Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Болор 5 дугаар гудамжны 7а тоотод оршин суух, Боржигин Д.Б /РД:*********/,

 

Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, Дамдины гудамжинд байрлах, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан

 

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоол, дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнэлгээ зэргийг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намсрай, Д.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.     

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч С.Буянхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа тайлбарлахдаа: Төлбөр төлөгч Д.Бд холбогдох хэргүүдийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2015 оноос эхлэн явагдсан. Ингэхдээ Д.Бгийн өмчлөлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Партизаны 2 дугаар гудамжны 41 тоот, 200 м.кв талбайтай, 2 давхар сүүний үйлдвэрийн зориулалттай барилгыг 4 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч зарагдаагүй тул төлбөр авагч нарын төлбөрт тооцон өгөх саналыг тавьсан. Харин төлбөр авагч нар татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх баримт бичгийг буцаасан.

Гэтэл хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолоо хүчингүй болголгүйгээр төлбөр авагч нарын хүсэлтийг хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болсон. Иймд буцаасан баримтад дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёсгүй. Харин нэхэмжлэгчид дахин хөрөнгө байгаа эсэхийг шалгаж, түүн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжтой. Энэ хүний нэр дээр эзэмшил газар байсан. Үүнийг битүүмжилж ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байна.

Мөн С.Буянхүүгийн өмчлөлийн сүүний үйлдвэрийн зориулалттай 200 м.кв талбайтай барилга, 100 м.кв талбайтай газрыг өмнө нь 286.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Гэтэл дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж уг хөрөнгийг үнэлэхдээ 212.900.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур байх ба жишсэн хөрөнгө нь уг хөрөнгөөс байршил, зориулалт, дэд бүтцийн хувьд өөр өөр байхад адил гэж үзсэн нь үндэслэлгүй. Үүнээс гадна төлбөр авагч Б.Энхтүвшингөөс үнийн санал авах ажиллагаа хийгээгүй байна.

Иймд 6 иргэнд үүсгэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг 286.000.000 төгрөгөөр үнэлж байсныг 74.000.000 төгрөгөөр бууруулж үнэлснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намсрай, Д.Болормаа нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 279 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Бгээс 35.062.000 төгрөг гаргуулж Г.Гончигсүрэнд, 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183 дугаартай шийдвэрээр Д.Бгээс 7.887.716 гаргуулж Парк Жал Сунд, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 570 дугаартай шийдвэрээр Д.Бгээс 29.033.461 төгрөг гаргуулж Д.Баярсайханд, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 152 дугаатай шийдвэрээр Д.Бгээс 15.232.950 төгрөг гаргуулж Ж.Цэдэвсүрэнд, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 646 дугаартай шийдвэрээр Д.Бгээс 36.600.000 төгрөг гаргуулж Б.Буянбатад, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 607 дугаар шийдвэрээр Д.Бгээс 14.836.000 төгрөг гаргуулж Б.Энхтүвшинд, 2016 оны 5 дугаар сарын 04-ний 689 дугаартай шийдвэрээр Д.Бгээс 78.000.000 төгрөг гаргуулж Б.Сувд-Эрдэнэд олгохоор тус тус шийдвэрлэсэн шийдвэр, гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

Тухайн үед уг эд хөрөнгө зарагдаагүй тул төлбөр авагч нарын төлбөрт тооцон авах талаар санал болгоход татгалзсан тул гүйцэтгэх баримт бичгийг буцаах тухай тогтоолын 2018 оны 4 дүгээр сард гаргасан. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэсэн үг биш.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4. дэх заалтаас 31.1.2. дахь заалтыг хассан болохоос уг заалт хүчингүй болоогүй. Иймд төлбөр төлөгч нар буцаасан гүйцэтгэх хуудсыг дахин ирүүлж болно. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу ойлгож тайлбарлаад байна.

Иймд 2018 оны 4 дүгээр сард гүйцэтгэх баримт бичгүүдийг буцаасан тогтоолыг хүчингүй болгохгүй. Харин дахин гүйцэтгэх баримт бичиг ирсэн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-т  “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно” гэж зааснаар өмнөх ажиллагаа дуусч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шинээр эхэлж явагдана. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн тогтоолд талууд гомдол гаргахыг хуулиар хориглосон.

Мөн төлбөр төлөгчид үүнээс өөр хөрөнгө байхгүй. Тэр эзэмшил газар нь тусгай хэрэгцээний зориулалттай учир зарж борлуулж болохгүй. Иймд түүнд байгаа хөрөнгөөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа дахин явагдах ёстой.

2.Төлбөр төлөгч Д.Бгийн өмчлөлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант гудамж, Партизаны 2-41 тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай сүүний үйлдвэрийн зориулалттай 2 давхар барилга, 100 м.кв талбайтай газрыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулий 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээг “Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлгээчинээр үнэлүүлэхэд 212.900.000 төгрөг гэж гарсан. Энэ үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна.

Учир нь: Өмнөх  албадан дуудлага худалдаагаар тухайн газар зарагдаагүй. Дуудлага худалдаанд 143.000.000 төгрөгөөр оруулсан ч зарагдахгүй байсан хөрөнгийг 212.900.000 төгрөгөөр үнэлсэнийг бодитой гэж үзэж байна. Үнэлгээний саналыг төлбөр авагч нараас авсан. Харин Б.Энхтүвшиний хувьд үнэлгээ гарсны дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2. дахь заалт хүчингүй болсон байхад дахин гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан, өмнөх буцаасан тогтоолоо хүчингүй болгоогүй мөртлөө Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоол гаргасан, ...дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн...” гэсэн үндэслэлээр гомдол гаргасан.

 

Хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг “...Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гүйцэтгэх баримт бичиг, холбогдох баримтыг төлбөр авагчид буцаасан нь уг ажиллагаа дуусгавар болсон асуудал биш. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4. дэх заалтаас 31.1.2. дахь заалтыг хассан учир төлбөр авагч нар гүйцэтгэх баримт бичгийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэх эрхтэй болсон. ...энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.-т зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргах эрхгүй” гэсэн үндэслэлээр гомдлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

 Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дараах үйл баримтыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийлээ.

 

Шүүх хавтаст хэргийн 5-38 хуудсанд авагдсан баримтаас үзвэл, Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д “энэ хуулийн 20.3-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна” гэж заасны дагуу Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаартай шийдвэрээр Д.Бгээс 7.887.716 гаргуулж Парк Жал Сунд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, 1533 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүлээн авч 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 115 дугаар тогтоолоор,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 279 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Бгээс 35.062.000 төгрөг гаргуулж Г.Гончигсүрэнд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, 280 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүлээн авч 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар тогтоолоор,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 570 дугаартай шийдвэрээр Д.Бгээс 29.033.461 төгрөг гаргуулж Д.Баярсайханд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, 240 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүлээн авч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 350 дугаар тогтоолоор,

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 152 дугаатай шийдвэрээр Д.Бгээс 15.232.950 төгрөг гаргуулж Ж.Цэдэвсүрэнд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, 151 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүлээн авч 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар тогтоолоор,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 607 дугаар шийдвэрээр Д.Бгээс 14.836.000 төгрөг гаргуулж Б.Энхтүвшинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, 141 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүлээн авч 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаар тогтоолоор,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний 689 дугаартай шийдвэрээр Д.Бгээс 78.000.000 төгрөг гаргуулж Б.Сувд-Эрдэнэ олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, 177 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 229 дугаар тогтоолоор,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 646 дугаартай шийдвэрээр Д.Бгээс 36.600.000 төгрөг гаргуулж Б.Буянбатад олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, 174 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 221 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус үүсгэсэн.

Мөн тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Д.Бгийн өмчлөлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант гудамж, Партизаны 2-41 тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай сүүний үйлдвэрийн зориулалттай, 2 давхар барилга, 100 м.кв талбайтай газрыг битүүмжилж, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор хураан авч, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 15/10 дугаартай тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар зарлан тогтоож, дуудлага худалдааг зохион байгуулсан, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон авах саналыг төлбөр авагч нарт тавьсан, төлбөр авагч нарт татгалзсан учир 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/01 дугаар тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/02 дугаар тогтоол, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 09/08 дугаар тогтоол, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/06 дугаар тогтоол, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4/07 дугаар тогтоолоор гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч нарт буцаасан ажиллагаа тус тус хийгджээ.

 

Уг үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагч нарт буцаасан тохиолдолд дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар заасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4. дэх заалтаас 31.1.2. дахь “төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан” хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

 

Иймд талуудад холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй тул хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг төлбөр авагч нарын хүсэлт болон гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15310202/2019/01 дугаар тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15310473/2019/02 дугаар тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  15310293/2019/03 дугаар тогтоол, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 16310212/2019/04 дугаар тогтоол, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 16310220/2019/05 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16310127/2019/09 дугаар тогтоолоор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан нь хуульд нийцжээ.

 

Мөн Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргахгүй байхаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.-т заасан тул нэхэмжлэгч Д.Бгийн гомдлыг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэлээ.

 

            Хариуцагч Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэнтэй холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 15310202/03 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Д.Бгийн өмчлөлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант гудамж, Партизаны 2-41 тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай сүүний үйлдвэрийн зориулалттай, 2 давхар барилга, 100 м.кв талбайтай газрыг битүүмжилсэн, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 15310202/04 дугаартай тогтоолоор эд хөрнгийг хураан авсан, дуудлага худалдаагаар худалдан борлуулах эд хөрөнгийн үнийн саналаа төлбөр төлөгч Д.Б 280.000.000 төгрөг, төлбөр авагч Г.Гончигсүрэн, Ж.Цэдэвсүрэн, Д.Баярсайхан нар 140.000.000 төгрөг, төлбөр авагч Б.Буянбат 284.000.000 төгрөг гэж ирүүлсэн, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 09/06 дугаар тогтоолоор эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр Б.Эрдэнэбаатарыг шинжээчээр томилсон, Д.Бгийн эд хөрөнгийг 212 900 000 төгрөгөөр үнэлэгдсэн зэрэг ажиллагаа хийгдсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах ёстой.

 

Нэхэмжлэгч Д.Б 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан эд хөрөнгийн үнэлгээний тайлантай 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр танилцсан байх тул нэхэмжлэлийг хуулийн хугацаанд гаргасан гэж үзлээ.

 

Шүүх уг үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч Д.Бгийн гомдлыг хянан хэлэлцэх хүрээг тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлан авч хянасан болно. /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4./

 

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 3-аас доошгүй жилийн хугацаагаар хуулийн этгээдэд бус Монгол улын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд олгож, сунгахаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.,  22 дугаар зүйлийн 22.1., 22.5.-д заажээ.

 

Сангийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаар тушаалаар Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Б.Эрдэнэбаатарт олгож, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгадсан байна. Мөн үнэлгээчид нөхөрлөл хэлбэрээр хуулийн этгээд байгуулан тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж болох юм.

 

Иймд хариуцагч Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд болох “Мөнх Оргил трейд” ХХК-ийн үнэлгээчин Б.Эрдэнэбаатарыг шинжээчээр томилсон, Хөрөнгийн үнэлгээ тогтоосон 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тайланд шинжээч Б.Эрдэнэбаатар гарын үсэг зурж, өөрийн тэмдгийг дарж баталгаажуулсан үйлдэл  нь  хуульд нийцэж байна.

 

Харин шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний олон улсын стандартыг зөрчсөн бол дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан заалтад нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Иймээс үнэлгээчин үнэлээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3., Үнэлгээний Олон Улсын стандарт /цаашид ҮОУС гэх/-ын 103-д заасан нөхцлүүдийг бүрэн тусгасан байх ёстой.

 

Үнэлгээчний 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Хөрөнгийн үнэлгээнийн тайлангаас үзвэл, үнэлгээчний талаарх мэдээллийг тусгаж, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд үнэлгээний ажиллагааг хийж, үнэлгээний өдрийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөр тогтоосон, хөрөнгийн үнэлгээний зүйл /үнэлж буй хөрөнгө/-ийн талаарх мэдээлэл, төрөл, шинж байдлыг тодорхойлсон, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцлийг заасан, барилгын үнэлгээг Өртгийн хандлагын арга болон Зах зээлийн харьцуулалтын аргаар, газрын үнэлгээг зах зээлийн жишиг үнийн аргаар хийхээр сонгосон болохоо тайлбарласан, ямар стандарт, норм, дүрэм баримталсанаа заасан, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг хэрхэн тогтоосоноо тусгасан байгаа ч жишиж, харьцуулсан хөрөнгийн талаарх баримт, мэдээлэл, нотолгоог шинжилж шалгасан байх, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тодорхой ойлгомжтой бичсэн байх шаардлагыг хангаагүй байна. /Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8./

 

Тухайлбал, зах зээлийн хандлага нь: Тухайн хөрөнгийг үнийн мэдээлэл нь бэлэн олдоцтой байгаа ижил /төсөөтэй/ буюу жишиж болох хөрөнгүүдтэй харьцуулсанаар үнэ цэнийн үзүүлэлтийг тодорхойлдог арга. /ҮОУС-ын 105, догол мөр 20.1/

Уг хандлагын аргад ашиглагдах итгэл үзүүлэх аливаа хамааралтай мэдээллийн төрөл ба эх сурвалж нь үнэлгээний явцад гүйцэтгэсэн аливаа шалгалтыг тодорхойлдог байна. /ҮОУС-ын 101-ийн догол мөр 20.3 /л/ “

Иймд шинжээч үнэлгээний хөрөнгөтэй ижил /төстэй/ хөрөнгийг сонгон авсан гэх итгэл үзүүлэхүйц байдлыг төрүүлэхийн тул мэдээллийг шинжилж, шалгасан эсэхээ баримтжуулах ёстой. Энэ нь үнэлгээний явцад гүйцэтгэсэн аливаа шалгалтыг тодорхойлсон баримт болж өгөх юм.

 

Үнэлгээний тайланд “...зах зээлийн хандлагын аргаар үнэлэгдэх хөрөнгөтэй ижил аль болох хамгийн ойрын байршилд байгаа нээлттэй зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгож буй хөрөнгүүдийн зах зээлийн мэдээллүүдээс харьцуулах 3 хөрөнгүүдийг сонгон авсан...ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг магадлан, шинжилж үнэлгээг хийж гүйцэтгэв” гэж бичсэн атлаа мэдээллийн төрөл ба эх сурвалжийг хэрхэн магадлан, шинжилсэн талаарх нотолгоо баримт байхгүй байна.

 

Мөн итгэлцүүрийг “...зах зээлийн мэдээллээс харьцуулах ижил төрлийн, байршлын хувьд ойролцоо хөрөнгүүдийг сонгон, тэдгээрийн нэгж талбайн үнийг тогтоож, харьцуулалтын хүчин зүйлээр нэгжийн үнэд тохируулга хийх замаар үнэлгээг тогтоон, харьцуулах хүчин зүйлсэд /Байршил, Гарц, орц, Насжилт, Хийцлэл, Газрын хэмжээ, Мэдээллийн цаг хугацааны хоцрогдол/ зэргийг авч үзэн, сайн, муу, ижил төстэй гэсэн үзүүлэлтийг тоогоор илэрхийлэн...” хүснэгтээр харуулсан.

 

Харин харьцуулж буй хөрөнгүүдийн мэдээлэлд “...Налайх дүүргийн төвд үйлчилгээний зориулалттай, төвийн цэвэр усны шугаманд холбогдсон, 3 давхар,  300 м.кв талбайтай, газрын хэмжээ 400 м.кв, үнэ 320.000.000 төгрөг, Налайх дүүрэгт 2 давхар, 643.23 м.кв талбайтай, бие даасан үйлчилгээний төв, үнэ 350.000.000  төгрөг, Налайх хотын А зэрэглэлийн бүс болох СТО-ын замын баруун урд зам дагуу 1 давхар үйлчилгээний объекттой, сунгах боломжтой, барилгын ард эрүүл, тэгш газартай, уг байранд үйл ажиллагаа явуулж байгаа 8 нэрийн дэлгүүр орлого сайтай, дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг газрын гэрчилгээтэй хамт өгөх, уг барилгыг томруулах боломжтой, үнэ 650.000.000  төгрөг....” гэсэн байна.

 

Үнэлгээчин тохируулга хийхдээ Налайх хотын А зэрэглэлийн бүс болох СТО-ын замын баруун урд зам дагуу 1 давхар үйлчилгээний объектын нийт талбайн хэмжээ, газрын хэмжээний талаарх мэдээллийн төрөл ба эх сурвалжийг шинжлэн шалгасан гэх нотолгоо нь утсаар асууж тодруулсан тайлбар байх тул итгэл үзүүлэх мэдээллийг үндэслэн итгэлцүүрийг 0.9-өөр өгсөн гэж үзэх үндэслэл болсон.

 

Харин үнийн мэдээлэл нь бэлэн олдоцтой байгаа ижил /төсөөтэй/ буюу жишиж болох хөрөнгүүд гэж авч үзсэн Налайх дүүрэгт 2 давхар, 643.23 м.кв талбайтай, бие даасан үйлчилгээний төвийн газрын хэмжээ мэдэгдэхгүй байхад итгэлцүүрийг 1.0 гэж, жишиж болох хөрөнгүүдийн гарц, орц, насжилт, хийцлэлийн талаар мэдээлэл болон эх сурвалж нь тодорхойгүй байхад үнэлж буй хөрөнгөтэй ижил гэж итгэлцүүрийг 1.0-ээр өгсөн байгаа тул хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх тохируулагыг зөв хийсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн үнэлгээчин газар эзэмших эрхийн үнэлгээг зах зээлийн жишиг үнийн аргад тулгуурлан хийхдээ “...үнэлгээний объекттой харьцуулагдах боломжтой /газрын зах зээл дээрх борлуулалтын мэдээлэл хомс байгаа/ ойролцоо байршилд байрлах газруудын өмчлөх эрхийн зах зээлийн үнийн мэдээлэлд байршлын, дэд бүтцийн зэрэг тохируулгуудыг хийн нэгж хүчин чадлыг тохируулан тооцлоо” гэжээ. 

 

Харьцуулж буй газрын мэдээлэлд “...Налайх дүүргийн төв зам дагуу байрлалтай, төвийн дулаан шугамд холбогдох боломжтой, 500 м.кв хэмжээтэй, айл өрхийн зориулалттай, эзэмших эрхийн гэрчилгээтэй, дөрвөн талаараа блокоор хашаалсан, тэгш газар, үнэ 15.000.000 төгрөг,

-Налайх дүүргийн төвд байрлалтай, төвийн дулаан шугаманд холбогдох боломжтой, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, автобусны буудал бүх үйлчилгээндээ ойрхон, 1200 м.кв хэмжээтэй, үнэ 65.000.000 төгрөг.

-Налайх дүүргийн 2 дугаар хорооны төвд байрлалтай, хоосон хашаа газар бүхий 490 м.кв хэмжээтэй, үнэ 8.000.000 төгрөг” гэжээ.

 

Үүнээс үзвэл, жишиж буй 2 газрын харьяа нутаг дэвсгэрийн байршил,  үнэлэгдэж буй газраас хэдэн клометр зайтай болох талаар шинжлэн шалгасан нотолгооны баримт байхгүй, энэ талаар тайланд тусгагдаагүй байхад ойролцоо гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

 

Мөн үнэлгээчин жиших зах зээлийн мэдээлэл нь яг ижил, ихээхэн төсөөтэй хөрөнгөнд, эсхүл биш хөрөнгийн алинд хамааруулан авч үзсэнээ тайланд тодорхой бичих ёстой. Гэтэл тайланд ижил төстэй хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг үндэслэн үнэлгээг хийв гэсэн атлаа үнэлгээний объекттой харьцуулагдах боломжтой ...ойролцоо байршилд байрлах газруудын өмчлөх эрхийн зах зээлийн үнийн мэдээлэлд... гэж бичжээ.

 

Хэрэв жиших зах зээлийн мэдээлэл нь яг ижил эсвэл ихээхэн төсөөтэй хөрөнгөнд хамааралтай биш байх тохиолдолд үнэлгээчин уг жиших хөрөнгө болон үнэлж буй хөрөнгийн хоорондох тоо хэмжээ, чанарын ижил төсөөтэй ба ялгаатай талуудыг жишсэн шинжилгээг хийж гүйцэтгэх ёстой. Энэхүү зэрэгцүүлсэн шинжилгээнд үндэслэн тохируулгуудыг ямагт хийх шаардлагатай байдаг. Тэдгээр тохируулгууд нь ул үндэслэлтэй байх бөгөөд үнэлгээчид тохируулгуудын шалтгаан үндэслэл ба тэдгээрийг хэрхэн тоогоор илэрхийлсэнээ баримтжуулах ёстой.

Мөн мэдээлэл бэлэн олдоцтой байхгүй тохиолдолд мэдэгдэхүйц төсөөлөл ба тусгай төсөөллүүдийг тодорхойлон нотлох зүйлээр дэмжихээр стандарчилсан /ҮОУС-ын 101-н 20.3 /м/, 105-ийн 20.5/-ны дагуу уг тохируулгыг хийж үнэлгээг гаргахаар байна.

 

Үүнээс гадна үнэлгээчин харьцуулсан хөрөнгийг эерэг, сөргийн аль хамаарлаар авч  үзсэн, татвар ноогдох үл хөдлөх хөрөнгөөс үнэлгээ хийхэд гажилт үүссэн эсэх, Төрөөс худалдан борлуулсан газрын мэдээллийн талаар шалгасан эсэхээ тайланд тайлбарлан тусгаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Д.Бгийн өмчлөлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант, Партизаны 2 дугаар гудамжны 41 тоотод байрлах, 200 м.кв талбайтай, Ү-2207002343 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, Газар эзэмших эрхийн 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 0382540 дугаар гэрчилгээтэй, 100 м.кв талбайтай газрыг нийт 212 900 000 төгрөгөөр үнэлсэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болсон тохиолдолд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагаа дахин явагдах тул үүнээс хойш хийгдсэн бусад ажиллагааг хуульд нийцсэн гэж  үзэх боломжгүй болохыг дурдав.

 

            Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119, 160 зүйлийн 160.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3., 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.7.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бгийн өмчлөлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Жаргалант, Партизаны 2 дугаар гудамжны 41 тоотод байрлах, 200 м.кв талбайтай, Ү-2207002343 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, Газар эзэмших эрхийн 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 0382540 дугаар гэрчилгээтэй, 100 м.кв талбайтай газрыг нийт 212 900 000 төгрөгөөр үнэлсэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлээс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15310202/2019/01 дугаар тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15310473/2019/02 дугаар тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  15310293/2019/03 дугаар тогтоол, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 16310212/2019/04 дугаар тогтоол, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 16310220/2019/05 дугаар тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16310127/2019/09 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.            

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             З.ТҮВШИНТӨГС