Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 1250

 

 

 

 

 

 

 

 

                    2020       04         10  

             101/ШШ2020/01250

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ДБЭ-Тэрх” ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.М  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,901,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв. 

            

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Билэгт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Манай байгууллагын барьцаалан зээлдэх газраас иргэн Б.М  нь 2018 оны 05 сарын 10-ны өдөр, 0024 тоот гэрээ байуулан, 2,500,000 төгрөгийг, 3,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар зээл авсан. Зээлийн барьцаанд чунчиг хөөрөг 1 ширхэг, мана /саарал/ 1 ширхэг, мана жижиг 1 ширхэг, хаш /цагаан/ 1ширхэг, нийт 5 ширхэг хөөрөг барьцаалан зээл авсан билээ. Зээлийн хүүнд 2018 оны 07 сарын 13-ны өдөр 87,500 төгрөг, 2018 оны 10 сарын 17-ны өдөр 87,500 төгрөг, 2018 оны 12 сарын 18-ны өдөр 700,000 төгрөг, нийт 875,000 төгрөг төлсөн. Дээрх зээлийг авснаас хойш 12 сарын хугацаанд зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй юм. Мөн дахин манай байгууллагаас ажилчдын цалин тавихад зориулан яаралтай 2,500,000 төгрөг зээлдүүлээч хэмээн амаараа хүсэлт гаргаж, 2018 оны 06 сарын 13-ны өдөр 0026 тоот гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд мана /том гар/ 1 ширхэг, чинчиг /дунд/ 1 ширхэг, хангарьд /бага/ 1 ширхэг, цагаан шүр /дунд/ 1 ширхэг, оюун /бага/ 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг нийт 5 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн аяга барьцаалан зээл авсан билээ. Зээлийн хүүнд 2018 оны 07 сарын 25-ны өдөр 87,500 төгрөг, 2018 оны 10 сарын 17-ны өдөр 87,500 төгрөг, нийт 175,000 төгрөг төлсөн. Дээрх зээлийг авснаас хойш 10 сарын хугацаанд зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй байна. Манай байгууллага нь нэг жилийн хугацаанд удаа дараа ярихад удахгүй төлнө гэдэг байсан. Нэгэнт төлөх юм бол “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ” нотариат дээр байгуулаад хугацаа сунгаад төлөх боломжтой тухай хэлсэн боловч, манай багууллага дээр ирэхгүй, одоогоор утсаа авахгүй, улмаар биднээс улаан цайм зугтаж байгаа тул шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Тиймээс үндсэн зээл 5,000,000 төгрөг, үндсэн хүү 901,250 төгрөг, нийт 5,901,250 төгрөгийг зээлдэгч Б.М ээс гаргуулан манай байгууллагад олгуулж өгч бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү” гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“2018 оны 05 сарын 10-нд 2,500,000 төгрөг, 2018 оны 06 сарын 13-нд 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд зах зээлийн ханшаар 20 орчим сая төгрөгний мөнгөн эдлэлийг барьцаанд тавьсан. Хариуцагч бусад этгээдэд ажил гүйцэтгэсний хөлсөө авч чадаагүй тул зээлээ бүрэн төлж барагдуулаагүй, хугацаа хэтэрсэн асуудал байгаа. Хариуцагч нь “Д ” ХХК-ийн дансанд болон бэлнээр нийт 1,550,000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 5,901,250 төгрөг нэхэмжилж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримтуудаас харагдаж байгаа. “Д ” ХХК барьцаат зээлийн үйлчилгээ гэсэн 2 хуудас баримтыг зээлийн гэрээ гэж үзэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Барьцаанд нэг хөөрөг, алтадсан мөнгөн аягыг барьцаалсан гэсэн санхүүгийн баримт байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад хоёр тал харилцан тохиролцсон бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-т барьцаат зээлийн гэрээг заавал бичгээр гэрээ байгуулах шаардлагатай. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тохиолдолд хүү авах эрхээ алддаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 1,550,000 төгрөгийг хуулийн дагуу зээлээс хасч үлдэгдэл 3,450,000 төгрөгийг бид өөрсдөө төлж барагдуулна” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Д ” ХХК нь хариуцагч Б.М т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 901,250 төгөрг, нийт 5,901,250 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч Б.М  нь 2018 оны 05 сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд чунчиг хөөрөг 1 ширхэг, саарал мана хөөрөг 1ширхэг, жижиг мана хөөрөг1 ширхэг, цагаан хаш хөөрөг 1 ширхэг, нийт 4 ширхэг хөөрөг барьцаалсан, 2018 оны 06 сарын 13-ны өдөр 2,500,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд том гарын мана хөөрөг 1 ширхэг, чинчиг /дунд/ 1 ширхэг, хангарьд /бага/ 1 ширхэг, цагаан шүр /дунд/ 1 ширхэг, оюун /бага/ 1 ширхэг, нийт 5 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн аяга барьцаалсан болох нь тогтоогдож байна. /хх-7, 17/

 

 Хариуцагч нь нийт 5,000,000 төгрөг зээлсэн болон барьцаа хөрөнгийн талаар маргаагүй боловч зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү төлөх үүрэг хүлээхгүй, зээлсэн 5,000,000 төгрөгөөс төлсөн 1,550,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 3,450,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч “Д ” ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан  барьцаалан зээлдэх журмаар зээл олгох эрхтэй хуулийн этгээд байх бөгөөд “Д ” ХХК-ийн Барьцаат зээлийн үйлчилгээний баримтыг бичгээр үйлдэж, зээлийн хэмжээ, зээлийн хүү, хугацааг тохиролцон зохигчид гарын үсэг зурж, холбогдох тамга тэмдэг дарж баталгаажуулсан байх тул уг баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 286 дугаар зүйлийн 286.5-д заасан шаардлагыг хангаж байна.

 

Зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2018 оны 05 сарын 10-ны өдөр 2,500,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж, 2018 оны 06 сарын 05-ны өдрөөс 07 сарын 05-ны өдөр хүртэл 1 сараар сунгасан, 2018 оны 06 сарын 13-ны өдөр 2,500,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн болох нь тогтоогдож байна. /хх – 7, 17/

 

 Хариуцагч нь 2018 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 07 сарын 25-ны өдөр 87,500 төгрөг 10 сарын 17-ны өдөр 87,500 төгрөг, 2018 оны 06 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 07 сарын 13-ны өдөр 87,500 төгрөг, 10 сарын 17-ны өдөр 87,500 төгрөг, 12 сарын 18-ны өдөр 700,000 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгө тушаасан кассын орлогын ордероор тогтоогдож байна. //хх-5, 6/ /хх-14, 15, 16/

 

Мөн хариуцагч нь 2019 оны 12 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч компанийн захирал Д.Д ийн Хаан банкин дахь дансаар 500,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг мөнгөн шилжүүлгийн талаар маргаагүй. /хх-43/

 

            Хариуцагч нь 2018 оны 05 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,500,000 төгрөг, 2 сарын хүүнд 175,000 төгрөг, 2018 оны 06 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,500,000 төгрөг, 1 сарын хүүнд 87,500 төгрөг төлөхөөс нийт төлбөл зохих хүү 262,500  /175,000+87,500/ төгрөгийг бүрэн төлсөн, зээлийн нийт төлбөр 5,000,000 /2,500,000+2,500,000/ төгрөгийг төлөх үүрэгтэйгээс хариуцагчийн төлсөн 1,287,500 /700,000 төгрөг, 87,500 төгрөг, 500,000 төгрөг/ төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл 3,712,500 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.М ээс зээлийн гэрээний үүрэгт 3,712,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,188,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл” гэх тайлбарыг гарган маргасан боловч уг асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М ээс зээлийн гэрээний үүрэгт 3,712,500 /гурван сая долоон зуун арван хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,188,750 /хоёр сая нэг зуун наян найман мянга долоон зуун тавин/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 109,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М ээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 74,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ЦЭРЭНДОЛГОР