Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 11

 

 

Б.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Г-т холбогдох эрүүгийн 1935004160211 дугаартай, 1 хавтас хэрэгт шүүгдэгч Б.Г-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар оролцов.

          Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р баг, 4-19 тоотод оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ял шийтгүүлж байсан Тосон овогт Б.Г.

         Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс аймаг дахь Цагдаагийн Газрын шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Батзоригийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

        Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сар хорих ял шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

            Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэсэн байна.

      Шүүдэгч Б.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г миний бие хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх хэрэгт 6 сар хорих ял шийтгүүлсэн. Миний бие өөрийн гэм бурууг ойлгож ухамсарласан бөгөөд ар гэр, ахуй амьдрал маш хүнд байгаа тул надад оногдуулсан ялыг тэнсэн болгож өгнө үү. Миний бие цаашид гэмт хэрэг, зөрчил гаргахгүй төлөв томоотой амьдрах болно.

          Анхан шатны шүүхэд хэргээ тодорхой яриагүй дээ харамсаж байна. Цагдаа Б нь миний баруун тохойноос гар гээд татахад, би эргэж хараад тавь гээд гараа савах үед цагдаа Б-ийн уруул дээр цохигдсон байсан. Б намайг цохичихлоо гээд амаа дараад, намайг баруун гараараа заамдах үед эхнэр цагдаатай ирээд манай нөхрийг явуулчих, битгий асуудалд оруулаач гээд миний гарыг барих үед Б гарыг нь тавиач гээд эхнэрийн гарын булчин луу цохисон. Маргааш нь эхнэр маань цагдаагийн энэ үйлдэлд гомдол гаргана гэсэн. Би Б-той уулзаад хэлэхэд надад ямар ч гомдол байхгүй, би гомдол гаргахгүй гэж хэлсэн. Манай эхнэрээс уучлал гуйна гээд утасны дугаарыг нь авсан. Ард иргэдээ хамгаалах үүрэгтэй хууль сахиулагч эхнэр болон намайг хэл амаар доромжлож, эхнэрийн минь гарыг нь хөхөртөл цохисон. Намайг хууль сахиулагчийн хууль ёсны ямар шаардлагыг эсэргүүцсэн гэж яллаж байгааг ойлгохгүй байгаа”гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа:”Үйлчлүүлэгч Б.Г нь гэм буруугаа ойлгож ухамсарласан гэдгээ ярьж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зорилго биелэсэн нь харагдаж байна. Иймд Б.Г-ийг цаашид заавал 6 сар хорих шаардлагагүй тул үлдсэн хугацааг нь тэнсэн хянан харгалзаж өгнө үү, итгэл үзүүлж Б.Гантөмөрийг засрах боломжийг нь олгоочээ гэж хүсэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар  сарын 13-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1935004160211 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Цагдаагийн Газрын шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгч Н.Б-ийг албан үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

       Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

       Шүүгдэгч Б.Г давж заалдах шатны шүүхэд “Шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

        Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс хорих ялыг сонгон, уг ялын доод хэмжээ буюу зургаан сар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

          Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн “шүүгдэгч Б.Г  урьд нь буюу Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт торгох ял шийтгүүлсэн атлаа гэмт зан үйлээ ухамсарлаж ойлгоогүй байх тул эрүүгийн хариуцлагын хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн хорих ял оногдуулах нь зүйтэй “ гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс няцаан үгүйсгэх, ял хөнгөрүүлэх үндэслэл бүхий нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

        Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

        Шүүгдэгч Б.Г-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн “шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Г-ийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

         Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.