Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2020/00242

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: 19.. онд.. тоотод оршин суух, Я овогт Д.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19.. онд С... О овогт Г.Бхолбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Г.Б, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.     

  ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2009 онд Г.Бтой танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2011 онд том хүү Б.Б, 2015 онд охин Б.Г нар төрсөн. Бид хоёр 9 жил гаран хамт амьдрахдаа хоёр сайхан хүү төрүүлж сайхан амьдарч байсан. Би Бсуухдаа дагавар охинтой суусан, гэтэл Б миний сайхан охиныг хүчиндэж, хүүхдийн амьдралаар тоглож, намайг дэндүү ихээр доромжилсон. Ингээд Г.Бод Сүхбаатар аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 17 жил чанга дэглэмтэй хорих ялмаар шийтгэсэн. Г.Бын эгч нь намайг хэл амаар байнга доромжилж чи нөхрийгөө хангаж чадаагүй учраас ийм асуудал болсон, дүүгийн минь гэр орныг өг гэх мэтээр загнадаг. Би одоо 5-16 насны 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, нийгмийг халамжаар амьдардаг. Энэ бүх доромжлол, дарамтыг тэсэж амьдрах хэцүү байна. Иймд цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Б, Б.Г нарыг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдээ өөрийнхөө асрамжид авъя гэж хариу тайлбар бичсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үр хүүхдээ өөр дээрээ авч, биечлэн өсгөн хүмүүжүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ 17 жилийн хорих ял сонссон, одоо надад 15 жилийн хорих ял үлдсэн. Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Г.Бод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.     

Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Г.Б нар нь 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү Б.Б, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр охин Б.Г нарыг төрүүлсэн болох нь 0150524 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2201000372, 0000690215 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн лаборатори нэгдүгээр сургуулийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зэргээр тогтоогджээ.  

Зохигчид нь 9 жил хамтран амьдрах хугацаанд хариуцагч Г.Б нь өөрийн дагавар охиноо удаа дараа хүчиндэж, бэлгийн дарамтад оруулж байсныг олж тогтоон Цагдаагийн байгууллагад хандснаар тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн, ялаа хаалттай хорих ангид эдэлж байгаа болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 сарын 28-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоол, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

             Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх .., тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно”, 14.6-д ”Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуй нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар хүүхдийн насны байдал, цаашид өсөж, хүмүүжих орчин нөхцөл, хүүхдийн санал зэргийг харгалзан хүү Б.Б, охин Б.Г нарыг эх Д.Дын асрамжид үлдээх нь зүйтэй.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 5.3 дахь хэсэгт “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж зааснаар хүүхдүүд нь эцэг Г.Бтой байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон бөгөөд хорих ял эдэлж байгаа үндэслэлээр хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхдүүдтэй нь уулзахыг хориглох эрхгүй,  хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

      1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсгүүдэд зааснаар О овогт Г.Б, Я овогт Д.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.    

    2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар

2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Б, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Г нарыг эх Д.Дын асрамжид үлдээсүгэй.     

              3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлөхөөс 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдийн 103/2020ШЗ/00251 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг хариуцагч Г.Боос гаргуулан улсын орлогод оруулсугай.

  4.Гэр бүлийн тухай хуулийн  14  дүгээр  зүйлийн  14.9  дэх  хэсэгт  зааснаар

Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.     

    5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

    6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ