Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 1016

 

 

 

 

 

                     2020 оны 03 сарын26 өдөр

                  101/ШШ2020/01016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Г /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Т /-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв. 

            

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Билэгт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие нь 2017 оны 04 сарын 12-ны өдөр А.Т , Н.С  нартай зээлийн гэрээ байгуулсан. 2,000,000 төгрөгийг 10 хувь хүртэл 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээг 2 хүнтэй хийсэн боловч 2,000,000 төгрөгийг 2017 оны 04 сарын 12-ны өдөр А.Т  нь ганцаараа ирж бэлнээр хүлээж авсан юм. Иймд хариуцагчаар ганцхан А.Т ийг татаж байна. 2018 оны 03 сарын 22-ны өдөр хүртэл нэг ч төгрөгийн хүү төлөөгүй бөгөөд энэ өдрөө 2,500,000 төгрөгийг төлсөн юм. Энэ төлсөн мөнгөнөөс гэрээний хугацаа 12 сарын хүү буюу 1 сарын хүү 200,000 төгрөг, бүгд 2,400,000 төгрөгийг хүүндээ суутгаж авсан бөгөөд 100,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон юм. Мөн А.Т  нь 2017 оны 10 сарын 12-ны өдөр 1 удаа хүүний мөнгө гэж 200,000 төгрөгийг төлснийг мөн төлсөн мөнгөний хүүнээс хасч, үндсэн зээл рүү оруулсан юм. Ингээд хүүнд төлсөн мөнгийг 12 сараар тооцож 2,400,000 төгрөгийг авснаас 1 удаа 200,000 төгрөгний хүү төлж байсан учраас хүүг 11 сараар тооцож 2,200,000 төгрөгийг хүүнд, үлдэх 300,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, одоо үлдэх үндсэн зээл 1,700,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үлдэх үндсэн зээл 1,700,000 төгрөгийг А.Т ас нэхэмжилж байна” гэжээ.

 

   Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“2017 оны 04 сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 сарын 22-ны өдөр хүртэл хүү яригдаж байна. 2,500,000 төгрөг төлсөн гэдгээ хэлээгүй дансны хуулга харахад төлсөн байсан. Хариуцагч 2,500,000 төгрөгөө төлчихлөө, нотариат оръё зээлийн гэрээгээ хаая гээд ирэх ёстой. Гэрээн дээрээ гарын үсгээ баталгаажуулж өр зээлийг хаана гэсэн заалт бий. Гарын үсгээ зураагүй болохоор би хүүгээ авах гэж байгаа. Сарын 200,000 төгрөгөөр хүүг бодсон. Сар, 20 хоногийн хүүг бодохоор 366,000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“1,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. 2017 оны 04 сарын 12-ны өдөр сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн боловч надад 1,800,000 төгрөг өгсөн юм. Иймд зээлийг 2,000,000 төгрөгөөс бус 1,800,000 төгрөгөөс бодох нь үндэслэлтэй. Үүнээс би 2017 оны 04 сарын 12-ны өдрөөс 2017 оны 10 сар хүртэл 6 удаа сар бүр 200,000 төгрөг нийт 1,200,000 төгрөг төлсөн. Мөн 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын хооронд өдрийг нь сайн мэдэхгүй байна, дахин 200,000 төгрөг шилжүүлж, нийт 1,400,000 төгрөг төлсөн. Үүнээс зээлийн хүүнд 1,260,000 төгрөг төлсөн, үндсэн зээлээс 140,000 төгрөг төлсөн. Мөн 2018 оны 03 сарын 22-ны өдөр зээлийн үлдэгдэл болох 1,660,000 төгрөг, үүний үлдэгдэл хүү 830,000 төгрөг, нийт 2,490,000 төгрөг байснаас 2,500,000 төгрөг төлж зээлийг бүхэлд нь хэлэлцэн тохиролцоод хаасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г  нь хариуцагч А.Т т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа багасган 1 сар, 20 хоногийн хүүнд 366,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Д.Г  нь 2017 оны 04 сарын 12-ны өдөр А.Т , Н.С  нартай 2,000,000 төгрөгийг 2017 оны 04 сарын 12-ны өдрөөс 2018 оны 04 сарын 12-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлэх, зээлдүүлэх тухай Зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй. /хх-4/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг А.Т , Н.С  нартай байгуулсан боловч зээл 2,000,000 төгрөгийг А.Т  бэлнээр хүлээн авсан гэх тайлбарыг гарган гэрээний үүргийг А.Т ас шаардсан.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаар А.Т ийг татсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Зохигчид зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилгыг хангасан байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч А.Т  нь 2017.05.13-ны өдөр 200,000 төгрөг, 2017.06.13-ны өдөр 200,000 төгрөг, 2017.07.13-ны өдөр 200,000 төгрөг, 2017.08.15-ны өдөр 200,000 төгрөг, 2017.09.12-ны өдөр 200,000 төгрөг, 2017.10.12-ны өдөр 200,000 төгрөг, 2018.03.22-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөгийг Хаан банкин дахь А.Т ийн 5028625084 дугаартай данснаас Д.Г ийн 5019544570 дугаартай данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-7-62, 71-76/

 

Зохигчид дээр дурдсан мөнгөн шилжүүлгийн талаар маргаагүй боловч хариуцагч нь 200,000 төгрөгөөр 7 удаа, 2,500,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн боловч дээр дурдсан шилжүүлгүүдээс гадна 200,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн талаарх тайлбар нь баримтаар тогтоогдоогүй.

 

Хариуцагч А.Т  зээлийн гэрээний дагуу 2,000,000 төгрөгийг аваагүй, 1,800,000 төгрөгийг авсан тул уг мөнгөнөөс гэрээний үүргийг тооцох үндэслэлтэй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Зохигчдын хооронд 2017 оны 04 сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний ар талд “2017.04.12-нд Гэрэлчимэгээс 2,000,000 зээлэв.. Бэлнээр хүлээн авлаа. А.Т ” гэсэн бичиглэл /хх-4 хуудасны ар тал/ байх бөгөөд хариуцагч нь 2,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүүнд 2,400,000 төгрөг, нийт 4,400,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс түүний төлсөн 3,700,000 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл 700,000 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагчаас 1 сар 20 хоногийн хүүнд 366,000 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 366,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч А.Т ас 366,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г т олгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч А.Т ас зээлийн гэрээний үүрэгт 366,000 /гурван зуун жаран зургаан мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,150 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 3,750 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Г т буцаан олгож, хариуцагч А.Т ас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 11,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г т олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР