Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/992

 

         

 

 

 

 

 

2023          10          03                                      2023/ШЦТ/992

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

          улсын яллагч Н.Булганчимэг,

          шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Г  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2309022912094 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....” ХХК-нд автомашины цахилгаанчин ажилтай, ам бүл ... охины хамт ..... тоотод оршин суух хаягтай,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар нийт 5 жил 6 сар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 9 жилийн хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй буюу 500.000 төгрөгийн торгох ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 735 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялын хугацаа дуусаж суллагдсан, Д.Г, /регистрийн дугаар ..../,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Д.Г нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Алтайн 7 дугаар гудамжны 198 тоотод 2023 оны 7 дугаар сарын 24-өөс 25-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан хохирогч П.Э үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар зулайн хуйх, хүзүү, зүүн шанаанд заазуураар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Д.Г Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Алтайн 7 дугаар гудамжны 198 тоотод 2023 оны 7 дугаар сарын 24-өөс 25-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан хохирогч П.Э үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар зулайн хуйх, хүзүү, зүүн шанаанд заазуураар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Д.Г  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Д.Г  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Д.Г нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Алтайн 7 дугаар гудамжны 198 тоотод 2023 оны 7 дугаар сарын 24-өөс 25-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан хохирогч П.Эүл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар зулайн хуйх, хүзүү, зүүн шанаанд заазуураар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          хохирогч П.Э "...Миний бие 2023 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 04 цагийн үед миний гар утас дугараад авахад найз А /Ариунаа .../ байсан тэгээд намайг архи ууя такси бариад Баянбүрдийн автобусны буудал дээр хүрээд ир гэсэн такси бариад очоод Баянбүрдийн автобусны буудал дээр очиход Ариунжаргал бага охинтойгоо намайг ирж авсан. Тэгээд бид 3 Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтайн 7-198 тоотод очсон. Очиход гэрийн эзэн У, А, эрэгтэй М, эмэгтэй М, А бага охин нар байсан гэрт нь ороход манай найзууд болон Ука нь их согтууруулах ундаа зүйл хэрэглэж байсан. Тэгээд гэрт нь их согтууруулах ундаа зүйл хэрэглээд өөрийгөө хянах чадваргүй байсан тэгээд гэнэт ухаан ороход би 103-ийн түргэний автомашин дотор байсан. Тэгээд ГССҮТ-ийн үүдэнд очоод 103-ийн түргэний автомашинаас буугаад би эмчлүүлэхгүй гээд явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9513 дугаартай “....П.Э биед зулайн хуйх, хүзүү, зүүн шанаанд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ...Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

яллагдагч Д.Г "...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." /хх-ийн 25 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд Д.Г нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Алтайн 7 дугаар гудамжны 198 тоотод 2023 оны 7 дугаар сарын 24-өөс 25-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи уусан хохирогч П.Эүл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар зулайн хуйх, хүзүү, зүүн шанаанд заазуураар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Г  танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

 

1.Шүүгдэгч Д.Г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь энэ тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч Д.Г нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР