| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Жамбалсүрэн |
| Хэргийн индекс | 177/2019/0126/э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2020-03-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 14
З.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр цагаатгах тогтоолтой, З.Т-д холбогдох эрүүгийн 1935000110053 дугаартай, 3 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, З.Т
Шүүгдэгч З.Т нь 65-55 УВА улсын дугаартай Зил-130 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, 2018 оны 11 дүгээр сард тус аймгийн Тэс сумын 8 дугаар багт байрлах Нарийны голын модон гүүрнээс 47 ширхэг модыг нууцаар, хууль бусаар хулгайлж хохирогч буюу Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газарт 208’455 /хоёр зуун найман мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Борлууд овогт З.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1935000110053 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Борлууд овогт Зинагийн Тэгшбуяныг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл гаргаж банйа. Уг цагаатгах тогтоол нь хэргийн байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т “энэ хуулийн тусгай ангийн ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгө ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд хохирол нь Нарийны голын гүүний дөчин долоон ширхэг мод болно. Хулгайлагдсан мод нь 300 нэгж буюу 300000 төгрөгөөс бага үнэлгээтэй байх тул шүүгдэгч З.Т-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байна гэж дүгнэсэн.
Шүүгдэгч З.Т-ы хулгайлагдсан мод нь 300 нэгж буюу 300000 төгрөгөөс бага үнэлгээтэй байх тул үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байна гэж дүгнэсэн нь эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг зүйлчилэлд хууль тогтоогчоос хийсэн хуульчилсан тайлбарыг баримталж, хэрэгт онолын бөгөөд хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Прокуророос шүүгдэгч З.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч З.Т-ыг машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт учруулсан хохирлын хэмжээ нь 300000 төгрөгт хүрэхгүй байна гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарласан. Улсын Их Хурлын хуульчилсан тайлбар нь бусад тайлбараас хууль зүйн онцгой үр дагавартай байдаг шинжээрээ ялгагдана. Үүнд: Хуульчилсан тайлбар нь Эрүүгийн хуулийн нэгэн адил хууль зүйн дээд хүчин чадалтай байх, өөрт нь шууд тусгасан байдаг. Эрүүгийн хуулийг нэг мөр зөв ойлгон хэрэглэх явдлын эрүүгийн эрх зүйн зохицуулалт болдог. Мөн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлж гэмт хэргийг зүйлчилэхэд нөлөө үзүүлдэг зэрэг байдлаараа Улсын Дээд Шүүхийн тайлбараас ялгагдаг тул энэхүү тайлбарыг эрүүгийн хуулийг хэрэглэхэд заавал баримталж, хэргийг шийдвэрлэх нь онолын бөгөөд хууль зүйн ойлголт юм.
Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт “Шүүгдэгч З.Т-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. З.Тэгшбуян нь 65-55 УВА улсын дугаартай Зил-130 загварын тээврийн хэрэгсэл ашиглаж, 2018 оны 11 дүгээр сард тус аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг байрлах Нарийны голын модон гүүрнээ 47 ширхэг модыг нууцаар, хууль бусаар хулгайлж авч, хохирогч буюу Увс аймгийн Тэс сумын засаг даргын тамгын газарт 208.455 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэргийг хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэйгээр тусгасан байсныг 2017 онд мөрдөгдсөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тайлбар нэмж материаллаг бүрэлдэхүүнтэй болгосон. Уг тайлбар нь мөн зүйлийн 2, 3 дахь хэсэгт хамаарахгүй бөгөөд энэ тохиолдолд тайлбарт заасан хохирлын хэмжээг шаардахгүй болно. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн гурван шинж нь гэмт хэргийг захиргааны, иргэний, сахилгын зөрчлөөс ялган зүйлчлэх гол шалгуур болгох байтал анхан шатны шүүх “Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байна” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.
Шүүгдэгч З.Т нь 65-55 УВА улсын дугаартай 3ил-130 загаарын тээврийн хэрэгсэл ашиглаж, Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг багийн Нарийны голын модон гүүрнээ 47 ширхэг модыг нууцаар, хууль бусаар хулгайг-авсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг хэмээн тооцогдсон, эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчсөн, нийгэмд аюултай үйлдэл юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Т-ны хууль бус үйлдлийн улмаас Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газарт 208.455 төгрөгний хохирол учирсан нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учирсан гэж үзнэ.
Гэтэл анхан шатны шүүх “Шүүгдэгч З.Т нь 47 ширхэг модыг авахаас өмнө Нарийны голын гүүрний модыг өмчлөгчийн зүгээс бусад байдлаар ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах үнэ цэнгүй болсон байх тул хохирогчийн эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь төрийн бөгөөд орон нутгийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа нөхцөл байдал гэж үзэж байна.
Нөгөө талаас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх болон түүнээс өмнөх цаг хугацаанд Тэс сумын Засаг даргын тамгын газрын өмч хамгаалах зөвлөлөөс Нарийны голын модон гүүрний модыг эдийн засгийн эргэлтэнд оруулах эсэх талаар ямарваа нэгэн шийдвэр гараагүй байсан тодорхой байхад шүүх “өмчлөгчийн зүгээс бусад байдлаар ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах үнэ цэнгүй болсон” гэх дүгнэлт хийж байгаа хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон байна. Нарийны голын модон гүүрний модыг 2018 онд эдийн засгийн эргэлтэнд оруулах эсэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, энэ талаарх баримт, материал хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримт байхад дээрх дүгнэлтийг цагаатгах тогтоолын тодорхойлох нь хэсэгт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол хүчингүй болгох үндэслэл юм.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул уг цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн З.Тэгшбуянд холбогдох эрүүгийн 1935000110053 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Увс аймгийн прокурорын газраас З.Т-ыг 2018 оны 11 дүгээр сард Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багт байрлах Нарийны голын модон гүүрнээс 208.455 / хоёр зуун найман мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг модыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын газраас З.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1935000110053 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, З.Б-ыг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт “Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгчийг цагаатгасан үндэслэлийг тусгана” гэж тус тус заасан байна.
Гэтэл З.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхээс шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл нь тодорхой бус, хууль зүйн хувьд хоёр өөр дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.Тодруулбал: Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч З.Тэгшбуяны үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан тул гэмт хэргийн шинжгүй буюу гэмт хэрэгт тооцохгүй гэх дүгнэлт, мөн З.Тэгшбуяны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэх хуульзүйн хувьд хоёр өөр үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.
С.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хуулийн ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлын улмаас уг хэрэгт давж заалдах шатны шүүх хуульзүйн хувьд дүгнэлт хийх боломжгүй байна.
Анхан шатны шүүхийн дээрхи зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж зааалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, З.Т-д холбогдох эрүүгийн 1935000110053 дугаартай хэргийг дахин хяан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл З.Т-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан ,эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрхтэй.