Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/927

 

 

 

 

 

 

 

2023            09           13                                     2023/ШЦТ/927

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

          улсын яллагч Ц.Буянхишиг,

          шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209028260368 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, ... настай, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, “.....” ХХК-нд үл хөдлөх хөрөнгө зуучлагч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамтаар .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н.Т /регистрийн дугаар ..../,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Б.Т нь цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.Сд“ангийн зориулалттай, бичиг баримттай 2013 оны ТОК-99 галт буу зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 500.000 төгрөгийг Хаан банкны ... тоот дансаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Тийг цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.Сд“ангийн зориулалттай, бичиг баримттай 2013 оны ТОК-99 галт буу зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 500.000 төгрөгийг Хаан банкны ... тоот дансаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Тт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Т нь цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим орчинд хуурамч зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Б.Сд“ангийн зориулалттай, бичиг баримттай 2013 оны ТОК-99 галт буу зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 500.000 төгрөгийг Хаан банкны ... тоот дансаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан болох нь:

          хохирогч Б.С "...Би 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх ажил дээрээ байхдаа өөрийн нөхөр Б.Саруулбуян ярьсны дагуу фэйсбүүк дээр байршуулсан галт зэвсэг зарна гэсэн зарын дагуу хадам аавдаа буу авахаар “Чинзориг Болд" гэсэн фэйсбүүк хаягтай хүнтэй чатлаж байгаад тухайн бууны урьдчилгаа мөнгө болох 500.000 төгрөгийг Хаан банкны 5400382986 тоот данснаасаа тухайн хүний ... тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед 88483534 дугаарын утаснаас тухайн буу зарах гэж байгаа хүн нь залгаад Сэлэнгээс унаанд тавиад явууллаа, ...улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд тавилаа, жолоочийнх нь дугаар 89480152 гэсэн дугаартай гэж хэлсэн ба энэ хүнтэй нь залгаад ярихад аваад гарч байна гэж хэлсэн. Ингээд үүнээс хойш холбогдох боломжгүй болоод фэйсбүүкээр намайг блоклосон байсан. Ийм учир шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

          Яллагдагч Б.Т "...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Тт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Тт 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

           

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тийг 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь энэ тогтоолоор оногдуулсан 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР