| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2019/0200/э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., 17.1.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 12
Д.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолтой, Д.С-д холбогдох эрүүгийн 1935001260070 дугаартай, 3 хавтас хэрэгт шүүгдэгч Д.С-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч Д.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 12-нд өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, ихэр дүүгийн хамт амьдардаг Д.С.
Шүүгдэгч Д.С нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 12 дугаар баг 3-7 тоот хашаанд байх иргэн Ц.А-ийн гэрээс Б.Г-ын Samsung-S6 загварын гар утсыг хулгайлж 206,250 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын Б52 тоотод иргэн П.О-гийн эзэмшлийн гар утсыг ашиглан түүний мобайл банкнаас нь 600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан,
-2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Боловсролын Их сургуулийн урьд талын асфалтан зам дээр хохирогч Э.Т-ын iphone-6 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авч 289,000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-941 тоотод иргэн Э.Солонгын эзэмшлийн 145,000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung note-4 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
-мөн 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, зүүн тасганы 2 дугаар гудамжны 15 тоотод М.Г-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
-мөн 2019 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Өгөөж төвийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Б-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогдсон байна.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.С-д холбогдох 1935001260070 дугаартай эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,
Шүүгдэгч Тайж овогт Д.С-ыг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
-Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Д.С-д Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 -т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 /нэг/ жил хорих ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 50 хоног хорих, Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 40 хоног хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил сар ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гүрав/ сар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.С-д оногдуулсан 3 жил 3 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.С-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 14 /нэг зуун арван дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Шүүгдэгч Д.С нь хохирогч Ц.Б-д 530.220 төгрөгийн хохирол төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ц.Б-ийн 2.469.780 төгрөгийн, хохирогч М.Г-ын 2.800.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Шүүдэгч Д.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Д.С миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар 3 жил 3 сар хорих ял шийтгүүлсэн.
Миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирлообүрэн төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээд ялыг хөнгөрүүлж болох байсан боловч хөнгөрүүлээгүй тул гомдолтой байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол нь хуулийн бүх шаардлагыг хангасан, Д.Содномын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохиролд тохирсон ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Д.С-ыг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх зүйлчлэлийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү, энэ нь гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг хангаагүй байдаг. Хэргийн бусад зүйл, заалтыг хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан. Үйлчлүүлэгч Д.С-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна”гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.С-ын гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1935001260070 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж дүгнэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.С нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 3-7 тоот хашаанд байх иргэн Ц.А-ийн гэрээс хохирогч Б.-ын 206250 төгрөгийн үнэ бүхий Samsung-S6 загварын гар утас,
2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын Б-52 тоотод хохирогч П.О-ийн гар утсыг ашиглан түүний мобайл банкнаас 600.000 төгрөгийг тус тус хулгайлсан,
2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Боловсролын их сургуулийн урд талд хохирогч Э.Т-ын 289.000 төгрөгийн үнэ бүхий iphone-6 загварын гар утас,
2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-941 тоотод иргэн Э.Солонгогийн 145.000 төгрөгийн үнэ бүхий Samsung note-4 загварын гар утсыг тус тус залилан мэхлэж авсан,
2019 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өгөөж” төвийн гадна хохирогч Ц.Б-г зодож, түүний биед “зүүн гарын бугалга ясны зөрүүтэй хугарал, дээд хэсгийн хуйханд, зулгаралт зөөлөн эдийн няцрал“ бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, зүүн тасганы 2 дугаар гудамжны 15 тоотод хохирогч М.Г-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний биед “үүдэн зүүн дээд 1,2 дугаар шүдний булгарал, уруулд зулгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 491, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3312 дугаар дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэж байна.
Анхан шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.С-ын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Д.С-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн ялыг хөнгөрүүлж өгнө үү“ гэх гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй байна.
Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч Д.С-ын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж тухайн зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэх учиртай.
Хэдийгээр шүүгдэгч Д.С гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.С-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 4-ний хүртэл цагдан хоригдсон нийт 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.С-ын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.