Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 114/ШШ2022/0004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                   Хэргийн индекс: 114/2021/0019/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Г.Чойномыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн Орон сууц хувьчлах товчоонд тус тус холбогдох

Нэхэмжлэлийн “Орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 0106943 дугаар гэрчилгээ,  улсын бүртгэлийн  бүртгэлийг хүчингүй болгох, мөн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 000159045 тоот гэрчилгээ болон бүртгэлийг, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 000402635 дугаар гэрчилгээ, Д.Батмөнхийн Ү-2003011047 тоот бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”, 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц хувьчлах товчооноос олгогдсон 0048163 дугаар гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                            Д.Сарантуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                    Л.Цуурай

Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн

хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                    О.Мэндбаяр

Гуравдагч этгээд                                                    Д.Батмөнх

Гуравдагч этгээд Батмөнхийн итгэмжлэгдсэн

        төлөөлөгч                                                                С.Нансалмаа

Гуравдагч этгээд Батмөнхийн өмгөөлөгч             М.Мэндбаяр

Гуравдагч этгээд Г.Гансүх, Г.Бямбасүрэн

нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч                           Л.Цуурай

Гэрч                                                                          Э.Бумантуяа нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Сарантуяагаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 1994 оны 4 сард энэ 21 дүгээр хорооллын 7-22 тоотод ээж намайг авчраад 27 жил амьдарч байна миний хуучин амьдарч байсан байр болох  5-4 байрны 328 тоотыг манай ээж заруулж ээжийнхээ байранд амьдрахаар тохиролцож амьдарч эхэлсэн. 1998 оны 06 дугаар сарын 24-нд байраа хувьчилж авсан ба Ам бүл 4 гэж бичигдсэн. Ээж маань байргүй орох оронгүй болоод манайд хүрч ирж байсан. Дүү, ээжийг байхад хэрүүл маргаан хүчирхийлэл их гарч байсан ба дүү Туяа нь тухайн байранд ирээд янз бүрийн шалтаг тоочиж намайг удаа дараа хөөж дарамталж, заримдаа гудамжинд амьдарч байсан. Миний байрыг авах зорилгоор 2005 онд орон сууц хувьчлах товчооноос дахин гэрчилгээ авсан болон тухайн гэрчилгээг Батмөнхийн нэр дээр хэрхэн яаж авсныг би огт мэдээгүй. Ээж минь өвчний улмаас 2014 онд нас барсан ба ээжийг өвчтэй байх үед ах дүү нар хэн нь ч эргэж ирж байгаагүй. Ах надад хэлэлгүйгээр энэ байрыг өөрийнхөө нэр дээр хувьчилж авсан байсныг 2021 оны 10 сард ах шүүхэд намайг байрнаас гаргах тухай нэхэмжлэл өгснөөр шүүхээс зарлан дуудах хуудас ирж дуудагдаж очоод ийм зүйл болсныг мэдсэн. Ах дүү нар маань миний талаар дандаа худал мэдүүлэг өгдөг. Энэ хүмүүсийн гаргаж байгаа үйлдэлд маш их гомдож байна. Ээжийгээ цохиж зодсоны улмаас уучлалт гуйж байсан. Ах намайг үргэлж дарамталж сүрдүүлдэг байрыг минь авахаар 2,3 удаа намайг хөөж гаргахаар завдаж байсан. Би хуулийн дагуу явж байгаа хуурамч баримт бичиг үйлдээгүй. Тухайн байрандаа 27 жил тогтвор суурьшилтай амьдарч байгаа байраа байраар сольсон. Энэ хүмүүсийн хийж байгаа үйлдэл санаанд багтахгүй байна. Ах минь чам шиг гуйлгачин өмгөөлөгч авдаггүй юм гэж удаа дараа дарамталж байсан. Миний шаардлага 2005 онд өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгосон болон Д.Батмөнхийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ болон бүртгэлийг хүчингүй болгож, өөрийн нэр дээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 1994 оны 4 сард тухайн байранд амьдарч эхэлсэн нь хуучин улаан иргэний паспортын ард бүртгэгдсэн орон сууц гудамжны хороо гэж байхаас нь бүртгүүлж баг, хороо өөрчлөх болгонд бүртгэгдэж байсан нь хавтаст хэргийн 17 хуудсанд байгаа баримтуудаар нотлогддог. 1998 оны 06 дугаар сарын 24-нд иргэн Л.Доржсүрэн буюу ээж нь орон сууц хувьчлах товчоонд мэдүүлэг гаргахдаа ам бүл 4 охин Д.Сарантуяа түүний охин Г.Бямбасүрэн, хүү Г.Гансүх гэж мэдүүлж орон сууц хувьчлалын товчоо хүлээж авч хувьчилж цэнхэр 0048163 гэрчилгээг олгосон, дундаа хамтран өмчлөгчид Д.Сарантуяа, Бямбасүрэн, Гансүх гурав гэж бүртгэгдсэн байгаа ба энэхүү гэрчилгээ нь өнөөдөр хүртэл хүчинтэй. Бидний зүгээс орон сууц хувьчлалын товчоонд хүсэлт гаргаж шалгуулахад энэхүү гэрчилгээ нь одоог хүртэл хүчинтэй гэх хариуг 11 дүгээр сард өгсөн. Түүний ах  Батмөнх Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 сард Д.Сарантуяаг тухайн байрнаас нүүлгэж гаргах, хөлсөөр сууж байсан гэсэн нэхэмжлэлийг гаргасан ба тухайн нэхэмжлэлээс 2012 онд өмчлөх эрхийн гэрчилгээг Батмөнхийн нэр дээр болгосныг мэдсэнээр холбогдох байгууллагуудад хандаж улмаар бүх материалыг шүүж үзээд  Захиргааны хэргийн шүүхэд хандах болсон. 2005 онд Доржсүрэн гэх хүн гэрчилгээгээ гээж үрэгдүүлсэн гэдэг мэдүүлэг гаргасны үндсэн дээр орон сууц хувьчлалын товчооноос өнөөдрийн хүчингүй болгуулахыг шаардаж байгаа 0106943 тоот гэрчилгээг олгосон байдаг. Энэхүү гэрчилгээг олгохдоо хамтран эзэмших эрхтэй Д.Сарантуяа, Г.Бямбасүрэн, Г.Гансүх нарын нэрийг хасаж 3 хүний эрх ашгийг зөрчиж, энэ 3 хүний нэр нь байхгүй, бүртгэгдээгүй байдаг. Улсын бүртгэлийн газар тус гэрчилгээг бүртгэхдээ 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг үндэслэж гэж бичиж бүртгэсэн байх бөгөөд 19 дүгээр тогтоолд ам бүл 4 гэж бичсэнийг шалгаж тогтоогоогүйгээс хамтран эзэмшигч нарын нэрийг орхин хууль ёсны эрхийг ноцтойгоор зөрчиж Доржсүрэнгийн нэр дээр хууль бус бүртгэл хийж бүртгэсэн.  2012 онд иргэн Д.Батмөнх ээж Л.Доржсүрэнтэй хамтран амьдрах болсон гэсэн хуурамч мэдүүлгийг гаргаж бүртгүүлэн гэрчилгээг авсан байна. Д.Батмөнх нь Орхон аймагт тасралтгүй 30 жил амьдарч байгаа гэсэн Орхон аймгийн Засаг даргын тодорхойлолт байдаг ба энэ хүн 7-22 тоотод амьдарч байгаагүй байсан  гэх бүртгэл огт байдаггүй. Улмаар 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Л.Доржсүрэн буюу ээж нь бурхан болсон түүний дараа Д.Батмөнх нь өмчлөх эрхийг дангаар өөрийн нэр дээр болгосон байдаг. 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр тогтоол хүчингүй болсон өөрчлөгдсөн тушаал шийдвэр огт байдаггүй. Энэ талаар удаа дараа хүсэлт гаргаж шалгуулахад Д.Батмөнхийн 0106943 дугаартай бүртгэл огт байхгүй Д.Батмөнхөд хувьчилсан эрхийн акт огт байхгүй. Ээжээ зодсон энэ талаарх асуудал нь энэхүү байрны маргаантай огт хамааралгүй. Байрыг хувьчилснаас хойш 2005 онд байр өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хууль бус үйлдэл юм. Иймд Орон сууц хувьчлах товчооноос 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон  0048163 орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах, ямар нэгэн эрхийн актгүйгээр хууль бусаар олгогдсон 0106943 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах, 2012, 2015 онуудад Д.Батмөнхөд олгогдсон хүчин төгөлдөр бус улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлүүдийн шаардлагыг гаргасан.Улсын бүртгэлийн тухай хуульд өмчлөх эрхийн гэрчилгээг баталгаажуулах тухайд хугацаа тогтоосон заалт байхгүй, баталгаажуулаагүй нь  гэрчилгээг үгүйсгэх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэв.

Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий байрыг 2005 онд эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх материал бүрдүүлж өгснөөр 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг үндэслэн улсын бүртгэлийн дугаар олгосон байдаг. 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 107 дугаартай нотариатчийн гэрчилсэн хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлээр өмчлөх эрх Доржсүрэн, Батмөнх нарт шилжсэнээр  бүртгэгдсэн  байдаг. Бүртгэлийн байгууллага та энэ хаягт оршин суугаагүй байна гэдэг үндэслэлээр бүртгэхгүй байх боломжгүй. Гэрээ хэлцлийн үндсэн дээр бүртгэлд өөрчлөлт ордог өвлөх гэрчилгээний үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон.  Хувийн хэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бүгд танилцсан байх. Цэнхэр дэвтэрт дутуу, илүү бичигдэж ирэх тохиолдол байдаг.Орон сууц хувьчлах товчооны 19 дүгээр тогтоолд 1 өрх гэж бичигдсэн байсан ба 4 гэж байгаагүй.2005 онд дахин олгосон өмчлөх эрхийн гэрчилгээнд нэг хүн бичигдсэн байсан учир бид шалгах боломжгүй. Бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

Хариуцагч аймгийн Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжаргалаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус товчооны 1997-2010 оныг дуусталх хугацааны архивын материалд Дархан сумын 17 дугаар багийн 21 дүгээр хороолол 7 дугаар байрны 22 тоот 18 м2 талбайтай 1 өрөө байрны өмчлөгчөөр Лүндэнгийн Доржсүрэнг тогтоож 1998 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор 0048163 дугаарын гэрчилгээг олгосон байна.Тогтоолын хавсралтад ам бүл 4, хороолол 21, байр 7, хаалга 22, өрөөний тоо 1, үнэлгээ 729.0 гэсэн тэмдэглэл байна.Иргэн Л.Доржсүрэнд 1998 оны 19 дүгээр тогтоолоор олгосон 0048163 дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай тогтоол гараагүй байна.Тухайн орон сууцыг өөр хүнд өмчлүүлэхээр тогтоол, шийдвэр гаргасан талаар баримтгүй бөгөөд 0106943 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг “дахин олгосон” бүртгэл, мэдээлэл байхгүй.Иймд 0106943 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн орон сууцны хаягаар хэн нэгэн иргэнд олгосон талаарх баримт материал тус товчооны архивын материалд огт байхгүй тул хүчингүй болгох боломжгүй болно гэжээ.

Гуравдагч этгээд Г.Бямбасүрэн, Г.Гансүх нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Бид Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө /хуучнаар 4 дүгээр баг/ багийн 21 дүгээр хороолол 7 дугаар байрны 22 тоот байранд ээж Д.Сарантуяа, эмээ /талийгаач Л.Доржсүрэн/ нарын хамт 1996 оноос хойш одоог хүртэл амьдарсаар 26 жил болж байна.Энэ байр маань 1998 оны 6 дугаар сарын 24-ний орон сууц хувьчлах товчооны 19 дүгээр тогтоолоор бидний 4 ам бүлд хувьчлагдсан ба бид 3 одоогоор амьдарсаар байна.Эмээ маань 2014 онд нас барсан.Иймд ээж Д.Сарантуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг дэмжиж оролцоно гэжээ.

Гуравдагч этгээд Батмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0106943 дугаартай гэрчилгээг дахин олгох болсон шалтгаан нь нэхэмжлэгч Д.Сарантуяа  нь ээж Доржсүрэн дүү Уянгаа нарыг зодож 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 19070 дугаар ордер, 0048163 тоот гэрчилгээг булаан авсан байдаг ба ээж нь тухайн байрны гэрчилгээг түүнд өгөхгүй гэж татгалзсантай холбоотой болсон байдаг. Д.Сарантуяа нь тухайн гэрчилгээг нуугаад өгөхгүй байсан тул түүний дүү Д.Туяагаар Дархан-Уул аймгийн Лха телевизийн Дэлгэц сонинд дээрх 2  баримт бичгийг үрэгдүүлсэн талаар зарлуулсан байдаг. Уг баримт бичгийг сонинд зарлуулсныг үндэслэж 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 33449 дугаартай орон сууц эзэмших эрхийн гэрчилгээг олгосноор 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 0106943 дугаартай орон сууц өмчлөх гэрчилгээг дахин олгосон байдаг. Тухайн гэрчилгээг олгогдсоноор 0048163 дугаартай гэрчилгээ хүчингүйд тооцогдсон. Д.Сарантуяагийн ээж Л.Доржсүрэнг зодсон үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж гэмт хэрэг гэж үзэн Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр шийтгэгдсэн байдаг. Д.Сарантуяа нь хувийн байдлын хувьд байнга хуурамч баримт үйлддэг юм. 1998 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0048163 тоот гэрчилгээтэй холбоотойгоор ээжтэй нь хамт амьдарч байсан талаар гэрч оролцуулах хүсэлтүүдийг гаргаж гэрчээс мэдүүлэг авсан. Нэхэмжлэгч зөвхөн ээж 2 хүүхдийн хамт амьдарч байсан гэж мэдүүлдэг нь худал. Тус орон сууцад Доржсүрэн, Д.Батнасан, Д.Туяа түүний хүү Хашхүү нар бас хамтран амьдарч байсан ба 1999 онд Батнасан нь нас барсан. Сарантуяа нь 10 дугаар багийн 5.4 байрны 328 тоотод нөхөр Ганболдтой амьдарч байсан байгаа.Үнэхээр Д.Сарантуяа тус байрны өмчлөгч байсан бол түрээслэх талаар хэлцэл хийх шаардлагагүй байсан. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Батцоожийн гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогддог. Тухайлбал: гэрч Н.Батцоож нь “2014 онд Д.Батмөнхийн хамт Улаанбаатараас Эрдэнэт рүү явах замдаа Дархан-Уул аймаг орж түүний орон сууцыг Д.Сарантуяад хөлслүүлэх талаар яриа хэлцэл хийх үед тэдний хажууд байсан. Тэр хоёр ах дүү хоёр юм, дүүдээ сарын 200.000 мянган төгрөгөөр хөлслүүлнэ гэж байсан би үүнийг л сонссон” гэх мэдүүлэг. 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 0106943 дугаартай орон сууц өмчлөх гэрчилгээ нь Сарантуяа  болон бусад хүний эрхийг зөрчөөгүй,  ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрчилгээ юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Батмөнхийн өмгөөлөгч М.Мэндбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн маргаанд Захиргааны байгууллагыг буруутгасан хууль бус үйл ажиллагаанаас Сарантуяагийн эрх ашгийг хөндсөн шийдвэр байхгүй байгаа нь хянан тогтоосон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд байгаа. Мөн иргэн Н.Батцоож болон Д.Туяа нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Д.Сарантуяатай хөлслөх гэрээг байгуулж тухайн мөнгөн төлбөрөө шилжүүлж байсан нь тогтоогддог ба Д.Сарантуяагийн шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэл үндэслэлгүй гэдэг нь харагдаж байгаа. Өөрийн өмчлөлд байсан байранд хөлс төлөх ямар ч үндэслэл шаардлага байхгүй. Одоо л өөрийнхөө орон сууцыг Батмөнхийн өмч болсон энэхүү маргааныг мэдэж байна гэж мэдүүлж байгаа нь үндэслэлгүй хууль ёсны өмчлөгч биш байсан нь тогтоогдож байна. Батмөнхийн өмч болсныг 2015 онд мэдсэн гэж үзэж байгаа.Хавтаст хэрэгт хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт орон сууцыг хувьчлалын замаар өмчилж авсан гэж тайлбарладаг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр байр суурь нь өөрчлөгдсөн 1994 арилжааны гэрээгээр сольж авсан гэж ярьж байгаа учир энэ нь иргэний эрх зүйн харилцаа байна. 5.4 байрны 328 тоотод амьдарч байгаад уг байранд ирснээр Сарантуяад эрх үүссэн үү гэдгийг  нягталж, 1996 оны орон сууц хувьчлах тухай хууль болон журмыг холбогдох заалтыг харах ёстой. Засгийн газраас баталсан 1997 оны сууц өмчлөх гэрчилгээг олгох журмын 7 дугаар зүйлийн 1-т орон сууц хувьчлан авах товчооноос олгосон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийгдсэнээр сууц өмчлөгчийн сууцаа үл хөдлөх хөрөнгө болон өмчлөн авах эрх баталгаажсан байна гэж заасан. Гэтэл огт баталгаажуулаагүй цэнхэр өнгийн 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0048163 дугаартай гэрчилгээг гаргаж ирээд мөн ар талд тамга тэмдэггүй ийм баримтыг гаргаж ирэн захиргааны байгууллагад бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй. Орон сууц хувьчлах тухай хуульд орон сууц хувьчлан авахад тодорхой шаардлагууд тавигдаж байгаа ба орон сууц хувьчилж авах гэж буй иргэн орон сууц хувьчлах тухай хуулийн 161-д зааснаар өргөдлөө гаргах гэж. Гэтэл Д.Сарантуяа өдийг хүртэл 27 жилийн хугацаанд өргөдлөө гаргаж байгаагүй ийм үйлдэл огт хийгдээгүй, Тийм мэдээлэл лавлагаа огт байдаггүй ба орон сууцаа авах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтээ гаргах байсан, энэ хүнд энэхүү байрыг үнэхээр өмчилж авах хүсэл зорилго байгаагүй. Тухайн үед нэхэмжлэгч нь 33 настай иргэний эрх зүйн чадамжтай этгээд байсан. Хүсэлт гаргах асуудал нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 , 121 дугаар зүйлийн 1-д сууц хувьчлан авах иргэний эрх гэж байгаа. Мөн “орон сууц эзэмшигч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууцыг сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг гэж заасан. Д.Сарантуяа 33 настай байсан бөгөөд орон сууц хувьчлах товчоотой гэрээ хэлцэл байгуулж ордер аваагүй. Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэл гаргаад байгаа энэхүү үйл ажиллагааг гүйцэтгэхийн тулд үйлдэл эс үйлдэхүй буюу бүртгэхээс татгалзсан татгалзал байх ёстой тийм татгалзал, ямар нэгэн эрх зүйн харилцаа огт үүсээгүй. Д.Сарантуяад орон сууц өмчлөх эрх баталгаажсан зүйл огт байхгүй,  Эзэмших эрхийн ордер нь ээж Л.Доржсүрэнгийн нэр дээр байсан.  Миний үйлчлүүлэгч тухайн орон сууцыг хувьчилж аваагүй. 2012 онд орон сууц өмчлөлд хамтран өмчлөгч нэмэгдэх хэлцлийн дагуу бүртгүүлж давхар нэрээ оруулж гэрчилгээ олгогдсон энэхүү хэлцлийн зорилго нь тухайн байрыг Доржсүрэн нь хүү Д.Батмөнхөд өмчлүүлэх зорилготой байсан ба Д.Сарантуяа нь булааж авах гээд байсан тул Батмөнхийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж түүний хүсэл зориг нь хэрэгжсэн. 2014 онд ээж нь нас барж 2015 онд нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Д.Батмөнхийн нэр дээр шилжсэн бөгөөд нотариатчийн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй, хэлцэл хүчин төгөлдөр байхад хүчингүй болгох үндэслэлгүй байна. Хууль зөрчсөн байна гэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр огт байхгүй.Сарантуяа нь өвлөх хүсэлтээ гаргаагүй, захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй. 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 0048163 тоот цэнхэр гэрчилгээг Улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлагын хувьд анх шүүхэд хандахаас өмнө Улсын бүртгэлийн байгууллагад хандаад бүртгүүлэх боломжтой байсан. Эрхээ хэрэгжүүлээгүй учраас шаардах эрхгүй. Энэ хүний гаргасан нэхэмжлэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргахгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Сарантуяа нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 0106943 дугаар гэрчилгээг  бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох, 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц хувьчлах товчооноос олгогдсон 0048163 дугаар гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэхийг  даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдөр шүүхэд  “орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 0106943 тоот гэрчилгээг, 2005 оны 05 дугаар сарын 05-ний өдөр бүртгэсэн улсын бүртгэлийн  бүртгэлийг хүчингүй болгох, мөн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 000159045 тоот гэрчилгээ болон бүртгэлийг, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 000402635 дугаар гэрчилгээ, Д.Батмөнхийн улсын эрхийн Ү-2003011047 тоот бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” гэж өөрчилж, нэмэгдүүлсэн тул шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах байдлаар  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Сарантуяагаас “маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2005 онд дахин олгож, хамтран өмчлөгч Д.Сарантуяа, Г.Гансүх, Г.Бямбасүрэн нарын нэрийг хасаж орхигдуулан ганц ээж Л.Доржсүрэнгийн нэр дээр бичигдсэн, улсын бүртгэлийн ажиллагаа хийгдсэнийг болон ах Д.Батмөнх нь тухайн байрыг өөр дээрээ шилжүүлэн авч өмчлөх эрхийн гэрчилгээг авсан болохыг би огт мэдээгүй, 2021 оны 10 дугаар сард дарханы шүүхээс дуудсанаар очиход намайг “энэ байрнаас албадан нүүлгэж гаргуулах тухай“ нэхэмжлэлийг Батмөнх нь гаргасан байсан энэ үеэс би мэдэж, байрныхаа лавлагааг гаргуулж үзтэл 2005 оны 04 сарын 10-нд дахин олголт нэртэйгээр 0106943 тоот орон сууц өмчлөх гэрчилгээг аймгийн орон сууц хувьчлах товчооноос олгосон байсан” гэж тайлбарлаж байна.

Гуравдагч этгээд Д.Батмөнх нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Д.Сарантуяад холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, орон сууцны хөлс 7200000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3592 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэгдсэн, улмаар Д.Сарантуяа нь аймгийн Орон сууц хувьчлах товчоо, улсын бүртгэлийн хэлтэст тус тус гомдол гаргаж хандсанаар маргаан эхэлжээ.Иймд Д.Сарантуяаг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, орон сууц хувьчлах товчооны бүрэн эрхэд өмчлөх эрхийн гэрчилгээг олгохоор хуульчилсан ба нэхэмжлэгчээс аймгийн Орон сууц хувьчлах товчооны даргад гомдлоо гаргаж хариу өгснийг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явагдсан гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг  үүсгэсэн болно.Төрийн өмчийн хорооны 2005 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны бүрэлдэхүүнийг баталж, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орон сууц хувьчлах товчоодын дарга нарт үүрэг болгосон заалтаас үзэхэд аймгийн орон хувьчлах товчоо нь үйл ажиллагаагаа явуулж байсан байх тул өмгөөлөгчийн “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 67 дугаар тогтоолоор орон сууц хувьчлах товчооны ажиллах журмыг баталж дагаж мөрдсөн, өмнө нь зохицуулалт байгаагүй” гэх тайлбар няцаагдаж байна.

 “Орон сууц өмчлөх эрхийн 2005 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 0106943 дугаар гэрчилгээг,   улсын бүртгэлийн Ү-2003011047 дугаар бүртгэлийг хүчингүй болгох” шаардлагын тухайд:

Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө /хуучнаар 4 дүгээр баг/ багийн 21 дүгээр хороолол 7 дугаар байрны 22 тоот 18 мталбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Сарантуяагийн ээж асан Л.Доржсүрэн нь анх 1994 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 19070 тоот орон сууц эзэмших эрхийн бичгээр эзэмшиж улмаар Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар орон сууц хувьчлан авах тухай өргөдлөө аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргаснаар Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр хурлын “орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээ олгох тухай” тогтоолоор хувьчлагдаж, тогтоолын хавсралт П-ийн 192 дугаарт Л.Доржсүрэн, ам бүл 4, 7-22 тоот, 1 өрөө, үнэлгээ 729,0 гэж бичигджээ.

Орон сууц хувьчлах товчооноос 0048163Да дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээг 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Л.Доржсүрэнгийн нэр дээр  олгосон байх бөгөөд тухайн гэрчилгээ дээр хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд Д.Сарантуяа, Г.Бямбасүрэн, Г.Гансүх нар гэж тэмдэглэгдсэн болох нь  Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр тогтоол, тогтоолын хавсралт, орон сууц эзэмших эрхийн бичиг, өргөдөл, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Хариуцагч аймгийн Орон сууц хувьчлах товчоо нь нэхэмжлэгч Д.Сарантуяагийн ээж асан Л.Доржсүрэнд 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц өмчлөх эрхийн 0106943 тоот гэрчилгээг дахин олголт гэсэн тэмдэглэгээтэйгээр олгосноор 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2003011047 дугаарт бүртгэгджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анх 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц өмчлөх эрхийн тухайн гэрчилгээ дээр “хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд Д.Сарантуяа, Г.Бямбасүрэн, Г.Гансүх нар” гэж тэмдэглэгдсэн,  Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооноос дахин олгосон 2005 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц өмчлөх эрхийн 0106943Да тоот гэрчилгээ дээр зөвхөн Л.Доржсүрэнгийн нэрийг бичиж,  аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг үндэслэсэн гэж дурдан хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн  Д.Сарантуяа, Г.Гансүх, Г.Бямбасүрэн нарын нэрийг бичээгүй орхигдуулсан байна.

Шүүхээс аймгийн  Орон сууц хувьчлах товчооны 2004-2006 онуудын бичиг баримтад үзлэг хийхэд  2004 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 31 дүгээр тогтоол, 2004 оны 08 дугаар сарын 26-нд 32 дугаар тогтоол, 2005 оны 02 дугаар сарын 04-нд 33 дугаар  тогтоол, 2006 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр 34 дүгээр тогтоолууд  тус тус гарсан байх ба энэ тогтоолуудаар маргаан бүхий орон сууцтай холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаагүй, Л.Доржсүрэнд дахин өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай албан ёсны шийдвэр байхгүй,  тухайн өмчлөх гэрчилгээг дахин авах талаар хүсэлт, материалыг бүрдүүлж өгсөн талаарх бүртгэл, материал нь орон сууц хувьчлах товчооны баримтад байхгүй,  өөрөөр хэлбэл тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгуулах болон олгох эсэхийг шийдвэрлэсэн шийдвэр албан ёсоор гараагүй,  хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл аваагүй, хасагдах болон хасах талаар хүсэлтээ гаргаагүй байхад аймгийн орон сууц хувьчлах товчооноос орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэлгүйгээр дахин бичиж олгосон нь Орон сууц хувьчлах тухай хууль, аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 19 дүгээр тогтоолтой зөрчилдсөн хууль бус болох нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Д.Сарантуяа болон хүүхдүүд нь тухайн маргаан бүхий орон сууцанд амьдарч байсан нь тодорхойгүй, орон сууц хувьчлах товчооны тогтоолд ам бүл 4 гэж дурдагдсан боловч тухайн үед хэн хэн нь байранд амьдарч байсан нь мэдэгдэхгүй, Туяа, түүний хүүхдүүд болон ах нар нь амьдарч байсан” гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч Д.Сарантуяа нь тухайн хаягт 1998 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд, Г.Гансүх, Г.Бямбасүрэн нар нь 1998 оноос өрх тусгаарлах хүртэл хугацаанд амьдарч байсан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбар,  багийн засаг даргын болон ам бүлийн тодорхойлолт, гэрч Н.Энхтайван, Э.Бумантуяа нарын мэдүүлэг,  хүн, ам өрхийн бүртгэлийн дэвтэр, архивын ерөнхий газрын лавлагаанд “хүн амын орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлд 7-22-д Л.Доржсүрэн 67 нас, Д.Сарантуяа 34 нас, Г.Бямбасүрэн 5 нас, Г.Гансүх 4 нас, Б.Эрдэнэчулуун 26 нас гэж, 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 103 дугаар хуудсанд Д.Сарантуяа 45 нас, С.Бямбасүрэн 16 нас, Г.Гансүх 15 нас гэж тус тус бүртгэгдсэн”, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Лүндэнгийн Доржсүрэнгийн 2005 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, аймгийн Орон сууц хувьчлах товчооноос олгосон 0106943 дугаартай гэрчилгээг хүлээн авч улсын бүртгэлийн Ү-2003011047 дугаарт бүртгэхдээ Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах” гэж заасныг хэрэгжүүлээгүйгээс зөвхөн орон сууц өмчлөх гэрчилгээг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн нь үндэслэлгүй болжээ.Хэдийгээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, эд хөрөнгийн бусад эрх”-ийн улсын бүртгэлийн асуудлыг зохицуулсан боловч 13 дугаар зүйлийн 13.1 дахь хэсэг нь мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан бүхий л эрхийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгт тавигдах нийтлэг шаардлагыг тодорхойлсон байна.Иймээс хариуцагчийн “орон сууц хувьчлах товчооны тогтоолд ам бүл 4 гэж бичигдээгүй” гэсэн тайлбар, үндэслэл нь хулийн дээрх зохицуулалтай нийцээгүй байна.Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс нь дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх шаардлагыг эрхийг бүртгүүлэхэд шаардагдах хавсаргавал зохих баримтуудыг шаардах ёстой байжээ.Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг мэдүүлэгт хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах ёстой байна.

Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл хоёр нийцэж байх шаардлага, үйл ажиллагааны зорилго, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөж буй этгээдэд үүсэх үр дагаврын тэнцвэртэй байдлыг хангах замаар захиргаа хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч Д.Сарантуяа, гуравдагч этгээд Г.Гансүх, Г.Бямбасүрэн нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, үр дагавар үүссэн байх бөгөөд асан Л.Доржсүрэнгийн 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0106943Да дугаарын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн  Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө /хуучнаар 4 дүгээр баг/ багийн 21 дүгээр хороолол 7 дугаар байрны 22 тоот орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011047 дугаар бүртгэл нь хууль бус болох нь тогтоогдож байх  тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

“2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 000159045 дугаар , 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 000402635 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011047 тоот бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө /хуучнаар 4 дүгээр баг/ багийн 21 дүгээр хороолол 7 дугаар байрны 22 тоот орон сууцанд 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 107 дугаартай нотариатчийн гэрчилсэн “орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ээр өмчлөх эрх Л.Доржсүрэн, Д.Батмөнх нарт шилжин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000159845 дугаар гэрчилгээ, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 107 дугаартай нотариатчийн гэрчилсэн “өвлөх эрхийн гэрчилгээ”-ээр өмчлөх эрх Д.Батмөнхийн өмчлөлд шилжигдэж, 000402635 дугаарын гэрчилгээнүүд тус тус олгогдсон байна.

Маргаан бүхий орон сууцыг хуулийн дагуу хувьчилсан Аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 19 дүгээр тогтоол, өмчлөх эрхийн гэрчилгээ нь тус тус хүчин төгөлдөр байхад 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0106943Да дугаарын хууль бус орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэж гуравдагч этгээд Д.Батмөнхийг улсын бүртгэлийн эрхийн Ү-2003011047 дугаарт бүртгэсэн бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000159845 дугаар, 000402635 дугаар гэрчилгээнүүд олгосон үйл ажиллагаа нь бодит байдалд нийцээгүй, бүртгэл үнэн зөв байх шаардлагыг хангаагүй  Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн /2009 оны/  3 дугаар зүйлийн 3.1.4 “үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “бүртгэл үнэн зөв байх” гэж  заасантай нийцээгүйгээс гадна  дээрх үндэслэлүүдээр хууль бус болох нь тогтоогдож байх тул Д.Батмөнхийн Ү-2003011047 дугаарт бүртгэсэн эрхийн улсын бүртгэл болон 000159845 дугаар, 000402635 дугаар үл хөдлөх эд хөрөнгө  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

“1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц хувьчлах товчооноос олгогдсон 0048163 дугаар гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэхийг  даалгах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Сарантуяагийн “маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлт, мэдүүлгээ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж байгаагүй” гэсэн тайлбар, аймгийн Улсын бүртгэлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 01/300 тоот албан бичигт “Д.Сарантуяа нь орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж байгаагүй” гэснээс үзвэл маргаан бүхий орон сууцыг бүртгүүлэх талаар хүсэлтээ гаргаж байгаагүй нь нотлогдож байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” гэж хуульчилснаас үзэхэд нэхэмжлэгчээс улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг гаргаснаар хэрэгжихээр байна.

Харин нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дэмбэрэлийн Батмөнхийн нэр дээр бүртгэлтэй Дархан сумын Өргөө /хуучнаар 4 дүгээр баг/ багийн 21 дүгээр хороолол 7 дугаар байрны 22 тоотын улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, Улсын бүртгэлийн хэлтэс нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/1187 тоот албан бичгээр “...улсын бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй” гэсэн хариуг хүргүүлжээ.

Иймд Захиргааны байгууллагын улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул “1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц хувьчлах товчооноос олгогдсон 0048163 дугаар гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэхийг  даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Аймгийн Орон сууц хувьчлах товчооноос “тус товчооны үйл ажиллагааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шийдвэр ирэх хүртэлх хугацаанд зогсоосон... хуралд оролцуулах боломжгүй” гэсэн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр албан тоотыг  шүүхэд мөн өдрөө ирүүлсэн ба Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас үйл ажиллагааг нь зогсоосон тухай албан ёсны шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13 дахь  хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн /2009 оны/  11 дүгээр зүйлийн 11.5.1-д заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орон сууц өмчлөх эрхийн 0106943Да дугаар гэрчилгээ нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө /хуучнаар 4 дүгээр баг/ багийн 21 дүгээр хороолол 7 дугаар байрны 22 тоот орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011047 дугаар бүртгэл, Д.Батмөнхийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000159045, 000402635 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, 1998 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууц хувьчлах товчооноос олгогдсон 0048163 дугаар гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэхийг  даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сарантуяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооноос 35100 төгрөг, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 35100 төгрөгийг тус тус гаргуулж, орон нутгийн орлогод оруулсугай.   

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах,  гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.НАРАНТУЯА