| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2019/03150/и |
| Дугаар | 147 |
| Огноо | 2020-01-07 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.О /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б /-д холбогдох,
2015 оны 03 сарын 04-ний өдөр байгуулсан “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О , хариуцагч Ж.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Биндэръяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа:
“Миний бие О.О нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ж.Б тай Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, *******, *******,******* дугаар байрны 5 тоот хаягт байрлах, 51.38 м.кв талбайтай, 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Б ын өмчлөлд шилжүүлсэн. Учир нь Ж.Б нь миний өмчлөлийн тус байрыг өөрийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, бичиг баримтыг минь банкинд тавьж, мөнгө зээлээд эргэлтэнд оруулж байгаад 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эргүүлж өгнө гэж тохиролцож, оронд нь миний байрны зээлийн үлдэгдэл болох 28,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд тус нөхцөлийн үндсэн дээр 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хэлцэл байгуулсан. Тухайн үед хэлцэл байгуулсны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгөө 4 жилийн хугацаатайгаар бэлэглэлийн гэрээгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан нөхцөлөөр шилжүүлсэн боловч одоог хүртэл миний байрыг маань шилжүүлэхгүй байгаа тул 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2015 онд О.О ээс байрыг нь өөрийн нэр дээр*******,700,000 төгрөгийн зээлийг нь хааж шилжүүлж авсан. О.О өөрөө ч гэсэн ганцаараа зээл төлөхөд хэцүү байна гэхээр нь банкны хүү гайгүй гэж бодоод авсан. Тэгээд бизнес муудаад, төлөлт хийж чадахгүй байж байгаад 2019 оны 9 дүгээр сараас төлөлт хийж эхэлсэн. Би байрыг нь өгөхгүй гээгүй, 17,000,000 төгрөгийн зээлийг төлсөн. Банкны төлбөрийг төлж дуусаад байрны ордерийг нь нэр дээр нь шилжүүлж өгнө гэсэн бодолтой байгаа. 5-6 сар төлөхгүй явсан нь үнэн. Сая 2019 оны 09 дүгээр сараас хүсэлтээ өгөөд хэвийн ажиллагаанд оруулаад дуусгахаар байгаа. Түүнээс биш банкнаас хураагаад авна гэсэн зүйл надад яриагүй. Банкнаас гэрээнд чинь өөрчлөлт оруулъя гэсэн хариу өгсөн” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Ж.Б ад холбогдуулан 2015 оны 03 сарын 04-ний өдөр байгуулсан “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2015 оны 03 сарын 04-ний өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-ээр нэхэмжлэгч О.О нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, *******,******* дугаар байрны 5 тоот, 51,38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Ж.Б ад бэлэглэж, хариуцагч Ж.Б нь уг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх бөгөөд гэрээ байгуулагдсан болон орон сууц шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй. /хх-43/
Иргэний хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ”, мөн хуулийн*******6.2-т “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 4 жилийн хугацаатайгаар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн боловч хариуцагч хугацаа дуусахад орон сууцыг буцаан шилжүүлэхгүй байгаа, зохигчдын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарлаж байх боловч зохигчдын хооронд 2015 оны 03 сарын 04-ний өдөр байгуулсан “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-нд нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан эдгээр нөхцөл тусгагдаагүй байна.
2015 оны 03 сарын 04-ний өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-нд орон сууцны үнийг 30,000,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд зохигчдын тайлбараар хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч О.О ийн орон сууцны төлбөрийн үлдэгдэл 28,000,000 төгрөгийг төлсөн, бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 03 сарын 04-ний өдөр бичсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г дүр үзүүлэн байгуулсан болох нь нотлогдож байгаа гэж тайлбарлаж байх боловч уг бичгийг үндэслэн 2015 оны 03 сарын 04-ний өдрийн “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч Ж.Б орон сууцыг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байх боловч энэ үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.Б ад холбогдуулан гаргасан 2015 оны 03 сарын 04-ний өдөр байгуулсан “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ж.Б ад холбогдох 2015 оны 03 сарын 04-ний өдөр байгуулсан “Орон сууцны бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР