгч Д.Ариун-Оргилийг ялтай байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр иргэн Б.Энхболдыг “юм яръя” хэмээн дагуулж яван, улмаар ямар ч шалтгаангүйгээр зодож, санаатай алсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч түүнд танхайн сэдэлт тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл гэрч Б.Мөнхмягмарын мөрдөн байцаалтад өгсөн: “…Бид нар уг Вискиг тал хүртэл нь хувааж уусан. Энхболд бид хоёр өөд өөдөөсөө харааж сууж байтал талийгаач Энхболд юу ч ярилгүй намайг зүүн талын шанаан тус газар нэг удаа гараараа цохьсон. Би тэгэхээр нь зөрүүлээд адилхан нэг шанаадсан. Би талийгаачид хоёулаа муудалцаад яах вэ гээд гар барьсан. Энэ явдал болсноос хойш 10-20 минутын дараа Ариун-Оргил сэргээд босоод ирсэн.Тэгээд уг вискинээс 2 татсаны дараа би муудсан, нэг ухаан орсон чинь Чойням Энхболд хоёр бид нарын сууж байсан газрын зүүн талд барилдаж байсан. Нэг харсан чинь Чойням Энхболдыг баруун гараараа толгойг нь уургалаад боосон байхаар нь Ариун-Оргил бид хоёр очиж “боль боль наадах чинь боолтонд орсон байна” гээд хоёр тийш нь салгасны дараа талийгаач Энхболд Чойнямын цээж рүү нь нэг удаа жийсэн. Чойням хариу үйлдэл хийгээгүй. Ариун-Оргил талийгаач Энхболдыг мөрлөөд бид нарын сууж байсан газрын баруун урдуур нь тойроод хойшоо 20-иод метр газар дагуулаад явсан. Энэ үед Чойням бид хоёр вискинээс нэг татсаны дараа би юу болж байна гээд эргээд харсан чинь Ариун-Оргил талийгаачийн толгой руу нь гараараа 4-5 удаа цохьсон” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Д.Ариун-Оргил нь өөрийн байгууллагын ажилчидтай голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар хохирогч Б.Энхболд нь Чойнямтай маргалдах явцад нь тэдний салгаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Энхболдыг зодож цохин бие махбодид нь гэмтэл учруулан түүний амь насыг хохироосон байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Ариун-Оргилийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр иргэн Б.Энхболдыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн дүгнэл болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж үзэж прокуророос шүүгдэгч Д.Ариун-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөн талийгаач Б.Энхболдыг шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №993 дугаартай дүгнэлтээр хүнд зэргийн согтолттой байсан гэсэн дүгнэлт гарсан ба тухайн хэрэг явдал гарсан өдөр шүүгдэгч Д.Ариун-Оргил, хохирогч Б.Энхболд нар нь бүгд адилхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогч Б.Энхболдыг гэрч Ж.Энхбаатар нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “…Талийгаач нь ерөнхийдөө согтоод жаахан агсрах янзтай бид нартай харьцаж байсан…” гэж мэдүүлсэн, түүнчлэн Б.Мөнхмягмар, Чойням нартай маргалдаж муудалцан зодолдож байсан зэргийг харгалзан үзэж талийгаач Б.Энхболдыг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж шүүх бүрэлдэхүүн үзээгүй болохыг дурьдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ариун-Оргилыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Д.Ариун-Оргил нь өөрийн сайн дураар хохирогч Э.Болорцэцэгт 4.300.000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хавтаст хэрэгт талийгаачийн оршуулгын зардалд зарцуулсан баримтыг бүрдүүлж өгсөн ба баримтаар нийт 2.247.650 төгрөгийн баримт байх тул шүүгдэгчийг оршуулгын зардлыг нөхөн төлсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөлөгч авсан талаарх зардал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан байцаан шийтгэх ажиллагааны зардал биш байх тул шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна,
мөн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгч Д.Ариун-Оргил нь хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Д.Ариун-Оргил нь өмнө шүүхээр ял шийтгүүлж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдлыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Шүүгдэгч Д.Ариун-Оргилд шүүх бүрэлдэхүүн ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, талийгаач Б.Энхболдын зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулсан бөгөөд хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос Д.Ариун-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Боржигон овогт Дамдинсүрэнгийн Ариун-Оргилыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зйүлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Д.Ариун-Оргилыг 10 /арав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Болорцэцэг нь тэжээгчээ алдсаны тэтгэмжээ гэм буруутай этгээдээс /Д.Ариун-Оргил/ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ариун-Оргилд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Д.МӨНХТУЯА