Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/163

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х Б овогт Мы Мт холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, Х Б овогт Мы М, 1973 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Б аймгийн Ө суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 03 дугаар оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, РД:0000000000.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч М.М нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б аймгийн Ө сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, хохирогч С.Бын гэрт түүнийг “аргал хурааж өг гэж хэлсэн” хэмээн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж, хохирлыг барагдуулж өгсөн”  гэв. 

2. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн С.Баас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 06, 09 дэх тал/,

2.3. Гэрч А.Кы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

2.4. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 492 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,  

2.5. Яллагдагч М.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Мийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч М.М нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б аймгийн Ө сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэр, хохирогч С.Бын гэрт түүнийг “аргал хурааж өг гэж хэлсэн” хэмээн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн С.Баас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

3.1.2. Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б аймгийн Ө сумын 9 дүгээр баг, Хөх хадын 40-9 тоотод байх гэртээ байхад 17-18 цагийн үед манай гэрт зүс таних М болон С нар нь ирсэн. Ямар ажил хэргээр явж байгаа талаар асуухад зүгээр явж байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд би тэр хоёрт хандаж хашаанд буулгасан байгаа аргалыг хураагаад өгчих, би ажлын хөлсийг нь өгье гэсэн чинь тэр хоёр за гэж зөвшөөрсөн.

Тэгэхээр нь би тэр хоёрт ажил хийхээс нь өмнө бууз жигнэж өгөөд мөн 0,5 литрийн хэмжээтэй “Хараа" нэртэй архи задалж гурвуулаа хамт суугаад хоолоо идэж, бас архиа уусан. Идэж, ууж дууссаны дараа би М, С хоёрт за одоо аргал хураагаад өгчих гэсэн чинь хурааж өгөхгүй гээд над руу уурлаад хоёулаа нийлж байгаад намайг цохиж зодчихоод манайхаас яваад өгсөн ба тэр үед манай хөрш айлын хүн К орж ирээд түргэнд дуудлага өгч улмаар түргэний машин намайг ирээд эмнэлэг рүү аваад явсан.

...Миний зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, толгой хагарсан байдалтай байна.

...Миний биед толгой болон нүүрэн тус газар цохиж зодож биед тархины доргилт, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, дээд уруулд хэгзэрсэн хавантай, зулайны ар талд оёдол тавиулсан шарх бүхий гэмтлүүдийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр М.М учруулсан. Би эмчилгээтэй холбоотой зардлуудаа гаргаж өгч нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 06, 09 дэх тал/, 

3.1.3. Гэрч А.Кы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би төд удалгүй араас нь С.Бын хашаа руу ороход М болон С нар нь согтуу Б руу дайраад хэрэлдээд байсан. Ямар шалтгааны улмаас дайраад хэрэлдээд байсан талаар би мэдэхгүй байна. Тэгээд хоорондоо хэрэлдэж байхдаа М нь С.Бын толгой хэсэг болон нүүрэн тус газар луу олон удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

3.1.4. Шинжээч Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч ажилтай К.Хын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 492 дугаартай “1.2. Иргэн С.Бын биед тархины доргилттой, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, дээд уруулд хэгзэрсэн хавантай, зулайны ар талд 3 ширхэг оёдол тавьсан шархтай гэмтлүүд тогтоогдлоо. 3. Иргэн С.Бын биед үүссэн гэмтлүүд 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой. 4.5. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. ...7. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8. Иргэн С.Бын дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, 

3.1.5. Яллагдагч М.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй.

... С.Б нь нэг шил архитайгаа бууз жигнэж тавиад бид нар буузаа идэж, архи ууж дууссаны дараа Бын хашаанд буулгасан байсан аргалыг хураах гэж байтал Б нь өөрөө согтчихоод асуудал гаргаад хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би өөрөө Бын толгой болон нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгээд С бид хоёр Бын гэрээс нь гараад яваад өгсөн. Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн, С.Бын толгойн зулайны ар тал руу болон нүд, уруул руу нь би гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Мийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.М “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх тайлбарыг гаргасан болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

7. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй... байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

8. Шүүгдэгч М.М нь хохирогч С.Бын дээрх хуулиар баталгаажуулсан халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж түүний эрүүл мэндэд “...тархины доргилттой, зүүн нүдний доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, дээд уруулд хэгзэрсэн хавантай, зулайны ар талд 3 ширхэг оёдол тавьсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

9. Шүүгдэгч М.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

10. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Мийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

12. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2. “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж заасан байна.

13. Шүүгдэгч М.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Бын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч С.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед “...М.М нь хор уршигт гарсан зардлыг төлж өгсөн” /хавтаст хэргийн 64-65 дахь тал/ гэж өөрийнхөө гарын баримтаа гаргаж өгсөн тул шүүгдэгч М.Мийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

14. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх” дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Мээс “Улсын яллагчийн дүгнэлттэй холбоотой хүсэлт байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан болно. 

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Мийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

16. Шүүгдэгч М.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

17. Шүүгдэгч М.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

18. Шүүгдэгч М.М нь хувийн байдлын хувьд 1973 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь Б аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

19. Шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч М.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоож,  мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

21. Шүүгдэгч М.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Ө сумын Засаг даргын Тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

22. Энэ хэрэгт шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

23. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр  үлдээв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х Б овогт Мы Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Мт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Ө сумын Засаг даргын Тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ