Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/160

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Д,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Бы Тт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Бовогт Бы Т, 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 05 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:000000000.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Аийг “дуудахад ирсэнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Би гэм буруугүй. Хохирогчийн хурууг би гэмтээгээгүй. Хохирогч Н.А нь өөрийнхөө хурууг өөрөө гэмтээчхээд намайг хэрэгт гүтгэж байгаа явдалд гомдолтой байна. Би гэм буруугүй учраас цагаатгаж өгөхийг хүсэж байна”  гэв. 

2. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1.  Иргэн Н.Аээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2.  Хохирогч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, тайлбар /хавтаст хэргийн 06, 64 дэх тал тал/,

2.3. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 472 дугаартай “иргэн Н.Аын биед хүндэвтэр хохирол учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,

2.4.  Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 501 дугаартай “иргэн Б.Тийн биед гэмтэл тогтоогдоогүй тухай” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

2.5.  Яллагдагч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

2.6.  Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 42-47 дахь тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Тийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Аийг “дуудахад ирсэнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Н.Аээс 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...үл таних хүнд зодуулж, баруун гарын эрхий хуруу хугарсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

3.1.2. Хохирогч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 09 цагийн үед гэрээсээ ажил руу гарсан.

Манай гэр Ө сумын 11 дүгээр багт байдаг ба гэрээс ганцаараа гудамжаар алхаад явж байхад Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт миний урдаас хар хөх өнгийн майктай, хар өнгийн саравчтай малгайтай хүн тааралдаж “түрүүн чамайг дуудахад чи ирээгүй, чи хэн юм” гээд миний зүүн хацар луу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд дахиад нэг цохисон, дахиад зодох гэхээр нь би хойшоогоо ухрахад тэрээр намайг заамдаж байгаад нөгөө гараараа газраас чулуу аваад миний толгойн зүүн хэсэгт цохисон. Тэгэхээр нь би надаас ах хүн байсан учраас “би тантай зодолдохгүй, эр хүн шиг хэл амаараа учраа ольё” гэхэд тэрээр намайг тавьчхаад “за алив ээ, хүрээд ир, зодолдох уу” гэхээр нь би түүнээс зугтсан. Тэгэхэд миний араас чулуу шидсэн, гэхдээ намайг оноогүй.

Тэгээд би дахиад түүн рүү ойртож очоод “одоо хоёулаа больё, ярилцъя” гэхэд надтай юм ярихгүй, намайг миний баруун гарнаас доош нь татаж хоёр хөлөөрөө өвдөглөж байхад тэрээр баруун гарыг минь чулуугаар цохисон. Тэр үед миний хуруу мултарсан байх гэж бодсон ба түүнд “одоо больчих ахаа” гээд гуйгаад баруун гарынхаа эрхий хурууг үзүүлээд “энэ хар даа, бараг хугарчихсан байна, таныг цагдаад өгнө шүү” гэхэд тэрээр “цагдаагаа дагуулаад ирээрэй” гээд намайг дахиад зодох гэхээр нь би зугтаад ажил руугаа явсан.

Тэгээд ажил дээр очоод гар өвдөөд байхаар нь чөлөө аваад бариачид очиж үзүүлэхэд “хуруу чинь хугарчихсан байна, тулсан хуруу биш учраас болохгүй, цагдаад мэдэгд” гэхээр нь би цагдаад очиж гомдол гаргаад аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж рентген зураг авхуулахад баруун гарын эрхий хуруу хугарсан байсан.

...Намайг зодсон хүний өндөр нь 170-175 см, 35-40 орчим насны бор царайтай, туранхай, хар хөх өнгийн саравчтай малгайтай байсан.

...Тухайн хүн намайг зодох үед өөрийгөө хамгаалах гээд түүний хацар луу хоёр удаа цохисон, гэхдээ тийм хүчтэй цохилт ороогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06 дахь тал/,

3.1.3. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 472 дугаартай “1. Иргэн Н.Аын биед баруун гарын эрхий хурууны 3 дугаар үе доод 1/3 хэсгээр бага зэрэг зөрсөн хугаралттай /битүү гипстэй/ гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд 1-10 хоногтоо үүссэн, шинэ гэмтлүүд. 3. Иргэн Н.Аын дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан сарниулах, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Иргэн Н.Аын биед хамрын таславч хуучин муруйлттай, зулайнд ямар нэгэн гэмтэлгүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,

3.1.4. Мөрдөгчөөс Хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан “Хохирогч Н.А: ...би тухайн хүнийг гэрэл зургаар нь таньж олж чадна. Тэр хүн бор царайтай, хар үстэй, хар хөмсөгтэй, том хамартай, зүүн нүд нь давхраатай, 35-40 орчим насны залуу байсан.

...намайг зосдон хүн 1 дугаартай гэрэл зураг дээр байгаа залуу мөн байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 42-47 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Т “гэм буруугүй, хохирогчийн эрхий хурууг гэмтээгээгүй” гэх тайлбарыг гаргасан болно.

5. Хохирогч Н.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудтай тал бүрээс нь харьцуулж, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, үнэлж дүгнэхэд хохирогч Н.А нь шүүгдэгч Б.Тт зодуулсан үйл баримтын талаар агуулгын хувьд зөрүүгүй, дэс дараалалтай, тодорхой мэдүүлсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагийн орчимд Б аймгийн Ө сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.Т нь хохирогч Н.Аийг “дуудахад ирсэнгүй” гэх шалтгаанаар зодож, улмаар баруун гарын эрхий хурууны 3 дугаар үе тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон тул шүүгдэгч Б.Тийг гэм буруугүй гэж үзэж, түүнийг цагаатгах үндэслэлгүй байна.

6. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Н.Аын мэдүүлгээс үзэхэд тухайн үед шүүгдэгч Б.Тээс өөрийгөө хамгаалахаар хоёр удаа цохисон гэж мэдүүлсэн бөгөөд шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 501 дугаартай дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч Б.Тийн биед гэмтэл тогтоогдоогүй байна /хавтаст хэргийн 23-24 дэх тал/.   

7. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

9. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй... байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

10. Шүүгдэгч Б.Т нь хохирогч Н.Аын дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж түүний эрүүл мэндэд “...баруун гарын эрхий хурууны 3 дугаар үе доод 1/3 хэсгээр бага зэрэг зөрсөн хугаралттай /битүү гипстэй/ гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

11. Шүүгдэгч Б.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Тийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Тийн зүй бус харилцаа шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

14. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан байна.

15. Шүүгдэгч Б.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Аийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 дэх заалтад заасан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Н.Аээс мөрдөн шалгах ажиллагааны үед “Хор уршигт нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” /хавтаст хэргийн 64 дэх тал/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Тийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

16. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх” дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Тээс “Надад ажил хийх эрүүл мэндийн чадвар байхгүй. Би хүнд ажил хийдэггүй. Тийм учраас өөр ял оногдуулж өгөх” хүсэлтийг тус тус гаргасан болно. 

17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Тийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

18. Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

19. Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

20. Шүүгдэгч Б.Т нь хувийн байдлын хувьд 1986 онд төрсөн, эцэг, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

21. Шүүгдэгч Б.Т нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

22. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Б аймгийн Ө  сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

23. Шүүгдэгч Б.Тт оногдуулсан 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

24. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хохирогч Н.Аын эрүүл мэндийн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй. 

25. Шүүгдэгч Б.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт Бы Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Б аймгийн Ө сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Тт оногдуулсан 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийн хамт ирүүлсэн хохирогч Н.Аын эрүүл мэндийн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Х.ТАЛГАТ