| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2020/01483/и |
| Дугаар | 1740 |
| Огноо | 2020-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 1740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Э /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Б /-д холбогдох,
1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“С.Э миний бие 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 17 цагийн үед Шар хаданд байрлах Да хүрээ захын машин борлуулагч Ө.Б иос 2010 оны ******* арлын дугаартай саарал өнгийн Prius 20 маркийн автомашиныг бэлэн 14,500,000 төгрөгөөр итгэмжлэлийн гэрээ хийн худалдан авсан. Тус захаас 18 цагийн орчим гараад замаараа бензин хийгээд 19 цагийн үед гэртээ ирж хоносон. Маргааш өглөө нь буюу 01 сарын 30-ны өдрийн 10 цагийн үед Ганданд байрлах Prius centre-д очиж өндөрлөгөө, гэрэл, гэрлийн речаг зэргийг нэмж хийлгэх явцад уг машины катализатор буюу нүүрсэн янданг бүхлээр нь сольж Хятадын хуурамч яндан орлуулан гагнасан байсныг тус байгууллагын инженер техникийн ажилчид хэлснээр анх мэдсэн. Ингээд хийлгэж байсан ажлыг даруй дуусгаад Да хүрээ зах дээр очиж Ө.Б ид хэлтэл намайг юу хэлэх гэж байгааг мэдэх мэт шууд уурлан чи авч явсанаараа сольсон, одоо надад хамаагүй гээд маргалдсан. Хэсэг хугацааны дараа наад машиныг чинь зогсоол дээрээс урд нь авч гарсан хүнийг олж ирнэ гээд яваад нэг залуутай буцаж ирсэн боловч маргаан шийдэгдээгүй. Асуудлыг шийдэхээр цагдаа дээр өргөдөл өгөн тайлбар мэдүүлэг өгүүлэх гэтэл бид энд ингээд зогсож байдаг улс биш гээд цагдаагийн хэлтсээс ум хумгүй машиндаа суун зугтаасан. Энэ хүн ямар юм хэлээд гомдоллоод байна гээд тухайн машины доогуур нь шагайж үзэх нь битгий хэл сонсох ч үгүй байгаа нь, цагдаагийн хэлтсийн үүднээс зугтаж байгаа нь, мөн 01 сарын 29-ний өдөр уг машины аккумлятор цэнэг авахгүй болоод сольж байх үед сонин ялзарсан өмхий утаатай байна, тийм байгаа биз гэж намайг хэлэхэд Ө.Б нь дуугарахгүй байсан зэрэг нь надад зарахаасаа өмнө хийсэн үйлдэл хэмээн ойлгогдож байна. Зах зээлийн үнээр худалдаж авчихаад хуурамч стандарт хангахгүй эд ангиас үүдэлтэй кабинд муухай үнэртэх, хянах самбарт алдааны улаан гэрэл асаад хэвийн хэмжээнээс илүү шатахуун зарцуулах, улсын үзлэгт орж номер дугаар авч чадахгүй, уг асуудлаас үүдэлтэй гэр бүлийн таагүй харьцаа гэх мэт шууд болон шууд бусаар хохирч байгаад маш их гомдолтой байна. Иймд иргэн Ө.Б оос зах зээл дээр борлогдож байгаа үнэ болох 1,500,000 төгрөгийг шүүхэд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 38,950 төгрөгийн хамт гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Ө.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
“С.Э ын нэхэмжлэлтэй 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Ө.Б миний бие 2019 оны 12 сараас эхлэн Япон улсаас суудлын автомашин Монгол улс руу оруулж авто зах дээр худалдан борлуулж хувиараа үйл ажиллагаа эрхэлж байгаа болно. Нэхэмжлэгчийн худалдан авсан автомашиныг Япон улсаас би өөрөө захиалж 2020 оны 01 сарын 16-ны өдөр гааль дээрээс авсан. 2020 оны 01 сарын 29-ний өдөр хүртэл тус автомашиныг захаас гаргаагүй бөгөөд бүрэн бүтэн байдлаар нь С.Э т худалдан борлуулсан. 2020 оны 01 сарын 29-ний өдөр худалдаж авахдаа нэхэмжлэгч үзэн шалгаж авсан, тухайн газартаа оношилгоонд оруулахгүй гэж өөрөө татгалзаад авч явсан байдаг. Иймд машинаа худалдаж авахдаа Да хүрээ захад оношилгоонд оруулаагүй учир хариуцагч буруугүй. Нэхэмжлэгч бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй автомашин худалдан авч, янданг нь өөрөө сольсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ө.Б нь эвдрэл гэмтэлгүй автомашин худалдсан, нүүрсэн янданг өөрөө сольсон байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Ө.Б оос 2020 оны 01 сарын 29-ний өдөр ******* арлын дугаартай, 2010 оны Тоёота Приус маркийн автомашиныг худалдан авч, автомашины төлбөрт 14,506,000 төгрөгийг дансаар шилжүүлэн, автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-6, 9/
Зохигчид итгэмжлэл үйлдэн автомашиныг шилжүүлсэн байх бөгөөд зохигчдын хооронд хариуцагч автомашинаа худалдсан, нэхэмжлэгч төлбөрийг төлж худалдан авсан харилцаа үүссэн байна. Талуудын тохиролцооноос үзэхэд тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Худалдах, худалдан авах гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй тул талууд гэрээний гол нөхцөлийг амаар тохирч, итгэмжлэл гэх баримт үйлдэн автомашиныг шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй. Зохигчид итгэмжлэл үйлдэх болсон үндэслэлээ Монгол Улсын гаалиар 2020 оны 01 сарын 16-ны өдөр 02-2151012-20-I00640R гаалийн мэдүүлгийн дугаартай оруулж ирсэн автомашинд улсын дугаар аваагүй байсан тул итгэмжлэл үйлдэж шилжүүлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд уг баримтыг үйлдэж автомашиныг худалдаж, худалдан авсан талаар маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Ө.Б нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй, нэхэмжлэгч С.Э нь автомашины төлбөрийг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч С.Э нь Хаан банкин дахь ******* дугаартай данснаас 2020 оны 01 сарын 29-ний өдөр 14,506,000 төгрөгийг ******* дугаартай данс руу шилжүүлэн автомашины төлбөрийг төлсөн байх бөгөөд уг шилжүүлгээр автомашины төлбөр төлөгдсөнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч нь худалдан авсан автомашины катализатор буюу нүүрсэн янданг бүхлээр нь сольж хятадын хуурамч яндан орлуулан гагнасан байсныг 2020 оны 01 сарын 30-ны өдөр мэдэж хариуцагчид мэдэгдсэн боловч доголдлыг арилгаж өгөөгүй гэх тайлбар гарган нүүрсэн яндангийн үнэ 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
Худалдан авагч болох нэхэмжлэгч С.Э нь 2020 оны 01 сарын 30-ны өдөр “Ц*******” ХХК-ийн Приус центр төвөөр хийлгэсэн үзлэг оношлогоогоор ******* арлын дугаартай, 2010 оны Тоёота Приус маркийн автомашины доод янданг тасдан авч нүүрсэн шүүлтүүрийг сольж хятад яндан гагнаж сольсон байна гэж оношлогдсон байна. /хх-7, 53-55/
Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 04 сарын 15-ны өдөр Жавхлант хүлэг авто сервист авто засварын үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Ж.А ээр “******* арлын дугаартай, 2010 оны Тоёота Приус маркийн автомашинд компьютер оношлогоо хийлгэхэд автомашины янданг сольсноос катализаторын системийн алдаа буюу нүүрсэн яндангийн алдаа оношлогджээ. /хх-39, 52/
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар маргаан бүхий автомашины катализатор буюу нүүрсэн яндан нь байх ёстой үндсэн яндан бус өөр төрлийн яндангаар сольсон байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь автомашиныг 2020 оны 01 сарын 29-ний өдөр эзэмшилдээ авч, 1 өдрийн дараа буюу 2020 оны 01 сарын 30-ны өдөр автомашиныг оношлуулж, хариуцагчид уг автомашины доголдлын талаар мэдэгдсэн байдлаас үзэхэд худалдсан автомашины катализатор буюу нүүрсэн яндан нь 2020 оны 01 сарын 29-ний өдөр автомашин худалдах, худалдан авах үед доголдолтой байсан гэж үзэх үндэслэлтэй.
Зохигчид гэрээ байгуулж баталгаат хугацаа тогтоогоогүй тул худалдан авагч С.Э нь автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш 1 хоногийн дараа буюу 2020 оны 01 сарын 30-ны өдөр худалдагч Ө.Б ид автомашины доголдлын талаар мэдэгдсэн байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацааны дотор автомашины биет байдлын доголдлын талаар худалдагчид мэдэгдсэн гэж үзнэ.
Хариуцагч нь автомашиныг Япон улсаас захиалж 2020 оны 01 сарын 16-ны өдөр гааль дээрээс авч, 2020 оны 01 сарын 29-ний өдөр хүртэл тус автомашиныг захаас гаргаагүй бөгөөд бүрэн бүтэн байдлаар нь нэхэмжлэгч С.Э т худалдан борлуулсан, бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй автомашин худалдан авч янданг нь өөрөө сольсон байна гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн боловч ******* арлын дугаартай, 2010 оны Тоёота Приус маркийн автомашиныг биет байдлын доголдолгүй хүлээлгэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, худалдсан автомашины нүүрсэн яндан доголдолгүй байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хэргийн үйл баримт болон зохигчдын тайлбараар автомашиныг худалдаж, худалдан авахдаа оношилгоонд оруулаагүй болох нь тогтоогдож байх боловч автомашиныг хүлээлцэх үед оношилгоонд оруулаагүй шилжүүлсэн нь хариуцагч Ө.Б ийг биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх шаардлага гаргах эрхтэй тул нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Ө.Б оос автомашины доголдлыг арилгахад шаардлагатай зардлыг нэхэмжлэх эрхтэй.
Нэхэмжлэгч нь нүүрсэн яндангийн үнийг 1,500,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн боловч нүүрсэн яндан ийм үнэ ханштай болохыг нотолсон баримтыг ирүүлээгүй. Мөн хариуцагч нь нүүрсэн яндан 750,000-аас 900,000 төгрөгийн үнэтэй гэх тайлбарыг гаргасан боловч баримтаар нотлоогүй.
Маргааны зүйл болох ******* арлын дугаартай, 2010 оны Тоёота Приус маркийн автомашинд үзлэг оношилгоо хийж, гэрчээр асуугдсан С.Ц гэрчийн мэдүүлэгтээ “...хоёр шүүртэй энэ яндан нь Монголд орж ирэхээ больсон. ...нэг шүүртэйг 750,000 төгрөгөөр, хоёр шүүртэйг нь 900,000 төгрөгөөр зардаг байсан. Одоо нөхцөл байдлаасаа хамаараад яндан үнэтэй болсон, 1,000,000 төгрөг гарсан..” гэж мэдүүлсэн.
Нэхэмжлэгч нь нэхэмжилж буй нүүрсэн яндангийн үнэ 1,500,000 төгрөг болохыг нотлох баримтыг ирүүлээгүй боловч хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн нүүрсэн яндангийн үнийг 900,000 төгрөгөөр тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ө.Б оос автомашины катализатор буюу нүүрсэн яндангийн үнэ 900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Б оос автомашины катализатор буюу нүүрсэн яндангийн үнэ 900,000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Б оос нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 26,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР