| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/01198/и |
| Дугаар | 1855 |
| Огноо | 2020-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 1855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух Баянцагаан овогт Ш*******ийн Т******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** тоотод оршин суух Илжигэн овогт Р*******ын М******* /Регистрийн дугаар *******/-т холбогдох,
12,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Т , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Миний бие Ш.Т нь Р.М тай 2006 онд Шөнийн зах анх нээгдэхэд хажуу лангуунд хамт байсан учир найзалж нөхөрлөсөн. Тэр үеэс бид хоорондоо аман гэрээгээр харилцан тохиролцож мөнгө зээлж өгч авдаг байсан. Р.М нь зээлсэн мөнгөө маргааш нь эсвэл бараанд явж ирээд өгчихдөг байсан. Сүүлд мөнгө өгөх үед Р.М нь ломбард ажиллуулж байгаа гар утас, монет, ээмэг, бөгж авахаар ашигтай юм. Найздаа мөнгө байвал зээлчих 5 хувийн хүүтэй, мөнгөтэй болоод өгье гэхээр нь за яахав нэг сарын 4 хувь хүүтэй, нэг сарын хүү 240,000 төгрөг, мөнгөтэй болоод өгнө гэдгээр барьцаагүйгээр 6,000,000 төгрөг бэлнээр 2017 оны 03 сарын 18-ны өдөр зээлүүлсэн. Тухайн үед өмнөх шигээ мөнгөө өгчих байх гээд итгээд бичгээр гэрээ хийлгүй амаар гэрээ хийсэн. Үүнээс хойш сарын дараа 2017 оны 04 сарын 19-ний өдөр “Хаан банк”-ны дансаар үндсэн зээл 6,000,000 төгрөгийн нэг сарын хүний мөнгө 240,000 төгрөг төлсөн дансны хуулга нь байгаа. 2017 оны 06 сарын 12-ны өдөр 5 сарын хүү гэж 240,000 төгрөг төлсөн. 2017 оны 06 сарын 24-ний өдөр 150,000 төгрөг, 2017 оны 07 сарын 01-ний өдөр үлдэгдэл хүүний мөнгө 90,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш мөнгөний хэрэгцээ зөндөө гарч, хоёр ч удаа ажил явдал гарсан, зээлсэн мөнгөө авъя гэхээр мөнгө байхгүй удахгүй өгнө гэж худлаа ярьсаар өнөөдрийг хүрсэн. Утасдахаар утсаа авахгүй, өөр хүн утасдахаар авдаг. Фэйсбүүкээр блоклосон. Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэхгүй явсаар байгаа нь зээлийн гэрээг 2017 оны 03 сарын 18-ны өдрөөс 2018 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл, 2018 оны 03 сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл, 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс 2020 оны 03 сарын 18-ны өдрийг хүртэл жил жилээр сунгагдсаар байгаад 3 жил болсон байна. 3 сарын зээлийн хүү 720,000 төгрөг, 520,000 төгрөг нэхүүлж байж өгсөн. 500,000 төгрөг эмнэлэгт хэвтэж байгаа хүүгийн дансруу хийлгэсэн. Мөн Цагдаад залилангаар өргөдөл гаргахад дансанд 200,000 төгрөг хийсэн байсан. Р.М ын нийт төлсөн мөнгө 1,940,000 төгрөг төлсөн. Үндсэн 6,000,000 төгрөг, 36 сарын хүү болох 8,640,000 төгрөг, үүнээс 1,940,000 төгрөгийг хасаад хүүний мөнгө 6,700,000 төгрөг. Иймд үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 6,700,000 төгрөг, нийт 12,700,000 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“Ш.Т гийн нэхэмжлэлийн шаардпагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Р.М нь Ш.Т г анх 2007 оноос эхлэн таних болсон, хэн нэгэндээ гэм хоргүй сайхан нөхөрлөж, амьдралын жаргал зовлонгоо ярилцаж явсан. Зохигчид нэгнээсээ мөнгө авах, өгөх асуудал бишгүй л байсан байдаг. 2011 оны 09 сард 3,500,000 төгрөгийг гэрээ байгуулалгүй бэлнээр Ш.Т гөөс зээлж 2 жилийн хугацаанд 11,000,000 орчим төгрөг болгож өгч байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд: 2017 оны 02 сарын 18-ны өдөр Ш.Т гөөс 6,000,000 төгрөгийг бичгийн хэлбэрээр гэрээ байгуулалгүй бэлнээр зээлсэн. Зээлийн эргэн төлөлтөд 2017 оны 03 сарын 19-ний өдер 520,000 төгрөг, 2017 оны 04 сарын 19-ны өдөр 240,000 төгрөг, 2017 оны 05 сарын 03-ны өдөр 80,000 төгрөг, 2017 оны 06 сарын 12-ны өдөр 240,000 төгрөг, 2017 оны 06 сарын 24-ний өдөр 150,000 төгрөг, 2017 оны 07 сарын 01-ний өдөр 90,000 төгрөг, 2020 оны 01 сарын 11-ний өдөр 200,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ******* тоот данснаас Ш.Т гийн Хаан банкны ******* тоот данс руу шилжүүлсэн. Мөн 2017 оны 05 сард эмнэлэгт хэвтэж байх үедээ хамт амьдардаг байсан Бугасүрэн гэж хүний дансаар 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2017 оны 08 сарын 20-ны өдөр хүүхдүүдийн хичээлийн хэрэгсэл бэлдэх боллоо, мөнгө хэрэгтэй байна гээд Баянзүрх дүүргийн *** тоотод байрлах манай гэрт өөрийн биеэр ирж 520,000 төгрөг төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Ш.Т д бэлэн болон бэлэн бусаар нийт 2,540,000 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулаагүй гэсэн атлаа хүүд 6,700,000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3. “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчид хүү төлөх үүрэг хариуцагчид байхгүй. Эрүүл мэндийн байдал болон бага насны хүүхэдтэйгээс хамаарч орлого олох боломжгүй болж үлдэгдэлийг бүрэн төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрт хууль бусаар нэвтэрч хариуцагчийн мөр, нуруунд, бага насны хүүхдийн хөлийн хэсэгт хохирол гэмтэл учруулж байсан ч шүүх эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандаж асуудлыг хүндрүүлж байгаагүй. Хариуцагчийн зүгээс үндсэн зээл 6,000,000 төгрөг төгрөгөөс эргүүлэн төлсөн 2,540,000 төгрөгийг хасч үлдэх 3,460,000 төгрөг төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Энэ хүрээнд нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч Р.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 6,700,000 төгрөг, нийт 12,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулаагүй тул хүү төлөх үүрэггүй, зээлийн төлбөрт 2,540,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 3,460,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээний үндсэн шинж нь тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч Ш.Т нь 6,000,000 төгрөгийг хариуцагч Р.М т бэлнээр өгсөн, хариуцагч нь уг мөнгийг хүлээн авсан, мөнгийг буцаан төлж зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдож байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 03 сарын 18-ны өдөр 6,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн, зээлийг буцааж төлөх хугацаа тохироогүй, гэрээг жилээр сунгаж явсан тул 3 жил буюу 36 сарын хүү шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Зохигчид 6,000,000 төгрөгийг бэлнээр зээлсэн, зээлдүүлсэн талаар маргаагүй боловч зээл олгосон хугацааны хувьд маргасан. Нэхэмжлэгч нь 2017 оны 03 сарын 18-ны өдөр зээл олгосон гэх, хариуцагч нь 2017 оны 02 сарын 18-ны өдөр зээл авсан гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн боловч зохигчдын хэн аль нь уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.
Хэрэгт авагдсан баримтаар Хаан банкин дахь Р.М ын ******* дугаартай данснаас Ш.Т гийн ******* дугаартай данс руу 2017.03.19-ний өдөр 520,000 төгрөг, 2017.04.19-ний өдөр 240,000 төгрөг, 2017.05.03-ны өдөр 80,000 төгрөг, 2017.06.12-ны өдөр 240,000 төгрөг, 2017.06.24-ний өдөр 150,000 төгрөг, 2017.07.01-ний өдөр 90,000 төгрөг, 2020.01.11-ний өдөр 200,000 төгрөг, нийт 1,520,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-5-7, 24-29/
Нэхэмжлэгч Ш.Т нь Хаан банкны дансаар хариуцагч Р.М аас шилжүүлсэн дээрх мөнгөн шилжүүлгийн талаар маргаагүй бөгөөд 2017.03.19-ний өдөр шилжүүлсэн 520,000 төгрөг нь өмнөх зээлийн төлбөрт шилжүүлсэн мөнгө гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Мөн нэхэмжлэгч нь 2017.05.03-ны өдөр шилжүүлсэн 80,000 төгрөг нь куртка зарсан мөнгө тул зээлийн төлбөрт оруулан тооцохгүй гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул уг 80,000 төгрөгийг зээлийн төлбөрт дансаар шилжүүлсэн мөнгөнөөс хасч тооцох үндэслэлтэй.
Хариуцагч нь дээр дурдсан банкны мөнгөн шилжүүлгээс гадна 2017 оны 05 сард 500,000 төгрөг, 2017.08.20-ны өдөр 520,000 төгрөг өгсөн гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас бэлнээр 500,000 төгрөг 2 удаа авсан, 2017.08.20-ны өдөр 520,000 төгрөг хариуцагчаас аваагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй тул хариуцагчийг бэлнээр 1,020,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан бөгөөд зохигчдын хооронд хүү тохирсон гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй юм.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс нийт 2,460,000 /дансаар шилжүүлсэн 1,440,000 төгрөг+1,020,000 төгрөг/ төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул үлдэгдэл 3,540,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Р.М аас 3,540,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Т д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,160,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Р.М аас 3,540,000 /гурван сая таван зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Т д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,160,000 /есөн сая нэг зуун жаран мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.М аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 71,590 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Т д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР