Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 694

 

 

 

 

 

                     2020       02          20

          101/ШШ2020/00694

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Н  /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 97 -д холбогдох

 

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

            

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Билэгт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Би 2017 оны 09 сарын 22-ны өдрөөс сургалтын менежерээр ажилд орж, 2018 оны 02 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан 2 жил ажилласан. Гэтэл 2019 оны 06 сарын 26-ны өдрийн Б/64 дугаартай тушаалаар дур мэдэн шийдвэр гаргасан, хамт олныг хагалган бутаргасан гэх мэт үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний бие хариуцан ажилладаг 2 багшийнхаа шагналын ажил байдлын тодорхойлолтонд гарын үсэг зурсан нь буруу боловч ажлаас халагдах ноцтой зөрчил гэж үзэхгүй байна. 2019 оны 06 сарын 26-ны өдрийн Б/64 тоот тушаалыг бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Тушаалын үндэслэлд заасан Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.2-т ерөнхий боловсролын сургуулийн Захирлын эрх үүргийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг зааж өгсөн. Мөн хуулийн 38.1.2-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл, мөн энэ хуулийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-т албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртөө хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхол хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх бэлтгэх зэрэг ажиллагаа явуулахыг хориглосон, мөн хуулийн 12.1-т албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд захиргааны шийдвэр гаргах, мөн энэ хуулийн 28.1.1-т ашиг сонирхол үүссэн эсэхийг Авилгатай тэмцэх газраас шалгаж тогтооно гэж заасныг үндэслэсэн  байх боловч Г.Н  гэдэг хүнийг шалгаж тогтоосон зүйл цугларсан нотлох баримтын хүрээнд байхгүй. Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн 243 дугаар тушаалаар батлагдсан Ёс зүйн дүрмийн 4.3.4-т ёс зүйн зөрчилд өөрийн болон байгууллага, хамт олны нэр хүнд болон хувь хүний нэр төр, эв нэгдэл, эрүүл мэнд, сэтгэл зүйд хохирол учруулахгүй байх гэж заасныг үндэслэсэн боловч Г.Н  гэдэг хүн байгууллагын нэр хүндэд хохирол учруулсан эсэхийг тогтоосон үйл баримт байхгүй. Мөн уг журмын 4.5.1-т зааснаар зөрчил гаргасан нь шалгалтаар тогтоогдсон байх шаардлагатай, тогтоогдсон тохиолдолд арга хэмжээ авна гэж заасан. Гэтэл 97 дугаар сургуулийн захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт орсон үйлдвэрчний эвлэлийн дарга нь чиг үүргийнхээ хувьд гишүүдийн татвараар цалинждаг, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг хүн, гэтэл ажилтныхаа эсрэг дүгнэлт гаргах гээд орсон байсан. Мөн дотоод хяналт хийдэг хүн нь 97 дугаар сургуулийн дотоод журманд заасны дагуу ажлаа сар, улирлаар төлөвлөж, шалгаад явдаг байгаа. Ёс зүйн асуудлыг хэн шалгаж дүгнэдэг вэ гэхээр яамны тусгай ёс зүй хариуцсан мэргэжилтэн дүгнэлт гаргана гэсэн байдаг бөгөөд энэ үндэслэл бас үгүйсгэгдэж байна. Хөдөлмөрийн гэрээний 6.3.4-т зааснаар тухайн ажилтны ёс зүйн зөрчил гаргасан болох нь хангалттай нотлох баримтаар нотлогдсон байхыг шаардаж байна. Удирдах ажилтны ёс зүй алдаж хамт олныг хагалан бутаргасан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн гэх үндэслэл барьсан. Гэтэл яаж хагалган бутаргасан нь тодорхойгүй байгаа тул энэ нь үгүйсгэгдэж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.3-т заасан ёс зүй, сахилгын зөрчлийг гаргасан байх тушаалын үндэслэл хэсгийг харахад ийм байна. Тушаалын 1 дэх хэсэгт яагаад халагдах болсныг дур мэдэн шийдвэр гаргасан гэж яамны шийдвэрийг дурдсан байдаг. Байгууллагын нэр төр гутаасан гэх боловч байгууллагын нэр төр гутаасан зүйл байгаа эсэхийг хянаж шалгасан шийдвэр байхгүй. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны ажилтан танайх материалаа өгөөгүй байна гэж ярихад захирал байгаагүй учир захирлын өгсөн чиг үүргийн дагуу гарын үсэг зурсан. Иймд дээрх тушаал нь бүхэлдээ үндэслэлгүй, Г.Н  нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл байхгүй байна. Иймд хуульд нийцээгүй тушаалыг хүчингүй болгож, бага ангийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Г.Н  нь тус сургуулийн захирлын 2017 оны 09 сарын 26-ны өдрийн Б/145 дугаар тушаалаар ажилд орсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” гэж заасны дагуу 2018 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал авч ажиллуулахаар заасан. 2018 оны 02 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан Г.Н ийг сургалтын менежерийн албан тушаалд авч, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасны дагуу үүрэгт ажлаа биелүүлэхийг даалгасан байдаг. Хариуцагч талын зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг хууль ёсны дагуу үндэслэлтэй гарсныг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1/ Г.Н  нь 2019 оны 05 сарын 23-ны өдөр бичиг хэргийн ажилтнаас багш нарын ажил байдлын тодорхойлолт байгаа эсэхийг асууж файлаар авсан. Багш нарын ажил байдлын тодорхойлолт, шагналын анкетыг Г.Н  нь өөрөө засаж хэвлээд гарын үсэг зурж БСШУСЯ-д өгсөн. Энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/20 дугаар тушаалаар батлагдсан “Салбарын шагналын журам”-ын 4 дэх хэсэгт “Байгууллагын албан бичиг, хамт олны хурлын тэмдэглэл, нэр дэвшигчийн танилцуулга, ажил байдлын тодорхойлолтод байгууллагын захирал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл төдийгүй Монгол Улсын Засгийн газрын шагнал болох “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгийг 2 багшийн нэр дээр бичүүлэн авч, сургуулийн удирдлагуудад мэдэгдэлгүйгээр уг шагналыг олны өмнө гардуулж өгсөн ноцтой үйлдэл хийсэн. 2/ Г.Н  нь шагналын материалыг танил хүнээрээ дамжуулан БСШУСЯ-нд хүргүүлж сургуулийн захирлын нэрийн өмнөөс утсаар ярьж, шагналыг авахдаа сургалтын менежерийн нэрийг барьж, нэр регистрийн дугаараа уншигдахгүйгээр бичиж гарын үсэг зурж авсан нь 97 дугаар сургуулийн нэр хүндийг унагаж, байгууллага хооронд үл итгэлцлийг бий болгосон нь түүний хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар тул ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. 3/ “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгийг 2 багшид авч, удирдлагуудад мэдэгдэлгүйгээр багш, сурагчдын өмнө гардуулж өгсөн нь багш нарын дунд “олон жил ажилласан багш нар шагнал аваагүй байхад сургалтын менежер нь хөөцөлдөөд танил талаараа авч болдог юм байна” гэсэн сөрөг ойлголтыг өгч, маргаан үүсгэн хамт олны уур амьсгалд сөргөөр нөлөөлөх хагалан бутаргах эс үйлдэхүй гаргасан нь удирдах ажилтны ёс зүйгүй үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. 4/ БСШУСЯ-аас дээрх шагналыг хууль бусаар авсан гэх үндэслэлээр хүчингүй болгож, 2 багшид шагнал олгоогүй болох нь яамнаас ирүүлсэн албан бичигт дурьдсан байгаа нь шагнуулсан 2 багшийг сэтгэл санааны ихээхэн дарамтанд унагаад зогсохгүй цаашдын ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл нь болоод байна. 5/ Мөн тус сургуулийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд Нийслэл дэх төрийн аудитаас шалгалт хийж “Төлбөр барагдуулах акт” тавьсан. Уг актад дурьдсан нийт мөнгөн дүнгийн 4,000,000 төгрөгтэй холбогдох ”Фронт Лайн” ХХК нь Г.Н ийн танил тал байсан, ӨМӨЗО-ны Үзэмчин хошуунаас ухаалаг самбар тээвэрлэхэд зарцуулсан 2,007,000 төгрөгийг өөрийн нөхөр болох Э.Батбаярын бичиг баримт, дансыг өгч сургуулиас уг данс руу гүйлгээ хийсэн зэрэг зөрчил гаргасан байсан бөгөөд одоог хүртэл дээрх мөнгийг барагдуулаагүй, актын мөрөөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа болно. 6/ Дээрхи асуудлуудтай холбогдуулан 2019 оны 06 сарын 11-ний өдрийн А/35 дугаар захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулж Г.Н ийн гаргасан үйлдлийг Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн эсэхийг тодруулахаар сургуулийн дотоод хяналтын комиссын дарга Г.Баярмаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Галбадрах, нийгмийн ажилтан С.Оюунбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээр дүгнэлт гаргуулахаар болсон. 2019 оны 06 сарын 24-ний өдөр ажлын хэсгийн гишүүд “Г.Н ийг ноцтой зөрчил гаргасан байна” гэж дүгнэжээ. Г.Н  нь ашиг сонирхлын үүднээс аливаад хандаж Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зэрэг эрх зүйн актуудыг үл тоомсорлон ажиллаж, ажилдаа хариуцлага алдан, эрх үүргээ хэтрүүлэн хэрэглэсэн ноцтой зөрчлийг гаргаж байсан тул захирлын 2019 оны 06 сарын 26-ны өдрийн Б/64 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 7/ Г.Н ийн ажлыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчийн ажил хүлээлцэх журам”, “Ажил хүлээлцүүлэх хуудас”-ыг баримтлан захирлын 2019 оны Б/64 дүгээр тушаалаар байгуулагдсан ажил хүлээлцэх комисс ажил хүлээлцэхэд өөрийн ашиглаж байсан компьютерт файлаар хадгалагдаж буй албан ажлын холбогдолтой цахим баримт, файлуудаа бүгдийг нь устгасан байсан нь удирдах ажилтны ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэл төдийгүй төрийн байгууллагын тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлд сөргөөр нөлөөлөх үйлдэл гэж үзэж байна. 2018 оны 02 сарын 01-ний өдөр Г.Н тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1 дүгээр зүйлд “сургалтын менежерээс ажлын байрны тодорхойлолт, дотоод журам, сургуулийн дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах”, 5.1 дүгээр зүйлд  “Сургалтын менежер нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, холбогдох хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллах”-ыг ажил олгогч шаардах эрхтэй байна. Энэ нь зөвхөн тус заалтад заасан зүйлүүдийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар дүрэм журам болон хуулиас илүү эрх эдлэхгүй байхаар тусгасан. Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ноцтой зөрчил гэдэгт Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой  холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж заажээ. Үүний дагуу байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.4 болон 6.3.8-д заасан заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.3, 11.1.4-г ноцтой зөрчсөн байдаг. Нэхэмжлэлдээ энэ талаараа “миний бие хариуцан ажилладаг 2 багшийнхаа шагналын ажил байдлын тодорхойлолтод гарын үсэг зурсан нь буруу боловч” гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох бөгөөд ямар нэгэн сахилгын шийтгэл болон бусад төрлийн арга хэмжээ авах боломжгүй тул 06 сарын 26-ны өдөр захирлын тушаал гарч хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Г.Н  нь хариуцагч 97ьд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Н  нь 97ийн захирлын 2019 оны 06 сарын 26-ны өдрийн Б/64 дугаартай “Сургалтын менежер Г.Н ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд хуульд заасан хугацааны дотор буюу 2017 оны 07 сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар 97ийн захирлын 2017 оны 09 сарын 26-ны өдрийн Б/145 дугаартай тушаалаар Г.Н ийг бага бүлэг хариуцсан сургалтын менежерээр томилон ажиллуулж, 2019 оны 06 сарын 26-ны өдрийн Б/64 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй.байна. /хх-25, 26/

 

97ийн захирлын 2019 оны 06 сарын 26-ны өдрийн Б/64 дугаартай “Сургалтын менежер Г.Н ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.4, сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх хэсгийн 3, 6 дахь заалтыг тус тус үндэслэн “...өөрийн болон өөрийн хариуцдаг бага ангийн заах аргын нэгдлийн багш нарын ашиг сонирхолд нийцүүлэн дур мэдэн шийдвэр гаргасан, удирдах ажилтны ёс суртахууныг алдсан, байгууллагын нэр хүндийг унагаж, хамт олныг хагалан бутаргах эс үйлдлэхүй гаргасан ...” гэх үндэслэл заан Г.Н ийг Сургалтын менежерийн үүрэгт ажлаас 2019 оны 06 сарын 28-ны өдрөөс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-25/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Г.Н ийн ноцтой зөрчил гаргасан үйлдэл нь захирлын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүдийн дүгнэлт болон холбогдох бусад баримтаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэл бүхий шийдвэр болсон гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Хэргийн үйл баримтаар 97 дугаар сургуулийн Сургалтын менежер Г.Н  нь тус сургуулийн багш С.М  , Д.Б  нарыг “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр шагнуулах ажил байдлын тодорхойлолтод гарын үсэг зуран, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

 

97ийн захирлын 2019 оны 06 сарын 11-эмй өдрийн А/35 дугаартай тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлтэд Г.Н  нь БСШУС-ын Сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаартай тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 2.1.4, 2.1.6, 4.3.5, мөн сайдын 2018 оны 07 сарын 30-ны өдрийн А/473 дугаартай тушаалаар батлагдсан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын шагнал олгох журам”-ын 3.5, 3.7.1, 4.4, 4.5, 4.6, 4.7, 4.8.2, 4.10, 4.11, сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1.5, 10.1.6, 10.1.7 дахь заалтуудыг зөрчсөн гэж бичжээ. /хх-47-48/

 

Дээр дурдсан ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын шагнал олгох журам”-ын 3.5, 3.7.1, 4.4, 4.5, 4.6, 4.7, 4.8.2, 4.10, 4.11 дэх заалтууд нь салбарын тэргүүний ажилтан тэмдэгээр шагнуулахад тавигдах шаардлага, шагналд тодорхойлоход бүрдүүлэх баримт бичгийн бүрдлийн талаарх заалтууд байна. Мөн “Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 2.1.4, 2.1.6 дахь заалтад үйл ажиллагаанд баримтлах зарчимыг тодорхойлсон байх бөгөөд 2.1.4-т “ёс суртахууны үлгэр дуурайлалттай байх”, 2.1.6-т “хуулийг чанд сахих, хариуцлагатай байх”, 4.3.5 дахь заалт нь албан тушаалаа урвуулан ашиглахаас сургийлэх заалт байна.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 07 сарын 30-ны өдрийн А/473 дугаартай тушаалаар батлагдсан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын шагнал олгох журам”-аар салбарын шагналд тодорхойлох харилцааг зохицуулагсан байх бөгөөд тус журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д журмын шаардлагыг хангасан албан хаагчийг байгууллага нь шагналд тодорхойлохоор заажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 07 сарын 30-ны өдрийн А/473 дугаартай тушаалаар хүчингүй болсонд тооцогдсон сайдын 2015 оны А/20 дугаартай тушаалаар батлагдсан журмын холбогдох заалтуудыг иш татан мэтгэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар 97ийн захирал Б.А  2019 оны 06 сарын 07-ны өдрийн 130 дугаартай албан бичгээр шагналд тодорхойлсон С.М  , Д.Б  нарыг “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнуулах хүсэлтийг хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-167/

 

Сургалтын менежер Г.Н  нэр бүхий хоёр багшийн ажил байдлын тодорхойлолтод гарын үсэг зуран яаманд хүргүүлсэн болох нь тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан байх ба дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Н ийн үйлдлийг хариуцагч 97ийн захирал Б.А  хожим дэмжин зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 9/9727 дугаартай албан бичигт “Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн бага ангийн багш Д.Б, С.М нарыг Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнуулахаар тус сургуулиас анкет, ажил байдлын тодорхойлолтыг ирүүлснийг судалж үзэн, ажилласан жил, хөдөлмөр бүтээлийг үнэлэн дээрх багш нарыг шагнахаар шийдвэрлэсэн...” талаар дурдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч Г.Н  өөрийн гарын үсгийг зуран баримтыг хүргүүлсэн ч шагналд тодорхойлогдсон багш Д.Б , С.М   нар нь Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнуулах болзлыг хангасан ажилтнууд байсан болох нь тогтоогдож байна. /хх-95/

 

Г.Н ийг ажлаас чөлөөлсөн тушаалд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд эдгээр заалт нь албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт байна. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т хамаарал бүхий этгээд гэдэгт хамаарах этгээдийг тодорхойлон заасан бөгөөд 97 дугаар сургуулийн сургалтын менежер Г.Н , багш С.М  , Д.Б  нарыг хамаарал бүхий этгээд гэдгийг тогтоож, тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь уг үндэслэлийг баримтаар нотлоогүй.

 

Хариуцагч нь 2019 оны 06 сарын 26-ны өдрийн Б/64 дугаартай тушаалдаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.4, сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх хэсгийн 3, 6 дахь заалтыг үндэслэн ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн байх боловч нэхэмжлэгч Г.Н  өөрийн болон өөрийн хариуцдаг бага ангийн заах аргын нэгдлийн багш нарын ашиг сонирхолд нийцүүлэн дур мэдэн шийдвэр гаргасан, удирдах ажилтны ёс суртахууныг алдсан, байгууллагын нэр хүндийг унагаж, хамт олныг хагалан бутаргах эс үйлдэхүй гаргасан ” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан бөгөөд Г.Н ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

Дээр дурьдсан нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Г.Н ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г.Н ийг 97ийн Сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэхдээ ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээний талаар тоон илэрхийлэл гаргаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд саад учруулахгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсанаар ээлжийн амралтын олговрыг тооцон авсан, 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 07 сарын 30-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан болох нь тогтоогдож байх тул 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн цалин хөлсний бичилтийг үндэслэн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 48,503.5 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2019 оны 08 сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл 146 хоногийн цалинтай тэнцэх олговорт 7,081,511 төгрөгийг хариуцагч 97 гаргуулж нэхэмжлэгч Г.Н д олгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан тул нэхэмжлэгч Г.Н ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийх үүргийг хариуцагч 97ьд даалган шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч  97 нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 128,254.1 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н  /-ийг 97ийн Сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч 97 ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,081,511 /долоон сая наян нэгэн мянга таван зуун арван нэгэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н ийн ажилгүй байсан бүх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Г.Н ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын давтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч 97ьд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч 97 нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 128,254.1 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР