Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 61

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Г.Төрбадрах, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Гайран овогт Ганбаатарын Төрбадрахад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013669 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Гайран овгийн Ганбаатар овогтой Төрбадрах, 1985 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбэ 22-570 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ПВ85071411 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Г.Төрбадрах нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Розатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг цохьсоны улмаас иргэн М.Насанбуянгийн хашааны ухсан нүх рүү унаж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Төрбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Л.Роза мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхэд найз Насанбуянгийн хашаанд машины мотор солих гээд 16 цаг өнгөрч байхад очсон санагдаж байна. Тэгээд байж байтал Төрбадрах, Баярсүрэн, Сайханбайгаль нар хашааны үүдэнд ирчихсэн гараад ир гээд дуудахаар нь яваад очсон. Намайг очиход Г.Төрбадрахын машиныг Сайханбайгаль нь барьсан байсан. Би тэд нартай мэндлээд Сайханбайгальд чи яагаад согтуу машин барьж байгаа юм гэсэн чинь Төрбадрах хажуу талаас юу гээд хуцаад байгаа юм гээд машинаасаа буугаад ирсэн. Тэгэхээр нь би юу гэсэн үг юм согтуу барихаар яадаг юм гэхэд намайг ирээд заамдсан. Тэгээд Сайханбайгаль бууж ирээд боль гэж хэлээд салгасан. Тэгсэн Төрбадрах ирээд намайг өргөөд машины хойд суудал дээр суулгаад хоорондоо эвлэр гэхэд Баярсүрэн нь зайлаач пизда минь гэж хэлэхээр нь би ямар суусан юм уу пиздаа минь гэхэд нүүр рүү гарын ар хэсгээрээ хоёр цохьсон. Тэр цохилт нь надад гэмтэл учруулаагүй зөөлхөн цохьсон. Тэгэхээр нь би машинаас пизда минь буулаа гээд машинаас буугаад хашаа руу орсон. Тэгсэн араас Төрбадрах, Баярсүрэн нар ороод ирэхээр нь Төрбадрахад тамхи өгөхөд тамхи хугалж шидээд чи яагаад миний найзыг пизда гэж хараадаг юм гэж хэлээд заамдаад зүүн талын шанаа руу гараа нэг цохихоор нь зөрүүлж барьж аваад зөрүүлээд цохиход Төрбадрах тавь гэсэн. Тэгэхээр нь би зэрэг тавъя гээд тавихад Төрбадрах зүүн цохиход би хойш унахдаа жорлонгийн ухсан нүх рүү унасан. Би босох гээд босч чадаагүй. Намайг банзан дээр суулгаад татаж гаргасан. Төрбадрах тухайн үед намайг босоод ирээ би эмчилгээний зардал бүх зүйлийг даана гялс гэмтэл явъя гэж хэлсэн. Тэгээд түргэн дуудаад гэмтэлд хүргүүлсэн. Гэмтэл дээр очиход нурууны яс хугарсан байна гэж хэлээд нуруу нугасны тасагт хэвтүүлсэн. Төрбадрах тухайн үед зурагны мөнгө, эрүүл мэндийн дэвтрийн мөнгийг төлсөн. Хөгшин нь чамайг харж хоноё гэж хэлээд намайг харж хоносон. Намайг цагдаад битгий өгөөрэй энд нь эмчилье гэж хэлсэн. Тэгээд хагалгаанд орно гэхээр нь би гэрийнхээ хүмүүсийг дуудсан. Миний дүү Пүрэвсүрэн нь цагдаад өргөдөл бичиж өгсөн. Тэгсэн Төрбадрах алга болчихсон. Би тэр үед Насанбуянтай нийлж тэдний хашаанд гурван лааз нийслэл пиво уусан, би гайгүй согтолттой байсан. Тухайн үед болсон үйл явдлыг сайн мэдэж байна. Төрбадрах, Баярсүрэн, Сайханбайгал нар тухайн үед халамцуу байсан. Би сайн мэдэхгүй байна. Би шинжээчийн 13854 тоот дугаарын дүгнэлттэй уншин танилцлаа. Миний биед бүсэлхийн 3 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдсон байна. Уг гэмтэлийг би жорлонгийн нүх рүү унахдаа явсан. Төрбадрах намайг цохиж жорлон руу унагаасан. Тухайн үед Төрбадрах гэм буруугаа хүлээж байсан. Одоо ч гэсэн залгаад өргөдлөө буцаагаад авчих гэж хэлээд байгаа юм. Урьд өмнө маргалдаж муудалцаж байсан асуудал байхгүй. Намайг Баярсүрэн гээд найзыгаа өмөөрөөд зодсон. Миний эмчилгээний зардал одоогоор 2.000.000 гаран төгрөг болсон. Би сардаа 1.200.000 төгрөгийн ажил хийдэг. Хувиараа хийдэг учраас компани гэж зүйл байхгүй. Намайг гурван сар ажил хийж болохгүй гэж эмч хэлсэн, нуруу гэмтэлтэй учирсан. Би гурван сарын цалин 3.600.000 мянган төгрөгийг нэхэмжилнэ. Би дараа онд нурууны хадаас авахуулах хагалгаанд орно…” гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Р.Хишигжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би хуучин найз залуу Б.Хашбаттай 2014 онд танилцаж байсан бөгөөд бид хоёр 2 жил гарангийн хугацаатай үерхэн салаад одоо 08 сар болж байна. Сүүлд 2016 оны 10 сарын дундуур уулзахад Төв аймгийн цагаан хаалга гэх нэртэй газар барилгын ажил хийж гээд явсан. Одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. Утас нь 8950****, 8915**** гэсэн утасны дугаартай байсан бөгөөд одоо утас нь холбогдохгүй байна. Төв аймагт ажил дээрээ байгаа байх. Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байр түрээслэдэг байсан. Би хэзээ ирэх талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан холбоо барьвал залгаж хэлнэ. Би Роза, Төрбадрах хоёрыг таньдаг юм. Энэ хоёр хүн Б.Хашбатын найзууд бөгөөд юу сонирхоод юу болсон талаар асуухад би машин янзлаад хашаан дотор байж байхад Роза, Төрбадрах хоёр маргалдсан гэж надад хэлсэн. Л.Роза өмдөө барьж явж байгаад унасан гэсэн. Өөр бусад зүйлийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг.

Гэрч Б.Сайханбайгаль мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз Төрбадрах, Баярсүрэнтэй хаалганы ажил хийчихээд 16 цаг өнгөрөөгөөд Хашбаттай уулзах гээд Насанбуянгийн хашаанд очсон. Хашааны гадна ирэхэд хашаан дотроос Роза гарч ирсэн бөгөөд Төрбадрах машинаас буусан бөгөөд би машинаа байрлуулж байх хооронд Роза, Төрбадрах нар нь хоорондоо маргалдаад зууралцаад авсан. Би машинаас буугаад тэр хоёрыг салгаад Розаг тэврээд машины хойно суулгаад хоорондоо эвлэр гэж хэлсэн. Тэгсэн Роза машинаас буугаад явсан бөгөөд Төрбадрахтай муудалцаад хэрэлдээд байсан. Роза Төрбадрахыг чи хүн чанаргүй гэх зэргээр хашааны үүдэнд маргалдаж байсан. Би хашаа руу ороход Ганзориг, Насанбуян нар нь машин янзлаад зогсож байсан. Би очоод юу хийцгээж байгаа юм бэ? машин тэрэг гайгүй юу гэж ойр зуурын юм ярьчихаад буцаад үүд рүү алхаж байхад Роза нүх рүү унаж байсан. Розагийн хажууд Төрбадрах зогсож байсан. Тэгээд би Ганзориг, Баярсүрэн хоёрт нүх рүү уначихлаа гэж хэлсэн. Баярсүрэн, Розаг нүх рүү унахад хараагүй. Баярсүрэн нь гадаа тамхи татаад зогсож байгаад орж ирсэн. Очоод юу болсон талаар асуухад Төрбадрах нь Роза нүх рүү уначихлаа гэж хэлсэн. Би цохиж зодсон талаар нь хараагүй ямар ч байсан тэр хоёр хоорондоо маргалдаад байж байсан. Машин бариад явж байсан учраас н.Баярсүрэнгийн гэрийн гадаа 4 лааз пиво Баярсүрэн, Төрбадрах нар нь уусан. Роза нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ямар шалтгааны улмаас маргаан үүссэн талаар би сайн мэдэхгүй байна. Розаг нүхнээс Баярсүрэн, Ганзориг нар нь гаргасан. Түргэний машин ирээд аваад явахад би Баярсүрэн, Төрбадрах нар нь машинд суусан бөгөөд замдаа Төрбадрах, Розад хандан би эмчилгээний зардал бүх зүйлийг чинь төлнө гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт байхад нь сахиж хонож байсан. Унасан нүхтэй нь ойрхон байсан. Нэг хоёр алхамын зайтай байсан юм. Уг нүх ойролцоогоор 2 метр өндөртэй нүх байсан…” гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Х.Баярсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн үед манай гэрийн хаалгыг найз Сайханбайгаль, Төрбадрах нар нь янзалж, хаалга суулгаж өгөөд дуусахад би гэрээсээ нийслэл нэртэй дөрвөн ширхэг лаазтай пиво Төрбадрахтай хамт уусан. Тэгээд Хашбат дээр очоод ирье гээд нэг хашааны гадна очсон. Тэгэхэд хашаанаас Л.Роза гэх залуу гарч ирээд Төрбадрахтай маргалдсан. Би тухайн үед машинд сууж байсан. Сайханбайгаль нь машинаас бууж ирээд Л.Розаг салгаад машины хойд талын суудал дээр суусан. Тухайн үед Төрбадрах нь урд талын суудал дээр орж ирсэн суусан. Роза нь машин дотор хүн муутай гээд л Төрбадрахыг хэлж байсан. Тэгээд буугаад яваад өгсөн. Ардаас нь Төрбадрах, Сайханбайгаль нар буусан. Би машин дотроо сууж байтал Сайханбайгаль ирээд Л.Роза нүх рүү уначихлаа гэж хэлэхээр нь би уг хашаа руу орсон. Тэгэхэд Роза нь жорлон ухсан нүх рүү унасан хажууд нь Ганзориг, Төрбадрах, Насанбуян нар нь зогсож байсан. Юу болсон бэ гэхэд нүх рүү уначихсан гэж хэлсэн. Тухайн үед би түргэн рүү залгаж дуудсан. Би уг нүх рүү орсон бөгөөд татаад босгох гэхэд Роза босож чадахгүй байсан тэгэхэд Ганзориг бууж ирээд Розаг банзан дээр тавиад дээш татаж гаргасан болно. Удалгүй түргэний машин ирээд уг машинд Сайханбайгаль, Төрбадрахтай машинд суусан. Гэмтэл явж байх замдаа Төрбадрах, Розад хөгшин чинь эмчилгээний зардал бүх юмыг даана чи санаа зоволтгүй гэж хэлсэн. Эмнэлэг дээр очоод Розагийн нурууны зургийг авахуулахад сэртэнгийн хугаралтай гэж хэлээд яаралтай хэвтүүл гэж хэлсэн. Тэгээд би яваад өгсөн юм. Эмнэлэг дээр Розаг Төрбадрах сахиж үлдсэн. Би машин дотор сууж байсан учраас мэдэхгүй байна. Урьд өмнө өс санасан болоод маргалдсан гэж бодож байна. Төрбадрах, Роза нар нь заамдалцаад маргалдаад байсан. Хашаан дотор юу болсон талаар би мэдэхгүй байна. Би Розаг танихгүй, тухайн өдөр анх харсан болно. Төрбадрахтай 2016 оны 6 сард танилцаж байсан. Төрбадрах нь зан төлөвийн хувьд хүнд тусархуу залуу шиг санагдсан. Би олон удаа уулзаж байгаагүй. “...Нүхний хажууд зогсож байсан. Роза нүхэн дотор ёолоод хэвтэж байсан бөгөөд би модон шатаар доош буугаад Розаг босгох гэхэд босч чадахгүй байсан. Тэгэхээр нь түргэн дуудсан болно. Уг нүх нь ойролцоогоор 2 метр нүх байсан. Түргэний машин ирээд Розаг аваад явсан бөгөөд Сайханбайгаль, Төрбадрах бид гурав хамт суугаад явсан. Замдаа Роза, Төрбадрахыг чи яаж байгаа юм бэ гэхэд Төрбадрах эмчилгээний зардалыг чинь төлнө гэж хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг.

 

Гэрч М.Насанбуян мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ахынхаа хашаанд өөрийнхөө 43-56 УНЕ улсын дугаартай верна аксент маркийн автомашины моторыг Ганзоригтой 16 цаг өнгөрч байхад янзлаад байж байхад Роза хашаанд ирсэн. Би өглөө Розатай хүрээд ирээрэй гэж хэлчихсэн байсан юм. Роза орж ирэхдээ халамцуу орж ирсэн. Тэгээд бид хоёртой юм яриад зогсож байхад гадаа машин ирсэн. Гараад харахад Төрбадрах, Сайханбайгаль, Баярсүрэн нар гадаа ирчихсэн байсан. Тэдгээр хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би одоо машинаа гэж хэлээд буцаад хашаандаа ороод машинаа янзалж байхад Сайханбайгаль нь Роза нүх рүү уначихлаа гэж хэлсэн. Яваад очиход Роза манай хашааны жорлонгийн ухсан нүх рүү унасан байсан. Юу болсон бэ гэхэд Г.Төрбадрах би түлхээд унагаачихсан төлбөр зардлыг нь би төлнө түргэн дуудья гэж хэлсэн. Тэгээд Розаг нүхнээс гаргаад байж байхад түргэн ирээд гэмтэл рүү аваад явсан. Роза бусадтай ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна. Би хашаан дотор машин янзалж байсан…” гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Т.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би өөрийн найз Амбаатай цуг Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд нь верна аксент маркийн автомашиныг 16 цагийн үед янзалж байхад гаднаас Л.Роза халамцуу орж ирсэн Тэгээд Л.Роза бид хоёртой юм ярьж зогсож байгаад гараад явсан тэгсэн хашааны гадна Төрбадрах, Сайнханбайгаль, Баярсүрэн нар нь ирсэн байсан Удалгүй хашааны гадна хүмүүс маргалдаж эхэлсэн бөгөөд гараад харахад Л.Роза, Г.Төрбадрахтай муудалцсан зогсож байсан. Юу болоод байгаа юм гээд гарахад Л.Розаг, н.Сайханбайгаль нь тэврээд машиндаа суусан. Тэгээд би Төрбадрахыг болиоч юундаа хэрүүл хийгээд байгаа юм гэхэд бид хоёр учираа олчихно гэж хэлэхээр нь би хашаа руу буцаж ороод машинаа янзалж байсан. Тухайн үед бүрэнхий болсон байсан. Тэгсэн Сайханбайгаль нь Роза нүх рүү уначихлаа гэж орилсон яваад очиход Амбаагийн хашаанд байсан жорлонгийн ухаж байсан нүх рүү унасан байсан. Би очоод яасан юу болсон бэ гэхэд Төрбадрах намайг цохьчихсон тэгээд нүх рүү унасан гэж хэлсэн. Тэгээд чи босож чадах уу гэж асуухад би чадахгүй байна гэхээр нь би Баярсүрэнтэй хамт доош нүх рүү буусан бөгөөд уг нүх нь 3 метр орчим өндөртэй нүх байсан. Доош буугаад Розаг босгох гэхэд чадахгүй байсан тэгэхээр нь Баярсүрэнг түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд Розаг нүхнээс гаргаад байж байхад түргэн ирээд аваад явсан. Роза бусадтай ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна. Би хашаан дотор машин янзалж байсан. Төрбадрах нь Розаг нүхэнд байхад Заанаа чи босоод ирээ хоёулаа гэмтэл оръё хөгшин нь үзүүлж харуулаад эмчүүлье гэж хэлж байсан. Ямар ч байсан тухайн хэрэг болдог өдөр Төрбадрах нь Розагийн эмчилгээ бүх зүйлийг л хийлгээд яваад байсан. Би ямар нэгэн хэрүүл маргаан сонсоогүй. Сайханбайгаль нь Заанаа нүх рүү уначихлаа гэж хэлээд мэдсэн болно…” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Л.Розагийн мэдүүлэг /хх14-15/, гэрч М.Насанбуянгийн мэдүүлэг /хх-17/, гэрч Т.Ганзоригийн мэдүүлэг /хх18-19/, гэрч Б.Сайханбайгалийн мэдүүлэг /хх20-21/, гэрч У.Батцэцэгийн мэдүүлэг /хх-22/, гэрч Х.Баярсүрэнгийн мэдүүлэг /хх23-24/   гэрч Р.Хишигжаргалын мэдүүлэг /хх-26/, сэжигтэн Г.Төрбадрахын мэдүүлэг /хх-37/, яллагдагч Г.Төрбадрахын мэдүүлэг /хх-39/, Г.Төрбадрахын ял шалгах хуудас /хх-41/, хохирлын баримтууд /хх48-52/ шинжээчийн дүгнэлт /хх32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Төрбадрах нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Розатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг цохьсоны улмаас иргэн М.Насанбуянгийн хашааны ухсан нүх рүү унаж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Төрбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Төрбадрахыг бусдын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Л.Роза нь шүүгдэгч Г.Төрбадрахад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Төрбадрах нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал боловч түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гайран овогт Ганбаатарын Төрбадрахыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Г.Төрбадрахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Төрбадрахад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4.  Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Төрбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Төрбадрахад оногдуулсан  1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Төрбадрахад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР