Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 06

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, явуулсан эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан

 Насанд хүрээгүй хохирогч Б.Анарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Г.Лхамаахүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч  Г.Буянбаатар

Хохирогч Г.Амарсайхан,

Хохирогчдийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир,

Иргэний хариуцагч Л.Баттөгс,

Шүүгдэгч Д.Ганбат,

Шүүгдэгч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан  тус шүүхийн танхимд нээлттэй хийж

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дэмбэрэлийн Ганбатад холбогдох  201618010062 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 0000 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум 3-р баг 8-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлтэй /1989 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 239.2, 278.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, 2000 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 123.1-3, 123.3, 127.1-т зааснаар 4 жилийн хорих, 2004 оны 05 дугаар сарын 20-ний өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 03 сарын баривчлах, 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэх Боржигон овогт Дэмбэрэлийн Ганбат /РД:МА-/

Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.Ганбатад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв засмал замын 125-126 дахь км-т Л.Баттөгсийн эзэмшлийн 19-89 УНЭ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 12.9 дахь хэсэгт заасныг зөрчиж Г.Амарсайханы жолоодож явсан 02-40 ОРО улсын дугаартай Тоёота Грейста маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган иргэн Б.Анарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

1.Хохирогч Г.Лхамаахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /х.х-ийн 34-35-р хуудас/

2.Хохирогч Г.Амарсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

3.Хохирогч Б.Анарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Г.Лхамаахүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хохирогч Г.Буянбаатарын шүүхийн хэлэлцүүлэт өгсөн мэдүүлэг,

4.Иргэний хариуцагч Л.Баттөгсийн шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэг,

5.Иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэбатын өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

6.Иргэний нэхэмжлэгч М.Мөнхбатын шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэл,

            7.Гэрч  Г.Амартайваны мөрдөн байцаалтад өгсөн  өгсөн мэдүүлэг /х.х-ийн 66-р хуудас/,

8.Гэрч Л.Эрдэнэболорын мөрдөн байцаалтад өгсөн  өгсөн мэдүүлэг /х.х-ийн 69-р хуудас/,

9.Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн  өгсөн мэдүүлэг /х.х-ийн 70-р хуудас/,

10.Ш.Оюуны мөрдөн байцаалтад өгсөн  өгсөн мэдүүлэг /х.х-ийн 68-р хуудас/,

11.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн акт №3692 /х.х-ийн 109-р хуудас/,

12.Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Үнэнбаатарын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан дүгнэлт /х.х-ийн 129-р хуудас/,

13.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн акт №5739 /х.х-ийн 72-р хуудас/,

14.2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 4-40-р хуудас/,

15.2016 оны 11 сарын 22-ний өдөр мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт.../2-р х.х-ийн 26-27-р хуудас/,

16.Шүүгдэгч Д.Ганбатын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №00885786 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэгт үзлэг хийж шинжлэн судалсан болно.

  Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Д.Ганбатад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Дарханаас Эрдэнэтийн чиглэлийн төв засмал замын 125-126 дахь км-т Л.Баттөгсийн эзэмшлийн 19-89 УНЭ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 12.9 дахь хэсэгт заасныг зөрчиж Г.Амарсайханы жолоодож явсан 02-40 ОРО улсын дугаартай Тоёота Грейста маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган иргэн Б.Анарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

1.Хохирогч Г.Лхамаахүүгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:

...2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажил тараад цуг ажилладаг Амарсайхан гэдэг залуугийн машинтай нөхөр Буянбаатар, хүүхэд Анар нарыг аваад мөн машины урд талын суудал дээр нэг залууг аваад бид тав Орхон аймгаас Улаанбаатар хот орох гэж 20 цагийн үед гарсан юм. Тэгээд жолоон дээр Амарсайхан сууж байсан. Харин жолоочийн хажуугийн урд талын суудал дээр нэг залуу суугаад манай нөхөр болохоор жолоочийн арын суудал дээр суучихсан. Харин би урд суудлын харалдаа арын суудал дээр суугаад охин Анарыг өвөр дээрээ аваад явж байсан. Тэгээд бид нар Хөшөөтийн даваа уруудаад явж байсан. Тухайн үед би охин Анартайгаа хажуугийн цонхоор мал хараад явж байсан болохоор юу болсон талаар сайн анзаарч хараагүй. Машин явж байсан чинь манай нөхөр хүүе наана чинь гэж хэлэх шиг болсон би охиноо өөр лүүгээ татсан. Тэгээд машин юм мөргөх шиг болсон. Урагшаа болоод эргээд өндийтөл миний цус гарчихсан байсан. Тэгээд гараараа нүүрээ дараад харсан чинь цус гарчихсан байсан. Тэгээд охиноо нөхөртөө өгчихөөд гадаа гарсан чинь Амарсайхан нүүрнээс чинь цус гараад байна гэж хэлээд алчуур өгсөн. Тэгээд би нүүрээ дараад охин луугаа харсан чинь манай нөхөр охиныг газар хэвтүүлж байгаа харагдсан. Тэгээд би очтол миний охин ээжээ гээд уйлаад орилоод байсан. Тэгээд манай нөхөр охины хөл нь хугарчихсан юм шиг байна гэж хэлсэн. Миний хацраас нилээн цус гараад хоёр гурван алчуур сольсон байх. Ямар ч байсан. Тэрнээс хойш юу болж байгааг мэдэхгүй ухаан санаа орж гараад шооконд орчихсон байсан болохоор юунаас болж осол гарсаныг анзаарч хараагүй. Манай машин ямар болсон, нөгөө машин ямар болсоныг анзаарч хараагүй. Ер нь бол болсон зүйл ийм байгаа юм......гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 34-35-р хуудас/,

2. Хохирогч Г.Амарсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Эрдэнэтээс Улаанбаатар хот орох гэж өөрийн 02-40 ОРО улсын дугаартай Тоёота грейста маркийн автомашинаар явж байсан. Миний машинд миний төрсөн дүү Амартайван, Буянбаатар, Буянбаатарын эхнэр Лхамаахүү, мөн энэ хоёр хүний охин Анар нар явж байсан. Бид Орхон аймгаас гараад Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Хөшөөтийн даваа уруудаад нилээн явж байтал замын зорчих хэсгийн эсрэг урсгалаас 19-89 УНЭ улсын дугаартай Тоёота королла маркийн авто машин урсгал сөрж орж ирээд зам тээврийн осол гаргасан байгаа. Тухайн үед миний бие архи уугаагүй. Дүрмээрээ явж байсан. Урсгал сөрөөд орж ирэхэд нь би баруун тал руугаа буюу замаас гарах чиглэл рүү машинаа эргүүлж осол аваараас зайлс хийх үйлдэл хийсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Ингээд зайлсхийсэн ч гэсэн өөдөөс гараад ирсэн машинтай мөргөлдөж осол гарсан байгаа. Осол гарсаны дараа Амартайван бид хоёр машинаас гарч Лхамаахүү, Анар, Буянбаатар нарыг машины араас гаргаж ирсэн. Энэ үед Лхамаахүүгийн нүүрнээс нь цус гарсан. Нүүр нь зүсэгдсэн юмаар зүсээгүй ч гэсэн язарсан урагдсан байсан. Би анхны тусламж үзүүлэхээр даавуу болон анхны тусламжийн зүйлээр нүүрнээс нь гарсан цусыг тогтоох арга хэмжээ авсан. Энэ үед Буянбаатар охиноо тэвэрчихсэн охин нь уйлж байсан. Тэгээд охиныг газар хэвтүүлээд уйлаад байхаар нь хаана нь өвдөж байна гээд хартал баруун хөл нь хугарсан байсан. Тэгээд Амартайван Буянбаатар бид гурав зам дээр байсан модоор чиг тавьж боогоод Эрдэнэт рүү явж байсан машинд Буянбаатар, Лхамаахүү, Анар нарыг суулгаад эмнэлэг рүү хүргүүлсэн байгаа. Миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу зам тээврийн осол гарсан талаар дуудлага өгсөн. Эхлээд Баруун бүрэнгээс цагдаа ирсэн. Дараа нь 11 цагийн үед 3 цагдаа ирсэн. Анарт чиг тавин боож байхад 19-89 машин маань эргээд хараад зогсчихсон би бол жалга руу орсон байдалтай байсан. Тэгээд чиг бариад боож байхад Баттөгс гараад ирсэн байсан. Баттөгс наана чинь жоохон хүүхэд байна шүү дээ юу хийчих вэ гэж ярьж байсан. Үүний дараа би хүнээ явуулчихаад уул руу өндөрлөг газарт гарч дуудлага өгчихөөд буцаад машин дээрээ ирсэн. Ганбат, Баттөгс хоёр согтуу байсан. Энэ хоёр хүн согтуурхаад янз бүрийн л юм ярьж байсан. Цагдаа хүрээд ирсэн. Тэр цагдаа та нар наад хүнээсээ хол байгаарай уулзаж ярилцаж болохгүй шүү. Хоорондоо ингэж тэгж болохгүй шүү гэж хэлж өгсөн. 11 цагийн үед Хөтөлөөс цагдаа нар ирж хэмжилт хийгээд тэгээд машин барьж явсан хүн хэн бэ гэсэн тэгсэн Ганбат би барьж явсан гэж хэлсэн.  Миний зүгээс бол би өөрөө жолоо барьж явсан гэж хэлсэн. Тэгээд драгер үлээлгэх гэсэн боловч  ажиллахгүй байсан. Машинаа ачуулаад Хөтөлд ирээд 3 цагийн үед эмнэлэг дээр очоод цусны шинжилгээ өгсөн байгаа. Осол болох үед бидний зүгээс бол ослоос зайлс хийх гээд мөн тохиогоо өгсөн боловч яг өөдөөс ирээд мөргөсөн. Даваанаас уруудаж ирэх үед замын хажууд машин зогсож байгаа харагдсан. Тэгээд миний хувьд бол хурдаа хасаад явж байсан. Зам тээврийн зүйл заалтуудыг мөрдөөд явж байсан. Иргэний нэхэмжлэлийн тал дээр бол надад учирсан хохирол эд хөрөнгийн хохирол байгаа. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Мөрдөн байцаалт явагдаж байхад Эрдэнэзул мөрдөн байцаагчид хохирол учруулсан талаараа өргөдөл гаргасан байгаа. Нийт баримтаар өгсөн хохирлын хэмжээ бол 3.128.200 төгрөг байгаа. Хэрэг мөрдөх оролцох энэ үед Орхон аймгаас Сайхан сум хүртэл 6-7 удаа ирсэн тээврийн шатхууны зардалууд ороогүйгээр автомашины хохирол, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн хохирол, Нийслэлийн  шүүх эмнэлэгт үзүүлсэн томографийн шинжилгээ хийлгэсэн хохирол Улаанбаатар хот ороод буцаад Эрдэнэтэд ирсэн. Эмчийн зөвлөсний дагуу бас тодорхой хэмжээний эм авч хэрэглэсэн хохирол нийт 3.128.200  төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

3.Хохирогч Б.Анарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Г.Лхамаахүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч  Г.Буянбаатарын шүүхийн хэлэлцүүлэт өгсөн мэдүүлэг:

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 08 цагаас Эрдэнэт хотоос Улаанбаатар хотын чиглэлд Амарсайхан, Амарсайханы дүү Амартайван, мөн манай гэр бүлийн хүн Лхамаахүү, манай охин Анар бид 5 явж байсан. 08 цагийн орчимд Эрдэнэт хотоос хөдөлсөн. 08 цаг 30 минутын үед Хөшөөтийн давааны наахан жижиг тэрэг урсгал сөрж мөргөсөн. Амарсайханы хувьд бол ямар нэгэн замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Дүрмийн дагуу явж байсан. Даваанаас уруудаж орж ирэхэд бол тодорхой хэмжээний зайтай жижиг тэрэг зогсож байхыг бол би харсан. Ойртож ирээд энэ жижиг тэрэг Эрдэнэт хотын чиглэлд явж байна даа зам руу орох нь дээ гээд тухай үед бол харж байсан. Тэр машин зам руу орж ирээд зөрөх тэр агшинд урсгал сөрөөд урд урдаасаа мөргөлдсөн байгаа. Тухайн үед эхнэр маань нилээн том хагалсан шарх авсан байсан. Тэгээд бид бүгд машинаас буугаад манай охин нилээн чарлаж уйлаад тухай үед ээжийнхээ цусыг хараад уйлаад байна гэж бодоод охиноо ондоо тийш нь харуулаад байсан чинь уйлаад болохгүй байсан. Тэгээд биед нь үзлэг хийсэн. Тэгсэн баруун хөлний дунд чөмөг нь хугарсан байсан. Амарсайхан, Амартайван хоёр замаар явж байсан машинуудаас тусламжийн материал олж чиг барих хайсан. Тухайн үед зам дээр нэг жижигхэн банз байсан. Түүгээр чиг тавьж боож Эрдэнэт хот руу явж байсан машиныг гуйж Лхамаахүү, охин бид гурав явж гэмтлийнх нь салбарт очиж эмнэлэгт шууд хэвтсэн. Тэгээд нэг өдрийн эмчилгээ аваад маргааш нь буюу бүтэн сайны өдөр байгаа. Эрдэнэт хот руу явсан. Эрдэнэт хотод очоод Эрдэнэт хотод очоод Лхамаахүүд томографийн зураг авахуулсан. Анарын хөлд зураг авахуулсан. Мөн өвчин намдаах тариа болон бусад эмчилгээг хийлгэсэн байгаа. Бид яагаад Улаанбаатар хот руу явах болсон юм бэ? гэхээр Анарын хөлний хугарал нь өсөлтийн зоон гэж байдаг юм байна тэр өсөлтийн зооны ойролцоо хугарал авсан. Эрдэнэтэд бол түүнийг эмчилнэ тэгэхдээ их нарийн төвөгтэй эмчилгээ шаардана гэж хэлсэн. Мөн баталгаа нь сэтгэлд нийцэхээргүй байсан. Бидэнд зөвлөснөөр бол Улаанбаатар хотын Гэмтэл согогын үндэсний төв рүү явж болно. Нэг бол эндээ эмчлүүлж болно гэсэн. Тэгээд бид ярилцаж байгаад Улаанбаатар хот нь дээр юм байна гээд Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу явсан. Тэнд эмчлүүлээд хөлдөө хагалгаа хийлгэсэн. Лхамаахүү нүүрэндээ оёдол тавиулсан. Одоогийн байдлаар бол шарах эдгэрсэн боловч соривтой, Анар явж байгаа. Нилээн удаа хугацааны эмчилгээ сувилгаа шаардсан. Миний бие бол хөнгөн бага зэргийн доргилт мөн нуруунд аа эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед бол сэдэрсэн. Энэ хугацаанд 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Ганбат болон Баттөгс нар яаж байна гэх мэтээр ярьж байгаагүй. Уучлалт гуйсан тийм зүйл байхгүй. Хохирол төлбөрөө барагдуулна гэсэн тийм зүйл байсангүй. Хүн байна даа ядаж бие нь сайн уу гэж өнөөдрийн байдлаар асуусангүй. 2016 оны 07 дугаар сарын 01-ний байдлаар би 8.278.300 төгрөгийн баримттай материалуудыг би мөрдөн байцаагчид гаргаж өгсөн байгаа.  Өнөөдөр 214800 төгрөгний баримтыг гаргаж өгсөн. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гарсан зардлыг нэмж авчирсан. Нийт 8.490.301 төгрөг гэж бичсэн байна. Эдгээр зардал бол бид нарт бодитоор гарчихсан. Эндээс бол гараагүй зардал гэвэл Лхамаахүүгийн нүүрийг бол жилийн дараа шарах бүрэн эдгэрээд жилийн дараа дахин үзнэ тухайн үед бүрэн эдгэрсэн бол тэр соривыг дахин эмчилнэ гэсэн. Түрүүчийн хурал дээр хэлсэн зарим нэгэн баримтууд тамгагүй гэж байсан аль болох тамга тэмдэгийг нь бичүүлсэн байгаа. Ихэнх баритууд нь нөтийн баримт, зарлагын баримтууд байгаа. Манай эхнэр Худалдаа хөгжлийн банкид ажилладаг.  Тухайн хугацаанд ажилдаа ирээгүй тэр цалингийн тодорхойлолт авсан. Би өөрөө сар гаран хүүхдээ хараад ажлаас аа чөлөө авч цалингаараа хохирсон байгаа. Эдгээр төгрөгний нийлбэр нь 8.493.101 төгрөг болж байгаа гэсэн мэдүүлэг.

4.Иргэний хариуцагч Л.Баттөгсийн шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэг:

Тухайн үед Ганбат ах миний машиныг авна гээд бид хоёр наймаа хийхээр болоод Ганбат ах миний машиныг барьж үзье гээд авсан. Би өөрөө ээжийн хамт амьдардаг. Энэ машиныг манай ах надад өгсөн. Ээжийг сумын төв гэр хоёрын хооронд хүргэж байгаарай гээд тэгээд тал төлбөрийг нь өгөөгүй байсан. Ээжийн маань бие муудаад хөдөө байдаг. Мөн эхнэр оюутан тул хот хүрээ явж ээж рүү явах ажил гараад тэгээд Ганбат ах машин авч унамаар байна гээд ярьж байсан. Тэгээд бид хоёр ярьж байгаад болоё гээд тэгээд авах уу гэсэн чинь авъя гээд тэгээд Ганбат ах тэгээд би хот хүрээ байнга явах ажилтай та дуудсан цагт ирж байгаач гээд тэгээд намайг эзгүйд малыг маань харж байгаач гэж тохирсон юм. Тэгээд машины наймаагаа хийчхээд 2 шил архи аваад тэгээд манай найзынд миний машины бичиг баримт байсан. Тэгээд бичиг баримт авах гэж яваад  осол гаргасан. Би бол төлөхгүй гэж хэлж чадахгүй. Надад бол зөндөө хохирол гарчихсан байгаа гэсэн мэдүүлэг.

5.Иргэний нэхэмжлэгч Л.Эрдэнэбатын өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг:

Королла маркийн тээврийн хэрэгсэл миний машин байсан. Өөрийн төрсөн дүү болох Баттөгсөд оюутны төлбөр хэрэг болоод 2013 онд зарсан. Энэ хэргийн талаар бол би мэдэхгүй. Энэ асуудлаар надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 14-р талд /

6.Иргэний нэхэмжлэгч М.Мөнхбатын шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлдээ:

Мөнхбат миний бие өөрийн өмчлөлийн 55-63 СБА улсын дугаартай Хино маркийн автомашинаар ачаа тээвэрлэж амжиргаагаа залгуулдаг. ... Осолд орсон Тоёота Королла маркийн 19-89 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ослын газраас тээвэрлэн Сайхан сумын цагдаагийн тасгийн журмын хашаанд буулгасан тул тээврийн хөлс 120.000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл,

7.Гэрч Г.Амартайваны мөрдөн байцаалтад мэдүүлсэн:

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн төрсөн ах болох Амарсайханы 02-40 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй орой 20 цагийн үед Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан юм. Тухайн үед гарахдаа манай ах болох Амарсайхан өөрийн хамт ажилладаг хүн болох Лхамаахүү гэдэг эмэгтэйг нөхөр хүүхэдтэй нь аваад гарсан юм. Тэгээд бид нар Орхон аймгаас гараад Хөшөөтийн даваа уруудаад нэлээн явж байтал замын эсрэг урсгал буюу зүүн талаас саарал өнгийн жижиг тэрэг замын хажууд зогсож байгаад манай машиныг ойртоод очтол тухайн саарал өнгийн жижиг тэрэг төв зам дээр гарч ирээд эсрэг урсгал болох манай машины явж байсан урсгал руу орж ирээд мөргөсөн асуудал гарсан юм. Тухайн манай ах болох Амарсайхан нь баруун тал тийш дарсан боловч багтаж гарахгүй шууд манай машиныг мөргөчихсөн. Ер нь бол болсон зүйл энэ байгаа юм….. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-р хуудас/

8.Гэрч Л.Эрдэнэболорын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:

..2016 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө гэртээ байж байсан чинь миний дүү болох Баттөгс сумын төв орлоо эгчээ та малаа харж байгаарай би удахгүй ирнэ гэж хэлээд өөрийн 19-89 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явсан юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нь манай дүү Баттөгс сумын төвөөс ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би өөрийн төрсөн охин болох Мөнхтуяаг дүү Баттөгсийг гэрлүү явуулж хоол цайг хийж өг гээд явуулсан чинь манай охин удаагүй миний утас луу Баттөгс ах чинь Ганбат гэдэг хүнтэй ирчихсэн согтуу байна. Тэгээд машины түлхүүр авах гэсэн чинь Ганбат гэдэг хүн авчихаад өгөхгүй урагшаа зам гарч айлд очно гээд машинтай явж байгаад зам дээр машинтай мөргөлдчихлөө гэж хэлэхээр нь гэрээс гараад харсан чинь зам дээр бөөн тоос гараад байхаар нь хажуу айлын хүн болох Оюунааг портер машинтай аваад зам дээр яваад очтол машинтай мөргөлдчихсөн байсан. Тэгээд Би Ганбат, Баттөгс хоёр дээр очсон чинь согтуу байж байсан. Тэгээд би тухайн машинтай мөргөлдсөн хүмүүсээс биеийг нь асуугаад Ганбат, Баттөгс хоёроос энэ машиныг хэн барьсан юм бэ гэж асуусан чинь нөгөө машины жолооч болох залуу Ганбат руу заагаад энэ хар ах машин барьж явсан гэж хэлсэн. Тэгээд би Ганбатыг загнаад цагдаа иртэл ослын газарт хүлээн зогсож байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-р хуудас/

9.Гэрч Б.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн:

...2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би хөдөө гэртээ байж байтал манай ээжийн дүү болох Баттөгс ах Баруунбүрэн сумын төв орно гээд явсан юм. Тэгээд Баруунбүрэн сумын төвөөс ирэхдээ манай ээжид одоо очлоо утсаар ярьсан байсан. Тэгсэн манай ээж болох Эрдэнэболор намайг Баттөгс ахын гэрт нь очоод хоол цайг хийж өг гэхээр нь би Баттөгс ахын гэрт нь очоод хоол цайг нь хийгээд байж байтал Баттөгс ах Ганбат гэдэг Баруунбүрэн сумын хүнтэй хоёулаа нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд би хоол цайгаа уу гэж хэлсэн чинь урагшаа айлд очно гэхээр нь би машины түлхүүрийг авах гэсэн чинь Ганбат надад машины түлхүүрийг өгөөгүй шууд машиныг нь Ганбат асааж бариад яваад өгсөн. Тухайн үед Баттөгс ах бол нилээн согтуу хажуу талын суудал дээр суугаад яваад өгсөн. Тэгээд тэр хөдөлж яваад зам дээр очоод осол гаргасан. Тэгээд би осол болсон талаар ээжид утасдаж хэлсэн. Баруунбүрэнгээс Ганбат буюу Арзгар Гамбаа ах барьчихсан ирсэн. Тэгээд би түлхүүрийг авах гэсэн боловч надад түлхүүрийг нь өгөлгүй шууд машин асаагаад Ганбаа унаад яваад өгсөн. Тэгээд унаж явсаар байгаад осол аваар гаргасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-р хуудас/     

10.Гэрч Ш.Оюуны мөрдөн байцаалтад мэдүүлсэн:

2016 оны 04 дүгээр сарын 22-ны гэртээ байж байсан чинь Эрдэнэболор эгч орж ирээд Баттөгс зам дээр аваар хийчих, манай охин Мөнхтуяа миний утас руу хэлээд байна хоёулаа танай машинтай зам орчихоод ирье гэж хэлэхээр нь би өөрийн машинтай Эрдэнэболор эгчтэй хамт очсон чинь осол гаргачихсан байж байсан. Тэгээд Эрдэнэболор эгч машинаас буугаад хэн барьж явсан бэ, юу болов гэж асуусан чинь нөгөө талын жолооч болох залуу Ганбат руу заагаад чи машин барьж явсан биз дээ гээд байсан. Тухайн үед Ганбат, Баттөгс хоёр шал согтуу байж байсан. Тэгээд байж байсан чинь цагдаа хүрч ирээд хоёр жолоочийг дуудаад бичиг баримтыг авах гэсэн чинь Ганбат бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Тэгээд Ганбатаас цагдаа хэн барьж явсан юм бэ гэсэн чинь нөгөө талын машины жолооч Ганбат руу заагаад наад хүн чинь барьж явсан гэж хэлж байсан. Тэгээд бид нарыг холд гэж хэлсэн. Тэгээд би гэрлүүгээ яваад өгсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-р хуудас/  

11.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн акт №3692 ... Дүгнэлт хэсэгт: Шинжилгээнд ирүүлсэн Д.Ганбатын гэх цусанд 2,0 промили спиртын агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 109-р хуудас/

12.Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Үнэнбаатарын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 

02-40 ОРО улсын дугаартай Тоёото Крейста маркийн тээврийн хэрэгслийн жолооч З.Амарсайхан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэв. 19-89 УНЭ улсын дугаартай Тоёото Королла маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Ганбат нь Монгол улсын замын хөдөлгөөнийн дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12. Уулзвар нэвтрэх 12.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэлт гаргав.... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 129-р хуудас/

13.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн акт №5739 ... Дүгнэлт хэсэгт:

1.Б.Анарын биед баруун дунд чөмөгний доод хэсгийн далд хугарал, зүүн эгмэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-р хуудас/

14.2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 4-10-р хуудас/,

15. 2016 оны 11 сарын 22-ний өдөр мөрдөн байцаалтын туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт…

Д.Ганбатыг 91-29 УНС улсын дугаартай цагаан өнгийн Санато-6 маркийн механик хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг жолоодож чадах уу гэж асуухад Д.Ганбат нь чадна гэж хэлээд 91-29 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоод гэж хэлэхэд Д.Ганбат нь уг тээврийн хэрэгсэл дотор сууж тээврийн хэрэгслийг асааж хөдөлгөөнд оролцов. Д.Ганбатыг хөдөлгөөнд оролцохоос өмнө тодорхой газрыг зааж өгөн чигээрээ явуулаад эргэж ухрахыг хэлэхэд Д.Ганбат нь уг тээврийн хэрэгслийг чигээр нь хөдөлгөн 100 метр газарт тээврийн хэрэгслийг явуулж зогсоон, эргэж ухарах үйлдэл хийж 50 метр зайд явав. Д.Ганбат нь 91-29 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх хөдөлсөн газар дээрээ буцаан ирүүлж байрлуулсан гэснээр туршилтыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч SAMSUNG маркийн гар утасаар бичлэг хийн бэхжүүлж авав гэснээр туршилтыг дуусгав гэх тэмдэглэл /2-р х.х-ийн 26-27-р хуудас/

16.Шүүгдэгч Д.Ганбатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:

...2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баруунбүрэн сумын төвд 16 цаг өнгөрч байхад Баттөгстэй тааралдсан юм. Тэгээд би Баттөгсөөс машины бичиг баримтаа авах гэсэн юм гэж хэлсэн чинь хөдөө гэрт байгаа гэж надад хэлсэн. Тэгээд би Баттөгсийн хөдөө байдаг гэрлүү нь явж бичиг баримт авахаар болоод сумын төвийн дэлгүүрээс орж нэг шил архи аваад Баттөгсийн хөдөө байдаг гэрлүү нь явсан юм. Тэгээд Баттөгсийн гэрт очоод бид хоёр нэг шил 0.75 граммтай архиа хувааж ууж байгаад талыг үлдээгээд Баттөгсийн урд байдаг нэг айлынд очих санаатай тал шил архи аваад гарсан юм. Нөгөө айл нь болохоор асфальтан замын урд талд байдаг айл байгаа юм. Тэгээд бид хоёр зам хөндлөн гарах гээд зогсож байсан юм. Нэг том тэрэг гаргаад зам хөндлөн гарах гэтэл гэнэт нэг машин орж ирээд мөргөчихсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135-р хуудас/ 

Шүүгдэгч Д.Ганбатын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:

…Тэр үед Баттөгс бид хоёр машины наймаа хийгээд Баттөгсийн машины бичиг баримтыг айлаас авах гэж яваад 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Хөшөөтийн даваа гэх газарт аваар хийсэн. Тухай үед Баттөгс бид хоёр архи уусан байсан гэх мэдүүлэг  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд шүүгдэгч  Д.Ганбатад Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан торгох, баривчлах, хорих ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил хасах нэмэгдэл ял хэрэглэн хорих ял  шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Д.Ганбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй тул түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Ганбат 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2, 278 дугаар зүйлийн 278.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, 2000 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 123.1-3, 123.3, 127.1-т зааснаар 4 жилийн хорих, 2004 оны 05 дугаар сарын 20-ний өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 03 сарын баривчлах, 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2007 оны 03-р сарын 09-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна. 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор Д.Ганбатын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар Д.Ганбат хүндэвтэр гэмт хэрэг/145.2/ үйлдэж ял эдэлж дууссанаас хойш 05 жилийн дотор шинээр гэмт хэрэг үйлдээгүй тул ялгүйд тооцон анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Иргэн  Л.Баттөгс нь 2016 оны 04-р сарын 22-ны өдөр 19-89 УНЭ улсын дугаартай Тоёото Королла маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Л.Ганбатад уг тээврийн хэрэгсэлийг шилжүүлсний улмаас Д.Ганбат зам тээврийн осол гаргаж замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 12.9-д заасныг зөрчин иргэн Г.Амарсайханы жолоодож явсан 02-40 ОРО улсын дугаартай Тоёото Грейста маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж иргэн Б.Анарын биед хүндэвтэр, Г.Лхамаахүү, Г.Буянбаатар, Г.Амарсайхан нарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх боловч дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж прокурорын 2016 оны 11-р сарын 30-ны өдрийн 5/18 тоот тогтоолоор хэргийг  хэрэгсэхгүй болгожээ./х.х-ийн 64-рт/

19-89 УНЭ улсын дугаартай Тоёото Королла маркийн тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээн дээрээ Энхцэцүүн ХХК-ийн нэр дээр байгаа боловч Л.Баттөгс нь өөрийн төрсөн ах Л.Эрдэнэбатын хамт Энхцэцүүн ХХК-аас автомашин барьцаалсан зээл авч төлж дууссан боловч нэрээ шилжүүлээгүй болох нь Энхцэцүүн ХХК-ийн 2016 оны 07-р сарын 25-ны өдрийн 706/20 тоот албан бичиг, /1-р х.х-ийн 189-рт/ Л.Эрдэнэбат нь дээрх тээврийн хэрэгсэлийг өөрийн дүү Л.Баттөгс өгсөн нь Л.Эрдэнэбатын мэдүүлэг /1-р х.х-ийн 64рт/ зэргээр тогтоогдож байх тул 19-89 УНЭ улсын дугаартай Тоёото Королла маркийн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч Л.Баттөгс гэж үзлээ.

Хэдийгээр Л.Баттөгст холбогдох эрүүгийн хэрэг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон ч гэсэн гэм хорын хохирол төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул энэ гэмт хэргийн улмаас  учирсан хохирлыг  Д.Ганбат, Л.Баттөгс нараас тэнцүү  хуваан гаргуулахаар байгаа боловч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д  Тээврийн хэрэгсэлийн ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгсэлийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар 19-89 УНЭ улсын дугаартай Тоёото Королла маркийн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч Л.Баттөгс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн хариуцан төлөх үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэлийн хувьд :

Энэ гэмт хэргийн улмаас Б.Анарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсанаас үүссэн гэм хорын хохиролд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Буянбаатар 735.997 төгрөг нэхэмжилж байна.

 Насанд хүрээгүй хохирогч Б.Анарын эмчилгээний зардалд 735.997 төгрөг нэхэмжилснээс хуулийн үндэслэлгүй шууд бус хохирол болох KFC-д хооллосон 7500 төг, бургерийн 25700 төг, цаасны хутганы запас-6500 төг, 00 цаас-3000 төгрөг,  кофе шопд үйлчлүүлсэн 9900 төг, барааны үнэ-36117 төг, рестранд хоолоосон 28280 төг, салфетка-900 төгрөг юу авсан нь мэдэгдэхгүй 2000 төгрөг, 19600 төгрөг  Нийт 139497 төгрөгийн зардлыг Б.Анарын эрүүл мэндэд гэм учирсантай холбогдож гарсан зайлшгүй зардал гэж үзэх үндэслэлгүй тул хасаж тооцон  596.500 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1,  506 дугаар зүйлийн 506.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар Л.Баттөгсөөс гаргуулан олгож нэхэмжлэлийн шаардлагаас  139497 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас иргэн Г.Лхамаахүү, Г.Буянбаатар, Г.Амарсайхан нарын бие махбодид хөнгөн, Г.Амарсайханы эд хөрөнгө, эрүүл мэндэд 3.128.200 төгрөгийн  хохирол учирсан ба , иргэн Г.Лхамаахүү, Г.Буянбаатар, Г.Амарсайхан нарын бие махбодид хөнгөн гэмтэл, Г.Амарсайханы эд хөрөнгөд 3128200 төгрөгийн хохирол учирсан нь эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын хэр хэмжээ шинж чанар нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг дангаараа бий болгохгүй, гэмт этгээдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх хохирлын хир хэмжээ шинж чанар оруулан тооцохгүй боловч тэдний эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэсэн болно. Үүнд:

1.Г.Лхамаахүү эмчилгээний зардал 1.594.973 төгрөг, ирээдүйд гарах эмчилгээний зардал 2000.000 төгрөг, ажилгүй байсан хугацаанд аваагүй цалин хөлс 1.933302 төгрөг нэхэмжилснээс   Г.Лхамаахүүгийн зарим авсан эм нь эмчийн жоргүй эмнэлгийн картанд бичигдээгүй байна. Гэвч өвчний түүхэнд/1-р х.х-ийн 90-рт/ авагдсан эмчилгээнд бичигдсэн эмийн жишигт нийцүүлэн нийт 747760төгрөгийн /1-рх.х.-ийн 40-рт /эмийг бодитоор зарцуулсан гэж үзлээ. Мөн Г.Лхамаахүү нь нүүрэнд гарсан соривоо арилгуулахын тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д зааснаар эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй тул Тодканнам гоо сайханы мэс заслын эмнэлгийн  тодорхойлолтод Осолд орсон сорвийг өөлөх, лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай. Мэс заслын төлбөр 1.5-2сая төгрөг болохыг тодорхойлов/1-р х.х-ийн 50-рт/ гэснийг үндэслэн 2000.000 төгрөгийг шаардах хуулийн үндэслэлтэй байна гэж үзлээ. Иймд нийт 2.747.760 төгрөг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1,  499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар Л.Баттөгсөөс гаргуулан олгож,  ажилгүй байсан хугацаанд аваагүй цалин хөлс 1.933302 төгрөгт холбогдох хэсгийн нотлох баримт нь хуулийн шаардлага хангахгүй хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд иргэний журмаар нотлох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болно.

2. Г.Буянбаатар эмчилгээний зардал 680950 төгрөг, эхнэр хүүхдээ асран ажилгүй байсан хугацаанд аваагүй цалин хөлс 1.313.281 төгрөг, нийт 1994231 төгрөг, гэр бүлээрээ эмчлүүлэхээр Эрдэнэтээс Улаанбаатар хотруу явсан замын зардал, шатахуунд нийт 797698 төгрөг , сүүлд   214800 төгрөг нэмж  нэхэмжилснээс  

 Г.Буянбаатарын Дархан-Оточ эмнэлэгт хэвтэн 400.000 төгрөгөөр эмчлүүлсэн гэж нэхэмжилсэн/1-р х.х-ийн 37-рт/ боловч ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй тул хасаж тооцон эмчилгээний зардалд /680950-400.000=280950төг/ 280950 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.Харин гэр бүлээрээ гэмт хэргийн улмаас хөнгөн болон хүндэвтэр гэмтсэний улмаас Эрдэнэтээс Улаанбаатар хот явж эмчлүүлсэний шатахуун замын зардал 797698 төгрөг шатахууны зардалд гаргуулах нь  зүйтэй гэж дүгнэлээ. Нийт 1.078.648 төгрөгийг  Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1,  499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар Л.Баттөгсөөс гаргуулан Г.Буянбаатарт олгож  ажилгүй байсан хугацаанд аваагүй цалин хөлс 1.313.281 төгрөгт холбогдох хэсгийн нотлох баримт  буюу хөдөлмөрийн чадвар алдсаныг нотолсон баримт ирээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд иргэний журмаар нотлох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болно.

 Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Буянбаатар нь эхнэр Г.Лхамаахүү, охин Б.Анар болон өөрийнхөө гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 8.493.101 төгрөг нэхэмжилснээс 4.423.178  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 823340 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны аваагүй цалин хөлс 3.246.583 төгрөг холбогдох хэсгийг хэлэлцээгүй орхин иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заасан болно.

  1. Г.Амарсайхан  нь гэмт хэргийн улмаас  Тоёото креста машины засвар 2.730.000 төгрөг, машиныг Сайхан сум руу ачуулсны төлбөр 120.000 төгрөг, автомашин үнэлгээ хийсний төлбөр 138000 төгрөг, Шүүх эмнэлэгт үзүүлэхээр явсан замын зардал 36.000 төгрөг, толгойн томограф шинжилгээ хийлгэсэн 80.000 төгрөг, эмчилгээ эмийн материал 24200 зарцуулсан гэж нийт 3128200 төгрөгийн хохирол нэхэмжилсэн нь хавтаст хэргийн 54-60-р  талд авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар Л.Баттөгсөөс гаргуулах олгох нь зүйтэй.

2016 оны 04-р сарын 22-ны өдөр осолд орсон Л.Баттөгсийн эзэмшлийн 19-89 УНЭ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг ослын газраас тээвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн газарт хүргэсэн  иргэний нэхэмжлэгч М.Мөнхбат тээврийн хөлсөнд 120.000 төгрөг нэхэмжилсэнийг  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн Замын цагддаагийн албаны 2016 оны 09-р сарын 16-ны өдрийн тодорхойлолтыг үндэслэн/1-р х.х-ийн 234-рт/ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэн Л.Баттөгсөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хариуцагч Л.Баттөгс нь өөрт учирсан хохирол буюу хохирогч нарт төлсөн гэм хорын төлбөрийн 50 хувийг шүүгдэгч Д.Ганбатаас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.                                     

Энэ хэрэгт шүүгдэгч урьдчилан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, Л.Баттөгсийн 22 тооны үхрийг битүүмжилсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ганбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц болмогц энэ хэрэгт хураагдаж ирсэн  19-89 УНЭ улсын дугаартай Тоёота Королла  маркийн тээврийн хэрэгслийн ¹008857786 дугаартай гэрчилгээг Л.Баттөгсд буцаан  олгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйл, 290 дүгээр зүйлийн 292 дугаар зүйлийн 292.2, 297 дугаар зүйлийн 297.1-д заасныг удирлдага болгон

ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Дэмбэрэлийн Ганбатыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж иргэн Б.Анарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг согтуугаар  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2.Монгол Улсын Эрүүгийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар Д.Ганбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Ганбатад оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсгэй.

4.Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар Л.Баттөгсөөс гэм хорын хохиролд Б.Анарт 596.500 төгрөг, Г.Буянбаатарт эмчилгээний зардалд 280950 төгрөг, шатахууны зардалд 797968 төгрөг, хохирогч Г.Лхамаахүүгийн эмчилгээний зардалд 2.787.760 төгрөг, нийт 4.423.178 төгрөг гаргуулан Г.Буянбаатарт, 3.128.200 төгрөг гаргуулан хохирогч Г.Амарсайханд тус тус олгож нэхэмжлэлийн шаардлагаас 823340 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Хохирогч Г.Буянбаатар, Г.Лхамхүү нар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нотлох баримтыг  бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Л.Баттөгсөөс осолд орсон автомашин тээвэрлэсний хөлс  120.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн иргэн Хурхад овогт Баасанжавын Мөнхбатад олгосугай.

7.Шүүгдэгч Д.Ганбатад  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Иргэний хариуцагч Л.Баттөгс нь Д.Ганбатаас хохиролд төлсөн төлбөрийн 50 хувийг буцаан нэхэмжлэх эрхтэй болохыг дурсдсугай.

8.Шүүгдэгч Д.Ганбат нь энэ хэрэгт урьдчилан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй,

9. Энэ хэрэгт Баттөгсийн 22 тооны үхрийг битүүмжилсэн  болохыг   дурдсугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт хураагдаж ирсэн  19-89 УНЭ улсын дугаартай Тоёота Королла  маркийн тээврийн хэрэгслийн ¹008857786 дугаартай гэрчилгээг Л.Баттөгсд буцаан  олгосугай.

11.Шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч   тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  шийтгэх тогтоолд иргэний хариуцагч иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ганбатад цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.САРАНТУЯА