Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2020/00302

 

 




2020 5 18

103/ШШ2020/00302



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 24 тоотод оршин суух, Маагийнхан овогт Даваахүүгийн Тунгалагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 24 тоотод оршин суух, Аръяахан овогт Пүрэвжавын Ёндонжамцад холбогдох гэрлэлт цуцлуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Багануур дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 24 тоотод байрлах 2 өрөө орон сууц, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 0-3 тоот хаягт байрлах дутуу гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай барилга, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах авто машины гарааш, Соната-6 маркын БРА 60-62 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргээс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Тунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагч П.Ёндонжамц, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие П.Ёндонжамцтай 1990 онд гэр бүл болж охин Ё.Наранцэцэг, хүү Ё.Наранбаяр нарыг төрүүлсэн. Миний дагавар хүү Ё.Нармандах нь Ёндонжамцтай суухад 1 нас хүрээгүй байсан бөгөөд төрсний гэрчилгээг нь авахдаа л Ёндонжамцаар овоглосон. Бид хоёр адилхан л ажил төрөл хийгээд сайхан амьдардаг байсан. Хүүхдүүд маань бүгд насанд хүрч айл гэр болсон бага хүү маань 19 настай, оюутан болсон. Нөхөр маань 10 гаруй жилийн өмнөөс намайг зодож бакалан гутлаар өшиглөн бүх биеийг маань хөх няц болгож, алхаж чадахгүй таяг тултал зоддог байсан ч би амьдралаа бодоод тэвчсэн. Саяын шинэ жилээр намайг үсдэн чирч, газар мөргүүлэн нуруу руу өшиглөж зодсон. Хажуу айлын хүн цагдаад дуудлага өгсөн байсан. Хүн хаалга тогшиход чимээгүй бай гэж хэлсэн, зодсоноос эрүүн дээр үүссэн булдруу одоо ч хэвээрээ байгаа, сүүлд 2019 оны 6 дугаар сарын 27-30-ны хооронд 2 удаа зодсон. 2018 онд өөр хүүхэнтэй орооцолдоод, бааранд тэр хүүхэнтэйгээ байна ирж ав гэхээр нь авах гээд очтол нөгөө хүүхэнтэйгээ орцонд үнсэлцээд зогсож байсан. Гэртээ ирээд чи яаж байгаа юм бэ? гэж асуухад намайг зодсон, цагдаа дуудаад хаалга онгойлгох гэсэн чинь хаалга тайлвал чамайг ална шүү гэж хэлсэн. Намайг 2019 онд хамт олонтойгоо зугаалганд яваад ирэхэд бас л зодсон. Би тэгж их архи, дарс уудаг хүн биш, хааяа хамт олонтойгоо сууж байгаад ирэхээр чамаас салмаар байна, залхаж байна гэж хэлдэг. Нэг удаа бааранд надтай хамт архи ууж байгаад намайг орхиод явсан байсан, би хөлдөж үхэх дөхсөн бөгөөд 24 цаг ухаангүй эмнэлэгт хэвтсэн. Түүнээс хойш хөл гар янгинаж унтаж чадахаа больсон. Оройдоо 100 грамм архи уухаар өвдөлт маань зүгээр болдог. Энэ хүн ажлаасаа тарж ирээд намайг ийм, тийм ажил хийсэнгүй гэж байнга дарамталдаг, том хүүг маань дуудаж ээжийгээ ав би энэ хүнээс салмаар байна гэж хоёр удаа хэлсэн. Мөн төрсөн эгч рүү маань залган дүүгээ ав, энэ хүнийг төрхөмд нь буцаа, энэ хүнтэй амьдарч чадахгүй гэж байнга хэлдэг. 10 гаруй жилийн өмнөөс гэр бүлээс гадуур харилцаатай болж Бурмаа, Явуухулан гэх хүүхнүүдтэй харилцаа тогтоосон, одоо ч хэвээрээ Япон яваад тэр хүүхэндээ бэлэг авчирч өгсөнөө хүлээн зөвшөөрсөн. Би энэ хүнтэй 30 жил амьдарч, 2 хүүхэд төрүүлж өгчихөөд ингээд л зодуулаад байж байх хэцүү байна. Бид хоёр хоёулаа 50 нас гарч, ач, зээ нартай болчихлоо. Сэтгэл амар, тайван сайхан амьдармаар байна. Уг нь би эвлэрээд, гэр бүлээрээ шинэ оноо гаргая гэж бодож байсан. Гэтэл намайг сэтгэл мэдрэлийн өвчтэй гээд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шар хадны эмнэлэгт шинжилгээ өгүүлсэн түүнд нь би үнэхээр их гомдож байна. Цаашид бид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар эвлэрэн хэлэлцсэн гэв.

Хариуцагч П.Ёндонжамц шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би эхнэртэйгээ 30 жил амьдарлаа. Бид хоёр хоёулаа ажил эрхэлж, сайхан л амьдарсан. Би 2006 онд байрны гэрчилгээгээ хайгаад олоогүй юм. Гэтэл Д.Тунгалаг, өөрийн эгчтэйгээ нийлж байрныхаа гэрчилгээг авсан байсан. Манай байрны гэрчилгээг танай эгч, ах нар яагаад авдаг юм бэ?, гэж бид хоёр жаахан маргасан. Манай эхнэр 2003 онд Багануур дүүргийн Спорт хороонд ажилд орсноосоо хойш архи уудаг болсон. 2008 онд намайг ажлаасаа буугаад ирэхэд Спорт хорооны дарга байсан Эрдэнэчулуун танай эхнэр манай нөхөртэй Б зааланд заваартаад байж байна гээд хэлсэн. Би ханьдаа чи яагаад ийм асуудалд орооцолдоод байгаа юм бэ? гэхэд тэмцээн болох гээд Эрдэнэчулуун багшийн шавь нар ирсэн юм, тэгээд архи уугаад тасарчихсан байна лээ гэж надад хэлсэн. Багануур дүүргийн дарга нарын шуурхай хурал дээр ч Спорт хорооныхон ажлын байранд архиддаг гэж яригдаж байсан удаа бий. Би таксины жолооч хийдэг болохоор спорт хорооны ажилчдыг мэддэг, дотроо нилээн архидалттай газар байна гэж бодож байсан. Би эхнэрээ энэ ажлаасаа гараад, цэцэрлэгт ч юм уу өөр газар ажилд орооч ээ гэж гуйж байсан. Гэр бүл салах болсон шалтгаан бол хадам эгч Оюунчимэг, хадам ах Төмөрбаатар нараас болсон. Тэд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр намайг хот руу таксинд явж байхад залгасан. Төмөрбаатар гуай над руу залгаад чамайг дүүгээсээ салгана, чамайг эд хөрөнгөгүй, ажилгүй болгоно, бүх юмыг чинь авна гэж занал хийсэн. Би энэ явдал болохоос өмнө 3 хоног гэртээ амарсан. Тэгэхэд энэ хүний ах эгч нар нь намайг өөр эхнэр, хүүхэдтэй гэх мэтээр ярьсан, надад хоёр дахь амьдрал байхгүй, хамт олон, найз нөхөд л бий болохоос амьдралаа алдаж, тэгж явахгүй гэж эхнэртээ хэлсэн. Чи ах эгч нартаа хэлээд учрыг нь олоод ирээ гэхэд түүний эгч Мягмар өөрийнхөө хүүгийн хэлсэн үгээр үг хийж бидний амьдралыг бусниулсан. Тиймээс би Тунгалагийн ах эгч нарт Тунгалагаас илүү гомдож байна. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны шөнө намайг ээлжинд гарч байхад Тунгалаг 9 настай охиныг минь шөнө гэртээ ганцааранг нь үлдээгээд хаяад явчихсан байсан. Шөнийн 3 цаг 20 минутад охин маань ээж байхгүй, нохой хуцаад байна, би айгаад байна гээд над руу залгасан. Би баз хүргэн рүүгээ залгаад, охиноо тэднийд хонуулсан. Тэгээд ажлаасаа бууж ирээд эхнэрээ баз хүргэнтэйгээ хамт хайтал эхнэр маань хамт ажилладаг байсан Нямаа гэгч хүүхнийд архи уугаад унтаж байсан. Намайг Солонгос явсан хойгуур Нямаа гэгч хүүхэн архи уудагаасаа болж ажлаасаа халагдсан байсан. Тэд хамтдаа архи уудаг байсан юм байна лээ. 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн орой Наран зоогийн газрын заал зохион байгуулагч Отгонцэцэг, менежер Хулан нар над руу утасдаад эхнэр чинь согтуу байна, ажил хийх чадваргүй байна, эхнэрийг чинь гэр рүү нь явууллаа гэж хэлсэн. Эхнэрийг ирэхэд би ажилтай байсан болохоор түүнийг орхиод явсан. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн орой хүү Наранмандах ээжийнхээ ажил дээр очиж, та нөхрөөсөө сал гэж хэлсэн. Д.Тунгалаг надад энэ тухайгаа хэлсэн, тэгэхэд би миний хөгшөөн бид хоёрын салдаг нас мөн үү, хүүхдийнхээ үгээр үг хийгээд яахав дээ энэ талаар бодож үзээч гэж гуйсан. Одоо энэ гэрлэлтээ цуцлуулж буй харилцаа нь хойшид үр хүүхэд, ач зээ нарт халгаатай. Ханьдаа хэлэхэд эрүүл саруул, эрхтэн бүтэн, архины хамааралгүй гэсэн шинжээчийн дүгнэлттэй, ах, дүү нарт нь чамайг хүлээлгэн өглөө. Үүнээс хойш ямар нэгэн асуудал гарвал надад хамааралгүй шүү. Гэхдээ чи минь амьдралдаа болж буй элдэв гачигдал, зовлонгоо надад хэлж, жаргал зовлонгоо хуваалцаж байгаарай. Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна, дундын эд хөрөнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн гэв.

Талууд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад талууд эвлэрэн хэлэлцэж Нэхэмжлэгч Д.Тунгалаг нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Багануур дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 24 тоотод байрлах 2 өрөө орон сууц, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 0-3 тоот хаягт байрлах дутуу гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай барилга, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах авто машины гарааш, Соната-6 маркын БРА 60-62 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргээс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж, хариуцагч П.Ёндонжамц нь нэхэмжлэгчид Багануур дүүрэгт байршилтай 1 болон хамгийн дээд давхараас бусад давхарт байрлах 2 өрөө орон сууцыг 2020 оны 9 дүгээр сард багтаан худалдан авч өгөх, орон сууцыг худалдан авмагц Д.Тунгалагийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлээ. Гэрээ байгуулсан нэхэмжлэгч Д.Тунгалаг, хариуцагч П.Ёндонжамц гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Тунгалаг нь хариуцагч П.Ёндонжамцад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч П.Ёндонжамц нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, нэхэмжлэгчид 2 өрөө орон сууц авч өгөхөөр тохиролцсон гэжээ.

Нэхэмжлэгч Д.Тунгалаг, хариуцагч П.Ёндонжамц нар нь 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болж, 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарсан нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогджээ.

Зохигчид нь 31 жил хамтран амьдрах хугацаандаа хариуцагч П.Ёндонжамц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, нэхэмжлэгч Д.Тунгалаг архины хамааралтай байсан зэргээс шалтгаалан хоорондоо хэрүүл маргаантай, таарамжгүй харьцаатай болсон нь тус тусдаа амьдрах, гэр бүл салах шалтгаан болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д .., гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.

Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Тунгалаг нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Багануур дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 24 тоотод байрлах 2 өрөө орон сууц, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 0-3 тоот хаягт байрлах дутуу гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай барилга, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах авто машины гарааш, Соната-6 маркын БРА 60-62 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргээс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч П.Ёндонжамц нь нэхэмжлэгчид Багануур дүүрэгт байршилтай 1 болон хамгийн дээд давхараас бусад давхарт байрлах 2 өрөө орон сууцыг 2020 оны 9 дүгээр сард багтаан худалдан авч өгөх, орон сууцыг худалдан авмагц Д.Тунгалагийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн тул дээрх шаардлагуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсгүүдэд зааснаар Аръяахан овогт Пүрэвжавын Ёндонжамц, Маагийнхан овогт Даваахүүгийн Тунгалаг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Тунгалаг нь дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Багануур дүүргийн 3 дугаар хороо, 43 дугаар байрны 24 тоотод байрлах 2 өрөө орон сууц, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 0-3 тоот хаягт байрлах дутуу гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай барилга, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах авто машины гарааш, Соната-6 маркын БРА 60-62 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргээс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж, хариуцагч П.Ёндонжамц нь нэхэмжлэгч Д.Тунгалагт Багануур дүүрэгт байршилтай 1 болон дээд давхараас бусад давхарт байрлах 2 өрөө орон сууцыг 2020 оны 9 дүгээр сард багтаан худалдан авч өгөх, уг байрны өмчлөгчөөр Д.Тунгалагийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

4.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 сарын 28-ны өдрийн 103/ШЗ2019/01223 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ