Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2026/0029

 

 

 

 

 

 

 

 

“Н т” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                           захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

 

Нэхэмжлэгч: “Н т” ХХК /РД:2608618/

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, “Н т” ХХК-ийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байгааг тогтоолгон газар эзэмших эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0713 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2024/0077/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н т” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, “Н т” ХХК-ийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байгааг тогтоолгон газар эзэмших эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0713 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.2.1-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэн, хуулийн заалтыг зөв хэрэглэж, шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг зааж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Давж заалдах гомдлын агуулга:

3. Нэхэмжлэгчийн өмгөөөлөгч Ж.Б-т дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Хариуцагч нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу удаа дараа гаргаж байсан боловч шийдвэрлээгүй эс үйлдэхүй болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаал нь хууль бус эрх зүйн акт болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн албан тоот, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам дахь “Н” ХХК, “Н т” ХХК-ийн хувийн хэрэгт үзлэг хийхэд 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01/060 дугаар албан бичиг гарч ирсэн нь маргаан бүхий А/350 дугаар тушаалын “... газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй” гэх үндэслэлийг үгүйсгэнэ.

3.2. Маргаан бүхий А/350 дугаар тушаалын үндэслэлд “... зөвлөлийн 2023 оны ХІ дүгээр хуралдааны дүгнэлтийг үндэслэсэн” гэх боловч уг дүгнэлт баталгаажаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалтыг зөрчсөн.

3.3. Хариуцагч нь “... “Н т” ХХК болон “Н” ХХК-ийн ашиглалтад олгогдсон газруудын газрын хэргийг тус тусад нь бүрдүүлж цэгцэлсний үндсэн дээр тус 2 хуулийн этгээдийн нотлох баримтаар гаргаж ирүүлсэн 2020 оны 01/165, 01/208 дугаартай газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтүүд нь тус яамны болон Хамгаалалтын захиргааны бичиг хэрэгт бүртгэгдсэн эсэхийг нэг бүрчлэн  тодруулж, аль хүсэлт нь аль газрын ашиглах эрхийг сунгуулах агуулгатай болох тайлбарыг гаргуулж шийдвэрлэнэ зохино” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хариуцагчид давуу байдал олгож, маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдснийг зөвшөөрөхгүй.

3.4. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг хүчингүй болгож, “Н т” ХХК-ийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байгааг тогтоолгон газар ашиглах эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны дугаар 128/ШШ2025/0713 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан,  өмгөөлөгч миний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

4.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлэхээр заасан. Энэ заасан хугацаанд нэхэмжлэгч нь хүсэлтээ ирүүлээгүй гэх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 27.2.1-т заасны дагуу албан ёсны цахим сайтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 678 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн мэдэгдэлд нэхэмжлэгчээс ямар нэгэн хариу тайлбарыг ирүүлээгүй тул Хамгаалалтын захиргаанаас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаартай албан бичгээр яам руу газар ашиглах эрхийг цуцлуулах хүсэлтийг уламжилсан.  

4.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хугацаанд газар ашиглах эрх сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй, Газрын тухай хуулийн 37.1, 39.1-д заасан хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.3. Нэхэмжлэгч талаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа буюу 2019, 2020 онуудад газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ өгсөөр байтал шийдвэрлээгүй гэж байгаа нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ирсэн бичгийн бүртгэл болон архивын бүртгэлээс үзэхэд "Н т" ХХК-иас ирүүлсэн гэх хүсэлт нь бүртгэгдээгүй байгаа талаар нотлох баримтыг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/1292 дугаартай албан бичгээр ирүүлж хэрэгт хавсаргасан байдаг.

“Н т” ХХК-аас 2017 оны А/01 дугаартай “газрын тухай” гэх хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ирүүлсэн хүсэлтүүд нь газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахаас өөр утга агуулга бүхий хүсэлт байсан.

 4.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0713 дугаар шийдвэр нь маргаан бүхий тушаалын үндэслэлийг буруу тайлбарлан, нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй гаргасан тул тус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Н т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Н т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “Н т” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, “Н т” ХХК-ийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байгааг тогтоолгон газар эзэмших эрхийн талаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэл гаргасан.

3.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “… тухайн газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх боломж хүсч, гэрээ байгуулж, гэрчилгээний хугацаа сунгуулахаар 2017-2020 онд яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа хүсэлт гаргасан байхад шийдвэрлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан, сонсох ажиллагаа явуулж урьдчилан мэдэгдээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр газрын эрхийг цуцалсан, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл зөрчилтэй, газар ашиглах эрх болоод хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөнгэх зэргээр тодорхойлно.  

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “… бүртгэл мэдээллийн системээс шүүхэд “Н т” ХХК нь 2020-2023 онд өргөдөл хүсэлт ирүүлээгүй буюу хуульд заасан хугацаанд сунгуулах хүсэлт гаргаагүй, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны XI хуралдааны шийдвэрийг үндэслэн цуцалсан, /мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж/ 2016-2023 онд газрын төлбөр төлөөгүй, газрын хууль тогтоомж зөрчсөн талаар Эрүүгийн цагдаагийн албанаас албан бичиг ирүүлсэн ” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

3.3. Харин хэргийн оролцогчдын хувьд нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайн байршилд ашиглаж буй /хөрш зэргэлдээ/ 2.2 га газрын ашиглах эрхийн талаар энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаагүй болно.

4. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар  “ ... маргаан бүхий актын хувийн хэрэг бүрдлийн талаар шүүхээс шаардсан баримтуудыг ирүүлээгүй, ... нэхэмжлэгч “Н т” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар “Н” ХХК-иас хүсэлт гаргасан нь ямар учиртай болох, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг хариуцагч шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлээгүй болохыг шүүхээс тогтоох боломжгүй, энэ талаарх хэргийн оролцогчдын тайлбарт шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй, улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, эдгээр нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд “... /нэмж тодруулах нөхцөл байдлын хүрээнд/ “Н т” ХХК болон “Н” ХХК-ийн газар баталгаажилтын хувийн хэргийг тусад нь бүрдүүлж цэгцлэн, 2 хуулийн этгээдээс 2020 онд яам болон Хамгаалалтын захиргааны бичиг хэрэгт бүртгэгдсэн эсэхийг нэг бүрчлэн тодруулж, тайлбар гаргуулж, газар ашиглах эрх дуусгавар болгох эсэхийг шийдвэрлэвэл зохино” гээд, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэл муутай болжээ. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаарддаг.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.

6. Энэ тохиолдолд, маргаан бүхий актад тодорхойлсон “Н т” ХХК-ийн 2.8 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгох нөхцөл буюу хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлт гаргасан эсэх, тийм бол хүсэлтийг захиргаа шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүйд тооцогдох эсэх, нөгөөтээгүүр захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа зохих журмын дагуу зөрчлийг тогтоож, шийдвэр гаргах ажиллагаа явуулсан эсэх” үйл баримтын  хүрээнд шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх тул анхан шатны шүүхээс цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн энэ хэсгийн 4-т заасан тэдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн хэргийн нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй.

7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээгээр ашиглуулж болно”, 34 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна”, 35 дугаар зүйлийн 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц болон дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсний дагуу Хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэр гаргах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ” гэж зааснаар газар ашиглагч нь Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ирсэн бол гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шаардлагатай баримтын хамт гаргаж, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй.

8. Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-дТусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль,энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж,

Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй,” 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: гээд 37.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ, 37.1.2-т газрын төлбөрийг төлсөн тухай баримт, 37.1.3-т байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт” гэж заасан бөгөөд хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор тус тус заажээ.

9. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдоно. Үүнд:

9.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын /тухайн үеийн нэршлээр/ сайдын 2015 оны тушаалаар, “Н т” ХХК-д Богдхан уулын Дархан цаазат газрын Түргэний аманд 2.8 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж, 2015/175 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгожээ.

“Газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлт гаргаагүй” гэх үндэслэлээр дээрх газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/350 дугаар тушаалд, газар ашиглах эрх олгосон тушаалыг 2015 оны А/266 гэж дурдах бол нэхэмжлэгч нь 2.8 га газар ашиглах эрх олгосон тушаалыг 2015 оны А/27 гэж зөрүүтэй тайлбарлах боловч “Н т” ХХК тухайн байршилд 2.8 га газар ашиглах эрхтэй эсэх, уг эрх хуулийн дагуу үүссэн эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй.

9.2. “Н т” ХХК-ийн зүгээс дээрх газрыг ашилах хугацаанд, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх, гурвалсан гэрээ сунгуулах, газрын төлбөрийн нэхэмжлэх ирүүлэх, газрын зэрэглэл тогтоолгох, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах болон энэ тухай тодорхойлолт авах зэрэг асуудлаар харьяа яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/1, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/07, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/15, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 02/004, 2020 оны 9 дүгээр сарын 30 болон 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/165, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/208 дугаар албан бичгийг тус тус хүргүүлж байснаас 2017, 2020, 2022 оны зарим албан бичиг нь захиргааны байгууллагын ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгджээ. /Хэргийн I хавтасны 99-101, 104-105, 133-136, 216-221, II хавтасны 3-6, 8-9, III хавтасны 11, 55 дахь талд/

9.3.  Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 621 дүгээр албан бичгээр “газрын төлбөр төлөөгүй”, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 596 дугаар албан бичгээр “газрын хэмжээ хэтрүүлж ашигласан” гэж тус тус 2.8 га газар ашиглах эрхийг Газрын тухай хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгохыг “Н т” ХХК-д мэдэгдэж байсан боловч бодит байдалд тийнхүү цуцлах шийдвэр гаргасан тохиолдол байхгүй.

9.4. Үүнээс гадна Хамгаалалтын захиргааны 2020 оны 1929 дүгээр албан бичгээр, нэхэмжлэгчийн ашиглаж байгаа 2.8 га газар нь бусдад олгосон газартай давхцаагүй болохыг тодорхойлох бол талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2015/221 дугаартай газар ашиглах гурвалсан гэрээ байгуулж байсан үйл баримт тогтоогдоно.  /Хэргийн I хавтасны 32, 102 болон II хавтасны 7 дахь талд/

9.5. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 678 дугаар албан бичгээр, Газрын тухай хуулийн 31 дүгээ зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 болон Ойн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрхийг дуусгавар болгох сонсох ажиллагааны мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан журмын дагуу хүргүүлсэн, харин “нэхэмжлэгчээс хариу ирүүлээгүй” гэх тайлбарыг Хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичигт дурджээ.

9.6. Хариуцагч нь маргаан бүхий 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг гаргаж, “Н т” ХХК-ийн 2.8 га газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо, гагцхүү “хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлт гаргаагүй” гэх үндэслэлийг заасан, ингэхдээ Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны XI хуралдааны шийдвэрийг үндэслэсэн гэх боловч хариуцагчаас 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн тус Зөвлөлийн шийдвэрт “Н т” ХХК-ийн нэр байхгүй бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 06/4923 дугаар албан бичигт “... зөвлөлийн 2023 оны XI хуралдааны баталгаажсан шийдвэр, тэмдэглэл архивт бүртгэгдээгүй” гэж тодорхойлно. /Хэргийн I хавтасны 44, 55-56, II хавтасны 240-241 дэх талд/

10. Өөрөөр хэлбэл, “Н т” ХХК нь 2015 онд олгосон 2.8 га газрын ашиглах эрхийг хэрэгжүүлэхдээ захиргааны байгууллагатай гурвалсан гэрээ байгуулсан, 2020 онд хугацаа нь дуусгавар болох байсан газар ашиглах эрхийг цуцлахаар Хамгаалалтын захиргаа 2017 болон 2021 онуудад өөр өөр үндэслэлээр мэдэгдэл өгч байсан ч шийдвэр гаргаагүй, газар ашиглах эрхийг зориулалтын дагуу хэрэгжүүлэх, гэрээний хугацаа сунгуулах гэхчлэн газар ашиглах эрхийг үргэлжлүүлэх буюу хүчин төгөлдөр байдлыг хадгалах зорилгоор 2017, 2020, 2022 онд /маргаан бүхий акт гарах хүртэл/ гаргасан нэхэмжлэгчийн хэд хэдэн хүсэлтийг захиргааны байгууллага бүртгэсэн, гэхдээ хариу өгөөгүй, захиргааны байгууллагын хувьд олон тооны иргэн, аж ахуйн нэгжид хандаж, газар ашиглах эрхийг дуусгавар болгох сонсох ажиллагааны мэдэгдлийг нэг албан бичгээр хамтатган хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна.

11. Энэ хүрээнд анхан шатны шүүхийн  “... хариуцагч нь шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг бодитоор тогтоогоогүй, тус хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд заасан үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн заасан журмаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргэнэ. Харин тус мэдэгдлийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар 20 ба түүнээс дээш тооны этгээдэд цахимаар хүргүүлэх тохиолдол нь тэдгээрийн газар ашиглах эрхийг адил үндэслэлээр дуусгавар болгосон байхыг шаарддаг. Харин тэрхүү 20-иос дээш этгээдийн хувьд маргаан бүхий актад тодорхойлсон зөрчил, үндэслэл нь ялгаатай буюу өөр өөр үйл баримттай, тус тусдаа үр дагавар үүсгэх шийдвэрүүд байх тохиолдолд сонсох ажиллагааны энэ хэлбэрийг хэрэглэхгүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2025/0023 дугаар тогтоолоор, хуулийн нэгдмэл хэрэглээ тогтоосон болохыг тэмдэглэв.

12. Харин энэ хэсгийн 9.2, 9.3-т заасан хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчид газар ашиглах эрх 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үүссэн ч газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болох ба уг хугацаанаас өмнө газар ашиглах гэрээ, эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг гаргасан боловч захиргааны байгууллага түүнийг сунгах эсэх талаар ямар нэгэн асуудал шийдвэрлээгүй, хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хууль бус эс үйлдэхүй болно.

13. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “... яамны бичиг хэргийн able программд “Н т” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт бүртгэгдээгүй” гэж тайлбарлах боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс цуглуулсан нотлох баримтаар “хариуцагч нь үйл ажиллагаандаа бичиг хэргийн гар /цаасан/ бүртгэлээс гадна ABLE, ERP зэрэг цахим бүртгэл зэрэг хөтөлсөн, нэхэмжлэгчийн зарим хүсэлт цаасан болон цахим хэлбэрээр бүртгэгдсэн” үйл баримт тогтоогддог.

14. Хариуцагчийн хувьд, шүүхэд ирүүлсэн “байгууллагын ирсэн бичгийн болон ABLE цахим бүртгэл”-ээс өөр “Н т” ХХК-той холбогдох бүртгэл архивт хадгалагдаагүй болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдох тул газар олголтын хувийн хэргийг дахин бүрдүүлэх, архивын баримтыг дахин шүүх зэрэг ажиллагааг нэмж хийх шаардлагагүй, энэ нь маргаан бүхий актын үндэслэлийн хүрээнд шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй.

15. Захиргааны байгууллага, дээрх байдлаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлээгүй нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн бөгөөд захиргааны байгууллага хуульд заасан хугацааны дотор газар эзэмших эрхийг сунгах, эсхүл сунгахгүй шийдвэр гаргах үүрэгтэй, энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

16. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох зөрчлийг сайдын дэргэдэх Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны XI хуралдааны шийдвэрээр тогтоосон гэх боловч уг хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Н т” ХХК-ийн 2.8 га газар багтаагүй, байгууллагын бичгийн хэргийн архивт түүний албажсан хувь хадгалагдаагүй болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.

17. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа “… 2020 оны 7 дугаар сард газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болох байсан тул түүнээс 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлт ирүүлэх байсан, 2022 оны хүсэлт нь 2 жилийн дараа тул хамааралгүй” гэх татгалзлын үндэслэл болсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар ч энэ хэсгийн 10, 16-д заасан дүгнэлтээр үгүйсгэгдэнэ.

18. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагчаас “Н т” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэхэд, энэ хэсгийн 9.6-д заасан зөвлөл нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд газар ашиглах эрх дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон эсэхийг хуралдаанаар хэлэлцээгүй буюу гаргасан шийдвэрийг албажуулаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны мэдэгдлийг зохих журмын дагуу нэхэмжлэгчид хүргүүлж, оролцоог хангаагүй буюу бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, мөн нэхэмжлэгээс газар ашиглах болон түүнийг дуусгавар болгох шийдвэр гаргах хүртэлх хугацаанд гаргасан хүсэлтийг “ирсэн бичгийн /цахим/ бүртгэлд байхгүй” гэдгээр шалтаглаж, зохих байдлаар шийдвэрлэхгүй орхигдуулсан зэргээс үзэхэд захиргааны байгууллага хууль бус эс үйлдэхүй гаргасан, улмаар маргаан бүхий шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх зөрчигдсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0713 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 45 дугаар зүйлийн 45.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н т” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/350 дугаар тушаалыг хүчингүй болгож, “Н т” ХХК-ийн хүсэлтүүдийг шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байгааг тогтоож, “Н т” ХХК-ийн гаргасан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчилж, 2, 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтын дугаарыг 2 болгон өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригтын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                         

 

 

         ШҮҮГЧ                                                                    Б.АДЪЯАСҮРЭН

 

 

                          ШҮҮГЧ                                                                     О.ОЮУНГЭРЭЛ

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ