Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00593

 

 

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00593

 

 

 

Бүрэнфинанс ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02418 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00051 дүгээр магадлалтай,

Бүрэнфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

М.Болортуяад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 88,904,138 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Раднаасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Бүрэнфинанс ББСБ ХХК нь хариуцагч М.Болортуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 88,904,138 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02418 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч М.Болортуяагаас зээлийн гэрээний үүрэгт нийт 88,816,438 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бүрэнфинанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 87,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч М.Болортуяа шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2206048752 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В1 давхрын 42 тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, Ү-2206056268 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В2 давхрын 31 тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай авто зогсоол, Ү-2206048756 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В1 давхрын 62 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, Ү-2206048759 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В1 давхрын 44 тоот хаягт байршилтай 13,5 м.кв талбайтай авто зогсоол, Ү-2206048823 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В2 давхрын 6 тоот хаягт байршилтай 6 м.кв талбайтай авто зогсоол, Ү-2206056269 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В2 давхрын 3 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоол, Ү-2206056266 улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 48-р байр В2 давхрын 30 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай авто зогсоолуудыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 602,032 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00051 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...88,816,438 төгрөг гэснийг ...84,112,220 төгрөг гэж, ...87,700 төгрөг гэснийг ...4,790,118 төгрөг гэж өөрчилж, 3 дах заалтын ...602,032 төгрөг гэснийг ...578,511 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн дугаар 00051 магадлалд хариуцагч би гомдолтой байна. Учир нь давж заалдах шатны шүүх, зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалсан тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 заалтыг зөрчсөн, хариуцагч М.Болортуяа, нэхэмжлэгч Бүрэнфинанс ББСБ-тэй хамтран ажиллах гэрээг амаар хийсэн, зээлийн гэрээг зөвхөн хамтран ажиллах гэрээг хийх ёстой байтал нэхэмжлэгч Бүрэнфинанс ББСБ нь хамтран ажиллах гэрээгээр ашиг олохгүй алдагдалтай байтал М.Болортуяагаар бүх эрсдэлийг төлүүлчихнэ гэдэг үндэслэлээр зээлийн гэрээ хийсэн болж дүр үзүүлсэн, бодитоор хийгдээгүй гэж нэхэмжлэгч М.Болортуяа тайлбарлаж, үүнийг нотлох баримт нь миний дансанд 60,000,000 төгрөг нэхэмжлэгч хийгээгүй, харин бид 30,000,000, 30,000,000 төгрөг гаргаж Бельги улсаас цэвэр жимсний шүүс оруулж ирсэн, борлуулах гүйцэтгэх ажлыг харин М.Болортуяа би биечлэн хийх үүрэгтэй байсан. Тиймээс энд бодитоор зээлийн гэрээ хийгдээгүй гэдэг, ББСБ нь бодит байдалд зарлагын ордероор зээлийн гэрээний бэлэн мөнгө гаргадаггүй практикт зээлдэгчийн дансанд хийдэг. Гэтэл Бүрэнфинанс ББСБ нь зээлдэгчийн дансанд огт мөнгө хийгээгүй нь хавтас хэрэгт авагдсан баримт, зохигчдын мэдүүлгээр нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч талын өгсөн зарлагын баримтыг үнэлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 заалтыг зөрчсөн. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа 2019.02.14-нд дууссан гэдэг. Давж заалдах шатны шүүхийн хянавал хэсэгт зээлийн гэрээний хугацааг 2019.02.14-д дууссан гэж дүгнэсэн атлаа үндэслэлээ тайлбарлахгүйгээр 2020.01.03-ныг хүртэл 10 сар 4 хоногийн хүүд 20,216,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хоёрдмол утгатай, үндэслэлээ тайлбарлаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 заалтыг зөрчсөн байх тул Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлээ заагаагүй үндэслэлээ тайлбарлахгүйгээр 2020.01.03-ныг хүртэл 10 сар 4 хоногийн хүүд 20,216,000 төгрөг төлөх үүрэгтэй гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ: 

 

5. Бүрэнфинанс ББСБ ХХК нь М.Болортуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 60,000,000 төгрөг, хүү 27,928,767 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  887,671 төгрөг, нийт 88,816,438 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан ба хариуцагчийг эрэн сурвалжилж шүүхэд хандахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, зардалд 15,700 төгрөг нэмж гаргуулна гэж шүүх хуралдаан дээр шаардлагаа нэмэгдүүлсэн, харин хариуцагч уг зээлийг аваагүй, Талын бишура ХХК авсан, ... нэхэмжлэгч байгууллагын захирал Н.Амарбаясгалантай хамтарч бизнес хийсэн, бизнесийн эрсдэл, алдагдлыг хамтран хүлээх ёстой тул 60,000,000 төгрөгийн 50 хувь буюу 30,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч М.Болортуяагаас зээлийн гэрээний үүрэгт нийт 88,816,438 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бүрэнфинанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 87,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хариуцагчаас 84,112,220 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

7. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Бүрэнфинанс ББСБ ХХК болон хариуцагч М.Болортуяа нарын хооронд 2018.08.14-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, жилийн 5 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцсон, зээлийн мөнгөн хөрөнгө болох 60,000,000 төгрөгийг хүлээн авсан зарлагын баримтад зээлдэгч М.Болортуяа гарын үсэг зурсан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг хангасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээг хуульд нийцүүлэн бичгээр үйлдэж нотариатч гэрчилсэн, улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаалбараар баталгаажуулсан, хэлцэл хүчин төгөлдөр гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

8. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг зээлийн тооцооллыг анхаарч үзээгүй, алдаа гаргасан гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

8.1. Талууд зээлийн гэрээг 2018.08.14-ний өдөр 3 сарын хугацаатай байгуулж, 2018.11.14-ний өдөр хугацааг дахин 3 сараар хугацааг сунгаж, 2019.02.14-ний өдөр хугацаа дуусгавар болсон, хариуцагч нь 2018.11.13-ны өдөр 6,853,150 төгрөг, 2019.09.17-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 9,853,150 төгрөг төлжээ.

 

8.2. Үндсэн зээл 60,000,000 төгрөгийн сарын гэрээний хугацааны хүү 12,600,000 төгрөгөөс төлсөн 6,853,150 төгрөгийг хасч тооцвол 5,746,850 төгрөг болно. Харин гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 3,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллаар үндсэн зээл 60,000,000 төгрөгөөс хасч тооцвол зээл 57,000,000 төгрөгийн үлдэгдэл үүснэ. Энэ 57,000,000 төгрөгийн 3,5 хувийн хүү нь сарын 1,995,000 төгрөг бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан 2019.02.14-ний өдрөөс 2020.01.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 10 сар 4 хоногийн хүү 20,216,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймээс зээл 57,000 000 төгрөг+хүү 5,746,850+20,216,000+ нэмэгдүүлсэн хүү 1,149,370 төгрөг, нийт 84,112,220 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 4,704,218 төгрөгт холбогдох хэсгийг болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 85,900 төгрөг, нийт 4,790,118 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 заалтыг зөрчсөн, ... 2020.01.03-ныг хүртэл 10 сар 4 хоногийн хүүд 20,216,000 төгрөг төлөх үүрэгтэй гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00051 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 259,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН