Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0001

 

                                                                                                   

 

 

 

 

 

 

                                            

                                                Ч.Цгийн нэхэмжлэлтэй

                                                    захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 158/ШШ2025/0029 дүгээр шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ч.Ц

Хариуцагч: Булган аймгийн Орхон сумын Засаг дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.

Хэргийн индекс: 158/2025/0019/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 158/ШШ2025/0029 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 28 дугаар зүйлийн 28.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.1.4, 48.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дугаартай “Сахилгын арга хэмжээ авах тухай” захирамжийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг ханган Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаартай “Сахилгын арга хэмжээ авах тухай” захирамжийг хүчингүй болгож, Ч.Цг Булган аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2 дахь заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус үндэслэн Ч.Цд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган холбогдох сангийн дансанд нөхөн төлөхийг Булган аймгийн Орхон сумын Засаг дарга,/Засаг даргын Тамгын газар/-т даалгаж” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч Булган аймгийн Орхон сумын Засаг даргын өмгөөлөгч Э.Т дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1.” ... Маргаан бүхий 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ч.Цд үндсэн цалинг 3 сарын хугацаанд 10 хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулсан нь Төрийн албаны тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн хууль ёсны шийдвэр болох талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.

Гэвч 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаартай “Сахилгын арга хэмжээ авах тухай” захирамжаар Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу явуулаагүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг тодорхой баримтгүйгээр үгүйсгэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаартай “Сахилгын арга хэмжээ авах тухай” захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ийнхүү шийдвэрлэхдээ хариуцагч Орхон сумын Засаг даргын 2025 оны 01/71 дугаартай “Үүрэг даалгавар хүргүүлэх тухай” албан бичигт заагдсан үүрэг даалгаврын биелэлтийг 21 хоногийн дараа хэрэгжилтийг шалгасан боловч тухайн албан бичигт тусгагдсан асуудлын зохих хэсэг нь тус Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын эрхэлж буй ажлын үр дүнгээс хамааралтайгаар хэрэгжихээр байсан гэж дүгнэсэн байх бөгөөд сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогдсон гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Учир нь Орхон сумын Засаг даргын 2025 оны 01/71 дугаартай “Үүрэг даалгавар хүргүүлэх тухай” албан бичигт тусгагдсан 21 үүрэг даалгавар нь нэхэмжлэгч Ч.Цгийн ажил үүрэгтэй хамааралгүй гэж дүгнэх боломжгүй Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгавар бөгөөд Ч.Ц нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67-р зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх” бөгөөд ажлын албаны дарга нь Засаг даргын Тамгын газрын дарга байх ба ажлын албаны даргын хувьд Тамгын газрын албан хаагчдын томилох, чөлөөлөх, удирдлагаар хангах, ажлын үр дүнг нь Засаг даргын өмнө хариуцах үүрэгтэй этгээд байтал Тамгын газрын үйл ажиллагаа, албан хаагчдын ажлын хариуцлагыг Тамгын газрын дарга хариуцахгүй мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

Мөн дээрх хуулийн 59 дүгээр зүйлд сумын Засаг даргын бүрэн эрхийг заахдаа 59.1.22 дахь хэсэгт “сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах” -аар, тус хуулийн 67.3.Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө гэж заасан боловч Ч.Ц нь хуулийн хугацаа хэтрүүлэн ажиллаж байгаа болно.

2.2. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно”, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.11 дэх хэсэгт “Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрч энэ хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ч.Ц нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дугаартай захирамжаар үндсэн цалинг 3 сарын хугацаанд 10 хувиар хасах сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн хариуцагч Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Мөн “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 6.1 дэх хэсэгт “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж заасан тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байхад Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэх ёстой, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримталсан, зөрчлийн талаар хангалттай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэж үзэж захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Гэтэл зөрчлийн талаар сонсох ажиллагаа явуулсан талаар сонсох ажиллагааны тэмдэглэл, хариуцагч Орхон сумын Засаг даргын 2025 оны 03 сарын 10-ны өдрийн 01/71 дугаартай “Үүрэг хүргүүлэх тухай” албан бичиг зэргийг нотлох баримтаар гарган өгч, гэрч Итгэлбаяр сонсох ажиллагаа хэрхэн явагдсан талаар хангалттай гэрчлэн мэдүүлсэн ба зөрчил үйлдэгдсэн, зөрчлийн талаар сонсох ажиллагаа явагдсан талаар бичгийн баримтууд болон гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон.

Сонсох ажиллагаа явагдсан гэдгийг анхан шатны шүүх үгүйсгээгүй боловч сонсох ажиллагааны явцад санал, тайлбараа гаргах боломж олгосон гэдгийг нотлохгүй байна гэж хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд сонсох ажиллагааны тэмдэглэл дээр талуудын санал, тайлбар хангалттай бичигдсэн бөгөөд зарим асуудал дээр Ч.Ц тайлбар гаргаагүй нь хариуцагчийн буруу биш болно.

2.3. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 158/ШШ2025/0029 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч Ч.Цгээс “Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/14, 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Маргаан бүхий сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 28 дугаар зүйлийн 28.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг тагнуулын байгууллагад ирүүлээгүй...” гэж Ч.Цд сарын үндсэн цалинг 3 сар 10 хувиар хасах,

мөн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаартай захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.3 дахь заалтыг тус тус үндэслэн “сумын Засаг даргын 2025.03.10-ны өдрийн 01/71 дүгээр албан бичгээр өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн...” гэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ.

4. Анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2024 онд байгууллагынхаа төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг 2025 оны 01 дүгээр сард багтаан тагнуулын байгууллагад хүргүүлсэн болохыг нотлох баримт байхгүй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасанд нь хариуцлага ногдуулахыг аймгийн Тагнуулын хэлтсээс Засаг даргад мэдэгдсэнийг хэрэгжүүлсэн ... нь үндэслэлтэй ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийн “сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй боолгосон.

5. Харин анхан шатны шүүх “... Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах боломжит хугацаа өнгөрсөн эсэх нь тодорхойгүй, зарим даалгаврын биелэлтийг шаардах хугацаа болоогүй, ... уг албан бичигт тусгагдсан үүрэг даалгаврыг 21 хоногийн дотор бие даан бүрэн биелүүлэх боломжгүй, ... Төрийн албаны тухай хуулийн 37.1.13, 37.1.15-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй болохыг тогтоох буюу бодит нөхцөл байдлыг нотлон тогтоох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт заасан журам болон “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу явуулсан талаар баримт шүүхэд ирүүлээгүй, ... нэхэмжлэгчийг эмчийн магадлагаатай байгааг харгалзан үзэлгүй “төрийн албанаас халах” шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3, Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасанд нийцээгүй ...” гэж дүгнэн, сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгасан хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хангасан хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “... зөрчлийн талаар сонсох ажиллагаа явуулсан талаар тэмдэглэл, хариуцагч Орхон сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/71 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гарган өгч, гэрч н.И сонсох ажиллагаа хэрхэн явагдсан талаар хангалттай гэрчлэн мэдүүлсэн ба зөрчил үйлдэгдсэн, зөрчлийн талаар сонсох ажиллагаа явагдсан талаар бичгийн баримтууд болон гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон байхад хангалттай нотлох баримт өгөөгүй гэж анхан шатны шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлтэй хугацаанд дахин зөрчил гаргасан учраас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг харгалзан, “халах” сахилгын шийтгэл ногдуулсан. Тамгын газрын дарга нь албан хаагчдыг удирдлагаар хангаж, ажлын үр дүнг Засаг даргын өмнө хариуцах үүрэгтэй этгээд байхад албан хаагчдын ажлыг хариуцахгүй мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй ...” гэжээ.

7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч сумын Засаг дарга нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01/71 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Тамгын газрын дарга Ч.Цд нийт 18 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг 14 хоног тутамд албан бичгээр танилцуулж байхыг үүрэг болгосон, уг үүрэг даалгавар нь Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой байнга хийгдэх ажлууд, зарим ажлуудыг хөрөнгө мөнгө, хүн хүчээр гүйцэтгэхэд хугацаа шаардагдах үр дүн нь биелэгдэж амжихааргүй нь илэрхий байна.

Гэтэл хариуцагч нь аль ажлыг хэрхэн биелүүлээгүйг тодорхой заалгүй, 21 хоногийн дараа албан бичгээр өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлээр, сахилгын арга хэмжээ авсан Б/14 дүгээр тушаал гаргаснаас хойш 1 хоногийн дараа дахин зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг “төрийн албанаас халах” шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан ... дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасанд нийцээгүй байна.

8. Мөн сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-д заасны дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтран 2019 оны 36/32 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу сахилгын зөрчлийг шалган тогтоох үүрэгтэй атал уг журмын дагуу ямар үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд хамааруулсан нь тодорхойгүй, шалгаж тогтоогоогүй, бүх үүрэг даалгаврын биелэлтийг 21 хоногийн дараа шаардаж, биелүүлээгүй гэж “халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

9. Харин нэхэмжлэгч Ч.Ц нь тухайн албан бичгээр өгсөн үүрэг даалгавруудыг Тамгын газрын даргын хувьд өөрөө зохион байгуулж, ажилтан албан хаагчдадаа үүрэг өгч гүйцэтгүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй атал “... бусад албан хаагчдаас хамаарах үүрэг байсан ...” гэж маргасныг үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч энэ нь Б/16 дугаар тушаалыг хууль зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн бусад дүгнэлтүүдийг няцаах үндэслэл болохгүй тул гомдлыг хангах боломжгүй байна.

Мөн гэрч З.И нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр арга хэмжээ авсан, энэ өдөр сонсох ажиллагааг явуулж албан үүрэг биелүүлээгүй талаар ярилцсан, би захирамжийн төсөл боловсруулсан, ... 18 үүргийн дотор тухайн хугацаанд биелэгдэх боломжтой, боломжгүй үүргүүд байсан ...” гэж мэдүүлсэн нь “сахилгын яг ямар зөрчилд буруутгасныг тодорхойлж, тухайн зөрчлийн талаар сонсох, шалгаж тогтоох ажиллагааг бүрэн явуулсан”-ыг нотлох баримт болж чадахааргүй байх тул мөн гомдлын энэ хэсгийг хүлээж авах үндэслэлгүй.

10. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 158/ШШ2025/0029 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Орхон сумын Засаг даргын өмгөөлөгч Э.Тын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Булган аймгийн Орхон сумын Засаг даргын өмгөөлөгч Э. нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

 

                         ШҮҮГЧ                                             Ц.ОДМАА

 

                         ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ