Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2026/0025

 

 

,  

“Ат” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн  

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Зоригтбаатар

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аб

Нэхэмжлэгч: “Ат” ХХК,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Тендерийн үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: “ЖТКЭ” ХХК

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 812 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аб, К.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цз, Н.Бт, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0789/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Ат” ХХК-иас Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

  • Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ээс “Ат” ХХК-д хүргүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/2750 дугаар мэдэгдэл, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/3036 тоот мэдээллүүдийг хүчингүй болгуулах,
  • Хариуцагчаас гуравдагч этгээдэд олгосон 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/2751, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/3035 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах,
  • Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот тэмдэглэлийн “ЖТКЭ” ХХК-ийг шалгаруулж, захиалагчид “ЖТКЭ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3 тоот тэмдэглэлийн “ЖТКЭ” ХХК-ийг шалгаруулж, захиалагчид “ЖТКЭ” ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах,
  • “Ат” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг хариуцагчид даалгах, “Ат” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, тус компанитай төмрийн будаг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т даалгах,
  • Хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан ХХГ-НТШ/25/119 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 812 дугаар шийдвэрээр:

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1, 28.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ат” ХХК-ийн Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ээс “Ат” ХХК-д хүргүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/2750 дугаар мэдэгдэл, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/3036 тоот мэдээллүүдийг хүчингүй болгуулах, хариуцагчаас гуравдагч этгээдэд олгосон 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/2751, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/3035 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот тэмдэглэлийн “ЖТКЭ” ХХК-ийг шалгаруулж, захиалагчид “ЖТКЭ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3 тоот тэмдэглэлийн “ЖТКЭ” ХХК-ийг шалгаруулж, захиалагчид “ЖТКЭ” ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, “Ат” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг хариуцагчид даалгах, “Ат” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, тус компанитай төмрийн будаг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т даалгах, хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан ХХГ-НТШ/25/119 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аб дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“"Ат" ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аб би "Ат" ХХК- ийн нэхэмжлэлтэй Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2025.05.06-ны өдрийн А/351 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.11.18-ны өдрийн 0812 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Гомдлын шаардлага: Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах.

Гомдлын шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах зургаан байдлаар тодорхойлсон. Үүнд:

(1) Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын "Ат" ХХК-д хүргүүлсэн 2025.08.21-ний 16/2750 тоот мэдэгдэл, 2025.09.16-ны 16/3036 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах

(2) Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2025.08.21-ний өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 16/2751 дугаар шийдвэр, 2025.09.16-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 16/3035 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах

(3) Маргаан бүхий тендерийн үнэлгээний хорооны 2025.08.15-ны өдрийн 2 тоот тэмдэглэлийн "ЖТКЭ" ХХК-ийг шалгаруулж, захиалагчид "ЖТКЭ" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг, Маргаан бүхий тендерийн үнэлгээний хорооны 2025.09.11-ний өдрийн 3 тоот тэмдэглэлийн "ЖТКЭ" ХХК-ийг шалгаруулж, захиалагчид "ЖТКЭ" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах

(4) "Ат" ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2025.05.06-ны өдрийн А/351 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороонд даалгах.

(5) Нэхэмжлэгч "Ат" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, нэхэмжлэгчтэй Төмрийн будаг худалдан авах гэрээ байгуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах

(6) Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон "ЖТКЭ" ХХК нарын хооронд 2025.09.23-ны өдөр байгуулсан ХХГ-НТШ/25/119 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах."

Гэвч анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Нэхэмжлэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.

3.1. Гуравдагч этгээдээс нийлүүлэх будаг болон будаг шингэлэгчийн гарал үүслийн гэрчилгээг зохих ёсоор ирүүлээгүй зөрчил нотлогдсон тухай:

Тендер шалгаруулалтын зааварчилгаа (цаашид "ТШЗ" гэх) бол тухайн тендерийг ямар журмаар шалгаруулах, тендерээр худалдан авах гэж буй бараа, үйлчилгээнд тавигдах шаардлагыг нарийвчлан заасан тендерийн гол баримт бичиг билээ.

Гэтэл гуравдагч этгээдийн хувьд ТШЗ-д заасан шаардлагыг хангах зорилгоор хуурамч баримт бичиг үйлдэж, түүнийгээ тендерийн материалд илгээх замаар шалгарсан ноцтой үйлдлийг гаргасан боловч шүүхийн зүгээс түүнийг хэвийн, байх зүйл мэтээр хүлээн авч гуравдагч этгээдийг тендерт шалгаруулсан нь үндэслэлтэй гэж шийдвэрлэж байгааг гайхаж байна.

3.1.1.Тодруулбал, ТШЗ-ны 20.1-ийн 5-д "Нийлүүлэх барааны нэр, марк, фото зураг, дагалдаж ирэх чанарын гэрчилгээ эсхүл тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, гарал үүслийн мэдээллийг баталгаат орчуулгын хамт ирүүлэх" гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд барааны чанарын гэрчилгээг үнэн зөвөөр зайлшгүй ирүүлэх шаардлагатай ТШЗ-д маш тодорхой заасан байгаа юм.

Гэтэл гуравдагч этгээд "ЖТКЭ" ХХК-ийн зүгээс өөрийн компанийн нэрээр Монгол Улсад оруулж ирүүлэх бус "АСЭТ" ХХК- ийн нэрээр оруулахаар бүртгэгдсэн бараа бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг засварлаж, тендерийн материалд хавсаргаж илгээсэн бөгөөд түүнийг үнэлгээний хорооноос үнэлэн гуравдагч этгээдийг шаардлага хангасан гарал үүслийн гэрчилгээг бүхий баримт бичиг илгээсэн гэж үзэн хууль бусаар шалгаруулсан байдаг.

Энэ талаар шүүхийн шийдвэрийн 10 дахь талын 4.2.4-т "Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн гарал үүслийн гэрчилгээ нь зөрүүтэй байдлаар буюу гуравдагч этгээдээс албан ёсны сайтад байгаа мэдээллээс зөрүүтэй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон" гэх дүгнэлтийг хийсэн атлаа шийдвэрийн 4.2.5-т "Гэвч хариуцагчаас боловсруулсан ТШЗ-нд гарал үүслийн гэрчилгээ шаардаагүй гарал үүслийн мэдээллийг шаардсан байх ба гарал үүслийн мэдээлэл нь тухайн будаг БНСУ-д үйлдвэрлэгдсэн бараа гэдгийн илэрхийлсэн гэж үзэхээр байх тул сайтаар заавал орж, гэрчилгээг шалгах ёстой гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Энэ нь тендерийн хуулийн" гэх ойлгомжгүй, бүрэн бус дутуу, логик зөрчилдөөнтэй дүгнэлтийг хийсэн байна.

Дээрх шүүхийн дүгнэлтэд "гарал үүслийн гэрчилгээ шаардаагүй" гэх дүгнэлтийг хийсэн эсэхээс үл хамаар ТШЗ-ны 20.1-ийн 5-д гарал үүслийн гэрчилгээг ирүүлэх талаар тодорхой заасан байна. Гэвч шүүх "гарал үүслийн мэдээлэл нь тухайн будаг БНСУ-д үйлдвэрлэгдсэн бараа гэдгийн илэрхийлсэн гэж үзэхээр байх тул сайтаар заавал орж, гэрчилгээг шалгах ёстой гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй" гэх байдлаар дүгнэлт хийснээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "Тендерийн хууль" гэх)-д заасан үнэлгээний хорооны чиг үүргийг бүрэн үгүйсгэсэн, тус хуульд заасан зарчмыг зөрчсөн шийдвэр гаргаад байна.

Тендерийн хуулийн 50 дугаар зүйлд үнэлгээний хорооны ажиллах журам, чиг үүргийг хуульчилсан бөгөөд тус хуулийн 50.2.2 дахь хэсэгт "тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, гэж үнэлгээний хорооны хэрэгжүүлэх чиг үүргийг заасан байгаагаас үзвэл үнэлгээний хороо нь оролцогчоос ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэх үүрэгтэй юм. Түүнээс биш тендерт оролцогч нь ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг хариуцна гэх үндэслэлээр оролцогчоос ирүүлсэн баримт бичгийг хянан үзэхгүй гэж дүгнэх нь буруу юм.

Өөрөөр хэлбэл нэгэнт гуравдагч этгээдээс ирүүлсэн гарал үүслийн гэрчилгээнд түүнийг шалгах эх сурвалжийг зааж ирүүлсэн тохиолдолд тухайн эх сурвалжийг шалгаж, гарал үүслийн гэрчилгээ зөрүүтэй эсэхийг дүгнэн, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх замаар "ЖТКЭ" ХХК-ийн хууль бус гарал үүслийн гэрчилгээг илрүүлэн тус компанийг шалгаруулахаас татгалзах бүрэн боломжтой байтал энэ үүргээ үнэлгээний хороо хэрэгжүүлээгүй.

Гэтэл шүүхийн зүгээс тухайн гарал үүслийн гэрчилгээ зөрүүтэй буюу засвартай гэдгийг үзлэг хийх замаар тогтоосон атлаа үнэлгээний хороо хянан үзэх үндэслэлгүй байсан гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус юм.

Хэрэв үнэлгээний хороо чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй буюу гарал үүслийн гэрчилгээний зөрүүтэй байдлыг тогтоож чадаагүй алдаа гаргасныг шүүхийн зүгээс тогтоосон нөхцөлд үнэлгээний хорооны алдааг залруулах замаар гуравдагч этгээдийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгох бүрэн боломжтой байтал шүүх энэ үүргээ хэрэгжүүлээгүйд гомдолтой байна.

Нөгөөтэйгүүр шүүх шүүхийн шийдвэрийн 4.2.5-д дүгнэлт хийхдээ... гарал үүслийн мэдээлэл нь тухайн будаг БНСУ-д үйлдвэрлэгдсэн бараа гэдгийн илэрхийлсэн гэж үзэхээр байх тул сайтаар заавал орж, гэрчилгээг шалгах ёстой гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Энэ нь тендерийн хуулийн" гэх байдлаар дүгнэлтээ, өгүүлбэрээ дуусгалгүй орхисон нь шийдвэр үндэслэл бүхий байх наад захын шаардлагыг хангаагүй байна.

Үүнээс гадна гарал үүслийн гэрчилгээний хүчин төгөлдөр байдлыг хариуцагч шалгах үүрэггүй гэдэг нь хуулийн ямар зохицуулалт, зүйл заалтаар зөвтгөгдөж байгааг тайлбарлаж чадаагүй буюу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул гомдлыг хангаж өгөхийг хүсэж байна.

а. Гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, түүнийгээ орчуулсан нь нотлогдсон тухай:

"ЖТКЭ" ХХК-иас ирүүлсэн тендерийн материалд гарал үүслийн гэрчилгээ, түүний орчуулгын хамт авагдсан бөгөөд тухайн гарал үүслийн гэрчилгээний хүснэгтийн 6 дахь хэсэгт нийт 8 өнгийн будаг, 1 будаг шингэлэгчийг жагсаан бичсэн байдаг. Энэ нь хавтаст хэргийн 54 дэх талд авагдсан "Бараа нийлүүлэх хуваарь" буюу захиалагчийн баталсан хүснэгтэд заасан будагний өнгө, түүний хэмжээтэй яв цав таарч байгаа буюу нийт 9 төрлийн барааг хүснэгтэд бичсэн байна.

Үүнээс үзвэл гуравдагч этгээд нь гарал үүслийн гэрчилгээг захиалагчийн баталсан баримт бичигт нийцүүлэх замаар хуурамчаар үйлдсэн нь тодорхой байгаа юм. Улмаар тус гарал үүслийн гэрчилгээний хүснэгтийн доор "Энэхүү гэрчилгээний хүчин төгөлдөр байдлыг http://cert korcham net/search цахим хуудсаар орж шалгах боломжтой" гэж тодорхой бичсэн бөгөөд шүүхийн журмаар үзлэг хийн тус цахим хуудсаар орж үзэхэд зөвхөн 4 төрлийн барааны мэдээлэл байгаа нь тодорхой харагддаг.

Шүүхийн журмаар үзлэг хийсний дараа нэхэмжлэгчийн зүгээс тус цахим хуудсанд байршсан мэдээллийг мэргэжлийн орчуулгын байгууллагаар орчуулга хийлгэж, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус орчуулгад дээрх 4 төрлийн барааг усан суурьтай будаг буюу эмульс гэж орчуулсан байгаагаас үзвэл тухайн гарал үүслийн гэрчилгээний будагний гарал үүслийн гэрчилгээ биш, барилгын дотор засал хийхэд ашигладаг усан суурьтай шингэн будаг буюу эмульсын гарал үүслийн гэрчилгээ болох нь тодорхой бөгөөд тус орчуулгатай хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс маргаагүй, түүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл шүүхээс "... гарал үүслийн мэдээлэл нь тухайн будаг БНСУ-д үйлдвэрлэгдсэн бараа гэдгийг илэрхийлсэн гэж үзэхээр байх тул..." гэх дүгнэлтийг хийж, эмульсийг будагтай адилтган тайлбарлаж, хуурамч гарал үүслийн гэрчилгээг үнэлгээний хороо хүлээн зөвшөөрснийг зөвтгөн шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

ь. Будаг шингэлэгчийн гарал үүслийн гэрчилгээг ирүүлээгүй тухай:

Хэдийгээр гуравдагч этгээдийн ирүүлсэн хуурамчаар үйлдсэн гарал үүслийн гэрчилгээнд будаг шингэлэгч гэх үгийг оруулсан боловч гарал үүслийн гэрчилгээний эх сурвалжид шүүхийн журмаар үзлэг хийж, түүнийг орчуулахад будаг шингэлэгч гэдэг үг гарал үүслийн гэрчилгээнд огт тусгагдаагүй байсан юм. Үүнээс үзэхэд гуравдагч этгээд нь будаг шингэлэгчийн гарал үүслийн гэрчилгээг огт ирүүлээгүй бөгөөд шүүхийн зүгээс тус асуудлаар огт дүгнэлт хийгээгүй байдаг. Иймд баримт бичгийн бүрдэл дутуу, хуурамч байх тул гуравдагч этгээдийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Үүнээс гадна гуравдагч этгээдэд бараа нийлүүлэхээр тохирсон гэх "ДК" ХХК-ийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тус зөвшөөрөлд "... олон төрлийн бүтээгдэхүүн болох тосон будаг, усан суурьтай будаг, будаг барьцалдуулагч бэхжүүлэгч зэргийг үйлдвэрлэж байгаа,... Энэ удаа танай компаниас захиалсан төмөр/металлын алкид тосон будгийг ч... нийлүүлэх болно" гэх зэргээр будаг шингэлэгчийн талаар огт дурдаагүй байгаагаас үзвэл тус компани нь будаг шингэлэгч үйлдвэрлэдэггүй бөгөөд гуравдагч этгээд нийлүүлэх боломжгүй байгаа нь тодорхой байна.

ЗХШХШТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ." гэж заасан бөгөөд шүүхээс дээрх үйлдвэрлэгчийн зөвшөөрөлд тусгагдсан мэдээллийг тус хуульд заасны дагуу үнэлээгүй гэж үзэж байна.

3.2. Гуравдагч этгээдээс нийлүүлэхээр санал болгосон будаг нь захиалагчийн шаардсан будагны стандарттай тохирохгүй буюу шаардлага хангахгүй бүтээгдэхүүн болох тухай:

ТШЗ-ны 20.1.6-д "Нийлүүлэх бараа нь захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл заалт бүрээр нотлох хариуулсан харьцуулалт хүснэгт ирүүлэх (Хэрэв нийлүүлэх барааны техникийн тодорхойлолтын зарим үзүүлэлт зөрсөн тохиолдолд шаардлага хангасан болохыг нотлох баримт бичиг ирүүлэх)" гэж заасан.

Захиалагчийн зүгээс Оросын Холбооны улсад үйлдвэрлэгддэг ПФ-115 маркын будаг шаардсан бөгөөд тендерт оролцогчийн зүгээс тус марк, загварын будгаас өөр будаг нийлүүлэх тохиолдолд тухайн будаг нь ПФ-115 маркын будгийн стандарттай хэрхэн нийцэж байгаа талаар нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэй байна. Гэвч гуравдагч этгээдийн зүгээс ПФ-115 маркын будаг бус РАЕ-8022 маркын будаг нийлүүлэхээр санал өгсөн боловч тус будаг нь ПФ-115 маркын будгийн стандартыг хэрхэн хангаж байгаа талаарх нотлох баримт нэгийг ч ирүүлээгүй байна.

Гэвч шүүхийн шийдвэрийн 4.3.1-т "Тендерийн тодорхойлолтод шаардлага хангасан болохыг хүснэгтээр ирүүлэхээр заасны дагуу гуравдагч этгээдээс ирүүлсэн хүснэгт /ХХ243/-д заалт бүрээн шаардлагад нийцсэн байдлаар 50-аас +60 градуст тэсвэртэй 10л савласан гэх зэрэг шаардлагыг хангаж ирүүлсэн байна." 4.3.2-т "Дээрх зааварчилгаанд зааснаар үзүүлэлт зөрсөн тохиолдолд л шаардлага хангасан болохоо нотолсон баримтыг ирүүлэхийг зааснаас зөрөөгүй тохиолдолд нотлох баримт шаардахгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "-50-аас +60 градусын хэмд хайлахгүй, хөлдөхгүй гэх шаардлага хангахгүй, энэ талаарх баримтгүй, 18л савласан зураг ирүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй" гэж үндэслэл, логикгүй дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл шүүхээс захиалагчийн техник тодорхойлолт болон гуравдагч этгээдээс ирүүлсэн техникийн тодорхойлолт харьцуулсан хүснэгтэд заасан мэдээлэл зөрөөгүй учир гуравдагч этгээдээс нийлүүлэх будаг нь ПФ-115 будагтай стандартын хувьд нийцэж байгаа эсэх баримтыг ирүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн.

Гэтэл тус харьцуулсан хүснэгт нь гуравдагч этгээдийн зүгээс бэлдэж ирүүлсэн хүснэгт бөгөөд хүснэгтэд тусгасан мэдээллийг дурын ажилтан бөглөж үнэлгээний хороонд ирүүлэх боломжтой юм. ТШЗ-д заасан "Хэрэв нийлүүлэх барааны техникийн тодорхойлолтын зарим үзүүлэлт зөрсөн тохиолдолд шаардлага хангасан болохыг нотлох баримт бичиг ирүүлэх" гэх шаардлагын гол ач холбогдол нь тендерт оролцогч нь захиалагчаас шаардаж буй ПФ-115 маркын будгийг нийлүүлэхгүй өөр будаг санал болгож буй тохиолдолд нийлүүлж буй будаг нь ПФ-115 маркын будагтай дүйцэхүйц стандарттай гэдгийг нотлох баримт ирүүлэхийг шаардаж буй хэрэг юм.

Түүнээс биш тендерт оролцогч нь захиалагчийн шаардаж буй техникийн тодорхойлолттой адил байдлаар харьцуулсан хүснэгт ирүүлснийг холбогдох стандарт, шаардлага хангаж байгаа гэж шууд дүгнэж үзэх нь дээрх ТШЗ-д заасан шаардлагын ач холбогдлыг шууд үгүйсгэх, шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг худалдан авч төсөвт хохирол учруулах үр дагавартай юм. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр "Хэрэв техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлбэл яах вэ? Урьдчилж шалгасны үндсэн дээр шалгаруулах ёстой юм бишүү?" гэх асуултад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "Хэрэв гэрээ байгуулсны дараа шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг санал болгосон нь тогтоогдвол тухайн үед нь шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ, энэ бол дараагийн асуудал юм" гэх байдлаар хариулсан. Үүнээс үзвэл үнэлгээний хороо захиалагч нь өөрсдийн баталсан ТШЗ-д заасан техникийн тодорхойлолтыг үл хайхарсан, гуравдагч этгээдийн нийлүүлж буй будаг ямар будаг байхаас үл хамааран нийлүүлж авахаар ажиллаж байгаа нь харагддаг.

Иймд захиалагчаас шаардсан ПФ-115 маркын будгийн стандарттай гуравдагч этгээдийн санал болгосон РАЕ-8022 маркын будаг нь стандартын хувьд дүйцэх талаар баримт ирүүлээгүй тул тус байгууллагын илгээсэн тендерээс татгалзах үндэслэлтэй юм.

ТШЗ-ны 20.1-ийн төгсгөлд "Жич: ТӨХ-д заасан материалын аль нэгийг тендерт хавсарган ирүүлээгүй бол тухайн тендерээс татгалзах үндэслэл болно" гэж маш тодорхой заасан тул холбогдох стандартыг хангаж байгаа талаар баримтыг ирүүлээгүй тендерээс татгалзах учиртай билээ.

3.3.Гуравдагч этгээд нь санхүүгийн шаардлага хангахгүй болох нь түүний ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэл болох тухай:

Шүүхийн шийдвэрийн 4.4.1 дэх хэсэгт "Гуравдагч этгээдээс маргаан бүхий тендерийн төсөвт өртгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулан ажилласан нь тогтоогдож байна." гэх дүгнэлтийг хийсэн боловч бодит байдал дээр ТШЗ-ны 18.1-д "2023, 2024 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх шаардлагатай." "Бараа нийлүүлсэн гэрээ, гэрээ дүгнэсэн акт (протокол эсхүл дүгнэлт эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг)-ын хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ. Мөн гэрээний төлбөр төлсөнийг нотлох и-баримтыг ирүүлнэ." гэж тодорхой заасан байна.

Гэтэл гуравдагч этгээд нь 2024 оны тайланг ирүүлээгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа хүлээн зөвшөөрч дурдсан байдаг. Мөн 2025.08.15-ны өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд хараат бус гишүүн Х.Э "... 2024 оны санхүүгийн тайлан цахим системээр ирүүлээгүй байна. Ийм учраас "ЖТКЭ" ХХК-иас татгалзаж байна" гэж санал гаргаж байсан зэргээс хангалттай нотлогддог.

Хэдийгээр хавтаст хэргийн 225-239 дүгээр талд гуравдагч этгээдийн ижил төрлийн үйл ажиллагаа явуулж, бараа нийлүүлсэн гэх баримтууд авагдсан байгаа ч тус баримтууд нь зөвхөн бусад этгээдтэй байгуулсан гэрээнүүд байхаас гадна и-баримтуудын хувьд "автобус 3 баазын барилгын ажил", "автобус 3 туслан гүйцэтгэгч", "барилгын материалын төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа" зэрэг гүйлгээний утгатай байгаагаас үзвэл ТШЗ-ны 18.1-д заасан шаардлагыг хангах боломжтой гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн гуравдагч этгээдээс нийт 691,700,000 төгрөгийн бараа хүлээлцэх акт шүүхэд гаргаж өгсөн ч үүнтэй холбоотой төлбөрийн баримтыг хавсаргаагүй байдаг. Гэтэл дээр дурдсанчлан ТШЗ.18.1-д "гэрээний төлбөр төлсөнийг нотлох и-баримтыг ирүүлнэ." гэж заасны дагуу төлбөр төлсөн баримтыг огт ирүүлэгүй юм.

Иймд ТШЗ-ны шаардлагыг хангаагүй, шаардсан баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр тус байгууллагын тендерээс татгалзах үндэслэлтэй билээ.

3.4. Бараа нийлүүлэх хуваарь нь ТШЗ-д заасныг зөрчсөн тухай:

Хавтаст хэргийн 74 дүгээр талд бараа нийлүүлэх хуваарийн хүснэгт авагдсан бөгөөд хүснэгтийн 6-д хуваарийг тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулбал, захиалагчаас тухайн будгийг сар бүр тодорхой тоо хэмжээгээр нийлүүлж авах талаар бараа нийлүүлэх хуваарьт тодорхой заасан байтал гуравдагч этгээдээс хойш бүх будгийг 60 хоногт багтаан нийлүүлж дуусгахаар санал илгээж түүнийг үнэлгээний хороо хүлээн зөвшөөрч тендерт шалгаруулсан байна.

Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргахад Сангийн яамны зүгээс бараа нийлүүлэх хуваарийн талаар анхаар, дахин шийдвэр гаргах талаар үнэлгээний хороонд зөвлөмж хүргүүлсээр байтал түүнийг үл тоомсорлож, дээрх байдлаар будгийг хүлээн авах боломжтой гэж үзэн гуравдагч этгээдийг шалгаруулсан шийдвэрээ хэвээр үлдээсэн байдаг.

Шүүхийн зүгээс дээрх үйлдлийг зөвтгөсөн үндэслэлээ 4.5-д тайлбарлахдаа "Тендерийн бараа нийлүүлэлтийн хуваарьт ... нийлүүлэгчээс санал болгох хугацааг оролцогчид бөглөхөөр хоосон үлдээжээ. Үүний дагуу 30 хоногт бараа нийлүүлэхээр заасан нь тодорхой хугацаа заагаагүй, сар бүр нийлүүлэх хуваарийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй" гэх энгийн логик, уялдаа холбоогүй дүгнэлтийг хийсэн.

Учир нь захиалагчаас шаардсан сар бүр барааг нийлүүлэх, нийлүүлэгчээс санал болгосон 1 сарын хугацаанд бүх будгийг нийлүүлэх гэсэн хоёр үйл баримт нь шууд зөрчилдөөнтэй байхад шүүхээс эдгээр санал болон шаардлага нь хоорондоо уялдаж байна гэх агуулгаар дүгнэлт хийж, түүнийхээ учир шалтгааныг тайлбарлаагүй үлдээсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

5. Бусад асуудлын талаар:

Гуравдагч этгээд нь тендерийн материал илгээхдээ маягтын дагуу илгээгээгүй, арифметик тооцооллын хувьд алдаатай материал ирүүлсэн, үйлдвэрлэгчийн гэрээний эх хувийг огт ирүүлээгүй, барааны танилцуулга ирүүлэхдээ гадаад хэлээр ирүүлсэн зэргээр тендерээс татгалзах шууд үндэслэл болсон маш олон зөрчлийг гаргасан талаар нэхэмжлэлд тодорхой тусгаж, шүүх хуралдаанд мэтгэлцэн оролцсон боловч шүүхийн зүгээс дээрх асуудлуудаар дүгнэлт огт хийлгүй орхигдуулж, үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна

Тендерийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Энэ хуулийг хэрэгжүүлэхэд... хариуцлагатай байх зарчмыг баримтална." гэж тодорхой заасан бөгөөд тендерт оролцогчийн зүгээс тендерийн материал илгээхдээ нэг үг үсэг, тоо, тооцооллын зөрүү гаргахгүйгээр материалыг илгээх учиртай.

Нэхэмжлэгч "Ат" ХХК-ийн хувьд дээрх зарчмыг чанд баримтлан ямар нэгэн алдаагүй материал илгээсэн байтал маш олон тооны алдаатайгаас гадна шаардсан баримтуудыг ирүүлээгүй, хуурамч материал ирүүлсэн зэрэг зөрчил гаргасан "ЖТКЭ" ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзсэнд гомдолтой байна.

Бид дээрх гомдолтой холбогдуулан нэмэлт тайлбарыг давж заалдах шатны шүүхэд дахин гаргах болно. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд хангах агуулгаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.11.18-ны өдрийн 0812 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч “Ат” ХХК-иас Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

1.1.Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс “Ат” ХХК-д хүргүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/2750 дугаар мэдэгдэл, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/3036 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах,

1.2.Хариуцагчаас гуравдагч этгээдэд олгосон 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/2751 дугаар мэдэгдэл, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/3035 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах,

1.3.Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот тэмдэглэлийн “ЖТКЭ” ХХК-ийг шалгаруулж, захиалагчид “ЖТКЭ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3 тоот тэмдэглэлийн “ЖТКЭ” ХХК-ийг шалгаруулж, захиалагчид “ЖТКЭ” ХХК-тай гэрээ байгуулах тухай зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах,

1.4.“Ат” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг хариуцагчид даалгах, “Ат” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, тус компанитай төмрийн будаг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-т даалгах,

1.5.Хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан ХХГ-НТШ/25/119 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах.

1.6.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...”ЖТКЭ” ХХК-аас ирүүлсэн тендерийн баримт бичиг нь тендер шалгаруулалтын зааварчилгааны буюу ТШЗ-д заасан санал болгосон барааны гарал үүслийн гэрчилгээ болон бусад танилцуулгад тусгагдсан мэдээлэл зөрүүтэй, танилцуулгыг монгол хэлээр ирүүлээгүй, үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ирүүлээгүй, будаг шингэлэгчийн гарал үүслийн мэдээллийг ирүүлээгүй, техникийн тодорхойлолтыг зөрүүтэй ирүүлсэн. Мөн ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэл, тендер илгээх 1 дүгээр маягт, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, бараа нийлүүлэлтийн хуваарь нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй байхад гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрт хуульд нийцээгүй” гэж маргажээ.

 

 2.Маргааны үйл баримтын тухайд:

2.1.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/351 дүгээр тушаалаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэрэгцээнд “Төмрийн будаг худалдан авах” нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах үнэлгээний хороог байгуулж, улмаар тус үнэлгээний хорооноос “Төмрийн будаг худалдан авах” тухай УБТЗ/2025/НТШ/Б/164 тендер шалгаруулалтын дугаар бүхий 1,371,283,000 төгрөгийн төсөвт өртөгт нээлттэй сонгон шалгаруулалтыг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нээсэн байна.

2.2.Уг сонгон шалгаруулалтад “Ат” ХХК нь МЗХННУБТЗ/20250102231/01/01 урилгын дугаартай, УБТЗ/2025/НТШ164 тендерийн дугаартай оролцжээ.

2.3.Төмрийн будаг худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаар тэмдэглэл (Зөвлөмж)-ээр “...“ЖТКЭ” ХХК нь 1,188,260,000 төгрөг, “Ат” ХХК 1,218,135,427 төгрөг, “См” ХХК 1,370,642,900 төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Тус гурван компани шаардлагад нийцсэн тендерийн баримт бичиг ирүүлсэн тул хамгийн бага үнийн санал ирүүлсэн “ЖТКЭ” ХХК-ийг тус тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох саналыг нийт гишүүдийн 88,8 хувийн саналаар дэмжиж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлсэн байна.

2.4.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас  “Ат” ХХК-д 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/2750 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг, “ЖТКЭ” ХХК-д  2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/2751 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг тус тус хүргүүлсэн байна.

2.5.Захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Ат” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/8271 дугаар албан бичгээр “...”Ат” ХХК-иас ирүүлсэн 7 шаардлага бүхий гомдлыг үндэслэлгүй байна гээд харин ...”ЖТКЭ” ХХК тендерт 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 25/06 тоот албан бичгээр тендерт шалгарсан тохиолдолд хуваарийн дагуу барааг нийлүүлэх мэдэгдлийг ирүүлсэн байх ба бараа нийлүүлэлтийн хуваарьт “Нийлүүлэгчийн санал болох хугацаа: Гэрээ байгуулснаас хойш нийт барааг 30 хоногт 40%, 45 хоногт 30%, 60 хоногт 30% нийлүүлнэ” гэж ирүүлсэн байгааг нягталж журмын 5.9-д заасныг хэрэгжүүлж ажиллана уу” гэх хариуг өгчээ.

2.6.Улмаар Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаар тэмдэглэл (Зөвлөмж)-ээр “... Монгол Улсын Сангийн яамнаас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/8271 тоот “Гомдол хянасан тухай” бичгийн дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар “ЖТКЭ” ХХК-д гэрээ байгуулах эрхийг хэвээр үлдээхээр шийдвэрлэж” зөвлөмжийг хүргүүлсэн байна.

2.7. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас  “ЖТКЭ” ХХК-д  2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/3035 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг, “Ат” ХХК-д 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16/3036 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус дахин хүргүүлсэн байна.

3. Нэхэмжлэгчийн “гуравдагч этгээд “ЖТКЭ” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангаагүй” гэх давж заалдах гомдлын тухайд:

3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ.”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.3-д “захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1-дЗахиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж тус тус заасан.

3.2.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын тендерийн Үнэлгээний хорооноос 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар хурлаар “ЖТКЭ” ХХК-иас ирүүлсэн тендерийн материал нь техникийн шаардлага хангасан хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж нийт гишүүдийн 88.8 хувийн саналаар үнэлсэн бөгөөд төмрийн будаг нийлүүлэх боломжтой талаар зөвлөмжийг хүргүүлсний дагуу гэрээ байгуулагдсан, хариуцагчаас гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ, маргаан бүхий захиалагчийн шийдвэрүүд нь дээр дурдсан хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчсөн, тодруулбал, хариуцагчийн гуравдагч этгээдийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь хууль зөрчсөн бөгөөд түүний шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.3.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гуравдагч этгээд “ЖТКЭ” ХХК-ийн тендерт өгсөн баримт бичгүүд нь Тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан болох нь Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/8271 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичиг болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

3.4.Тодруулбал, өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 5-д “Нийлүүлэх барааны нэр, марк, фото зураг, дагалдаж ирэх чанарын гэрчилгээ эсхүл тохирлын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, гарал үүслийн мэдээллийг баталгаат орчуулгын хамт ирүүлэх” гэж заасан байна.

3.5.Гуравдагч этгээдээс ирүүлсэн тендерийн баримт бичигт Бүгд Найрамдах Солонгос Улсын “DCH Co.Ltd” компанитай байгуулсан 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Эмүлс будаг нийлүүлэх хамтран ажиллах гэрээ”, “DCH Co.Ltd” компанийн аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ түүний орчуулга, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Гэрчилгээ олгох тухай мэдэгдэл түүний орчуулга, ISO 9001:2015 Чанарын гэрчилгээ, ISO 14001:2015 Чанарын гэрчилгээ түүний орчуулга, “DCH Co.Ltd” компанийн үйлдвэрийн бүртгэлийн гэрчилгээ түүний орчуулга, Бүгд Найрамдах Солонгос улсын “ДК” ХХК-ийн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл түүний орчуулга, барааны фото зураг зэрэг баримтуудыг[1] ирүүлжээ.

Үүнээс үзвэл “ЖТКЭ” ХХК-ийн тендерт ирүүлсэн бараа бүтээгдэхүүний гарал үүслийн мэдээлэл нь захиалагчаас тавьсан шаардлагад нийцсэн гэж үзэхээр байна.

3.6.Нэхэмжлэгчээс барааны гарал үүслийн гэрчилгээг зөрүүтэй, засвартай гэж маргаж байх боловч анхан шатны шүүхийн “...хариуцагчаас боловсруулсан ТШЗ-д гарал үүслийн гэрчилгээ шаардаагүй гарал үүслийн мэдээллийг шаардсан байх ба гарал үүслийн мэдээлэл нь тухайн будаг БНСУ-д үйлдвэрлэгдсэн бараа гэдгийг илэрхийлсэн гэж үзэхээр байх тул сайтаар заавал орж, гэрчилгээг шалгах ёстой гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

3.7.Иймд нэхэмжлэгчээс гаргасан “...үнэлгээний хороо чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй буюу гарал үүслийн гэрчилгээний зөрүүтэй байдлыг тогтоож чадаагүй алдаа гаргасныг шүүхийн зүгээс тогтоосон нөхцөлд үнэлгээний хорооны алдааг залруулах замаар гуравдагч этгээдийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгох бүрэн боломжтой байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.8.Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 20.1-ийн 6-д “Нийлүүлэх бараа нь захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцэхийг зүйл, заалт бүрээр нотлон харуулсан хүснэгт ирүүлэх (Хэрэв нийлүүлэх барааны техникийн тодорхойлолтын зарим үзүүлэлт зөрсөн тохиолдолд шаардлагыг хангасан болохыг нотлох баримт бичиг ирүүлэх) гэж заасан.

Техникийн тодорхойлолтын 3. Нэмэлт шаардлага. Бараа ажил үйлчилгээний дүйцэхүйц байдал хэсэгт “Эмали ПФ-15 Улаан хүрэн будаг, Хар будаг, Цагаан будаг, Улаан будаг, Шар будаг, Ногоон будаг, Цэнхэр будаг, Саарал будаг (эсхүл түүнтэй дүйцэх), Техникийн үзүүлэлт хэсэгт Олон улсын өнгөний код, Үйлдвэрлэсэн улс, Үйлдвэрлэсэн он (Сүүлийн 1 жилд үйлдвэрлэсэн байх), Цаг агаарт тэсвэртэй байдал (-50С-+60С),  Металлын гадаргууд тогтоц сайтай байх, Савалгаа (5-10кг савласан байх) гэж тус тус заажээ.

3.9.Гуравдагч этгээдээс тендерийн баримт бичигт Техникийн тодорхойлолт харьцуулсан хүснэгт[2] ирүүлсэн байх бөгөөд тус хүснэгтэд (PAE-8022 марктай будаг, Солонгос улс, Үйлдвэрлэсэн он 2025 он, -50С-+60С Ашиглалтын хамгийн бага температур 5С, Зориулалтын төмрийн будаг, 10 кг) гэсэн байгаагаас үзвэл техникийн тодорхойлолтод зааснаас зөрүүтэй байдлаар ирүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

3.11.Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “2023, 2024 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй дүнтэй ижил төстэй барааг нийлүүлсэн байх шаардлагатай. (Аль нэг жилд нь гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний нийлбэр дүн нь заасан хувиас багагүй гэж ойлгоно) (Ижил төстэй барааг будаг болон будгийн дагалдах хэрэгсэл, барилгын материал нийлүүлсэн туршлагыг тооцно) Борлуулалтын орлогын хэмжээ 2023, 2024 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна гэжээ.

3.12. Гуравдагч этгээдээс “сүүлийн хоёр жилийн хийж гүйцэтгэсэн ажил”-ын жагсаалтаар нийт 4,123,878,939 төгрөгийн төсөвт өртөг бүхий 6 төрлийн ажлын жагсаалтыг хүснэгтлэн ирүүлсэн бөгөөд үүнээс 2023 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн “ГЗ” ХХК-тай байгуулсан гэрээ, материал хүлээлцсэн акт, төлбөрийн баримт, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн, мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус “Таван толгой түлш” ХХК-тай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтуудыг[3] тус тус ирүүлсэн байна.

3.13.Тодруулбал, тендер шалгаруулалтын баримт бичигт 2023, 2024 оны аль нэг жилийн борлуулалтын орлого гэж заасан байх бөгөөд гуравдагч этгээд нь 2023 оны борлуулалтын орлогын талаар мэдээлэл ирүүлсэн байх тул уг шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

3.14.Түүнчлэн Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар “...Үнэлгээний хорооны дарга НХЗ Б.АОоос “Бид оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзээд 2023, 2024 оны аль нэг жилийн борлуулалтын орлого гэж заасан. Үүнийг 2023 оноор хангасан гэж үзэж байна. Үндэслэл болох нь 2023 оны тайлангаар баталгаажиж харагдаж байна. Үүнийг протоколд тусгуулж байна” гэжээ.

3.15.Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий тендерийн төсөвт өртгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулан ажилласан нь тогтоогдож байхаас гадна ажил гүйцэтгэсэн туршлагад зөвхөн будаг нийлүүлэх орлого байна гэж хязгаарлаагүй тул нэхэмжлэгчээс гаргасан “...гуравдагч этгээд нь 2024 оны тайлан ирүүлээгүй, гэрээний төлбөр төлснийг нотлох баримт ирүүлээгүй, и-баримтуудын гүйлгээний утга өөр байна” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

3.16.Тендерийн бараа нийлүүлэх хуваарийг зөрчсөн гэх гомдлын тухайд Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/8271 дугаар албан бичгээр “...”ЖТКЭ” ХХК тендерт 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 25/06 тоот албан бичгээр тендерт шалгарсан тохиолдолд хуваарийн дагуу барааг нийлүүлэх мэдэгдлийг ирүүлсэн байх ба бараа нийлүүлэлтийн хуваарьт “Нийлүүлэгчийн санал болох хугацаа: Гэрээ байгуулснаас хойш нийт барааг 30 хоногт 40%, 45 хоногт 30%, 60 хоногт 30% нийлүүлнэ” гэж ирүүлсэн байгааг нягталж журмын 5.9-д заасныг хэрэгжүүлж ажиллана уу” гэх хариуг хүргүүлсэн.

Үүний дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаар тэмдэглэл (Зөвлөмж)-ээр “...Төмрийн будаг манай улсад үйлдвэрлэгддэггүй бараа учраас импортлох хугацаатай байх нь зөв байна” гээд уг нийлүүлэлтийн хуваарийг хүлээн зөвшөөрч хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.17.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр “ЖТКЭ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь шаардлага хангаагүй гэж үзэж нэхэмжлэлийн холбогдох шаардлагуудыг ханган шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.

4.Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ээс “Ат” ХХК-д хүргүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/2750 дугаар мэдэгдэл, “ЖТКЭ” ХХК-д хүргүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/2751 дугаар мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1 Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16/2750, 16/2751 дугаар албан бичгүүдийн агуулгаас үзэхэд маргаан бүхий тендерийн үйл ажиллагаатай холбоотойгоор тендерт оролцогч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, аливаа эрх зүйн дагавар бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.2.Энэ талаарх анхан шатны шүүхийн “...дээрх мэдэгдэл, хуралдааны шийдвэрүүд нь дуусгавар болж, эрх зүйн үр дагавар шууд үүсгэхээргүй байх тул үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

5.“ Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот тэмдэглэл,  2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3 тоот тэмдэглэлийн “ЖТКЭ” ХХК-ийг шалгаруулж, захиалагчид “ЖТКЭ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

5.1.Хариуцагч Үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаар зөвлөмжийн хурлын тэмдэглэлд[4] “... “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 15-17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын шаардлага, захиалагчаас тогтоосон бусад нэмэлт шаардлагыг хангасан, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “ЖТКЭ” ХХК-ийг үнэлгээний хорооны гишүүдийн 88.8 хувийн саналаар шалгаруулав” гэжээ.

5.2.Улмаар сангийн яам Үнэлгээний хорооны дээрх зөвлөмж, шийдвэрийг хянаад нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд харин бараа нийлүүлэлтийн хуваарийг дахин нягталж үзэх талаар мэдэгдлийг хүргүүлсний дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаад 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3 тоот зөвлөмжөөр өмнөх хурлын шийдвэрээ хэвээр үлдээж, “ЖТКЭ” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

5.3.Үүнээс дүгнэхэд, Сангийн яамнаас “Ат” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаж үзээд гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн тул хариуцагч Үнэлгээний хорооны өмнөх хурлын шийдвэрээ хэвээр үлдээж шийдвэрлэсэн 3 дугаар зөвлөмжийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

5.4.Нэхэмжлэлийн үлдэх шаардлагын тухайд дээр дурдсанаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хамгийн бага үнийн санал ирүүлсэн гуравдагч этгээд “ЖТКЭ” ХХК-ийг хамгийн сайн тендер гэж үзэж, нэхэмжлэгчийн тендер шаардлагад нийцсэн боловч хамгийн бага үнийн санал ирүүлээгүй гэх хариуцагч Үнэлгээний хорооны зөвлөмжийн хүрээнд захиалагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 16/3036 тоот мэдэгдэл, гуравдагч этгээдэд хүргүүлсэн 16/3035 тоот мэдэгдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5.5.Иймд нэхэмжлэгчийн “Ат” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг хариуцагчид даалгах, “Ат” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, тус компанитай төмрийн будаг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-д даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 812 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                 Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                 А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 212-223 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 210 дахь талын ар, 211 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 224-238 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 38-40 дахь тал