Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/990

 

 2023        10           03                                      2023/ШЦТ/990     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2023/0977

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

улсын яллагч Б.Өнөбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н,

шүүгдэгч Г.Ад /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад-д холбогдох эрүүгийн 2309017802003 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа гэрийн тавилга хийж борлуулдаг ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.Ад /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Ад нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 03-04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.А-тай маргалдаж, улмаар архины шилээр түүний толгойн зүүн дээд хэсэгт хоёр удаа цохиж зодон түүний эрүүл мэндэд зүүн зулайн хуйхны шарх, хуйхны дотор гадаргуугийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Сэтгэл санааны хохирол их байна. Бага охин маань 1-р ангид сурдаг. Охин маань байнга аавыгаа асуудаг, үнэхээр хэцүү байна. Адилхан эцэг хүн яллаад яах вэ, хүүхдүүдийн сургалтын төлбөрт туслахыг хүсэж байна. Хүүхдүүдийг сургуулиа төгстөл сургалтын төлбөрийг нь төлөхөд боломжоороо туслаад өгөөч гэсэн хүсэлтэй байна” гэв.

Шүүгдэгч Г.Ад шүүх хуралдаанд: “Би болчимгүй үйлдлээсээ болж ийм зүйл хийсэн. Одоо яах гэж маргалдав гэж харамсаж байна. Би хохирогчийг архины шилээр нэг удаа толгой руу нь цохисон. Золбоо бид хоёрыг салгасан. Бид нар 8 цаг хүртэл юм ярьж сууж байгаад тэд нар явцгаасан. Хохирогчийн хүүхдийн сургалтын төлбөрт 5 сая төгрөг өгсөн.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 07 цаг 29 минутад над руу фэйсбүүк чатаар залгаад Г.А-ийнд байна гэж хэлсэн. Яриаг нь сонсоход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байсан. Толгойных нь дээд хэсгээс цус гараад тогтохгүй гараараа дараад байсан. Намайг “яасан юм бэ” гэж асуухад цаанаас Г.Ад “би цохичихсон юм” гэж хэлсэн. Гэтэл талийгаач “үгүй ээ намайг хэн ч зодоогүй” гээд уйлаад шоконд орсон юм шиг байсан. Тэгээд намайг ирээд авчих уу гэхэд нь би за, такси бариад очъё гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 56-58 дахь тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн дахин өгсөн "...Би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны 18 цагийн үед ажлаа тараад талийгаач нөхрийн ажилладаг байсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “***” төвийн 1 дүгээр давхарт байх тавилгын цех дээр очиж уулзсан. Тухайн үед нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Захиалга авсан айлынхаа тавилгыг хийгээд дуусаж байна, 20 цагийн үед хүргэлтэд явна гэж хэлсэн. Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо *** тоотод байх гэртээ харьчхаад ирэхэд нөхөр ажил дээрээ байхгүй байсан. Хамт ажилладаг хүнээс асуухад "сая гарч явсан, Обооноо ахтай хамт гарсан, одоо ороод ирэх байх" гэсэн. Тухайн өдөр талийгаач гэртээ ирж хоноогүй, утас руу нь залгахад авахгүй байсан ба 22 цагийн үед фейсбүүк чатанд байсан. ...2023 оны 01 дүгээр сарын 11-ний 07 цаг 29 минутад талийгаач нөхөр маань өөрийн ашигладаг "A*** G***" нэртэй фейсбүүкийн дүрст чатаар миний "H*** Т***" нэртэй фейсбүүк чат руу залгасан. Тухайн үед талийгаачийн духны зүүн талын хэсэгт язраад задарсан мэт гэмтсэн байсан ба их цус гарч байсан. Би юу болсон талаар асуухад талийгаач "Г.А-ийн гэрт ирсэн. Толгойгоо цохиулсан" гэж хэлэхэд цаад талаас Г.Ад "би цохичихсон юм" гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119 дэх тал),

Гэрч А.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед талийгаачтай 100 айлд уулзсан... Талийгаач бид хоёр Будгаа гэх найзаараа Дарь эхийн шинэ замын ойролцоо байх Аагийгийн гэрт хүргүүлж, Аагий болон түүний эхнэрийг аваад 17-ын Симба гэх бааранд орсон. Тухайн бааранд ороход 23 цаг болж байсан. Бид дөрөв 0.33 литрийн хэмжээтэй 20 шил пиво хувааж уусан. Тухайн үед нэг их согтсон хүн байгаагүй. Бид дөрөв 4-5 цагийн үед баарнаас гарч Аагийгийн гэрт очсон. Тэндээ 0.5 литрийн хэмжээтэй архи уухаар задалсан. Талийгаачийн утас руу Зук гэх хүн залгаж хаана байна гэж асуухад Аагийгийнд байна гэж хэлсэн. Удалгүй Зук, Базараа гэх хүнтэй хамт ирсэн. Тухайн үед задалсан архинаас Базараа бид 2, хоёр хоёр хундагыг уусан ба бусад нь асгарчихсан. Намайг Базараатай юм яриад сууж байтал гэрийн хойморт Г.А, Г.Ад хоёр маргалдаж эхэлсэн. Маргалдсанаас болж Г.Ад архины шилээр Г.А-н толгой руу 2 удаа цохисон. Г.А толгой хагарч, цус гарсан. Би тэр хоёрыг салгаж, тайвшруулсан. Тэр хоёрыг маргалдаж байхад Базараа гараад явсан. Базараагийн өмнө Зук гарч явсан. Маргаан юунаас болсныг би мэдэхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал),

Гэрч М.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 01-р сарын 10-ны орой 23 цагийн үед манай нөхөр ажлаасаа ирээд байж байтал Золбоо, Алдраа хоёр бага зэрэг архи уучихсан ирсэн. Бид дөрөв 00 цаг өнгөрөөгөөд 17-н автобусны буудлын 17 club гэх нэртэй газар орж гурав, гурван пиво угаад, тухайн газраасаа цэнхэр шилтэй 0.5 литрийн архи авч манай гарт ирээд уусан. Гэтэл 03 цагаас 04 цагийн үед манай нөхөр Г.Ад, Г.А хоёр маргалдаж, зодолдсон. Г.А Г.Ад-н баруун талын нүд рүү цохиход Г.Ад Г.А-н толгой руу архины шилээр цохисон. Тухайн үед Г.А-н толгойноос цус гарсан. Тэр хоёрыг маргалдах үед Золбоо сэрсэн. Гаднаас 3ук найзтайгаа орж ирсэн. Бид дөрөв тэр хоёрыг салгасан. Удалгүй Зук найзтайгаа явсан. Араас нь Алдраа, Золбоо хоёр явсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-70 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 300 дугаартай “...Г.А-н биед зүүн зулайн хуйхны шарх, хуйхны дотор гадаргуугийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох механизмаар үүсгэгдэх ба дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 73-78 дахь тал),

Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дээрх гэмтлийг авснаас хойш толгой өвдөх болон шархнаас цус гарах зовиурууд илэрнэ. Гэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж толгой өвдөх зовиур бүдэг илэрч болно. Ухамсарт ухаантай байх ба идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой. Учир нь шинжилгээгээр уг шархны доор гавлын ясанд хугарал гэмтэл үгүй. Уг шархны харалдаа хуйхны цус хуралт нимгэн харьцангуй бага талбайг хамарсан байсан. Мөн уг шархны харалдаа тархины эдэд голомтлог гэмтэлгүй байсан. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн гэмтэл байна...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 124-125 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Г.Ад нь согтуугаар 2023.01.10-наас 11-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбай 7 дугаар гудамжны 48 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Г.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас хурц маргалдаж улмаар түүнийг архины шилээр толгойн тус газарт нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйхны шарх, хуйхны дотор гадаргуугийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Г.Ад-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Г.Ад-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай үг сөрөн хэрүүл маргаан, зодоон цохион үүсгэн архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн эрүүл мэндэд нь санаатайгаар хохирол учруулж байгаа догшин хэрцгий зан байдал нь шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Г.Ад-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүхээс өмнөх шатанд шүүгдэгч Г.Ад-н зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д 5 сая төгрөгийг бага охиных нь сургалтын төлбөрт дэмжлэг болгон өгсөн болохыг шүүгдэгч, хохирогч нар мэдүүлсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, шүүгдэгч Г.Ад нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Г.А-н бага охиныг 12 дугаар анги төгстөл нь жил бүр сургалтын төлбөрт дэмжлэг туслалцаа үзүүлэх”-ээр харилцан тохиролцож шүүгдэгч Г.Ад-н зүгээс шүүхэд бичгээр баталгаа гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Ад-г одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн тухайд цаашид шүүгдэгч Г.Ад-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Ад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчаас: “шүүгдэгч Г.Ад-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү.” гэх саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Ад-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад-д 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Г.Ад-д оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Шүүгдэгч Г.Ад нь шүүхээс өмнөх шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-д 5 сая төгрөгийг хохирол төлбөрт тооцон өгсөн ба шүүхийн шатанд хохирогч Г.А-н бага охины сургалтын төлбөрт жил бүр дэмжлэг, туслалцаа үзүүлж байхаар шүүхэд бичгээр баталгаа гаргасан болохыг дурдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь цаашид шүүгдэгч Г.Ад-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.Ад-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.БОЛДБААТАР